Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0596

 

“Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 353 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 13.4.2, 13.5, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Эрэл” ХХК-ийн Ховд аймгийн Булган сумын нутагт орших Загийн хар уулын талбайд хайгуул хийх 14850Х тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээн, “Эрэл” ХХК-д эзэмшүүлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Одончимэг давж заалдах гомдолдоо: “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд гаргасан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 353 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэг. Нэхэмжлэгч “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байсан тухайд:

1.”Эрэл” ХХК-аас Ховд аймгийн Булган сумын нутаг Загийн хар уул нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэс/хуучнаар/-т 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргажээ.

АМГТХЭГ-ын ГУУКХ-ээс өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хянаж, холбогдох байгууллагаас санал авах ажлуудыг хийж гүйцэтгэж байсан байна. Тухайлбал, тухайн талбай байрших Ховд аймгийн Засаг даргаас санал авахаар 2 ч удаа саналын хуудас хүргүүлсэн байх бөгөөд 2 дахь удаагаа хүргүүлсэн мэдэгдлийн хариуг Ховд аймгийн Засаг дарга 2009 оны 03  дугаар сарын 28-ны өдрийн 2009/18 дугаартай саналын хуудсаар АМГТХЭГ-т ирүүлж байжээ. АМГТХЭГ-аас 2009 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 6-697 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай мэдэгдлийг тус компанид хүргүүлсэн байна.

Ингээд Ашигт малтмалын газраас ашигт малтмалын хайгуулын 14850Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Эрэл” ХХК-д олгосон байдаг.

2. Гэвч Монгол Улсын Засгийн газраас "Талбайг нөөцөд авах тухай" 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаар тогтоол баталсан бөгөөд тухайн тогтоолын хавсралтад заагдсан талбай/нутаг дэвсгэр/-г нөөцөд авахаар шийдвэрлэсэн.

МУ-ын Засгийн газрын 2009 оны 86 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт зааснаар "улсын төсвийн хөрөнгөөр геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил хийх" зориулалтаар зарим талбайг нөөцөд авахаар шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан талбайд Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрийн зарим хэсэг буюу “Эрэл” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан талбай хамаарагдсан байсан.

Хэдийгээр “Эрэл” ХХК тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өргөдөл гаргасан байх боловч хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарахаас өмнө буюу 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр МУ-ын Засгийн газрын 86 дугаар тогтоол гарч, уг талбайг нөөцөд авсан байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан талбай нь нөөцөд авсан талбайтай давхцаагүй байхыг Ашигт малтмалын тухай хуулиар шаарддаг бөгөөд уг хуулийн шаардлагыг АМГ-ын ГУУКХ-ийн даргын 2009 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 78 дугаар шийдвэр /”Эрэл” ХХК-д 14850Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр/ зөрчсөн байсан тул АМГТХЭГ-ын ГУУКХ-ийн даргын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 595 дугаар шийдвэрээр уг 14850Х дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

З. Үүнтэй холбоотойгоор “Эрэл” ХХК-аас Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд 2011 онд "АМГ-ын ГУУКХ-ийн даргын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 595 дугаар шийдвэрийн “Эрэл” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс уг хэргийг 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 31 дугаартай шийдвэр гаргаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 31 дүгээр шийдвэрийн "Үндэслэх" хэсэгт "...АМГ-ын ГУУКХ-ийн дарга 2010 оны 595 дугаар шийдвэрээр 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нөөцөд авсан талбайтай давхцуулж 2009 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр тусгай зөвшөөрөл олгосноо зөвтгөж, “Эрэл” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 14850Х дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 17 дугаар зуйлийн 17.2.2-т нийцсэн байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүплийн 56.1.3-д зааснаар хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-д заасны дагуу нөөцөд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлсөн үндэслэлээр төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах бөгөөд маргаан бүхий 595 дугаар шийдвэр нь энэ тохиолдолд хамаарахгүй. Нөөцөд авсан талбайтай давхцуулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргасныг зөвтгөсөн байна. ...Иймд хариуцагчийн хууль бус, буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй, АМГ-ын ГУУКХ-ийн даргын 2010 оны 595 дугаар шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв" гэсэн байна.

Энэхүү шүүхийн шийдвэрт талууд давж заалдах гомдол гаргаагүй тул уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

4. “Эрэл” ХХК-аас уг асуудлаар 2012 онд Захиргааны хэргийн шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь "Эрэл” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 14850Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайг улсын нөөцөд авсан талбайтай давхацсан гэх үндэслэлээр АМГ-ын ГУУКХ-ийн даргын 2010 оны 595 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд уг шийдвэртээ Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 заалтыг оруулах, мөн уг талбайг хугацаанаас өмнө чөлөөлсөн, улсын нөөцөд байлгах хугацаа дуусах тохиолдолд үргэлжлүүлэн эзэмших давуу эрхтэй болохыг баталгаажуулахыг даалгах" гэсэн утгатай байжээ.

Уг нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн хүлээн авч хянаад, "Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 31 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа" гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 686 дугаар захирамж гаргасан байна.

Дээрх үндэслэлүүдээр “Эрэл” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 14850Х дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээх ямар ч эрх зүйн үндэслэлгүй байхад Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс уг тусгай зөвшөөрлийг сэргээн, “Эрэл” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь тун ч ойлгомжгүй, учир дутагдалтай шийдвэр болсон.

