Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 1404

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Г.Ариунаа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Газарчин 6 дугаар гудамж, 10А тоотод оршин суух, Боржигин овогт Батжаргалын Мөнхтуяа /РД: ХА69061260/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, өөрийн байранд байрлах, Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төв,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-42, өөрийн байранд байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам /РД: 2076675/-д холбогдох,

 

7 902 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа, хариуцагч Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мөнхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мөнхтуяаг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/06101 дугаар шийдвэрээр УБТЗ-ын “Жинчин” Зочид буудлын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 3 696 600 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00658 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн. Монгол-Оросын ХНН УБТЗ-ын даргын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Зохион байгуулалтын бүтэцийг боловсронгуй болгох тухай” А-226 дугаар тушаалын 1 дэх заалтаар “Аялал жуучлалын товчоо”-г 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөр татан буулгаж, 2 дахь заалтаар “...Аялал жуучлалын товчооны “Жинчин” буудалыг Сайншанд худалдааны төвд харьяалуулж ...Б.Мөнхтуяагийн ажиллаж байсан “Жинчин” зочид буудал нь Сайншанд худалдааны төвд харьяалагдах болсон байна. Б.Мөнхтуяа нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Аялал жуучлалын товчоо татан буугдаагүй байхад шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа орох хүсэлтийг гаргахад шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй учир 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 658 дугаартай тогтоолыг үндэслэн 1170 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Б.Мөнхтуяа нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 17/08651 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээг байгуулж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, УБТЗ-ын Сайншанд худалдааны төвийн даргын үүрэг гүйцэтгэгч П.Мэндбаяр нь Б.Мөнхтуяатай 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр УБТЗ-ын Сайншанд худалдааны төвийн даргын 86 дугаар тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлж, Б.Мөнхтуяаг Жинчин зочид буудлын эрхлэгчийн ажилд томилсон. Б.Мөнхтуяа нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн шийдвэр гарснаас хойш 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 214 хоног ажилгүй байж цалин хөлсөөрөө хохирсон байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалин 214 хоног х 36 600 төгрөг =7 832 400 төгрөг, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхэд гэрээний үнэнд төлсөн 70 000 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан үндэслэлээр хариуцагч уг төлбөрийг хариуцах ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-аас татгалзсан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд уг хүсэлтээсээ татгалзаж байх тул ажилгүй байсан хугацааны цалин нийт 7 902 400 төгрөгийг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхэд гэрээний үнэнд төлсөн 70 000 төгрөгийг хамт хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо шүүхэд гаргасан тайлбартаа:  Улсын Дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00658 дугаарт  тогтоолын Хянавал хэсэгт “...хариуцагч нь УБТЗ-ын Аялал жуулчлалын товчоо байна” гэж дүгнээд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 607 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/06101 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулсан. Ийнхүү өөрчлөлт оруулахдаа “...ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас” гэснийг “УБТЗ-ын Аялал жуулчлалын товчооноос” гэж, “нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийхийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д гэснийг “УБТЗ-ын Аялал жуулчлалын товчоонд даалгаж” өөрчилсөн. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ыг хариуцагч биш болохыг тогтоосон тул нэхэмжлэгч Б.Мөнхтуяагийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-аас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сайншанд худалдааны төв нь бие даасан хуулийн этгээд биш бөгөөд “УБТЗ”-ын салбар нэгж юм. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно”, 26.5-д “Хуулийн этгээдийн удирдах байгууллагын эрх зүйн байдлыг хууль буюу үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно” гэж тус тус заасан. Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлд “шүүхэд хэрэг нэхэмжлэх ба хариуцагчаар оролцох эрхийг зөвхөн Замын дарга эдэлнэ” гэж заасан. Иргэний хуулийн дээрх заалтууд болон нийгэмлэгийн дүрэм, үүсгэн байгуулах баримт бичигт заасны дагуу Сайншанд худалдааны төв нь хуулийн этгээдийн эрхгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэгч, хариуцагч болох чадваргүй юм. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д “Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна” гэжээ. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана” гэж заасан. Иймд Б.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Сайншанд худалдааны төв нь хариуцагч болох хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мөнхтуяа нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам болон Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төвд холбогдуулан ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 7 832 400 төгрөг, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхэд гэрээний үнэд төлсөн 70 000 төгрөг, нийт 7 902 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох шаардлагаасаа татгалзсан боловч шүүх хуралдаанд уг хүсэлтээсээ татгалзсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам болон Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төвийг тус тус тодорхойлсон байна.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...шүүхийн шийдвэрээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замыг хариуцагч биш болохыг тогтоосон” гэж, хариуцагч Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төв нь “...хуулийн этгээдийн эрхгүй, салбар төлөөлөгчийн газар тул хариуцах үндэслэлгүй, ...нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хэтрүүлсэн” гэж тус тус үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

