Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 129

 

“Хэт” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

      Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баасанцогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лхагвасүрэн, Л.Сарнай нарыг оролцуулан, “Хэт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 949 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0112 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 949 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Хэт” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 6/681 дүгээр албан бичгийг хүчингүй болгож, 23.159.741 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

      Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0112 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 949 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Хэт” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “Хэт” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нийгмийн даатгалын шимтгэлийн алданги болох 23.159.741 төгрөгийг өршөөн хэлтрүүлж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 6/681 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

       Хариуцагч Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3019 дүгээр шийдвэрээр “Хэт” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги нийт 265.018.533 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхүүд нь “Хэт” ХХК-иас гаргуулах нийгмийн даатгалын шимтгэлийн 23.159.741 төгрөгийн алдангийг 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасан үндэслэлээр өршөөлд хамруулж шийдвэрлэсэн.

      Дээрх Өршөөлийн хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэлийг уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “...төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж зааснаар төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулсан шийдвэрээр тогтоогдсон нөхцөлд хуулийн 4.3 дахь заалтыг хэрэглэн өршөөлд хамруулахаар хуульчилсан байна.

      Төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлогдох бөгөөд хавтаст хэрэгт “Хэт” ХХК-д захиргааны шийтгэл ногдуулсан шийдвэр авагдаагүй байдаг.

      Иймд, 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, өршөөлд хамруулж хууль буруу хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

      Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцсэн тул  магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

     Нэхэмжлэгч “Хэт” ХХК нь “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 6/681 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн алдангийн 23,159,741 төгрөгийг өршөөлд хамруулж, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

   Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 3019 дүгээр шийдвэрээр “Хэт” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийн 241,858,792 төгрөг, алдангийн 23,159,741 төгрөг, нийт 265,018,533 төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн байна.

     Нэхэмжлэгч “Хэт” ХХК нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн төлбөр болох 241,858,792 төгрөгийг төлж барагдуулсан байх ба алдангийн 23,159,741 төгрөгийг Өршөөлийн хуульд хамруулж өгөхийг хүсч Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандсан байна. Тус газрын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 6/681 тоот албан бичгээр “...Өршөөлийн хуулийн үйлчлэлд Нийгмийн даатгалын хууль хамаарахгүй байхаар хуульчилсан тул шүүхийн шийдвэрээр ногдуулсан алдангийг өршөөн хэлтрүүлэх үндэслэлгүй” гэсэн хариуг өгчээ. 

    Нэхэмжлэгчээс “...алданги нь ...өршөөлийн хуульд хамрагдана” гэж, хариуцагч “...“Хэт” ХХК нь Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан торгох захиргааны шийтгэл хүлээгээгүй, харин Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу алданги төлөх хариуцлага хүлээсэн, энэ нь захиргааны шийтгэл биш” гэж тус тус маргасан байна.

      Шүүхүүд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн болон Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч компанийн нийгмийн даатгалын шимтгэлд төлөх алдангийн төлбөрийн 23,159,741 төгрөгийг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

       Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон байна.

       “Хэт” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаар 241,858,792 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байсан бөгөөд захиргааны байгууллага мөн хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2-т “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна” гэж заасны дагуу тус компанийн хугацаандаа бүрэн төлөгдөөгүй дээрх төлбөрт хариуцлага тооцож 23,159,741 төгрөгийн алданги ногдуулсаныг төлөөгүй, Өршөөлийн хуульд хамрагдах үндэстэй гэж маргажээ. 

       Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан байх бөгөөд уг хуулийн зорилго нь зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн байна.

       Мөн, дээрх хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Өршөөлийн хуульд заасан захиргааны зөрчилд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 210 орчим хуульд заасан захиргааны зөрчлийг хамааруулах, зөрчилд зөвхөн алданги, хүү, торгууль хамаарахаар, татвар, төлбөр, хураамж болох үндсэн үүрэг нь хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж шийдвэрлэжээ.

      Дээрхээс үзэхэд хууль тогтоогч хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр өргөн утга агуулгаар хуулийг баталсан байх тул нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх, тэгш эрхийн зарчмыг үндэслэл болгон, нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн төлбөр болох 241,858,792 төгрөгийг төлсөн байдлыг харгалзан, захиргааны зөрчилд хамаарах алдангийн 23,159,741 төгрөгийг өршөөн хэлтрүүлэх нь мөн хуулийн зорилгод нийцсэн гэж үзлээ.

      Түүнчлэн, давж заалдах шатны шүүхийн, нэхэмжлэгчийн “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 6/681 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв байна.

       Нэхэмжлэгч “Хэт” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн алдангийн 23,159,741 төгрөгийг Өршөөлийн хуульд хамруулж өгөхийг хүсч Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандсан байх ба тус газар нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 6/681 тоот албан бичгээр “...Өршөөлийн хуулийн үйлчлэлд Нийгмийн даатгалын хууль хамаарахгүй байхаар хуульчилсан тул шүүхийн шийдвэрээр ногдуулсан алдангийг өршөөн хэлтрүүлэх үндэслэлгүй” гэсэн хариуг өгчээ. 

      Маргаан бүхий 6/681 тоот албан бичиг нь уг албан бичгийг гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан “... нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулах ... эрх зүйн үр дагавар шууд бий болгодог ... захирамжилсан үйл ажиллагаа ...” байх захиргааны актад тавигдах шинжүүдийг агуулаагүй, өөрөөр хэлбэл, уг албан бичиг нь бие даасан захирамжилсан шийдвэр гаргаагүй, үр дагавар үүсгэхгүй баримт бичиг байна. 

      Ийм байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар шаардсан, 6/681 тоот албан бичгийг захиргааны акт гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ. 

      Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0112 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ

                                        ШҮҮГЧ                                                                      Б.МӨНХТУЯА