Хоёр. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсэг/7-р хуудас/-т: "Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д "Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг дор дурдсан зорилгоор Засгийн газрын шийдвэрээр нөөцөд авч болно"...гэж заасны дагуу...Ховд аймгийн Булган сумын нутагт орших Загийн хар уул нэртэй газарт орших “Эрэл” ХХК-ийн 14850Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаар тогтоолоор нөөцөд авсан байх бөгөөд..." гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд огт үндэслэлгүй дүгнэлт болсон.

Учир нь Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаар тогтоол гарах үед “Эрэл” ХХК-д 14850Х дугаартай тусгай зөвшөөрөл олгогдоогүй байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн зохицуулалт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамаарах зохицуулалт бөгөөд “Эрэл” ХХК-ийн хувьд Засгийн газрын 2009 оны 86 дугаар тогтоол гарах үед тусгай зөвшөөрөл эзэмшигч болоогүй байсан.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсэг/7-р хуудас/-т "Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаар тогтоолоор “Эрэл” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг нөөцөд байлгах хугацааг 2 жил 9 сар гэж тогтоосон..." гэсэн нь үндэслэлгүй юм.

Засгийн газрын 2009 оны 86 дугаар тогтоол гарах үед тухайн талбайд “Эрэл” ХХК ямар нэгэн тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагүй бөгөөд уг тогтоолд “Эрэл” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайг 2 жилээр нөөцөд авсан тухай ямар ч үг, үсэг байхгүй болно.

Гагцхүү Ховд аймгийн Булган сумын зарим нутаг дэвсгэрийг "улсын төсвийн хөрөнгөөр геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил хийх" зориулалтаар нөөцөд байлгах хугацааг 2 жил 9 сараар тогтоосон болно.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн 8-р хуудсанд "...”Эрэл” ХХК нь урьд эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаа үргэлжүүлэн эзэмших давуу эрхтэй этгээдийн хувьд маргаан бүхий талбайг эзэмшихээр хүсэлт гаргасан..." гэсэн нь мөн л дээр дурдсан тайлбараар үндэслэлгүй болох нь харагдаж байна.

Анхан шатны шүүх хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болсон этгээдэд хамааралтай Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтыг тусгай зөвшөөрөл аваагүй этгээдэд хамааруулан тайлбарлаж, дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон.

3. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 31 дүгээр шийдвэрт “Эрэл” ХХК-д 14850Х дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээн эзэмшүүлэх үндэслэлгүй болох талаар нэгэнт дүгнэлт хийж, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр хэвээр байсаар байтал “Эрэл” ХХК-д 14850Х дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээн эзэмшүүлэх тухай 2016 оны 402 дугаар шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн шийдвэр болсон.

Дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд гаргасан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 353 дугаар шийдвэр үндэслэлгүй гарсан байх тул хүчингүй болгож, “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

            “Эрэл” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 78 дугаар тушаалаар Ховд аймгийн Булган сумын нутагт орших “Загийн хар уул” гэх газарт 14850Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон боловч Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 595 дугаар тушаалаар “Эрэл” ХХК-д өмнө олгосон 14850Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Учир нь үүнээс өмнө буюу 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Засгийн газар тогтоол гаргаж, дээрх талбайг 2 жил 9 сарын хугацаатайгаар нөөцөд авсан байсан байна.

            Дээрх Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 595 дугаар тушаалын “Эрэл” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч 2011 онд шүүхэд хандахад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон боловч шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагч Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга нөөцөд авсан талбайгаас чөлөөлөгдсөн тохиолдолд “Эрэл” ХХК талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрхтэй гэсэн тайлбар гаргаж байгааг дурдаж байна” гэсэн дүгнэлт хийсэн.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д “Энэ хуулийн 13.1-д заасны дагуу нөөцөд авсан талбайг дараахь үндэслэлээр чөлөөлнө:”, 13.4.2-т “талбайг нөөцөд байлгах хугацаа дууссан”, 13.5-д “Нөөцөд авсан талбай энэ хуулийн 13.4-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдэлнэ” гэж тус тус заажээ.

Дээрхээс үзвэл Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 86 тоот тогтоолоор Ховд аймгийн Булган сумын нутагт орших “Загийн хар уул” гэх газарт орших талбайг 2 жил 9 сарын хугацаатай нөөцөд авсан хугацаа дууссан байхад Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 78 дугаар тушаалаар уг газарт 14850Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан нэхэмжлэгч “Эрэл ХХК-д талбайг үргэлжлүүлэн эзэмших эрхийг нь эдлүүлэлгүй хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэжээ.

Хэдийгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 31 дүгээр шийдвэрээр “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 595 дугаар шийдвэрийн “Эрэл” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч  тухайн үед Ховд аймгийн Булган сумын нутагт орших “Загийн хар уул” гэх газарт орших талбайг Засгийн газар хугацаатайгаар нөөцөд авсан байсан төдийгүй, тухайн үед гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлага энэ удаад шийдвэрлэж буй нэхэмжлэлийн шаардлагаас өөр байх тул “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.         

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 353 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                 ШҮҮГЧ                                                                              Д.ТУНГАЛАГСАЙХАН

                 ШҮҮГЧ                                                                              Э.ЗОРИГТБААТАР

                 ШҮҮГЧ                                                                              Г.БИЛГҮҮН