Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
Хэргийн индекс | 128/2020/0445/З |
Дугаар | 128/ШШ2020/0791 |
Огноо | 0000-00-00 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2020/0791
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Ц.О.
Хариуцагч: СХДЗД
Гуравдагч этгээд: “Н” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь миний эзэмшлийн газарт “Н” ХХК-ийн хууль бусаар барьсан хашаа, байшинг албадан чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож тус үйлдлийг хийхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Миний бие Ц.О нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, Ар гүн гэд байрлалтай, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 000652772 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-тэй; “Зуслан /Жимс жимсгэнэ/” зориулалт бүхий 80,000 м.кв /8 га/ газрын хууль ёсны эзэмшигч болно.
“Н”ХХК /захирал Чинзориг/ нь миний эзэмшлийн газарт халдаж, хашааг сүйтгэн, тус 8 га газрын голд давхардуулан хашаа, байшин барин МУ-ын иргэний газар эзэмших эрхэд ноцтой халдан, газраа зориулалтынх нь дагуу ашиглах боломжгүй болгосон.
Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр
газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж, 57:4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасны дагуу 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандсан боловч өргөдлийн дагуу шийдвэр гаргаагүй тул 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан ч хуулийн хугацаанд хариу өгөөгүй болно.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.О миний эзэмшлийн газрыг бусдын хууль бус ашиглалтаас албадан чөлөөлөх шийдвэр гаргахгүй эс үйлдэхүй гаргаж үүний улмаас өөрийн эзэмшлийн газраа зориулалтынх нь дагуу ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын газар албадан чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газрыг албадан чөлөөлөхийг даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Ц.О нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар Сонгонихайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтэд 80.000 м.кв /8 га/ газрыг зуслан, /жимс жимсгэнэ/-ийн аж ахуй эрхлэх зориулалтаар газар эзэмшихээр авсан. Газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ 2016 оны 6 сард гарч баталгаажсан Ц.О нь өөрийн эзэмшлийн газар дээрээ хашаа барьсан. Тус баригдсан хашааны газар нь С.Ч захиралтай “Н”ХХК хууль бусаар барилгын суурь барьсан. Энэ үйл явдалтай холбогдуулан нэхэмжлэгч ”Н” ХХК-д хууль бус эзэмшил, үйлдлийг зогсоох шаардлагуудыг удаа дараа тавьсан боловч хэрэгжүүлээгүй. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд энэ талаар гомдол гаргасан. Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хариу албан мэдэгдлээрээ “Н” ХХК бусдын газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлөх мэдэгдэл өгсөн гэж хариу өгсөн. Энэ цаг хугацаанаас хойш “Н” ХХК Сонгинохайрхан дүүргийн газрын албаны даргын хугацаат мэдэгдлийг биелүүлэх арга хэмжээг сайн дураар биелүүлээгүй.
Нэхэмжлэгч Ц.О энэ асуудлаар Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд дахиж газрыг албадан чөлөөлүүлэх арга хэмжээг авч өгөх талаар хүсэлт гаргаж, 2020 оны 3 дугаар сарын 18-нд хандсан. Үүний дараагаар дээд шатны байгууллагад гомдол гаргасны улмаас Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
“Н” ХХК-д холбогдуулж мэдэгдэл өгч байсан үед Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас “Н” ХХК-д яг тухайн газар дээр эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, захирамж, шийдвэр байхгүй гэдэг хариуг өгсөн. Тийм боловч Ц.Огийн эзэмшил газар дээр барилга байгууламж, хашаа барьсан.
Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д газрыг хууль бусаар эзэмшиж, барилга байгууламж барьсан иргэн хуулийн этгээдэд Засаг дарга хугацаатай мэдэгдэл өгнө. Энэ хугацаатай мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөх арга хэмжээг тухайн иргэн, хуулийн этгээд аваагүй бол Газрын тухай хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар албадан чөлөөлөх арга хэмжээг Засаг дарга авч, холбогдох гарсан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үүргийг Газрын тухай хуулиар үүрэг хүлээсэн. Энэ үйл ажиллагаандаа Цагдаагийн болон хүчний байгууллагыг татан оролцуулах боломж нь Засаг даргад байгаа. Энэ үйлдлээ өнөөдрийг хүртэл хийгээгүй байна. Иймд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасан үйлдлийг хийгээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, тухайн үйлдлийг хийлгэж, иргэн Ц.Огийн эрхийг хамгаалах арга хэмжээг авч өгөх талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ц.О-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын газар албадан чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох газар албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчид дүүргийн Засаг даргын 2015 оны А/505 дугаар захирамжаар 21 дүгээр хороо Ар-гүнтэд жимс жимсгэний зориулалтаар 5 га газар эзэмших эрх олгосон байна. Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бөгөөд дүүргийн газар зохион байгуулалтын албанаас маргаан бүхий газарт зохих зөвшөөрөлгүй хашаа барьсан “Н” ХХК-д удаа дараа бусдын эзэмшлийн газрыг чөлөөлөх мэдэгдлийг өгч байсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т анхан шатны шүүхээс “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” шийдвэрийг гаргахаар тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын эс үйлдэхүй байгаа бөгөөд энэ эс үйлдэхүй нь хууль бус болохыг шүүхээс тогтоосон, энэ хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шүүх захиргааны акт гаргах буюу тодруулбал газар албадан чөлөөлөх шийдвэр гаргахаар хуульд заажээ.
