Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 00162

 

                          

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар,

Улсын яллагч Т.Ганзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул,

Шүүгдэгч Э.Эрдэнэсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийж,

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрдэний Эрдэнэсүрэнд холбогдох Эрүүгийн 20161400010289  дугаартай хэргийг 2016 оны 10 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                       Шүүгдэгчийн биеийн байцаалт.

         1. Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 52-21 тоотод оршин суудаг,  урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 01 сарын 24-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 05 сарын 29-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хорих ял, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 03 сарын 20-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 11 жилийн хорих  ялаар шийтгэгдэж Булган аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2008 оны 04 сарын 08-ны өдрийн 161 дугаартай ялыг нийцүүлэн хасах тухай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д хэсэгт зааснаар зүйлчилж оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зүйлчилж 2 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 04 сарын 07-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигин овгийн Эрдэний Эрдэнэсүрэн /ФБ 82112015/.

 

                                             Холбогдсон гэмт хэргийн талаар.

           Шүүгдэгч Э.Эрдэнэсүрэн нь орон байранд нэвтэрч 2016 оны 05 сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол багийн Баянзамын 11-08 тоотод оршин суух  П.Алтанцацралын байшингаас 32 инчийн Тошиба маркийн ЛСД дэлгэцтэй зурагт 1 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн манан хөөрөг зэргийг хулгайлж 750 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд :

           1. Шүүгдэгч Э.Эрдэнэсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Уртын голд айлд очих гэж яваад эзэнгүй айл байхаар нь цонхоор нь орж зурагт, хөөрөг авсан. Зурагтыг нь бараан зах руу явж байгаад нэг залууд 150 000 төгрөгөөр зарсан. Хөөрөгийг нь цүнхэндээ хийгээд гэртээ орхисон байсан. Хохирлоо нөхөн төлсөн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, бага насны хоёр хүүхэдтэй боллоо. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, сонсгосон ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэв.   

          2.  Хохирогч П.Алтанцацралын мөрдөн байцаалтын шатанд  өгсөн: “...2016 оны 05 сарын 27-ны өглөө би ажилдаа 09 цаг 30 минутын үед явсан. Манай охин өдөр 12 цагт хичээлдээ явахаар гарсан. Охин хичээлээ тараад 16 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд байшингийн урд талын цонхны салхивч онгорхой байхаар нь намайг онгорхой орхисон байна гэж бодоод гэртээ ороод харсан чинь байшингийн баруун талын буланд байсан зурагт алга болсон байхаар нь надад утасдаж хэлсэн. Мөн хойморын авдрыг онгойлгоод авдранд байсан эд зүйлийг гаргаж хаяад Хятад улсад үйлдвэрлэсэн дунд гарын манан хөөрийг хулгайлаад авсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

             3. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

              4. Найдвар-Од аудит ХХК-ний шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 133 дугаартай дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 15 тал/,

             5. Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 94 дугаартай дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн 1,4,5,8,9 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Бусад нь тэнцэхгүй. 2. МN003010010809 дугаараар санд бүртгэгдсэн Эрдэний Эрдэнэсүрэнгийн зүүн гарын долоовор хурууны хээний дардастай шинжлэгдэж буй 1 дугаартай гарын мөр, зүүн гарын дунд хурууны хээний дардастай 4 гэж дугаарласан гарын мөр папилляр шугамын эхлэл, нийлэлт, салаалалт, төгсгөл зэрэг хувийн онцлог шинж тэмдэгүүд цогц байдлаар тохирч байна. Шинжлэгдэж буй бусад гарын мөрүүд санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэжээ. /хх-ийн 18 тал/,

          6. Хохирлын мөнгө, хөөрөг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

          7. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Шүүгдэгч Э.Эрдэнэсүрэн нь орон байранд нэвтэрч 2016 оны 05 сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол багийн Баянзамын 11-08 тоотод оршин суух  П.Алтанцацралын байшингаас 32 инчийн Тошиба маркийн ЛСД дэлгэцтэй зурагт 1 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн манан хөөрөг зэргийг хулгайлж 750 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Алтанцацралын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно.

Шүүгдэгч Э.Эрдэнэсүрэнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв түүнийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл ногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохын зэрэгцээ үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, шүүгдэгчийн ар гэрийн байдал зэргийг харгалзан түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Эрдэнэсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн  эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 9 хоног  цагдан хоригдсон болно.

Хохирогч П.Алтанцацрал нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлснийг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь :

           1. Шүүгдэгч Боржигин овгийн Эрдэний Эрдэнэсүрэнг  орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэсүрэнгийн эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэсүрэнгийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэсүрэнгийн цагдан хоригдсон 9 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

    5. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Эрдэнэсүрэн нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

          6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэсүрэнд оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар ялтан Э.Эрдэнэсүрэнд хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

         8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.