Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00442

 

2021           05            13                                          001/ХТ2021/00442

“............” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01860 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1946 дугаар магадлалтай,

 

“............” ХХК-ийн нэхэмжлэлтэй

............д холбогдох

 

2016 оны 3 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацааны ашиглалтын зардал болон үйлчилгээний төлбөрт 4,183,276.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч ............ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, өмгөөлөгч Д.Алтантуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ............ нь ............ ХХК-тай цэвэр ус дулаанаар хангуулах, бохир ус татан зайлуулах ашиглалтын гэрээ байгуулаагүй бөгөөд 2016.03 дугаар сараас 2018.12.25-ны өдрийг хүртэлх ус, дулаан ашиглалт болон ажил үйлчилгээний зардлаа төлөөгүй. Бидний зүгээс сар бүрийн төлбөрийн мэдээллийг орон сууц өмчлөгчийн утас руу 2-оос доошгүй удаа мессеж явуулдаг ч утасны дугаарууд нь холбогддоггүй, мөн гэрт нь удаа дараа очсон боловч хаалгаа тайлдаггүй. 2018 оны 12 дугаар сард нэг удаа уулзсан боловч төлбөрийн чадваргүй, төлөх боломжгүй гэсэн хариултыг өгсөн. Хариуцагч нь 2016.03 дугаар сараас 2018.12.25-ны өдрийг хүртэл ус дулаан ашиглалт, үйлчилгээний төлбөрийг төлөлгүй байгууллагыг хохироосон. Нэхэмжлэгчийн зүгээс 2019.01.08-ны өдөр анх 3,605,997.94 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд 2019.07.22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, нийт 4,183,276.29 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал хариуцагчтай аливаа хэлбэрээр гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнгээ яаж тооцож энэ мөнгөн дүн гарч байгааг тайлбарлахыг хүссэн ч өнөөг хүртэл гаргаж өгөөгүй байна. Хариуцагчийн зүгээс халаалт, цэвэр бохир усны төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн, харин СӨХ-ны төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Холбогдох байгууллагаас ирүүлсэн албан бичигт СӨХ-ны төлбөрийг давхар авсан байх тул үүнийгээ оршин суугчдад нь буцаан өгч хохиролгүй болгох тухай дурдсан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас албан шаардлага хүргүүлсэн, зөрчлийн хэрэг үүсгэж 3,000,000 төгрөгөөр торгуулсан. СӨХ-ны төлбөрийг хамт авах эрхгүй атлаа авч оршин суугчдад хохирол учруулсан гэдэг үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэсэн. Халаалт болон цэвэр бохир усны төлбөрт 1,800,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, харин нэхэмжлэгч нь СӨХ-ны төлбөрийг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01860 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчаас 3 990 876 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 192 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 90 620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78 804 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1946 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01860 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 49 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч хариуцагч талаас доорх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ус, дулаан, ашиглалт, засвар үйлчилгээний, хог хаягдал болон жижүүрийн төлбөр гаргуулах гэж тодорхойлсон. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг буюу нэхэмжлэгч “............” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээ болох халаалт, халуун, хүйтэн усаар хангаж буй үйлчилгээний төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд ашиглалт болон завсар үйлчилгээний төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй талаар анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримтын хүрээнд тайлбарласан. Эрчим хүчний зохицуулах хорооны 2018.05.07-ны өдрийн 5/680 дугаартай албан бичгээр “танай компанид Хорооноос 2017 оны 360 дугаар тогтоолоор дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгохдоо “Шинэ өргөө” хотхоны сууц өмчлөгчдийн холбооны ажлыг хавсран гүйцэтгэж байгаа нь Монгол улсын Иргэний хуулийн 143.1 дэх заалтыг зөрчиж байгаа талаар мэдэгдэж яаралтай шилжүүлэхийг даалгасан билээ. Гэвч одоог хүртэл зарим байруудыг СӨХ-д хүлээлгэж өгөөгүй байгаа нь оршин суугчдын төлбөрийн баримтуудаас тодорхой харагдаж байна. Монгол улсын Иргэний хуулийн 147.1-д “Сууц өмчлөгч нь сууцны болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасны дагуу танай компани эрх бүхий мэргэжлийн байгууллагын үүргээ гүйцэтгэж, дундын өмчлөлтэй холбоотой асуудлыг холбогдох сууц өмчлөгчдийн холбоонд нь хариуцуулах нь зүйтэй. Эрчим хүчний зохицуулах хорооны улсын байцаагчийн албан шаардлагаар нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн, СӨХ-ны ажлыг давхар хийж байгаа үндэслэлээр зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авсан зэрэг төрийн эрх бүхий байгууллагаас удаа дараалан СӨХ-ны ажлыг давхар хийхгүй байх талаар мэдэгдсэн ч “............” ХХК нь үл тоосоор ирлээ. “............” ХХК нь төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнээс хальж, хууль зөрчин тусгай зөвшөөрөлд тусгаагүй үйлчилгээ буюу СӨХ-ны ажлыг давхар хийхийн сацуу иргэдээс СӨХ-д төлөх ёстой төлбөрийг авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд уг төлбөрийг нэхэмжлэх эрх бүхий этгээд биш гэж үзэж байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16.5 дахь хэсэгт “дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ”, Иргэний хуулийн 147.1 дэх хэсэгт “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн ашиглалт, завсар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасан. Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг тогтоодог байтал Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг эрхлэх эрхгүй “............” ХХК нь дур мэдэн оршин зөвшөөрөлгүйгээр тэдний эрхэд халдсан, мөн ямар үндэслэлээр дээрх зардлыг тогтоож нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд хариуцагч талаас дулааны болон усны суурь үнэ, халаалт болон цэвэр бохир усны төлбөр буюу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр иргэдэд үзүүлж буй үйлчилгээний төлбөр болох 2,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн буюу Сууц Өмчлөгчдийн холбоонд хамаарах 2,183,276 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