Дүүргийн газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл хүсэлтэд албан бичгээр 2017, 2019, 2020 онуудад хариу өгч байсан нь холбогдох баримтаар нотлогдож байх тул захиргааны байгууллагыг эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын газар албадан чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох газар албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг даалгах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/505 дугаар захирамжаар иргэн Ц.Од жимс, жимсгэний зориулалтаар 8 га газрыг эзэмших эрх олгосон. Үүнтэй холбоотойгоор тухайн газарт “Н”ХХК нь зөвшөөрөлгүйгээр хашаа хатгаж, байшин барьсан гэдэг үндэслэлээр удаа дараа Сонгинохайрхан дүүргийн Газрын алба болон Засаг даргад гомдол ирүүлж байсныг тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргасан өргөдөл хүсэлтэд албан бичгээр 2017, 2019, 2020 онуудад хариу өгч байсан нь холбогдох нотлох баримтаар тогтоогддог. Захиргааны байгууллагыг эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие С.Ч нь “Н”ХХК гүйцэтгэх захирлаар ажилладаг. Манай компани нь 2013 оны 10 сараас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтэд 18628330194886 нэгж талбарын дугаар бүхий 20001 м.кв талбайтай, регистрийн 5322596 дугаартай газар эзэмшиж ашиглаж байгаа. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын орчимд манай хашааны гадуурЦ.О гэх хүн давхар хашаа барьж өнөөдрийг хүртэл хүндрэл учруулсаар байна.
Ц.Оюунтуяа нь 2017 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШЗ32017/11497 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулагч н.Б болон Ц.О нарыг Авлигатай тэмцэх газар шалгуулсан болно.
Иргэн Ц.Од “Н”ХХК-ийн орц гарцийг чөлөөлж өгөхийг даалгахыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээс хүсэж байна.
Хариуцлага алдаж иргэдэд чирэгдэл учруулж байгаа Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулагч н.Б-д өндөр хариуцлага тооцох нь зүйтэй гэж бодож байна.
Ийм жонхуу хутгасан байж одоо ч ажлаа хийсээр явж байгаа. Н.Б манай компанийн хувийн хэргийг устгаж өөр газарт 2га газар дахин бүртгэсэн нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын хариу хүргүүлэх бичгээр нотлогдож байна.
Иймээс Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулагч н.Б, Ц.О нар хуйвалдан манай компанийн газрыг булаан авах гэсэн оролдлого гэж үзэж байгаа” гэжээ.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Н” ХХК маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулаад 20000 м.кв газрыг эзэмшиж ашиглаж байгаа. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын архивын мэдээллээс лавлагаа авахад 2013 оны 10 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сард манай газар мэдээллийн санд байна гэсэн хариу өгсөн. Нэхэмжлэгч Ц.Од манай газрыг давхцуулаад газар олгосонд гайхаж байгаа. Манайх тэнд малын тэжээл бэлтгэх фермерийн зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар 2013 онд газраа хагалаад бутлаад хийж байсан үйл ажиллагаа хэвээрээ байгаа. “Н”ХХК нь 2013 онд газар эзэмшиж ашиглахаар авсан байхад 2016 онд манай гадуур том хашаа хатгасан. Уг хашаа манай орц гарцыг хаасан. Би хашаандаа орж гарахын тулд өөрийнхөө хаалганы харалдаах хашааг задлаж орж, гарч байгаа.
Сонгинохайрхан дүүрэгт орц, гарцыг хааж гадуур хашаа хатгаж байгаа талаар мэдэгдэж байсан. Энэ талаар газрын албан дээр очиж хувийн хэргээ үзэхэд маргаан бүхий газрын зураг одоо байгаа газар дээр байхгүй, хаа хамаагүй жалганд зураг гарсан байсан. Энэ нь газар зохион байгуулагч Батцагааны зөөж шилжүүлсэн үйлдэл болчхоод байгаа. Тэнд ашиглаж байгаа газрыг чөлөөлөөд Ц.Од олгочихсон. Уг газарт манайхыг оруулаагүй. Газар зохион байгуулалт, зураг зүйн газраас уг бичгийг аваад Авлигатай тэмцэх газарт Батцагаан, Сонгинохайрхан дүүргийн Газрын алба, иргэн Ц.О нарыг шалгаж өгнө үү гээд хүсэлт өгсөн.
Сонгинохайрхан дүүргийн албан хаагч Ц.Од манай газрыг давхцуулан газар олгосон буруутай үйл ажиллагаанаас болж Ц.О манай гадуур хашаа татсан үйлдэл нь бидний хооронд маргаан үүсгэсэн. Би маргаан бүхий газарт амьдарч байгаа. Өвлийн улиралд тог татаагүйн улмаас байж чадахгүй байгаа. Маргаан бүхий газарт 11 сард очихдоо Ц.Од ...би 1 га газраа шилжүүлж байшин барьсан хэсгээсээ үргэлжлүүлээд баруун урд булан руу шахаж бууя гэдэг саналыг гаргаж байсан. Үүсээд байгаа нөхцөл байдалдаа тохируулаад тэгж зохицохоос өөр аргагүй. Ц.Огийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ;
Нэхэмжлэгч Ц.О Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга газар албадан чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга миний эзэмшлийн газарт “Н”ХХК-ийн хууль бусаар барьсан хашаа, байшинг албадан чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож тус үйлдлийг хийхийг даалгах” гэж шаардлагаа тодруулсан тул тус шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/505 дугаар захирамжаар[1] Ц.Од тус дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд 80000 м.кв газрыг жимс жимсгэнийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн гэрчилгээ олгон гэрээ байгуулжээ.
Мөн “Н” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 335 дугаар захирамжаар[2] тус дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд 10000 м.кв газрыг үнээний саалийн аж ахуй эрхлэх зориулалтаар эзэмшүүлж, мөн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/298 дугаар захирамжаар[3] газрыг 15 жилийн хугацаагаар сунгасан байна.
Хэдийгээр гуравдагч этгээд “Н” ХХК-д тус дүүргийн 21 дүгээр хороонд 10000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн боловч тус компани уг газрыг эзэмших эрх газрын тухай хуульд заасны дагуу үүсээгүй байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж тус тус хуульчилсан.
Гэтэл “Н” ХХК-ийн эзэмших эрхтэй гэх 10000 м.кв газарт эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, гэрээ байгуулагдаагүй байх бөгөөд анх газрыг эзэмшихдээ газрын байршил, хэмжээ, эргэлтийн цэг мөн ямар байршилд газар эзэмших хүсэлтэй байсан зэрэг уг газрыг хуульд зааснаар эзэмших эрхтэй талаарх баримтууд газрын хувийн хэрэгт хадгалагдаагүй болох нь дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 17/5847 тоот албан бичгээр[4] нотлогдсон байна.
Мөн “Н” ХХК-д олгосон 10000 м.кв газар нь маргаан бүхий газраас өөр байршилд байрладаг талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.
Өөрөөр хэлбэл “Н” ХХК-д олгосон 1 га газар нь хуулийн дагуу эзэмших эрх үүсээгүй байхад нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газартай давхцуулан хашаа хатгаж, байшин барьсан нь хууль бус бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй.
Нөгөө талаар хариуцагч 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 14/1155 дугаар албан бичгээр[5] “Н” ХХК-д газар чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч тус компанийн зүгээс уг мэдэгдлийн дагуу газрыг чөлөөлөөгүй байхад түүнийг албан чөлөөлөх арга хэмжээ авалгүй орхигдуулжээ.
Нэхэмжлэгч Ц.О гуравдагч этгээдийн дээрх хууль бус үйлдлийн талаар буюу газар албадан чөлөөлүүлэх хүсэлтийг хариуцагчид удаа дараа гаргасны дагуу хариуцагч 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 14/1160, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11/1425, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 17/2275 дугаар албан бичгүүдээр тус тус хариу хүргүүлсэн хэдий ч энэ нь хариуцагч дүүргийн Засаг дарга түүний газар зохион байгуулалтын албанаас уг хүсэлт гомдлыг хуулийн хүрээнд бүрэн шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.
Учир нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол........дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол.....дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.” гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч эхний удаа газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлж харин заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол албадан чөлөөлөх арга хэмжээ авах үүргээ хэрэгжүүлээгүй орхигдуулсан нь хууль бус эс үйлдэхүй гэж дүгнэх үндэслэлтэй.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс маргаан бүхий газарт 2 га газар эзэмшүүлсэн гэх боловч 2009 оны 335 дугаар захирамжаар 10000 м.кв (1 га) газар эзэмшүүлсэн, уг газрыг би өөрөө байршлыг сонгож Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн зөвшөөрсөн гэх боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй болно.
Түүнчлэн “Н” ХХК газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа болон газар эзэмших гэрээ байгуулаагүй, маргаан бүхий газрыг чөлөөлөх талаар мэдэгдэл хүргүүлснийг мэдсэн атлаа энэ талаар хуулийн хүрээнд маргаагүй байна.
Ийнхүү дүгнэхэд захиргааны байгууллагаас өгсөн газар чөлөөлөх мэдэгдлийн дагуу уг газрыг заасан хугацаанд чөлөөлөөгүй байхад хуульд зааснаар албадан чөлөөлөх арга хэмжээ авах үүргээ хэрэгжүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газар дээр хууль бусаар барьсан “Н” ХХК-ийн хашаа байшинг албан чөлөөлөх үйлдлийг хийхийг даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.Огийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга миний эзэмшлийн газарт “Н”ХХК-ийн хууль бусаар барьсан хашаа, байшинг албадан чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож тус үйлдлийг хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж маргаан бүхий газрыг чөлөөлөх арга хэмжээ авахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР