Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 444

 

 

 

 

 

 

 

2019            5            14                                             ДШМ/2019/444

 

                                             

          Ч.А-, Б.Т- нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Алтанцэцэг,  

шүүгдэгч Ч.А-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Алтансүхийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 39 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Ч.А-, Б.Т- нарт холбогдох эрүүгийн 1806083750241 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Тариат овгийн Ч.А, 1975 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикч мэргэжилтэй, “...........” ХХК-д инженер ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт............ дүүргийн ......... дүгээр хороо,.................. ...... дугаар гудамж........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......../;

2. Мянгад овгийн Б.Т, 1989 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .......... дүүргийн ....... дугаар хороо, ............ гудамжны ......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .................../;

Б.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.А-тай маргалдан, түүнийг шатнаас түлхэж унаган зүүн зулайд шарх, хоёр шүдний сулрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

Ч.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Т-тэй маргалдан түүнийг зодож, дээд уруулын няцрал, баруун бугалга, шууны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ч.А-, Б.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тариат овгийн Ч.А, Мянгад овгийн Б.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.А-, Б.Т- нарыг тус бүр 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Т-ээс нийт 197.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.А-д олгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.А-, Б.Т- нар нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Т- нь хохирол нэхэмжлээгүй болохыг, хохирогч Ч.А- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж, Ч.А-, Б.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Ч.Алтансүх бичсэн эсэргүүцэлдээ: “... Шийтгэх тогтоолоос үзэхэд шүүгдэгч тус бүр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох, шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт зааснаар ял оногдуулсан нь тодорхойгүй байна. Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Ч.А- “тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй. ...” гэв.

 

Прокурор Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Шүүхийн шийтгэх тогтоолын эх хувийг шүүх бүрэлдэхүүнд өгч байна. Үг, үсэг тооцооны алдаа биш учраас эсэргүүцэл бичсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь тодорхой бус байгаа учраас Ч.Алтансүх прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

 

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.А-, Б.Т- нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэлэлцэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар уг эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь,

            Прокуророос шүүгдэгч Ч.А-, Б.Т- нарыг харилцан бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснээр анхан шатны шүүх хэргийг 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хэлэлцэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн болох нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

            Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдааны явцад прокуророос шинээр гаргаж өгсөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Ч.А-, Б.Т- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай. тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй” гэжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөхөөр заасан бөгөөд энэ зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрлэх боломжгүй юм.

            Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.А-, Б.Т- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж, “шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт зааснаар ял оногдуулсан нь тодорхой биш учраас хүчингүй болгуулах”-аар бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.     

            Түүнчлэн, торгох ял сонгон хэрэглэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан зохицуулалттай холбоотой заалтыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгаж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагад нийцэх юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.А-, Б.Т- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Ч.А-, Б.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР 

 

ШҮҮГЧ                                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ 

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