1. 7 832 400 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/06101 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00658 дугаар тогтоолоор Б.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, Улаанбаатар төмөр замын Аялал жуулчлалын товчоонд холбогдох, тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан Б.Мөнхтуяаг Улаанбаатар төмөр замын Аялал жуулчлалын товчооны харьяа Жинчин зочид буудлын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 3 696 600 төгрөгийг хариуцагч Улаанбаатар төмөр замын Аялал жуулчлалын товчооноос гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхтуяад олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийхийг Улаанбаатар төмөр замын Аялал жуулчлалын товчоонд даалгаж, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Шүүхийн дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А-226 дугаар “Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай” тушаалаар дээрх Аялал жуулчлалын товчоог 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс татан буулгаж, мөн өдрөөс Аялал жуулчлалын төвийг байгуулж, татан буугдсан Аялал жуулчлалын товчооны ажилтнуудыг Сайншанд худалдааны төвд орон тоогоор нь шилжүүлсэн байна. Улмаар хариуцагч Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төвийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 86 дугаар тушаалаар шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч Б.Мөнхтуяаг мөн өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан Жинчин зочид буудлын эрхлэгчийн ажилд эгүүлэн томилж, хөдөлмөрийн гэрээг байгуулсан, уг үйл баримтын талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэгч үүнд гомдол гаргаагүй байна.

 

Дээрх үйл баримтаас үзвэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын тушаалаар нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон “Аялал жуулчлалын товчоо”-г татан буулган, “Аялал жуулчлалын төв”-ийг байгуулж, татан буугдсан “Аялал жуулчлалын товчоо”-ны ажилтнуудыг Сайншанд худалдааны төвд орон тоогоор нь шилжүүлсэн, Сайншанд худалдааны төв нь шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг Жинчин зочид буудлын эрхлэгчийн ажилд эгүүлэн томилсон үйл баримт тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг хариуцагч Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төв биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн, Жинчин зочид буудал нь Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төвд харьяалагддаг талаар талууд маргаагүй.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А-206 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтаар баталсан Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төвийн дүрмийн 1.3-т “Төв нь аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллаж, банкинд харилцах данстай байна”, 1.4-т “Төв нь тэмдэг, хэвлэмэл хуудастай байна”, 3.3-т “Төв нь ...баланстай аж ахуй нэгж юм” гэж, төвийн дарга нь дүрмийн 5.1.3-т зааснаар”...баталсан орон тоонд нийцүүлэн ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах асуудлыг ...шийдвэрлэнэ”, 7.1-д “Төв нь өөрийг үүрэг, явуулж байгаа үйл ажиллагаанахаа хүрээнд Монгол улсын хууль тогтоомжууд болон бусад эрх зүйн актын дагуу хариуцлага хүлээнэ” гэж тус тус заажээ. Түүнчлэн, хариуцагч Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төвийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 69 дүгээр тушаалын хавсралтаар баталсан хөдөлмөрийн дотоод журмын 8.1.2, 8.2.1-т зааснаар төвийн дарга нь иргэнтэй хөдөлмөрийн гэрээг байгуулах, цуцлах эрхтэй байна. Иймд хариуцагч Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төв нь өөрийн эрхэлсэн үйл ажиллагааны хүрээнд бие даан шийдвэр гаргах эрхтэй байхаас гадна нэхэмжлэгчийн хувьд ажил олгогч гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хэдийгээр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон Улаанбаатар төмөр замын Аялал жуулчлалын товчоо нь татан буугдсан, мөн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарт дурдсанаар Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төв нь хуулийн этгээдийн эрхгүй байна. Гэвч Жинчин зочид буудлын эрхлэгчийн ажил, албан тушаал нь Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төвд харьяалагдахгүй болсон гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул уг хэргийн хариуцагчийг Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төв гэж үзнэ. 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/06101 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон, хариуцагч Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төв нь түүнийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилсон байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх 211 хоногийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 7 722 600 /211 хоног х 36 600 төгрөг/ төгрөгийг хариуцагч Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төвөөс шаардах эрхтэй.

 

Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэг өдрийн ажлын хөлсийг 36 600 /2016 оны 5, 6, 7 дугаар саруудын цалингийн нийлбэр 2 152 080 төгрөгөөс дундаж цалинг бодож, ажилгүй байсан 101 хоногийн цалингийн олговорт 3 696 600 төгрөг/ төгрөгөөр тогтоосон байх тул 36 600 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлаггүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан тус шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШЗ2017/16516 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Улмаар нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийн ажилд эгүүлэн томилсон 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 3 сарын дотор буюу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дотор шүүхэд дээрх шаардлагын талаар нэхэмжлэл гаргах эрхтэй тул 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасантай нийцэж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

2. 70 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллаганы зардал 70 000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар тодорхойлжээ.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг нь ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ. Өөрөөр хэлбэл, ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэх явцад бусдад хохирол учруулсан тохиолдолд тухайн хохирлыг ажил олгогч хариуцах зохицуулалт. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлсөн зардалыг шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна.

 

Харин Улаанбаатар төмөр замын Аялал жуулчлалын товчоо нь шүүхийн дээрх шийдвэрийг тогтоосон хугацаанд сайн дураар биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 17/08651 дугаартай, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээг байгуулжээ. Гэрээний 2.1-д “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр авагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг урьдчилан гаргуулан албаны дансаар болон бэлэн мөнгөний касст авна” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зардалд 70 000 төгрөг төлсөн нь гэрээ болон Төрийн банкны мөнгөн шилжүүлэгийн баримтаар нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 11.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

 

Улаанбаатар төмөр замын Аялал жуулчлалын товчоо нь хуулиар тогтоосон дээрх үүрэг буюу шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар 70 000 төгрөгийг зардал буюу хохирол учирсан нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан үндэслэлээр 70 000 төгрөгийг ажил олгогч болох Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төвөөс шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох үед ажил олгогч нь Улаанбаатар төмөр замын Аялал жуулчлалын товчоо байсан боловч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх үед ажил олгогч нь Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төв гэж шүүх үзсэн тул тэрээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирлыг мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар түүний өмнө нөхөн төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замыг тухайн маргааны буюу ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болон шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхтэй холбоотой гарсан зардал гаргуулах шаардлагад хариуцвал зохих этгээд гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төвөөс нийт 7 792 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 109 800 төгрөг болон хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, талууд хэн аль нь түүний эзгүйд шүүх хуралдаан явуулах хүсэлт гаргасан тул иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг баримтлан хариуцагч Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төвөөс нийт 7 792 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхтуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 109 800 төгрөг болон хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 390 төгрөгийн 4 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 136 840 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төвөөс 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож, хариуцагч Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төвөөс 138 512 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч   этгээд,  тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  эс  зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    М.БАЯСГАЛАН

               ШҮҮГЧИД                                   Г.АРИУНАА

                                                                   Т.ГАНДИЙМАА