“............” ХХК нь ............д холбогдуулан 2016.03-2019.05.01 хүртэлх хугацааны ашиглалтын зардал болон СӨХ-ийн төлбөрт 4,183,276 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч цэвэр бохир усны төлбөрт нийт 1,800,000 төгрөг төлөхийг маргаагүй, үлдэх хэсгийг зөвшөөрөөгүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 3,990,876 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих хуулийн үндэслэлтэй байна.

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 2 шаардлага тус тус, өөр өөр үндэслэлийг агуулжээ.

1.1. “............” ХХК Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйл, Хот суурины усан хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8-д зааснаар цахилгаан, дулаан, цэвэр усыг дамжуулан түгээх, бохир усыг татан зайлуулах үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба уг үйлчилгээг нийлүүлсэн тул хэрэглэгчээс ашиглалтын төлбөрийг гаргуулна гэж нэхэмжлэлийн нэг шаардлагаа тодорхойлсон байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагад хэрэглэх ёсгүй хуулийг буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан хэм хэмжээг хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу болжээ.

Нэхэмжлэгч нь эрчим хүч, цэвэр ус нийлүүлж, бохир усыг татан зайлуулах үүрэг хүлээсэн, хариуцагч нь үүний төлөө төлбөр төлөх талуудын хооронд үүссэн харилцаа худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна. Гэрээний үнэ эрх бүхий байгууллагаас баталсан нэгж үнийн тариф, худалдан авагчийн хэрэглэсэн хэмжээгээр тогтоогддог, хэрэглэгч хариу төлбөр төлөх үүрэг хуулиар үүссэн, энэ харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний төрөл, уг зохицуулалтаар талууд үүргээ харилцан биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй нь тогтоогджээ. Иймд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч нь эрх бүхий байгууллагаас дамжуулан түгээсэн халаалт, халуун, хүйтэн цэвэр ус, бохир ус, цахилгааныг хэрэглэсэн атлаа ашиглалтын төлбөрийг төлөөгүй, нэхэмжлэгчийн сар бүрээр гаргаж өгсөн тооцоог /хх-8, 165-170/ үгүйсгэж баримт гаргаагүй тул ашиглалтын төлбөрийг төлөх үүрэгтэй юм. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийжээ.

 

1.2. Шүүх дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой зардлыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрхгүй тул хуулиар шаардах эрхгүй боловч сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хариуцаж, үйл ажиллагаа явуулсан, Сууц өмчлөгчдийн холбооны үүргийг гүйцэтгэсэн тул 2016.03-2019.05.01 хүртэл хугацааны зардлыг шаардах эрхтэй байна.

 

2. Шүүх нийт 3,990,876 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2018.06.30-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор бохирын насос станцын төлбөрийг хэрэглэгчдээс тусдаа авахыг зогсоосон үеэс хойшхи хугацааны 14 сарын төлбөр 92,400 төгрөг, хогны мөнгийг илүү тооцсон 100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...нэхэмжлэгчийн СӨХ-ийн төлбөр шаардах эрхгүйг дурьдаад ашиглалтын төлбөр 2,000,000 төгрөгийг төлнө, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ. Хариуцагч дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, маргасан бөгөөд түүний татгалзал үндэслэлгүй болохыг шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой тусгасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1946 дугаар магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01860 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...492 дугаар зүйлийн 492.1...” гэснийг “...243 дугаар зүйлийн 243.2...” гэж өөрчлөн, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 49,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ЦОЛМОН

                           ШҮҮГЧИД                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                      Б.МӨНХТУЯА

                                                                                      Б.УНДРАХ

                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД