Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/442

 

 

 

 

 

 

    2022          06           09                                       2022/ШЦТ/442

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 221000000 0635 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

             

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Б.Ш архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” караокены орчим иргэн Д.Бтэй маргалдаж улмаар нүүр хэсэг рүү гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Шаас: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн болно.

 

Хоёр: Эрүүгийн 221000000 0635 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ирсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),

2. Хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд:

2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “...Би Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо _ караокены үүдэнд 2022 оны 04 дүгээр сарын 16 өдрийн 22 цаг орчим  найз Бтай хамт караокед үйлчлүүлэхээр орсон. Сул өрөө, цаг байхгүй болохоор гарч өөрийн Автомашин болох _ УНЧ улсын дугаартай автомашинд сууж 0,5 литр савлагаатай коньяк Б хамт ууж байхад зүс таних Б гэх залуу өөр 3-4 залуусын хамт гарч ирээд цонх тогшихоор нь би буулгахад миний баруун талын шанаа орчим цохихоор нь бууж юу болж байгаа талаар асуухад хариу өгөхгүй шууд цохиж зодоон эхэлсэн. Найз Б зодооныг болиулах гэж ирэхэд Б-г мөн зодсон. Б-гийн хажуу талд байсан том биетэй залуу намайг унагааж дээрээс бүгд цохиод дэвсээд байсан. Зодож байгаад цамцны арын захнаас чирч машины ард хэсэгт аваачаад цохиод байсан. Би толгойгоо гараараа хаасан байсан болохоор намайг хэн хэрхэн зодсоныг мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

- 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “....Ш миний баруун талын шанаа хэсэгт 1 удаа цохиход би газар унасан унасны дараа Ш нь дээрээс хоёр гараараа цохиод, хөлөөрөө толгой хэсэгт дэвсээд байсан. Би нүүрээ хоёр гараараа хАалаад хэвтэж байсан. Намайг зодохоо болихоор нь би машиндаа орж суугаад зугтаасан. Миний биед учирсан гэмтлийг Ш учруулсан. Ш надад бэлнээр 500,000 төгрөг өгч хохирлыг барагдуулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

                                                                                            

3. Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 16-ны орой 16 цагийн үед Хан-Уул дүүрэг 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “_”-гоо нээж ажиллаж байсан. Ажиллаж байхад 22 цагийн үед гаднаас хоёр эрэгтэй хүн орж ирж өрөө асуусан. Бүх өрөө хүнтэй байсан болохоор өрөө байхгүй гэж хэлтэл манай караокены өрөөнүүд онгойлгож үзээд байсан. Би өрөөнүүд онгойлгож болохгүй гэтэл нисэхийн дүү нар байна, эд нар намайг танихаа байчхаж гэж өндөр эрэгтэй нь маргаан үүсгэсэн. Тэр орж ирсэн хоёр эрэгтэйг ингэж болохгүй гээд караокеноос гаргасан. Удалгүй нөгөө хоёр залуу буцаж орж ирээд караокены 1 номерын өрөөнд сууж байсан гурван залууг энэ хүнтэй утсаар ярь, би та нарыг ална гээд байсан. Тэгээд энэ хэдэн залуучууд бид хоёрыг дээрэлхээд байна гээд Б гэх залууг өөрийн утсаар яриулсан. Дахиад би энэ хоёр эрэгтэйг дахиж караокеноос гаргаад манайд өрөө байхгүй, та хоёр одоо харьж амар гэж хэлсэн. Тэр хоёр эрэгтэй явахгүй  караокены үүдэнд машиндаа цаг гаран намайг энд хүн дээрэлхээд байна гээд хүнтэй утсаар ярьж зогссон. 23 цаг 20 минутын үед 1 номерын гурван залуу тамхилах гээд гадаа гарсан. Удалгүй гадаа хүмүүс хашхираад зодолдоод байх шиг байхаар нь гараад хартал гурван залуугийн нэг нь хорьсон байдалтай, нөгөө хоёр залуу нь гаднаас орж ирээд байсан хоёр залуутай зодолдож байсан. Би очиж тэр хүмүүсийг салгасан. Нөгөө гаднаас орж ирдэг хоёр залуу машинаа унаад яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

4. Гэрч А.Ө мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 16-ны 21 цагийн үед Хан-уул дүүргийн 9 дүгээр хороон нутаг дэвсгэрт байрлах “_” төвийн караокед найз А, М бид гурав өрөө аваад орсон. Нэг шил архи захиалаад уугаад сууж байхад гаднаас хоёр залуу орж ирсэн. Тэр хоёр залуу өрөө андуурчихлаа гээд буцаж гарах гэж байснаа өндөр залуу нь М руу хараад пизда минь “чи намайг танихгүй байна уу” гэж хэлсэн. Тэгсэн М би мэдэхгүй юм байна гэсэн. Тэгээд би энд маргалдаад яах вэ, өрөөнөөс гар гээд тэр хоёр залууг өрөөнөөс гаргасан. 10 минутын дараа байн байн орж ирээд байхаар нь караокены залуу тэр хоёрыг караокеноос гаргасан. Манай найз Аа тамхи татах гээд гарсан. Тэгтэл караокены залуу нөгөө хоёртой чинь найз чинь маргах гээд байна та хоёр гараад аваадах гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр гараад тэр хоёр залуугаас Ааг салгаад караоке руу орох гэтэл бүдүүн махлаг шар залуу нь над руу шил хагалж дайраад ирэхэд нь больё, наад шилээ хая юунд маргалдав даа гээд орох гэтэл бүдүүн шар залуу нь намайг ирээд баруун талын чих рүү гараараа цохих гээд далайсан. Тэгээд боль, боль, ингээд больё гээд караоке руу орох гэтэл өндөр туранхай залуу нь “та нар сайхан үзэж чадах уу” гээд М гэх найзыг өдөөд байсан. Би дундуур нь ороод бүгдийг нь салгаад Аагийн ээж нь ирээд аваад явсан. Нөгөө тарган бүдүүн, туранхай залуу хоёр машиндаа суугаад туранхай нь машинаа бариад явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

 

5. Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 16-ны 21 цагийн үед Хан-уул дүүргийн 9 дүгээр хорооны хороон нутаг дэвсгэрт байрлах “_” төвийн караокед найз Ө, Ш нарын хамт өрөө авч орсон. X нэртэй 0,75 л архи аваад ууж байхад гаднаас сайн байна уу гээд залуучууд ороод ирсэн. Ийшээ шахаад суучихъя гэсэн. Тэгэхээр нь ах нар яах юм, гарчих бид нар тайван суумаар байна гэсэн. Тэр өндөр туранхай залуу нь би 20 жилийн дараа нисэхэд ирлээ гээд буйдан дээр суусан. Д гэх караоке ажиллуулдаг залуу өрөөнөөс аваад гарсан. Бид нар тамхи татах гээд гадаа гарсан. Тэгээд буцаж эргэж өрөөндөө орж ирж суугаад авсан архи дуусаад ахиад нэг шил архи авсан. Архиа задлаад талд нь оруулаад гарч тамхи татах гээд гарсан. Гадаа гараад тамхилах гээд караокены үүдэнд зогсож байхад нөгөө хоёр ах машинтайгаа караокены үүдэнд ирээд зогссон байсан. Өндөр залуу нь бууж ирээд пивоны шил хагалаад гартаа атгасан байсан. Боль боль хөөе хөөе гээд Ө найз Ш, бид хоёрыг салгаад караоке руу авч орох гэж байхад Өыг өндөр туранхай нь гараараа нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон. Тэр өндөр залууг Ш барьж аваад зууралдаад газар унасан. Ө гэх найз салгаад байж байтал манай ээж ирээд намайг аваад явсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

6. Гэрч К.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 16-ны орой найз Бтэй хамт уулзаж Бийн эзэмшлийн _ УНЧ улсын дугаартай Аlphard маркийн тээврийн хэрэгсэлд 0,5 литрийн нэртэй нэрийн мэдэхгүй байна коньяк хувааж уусан. “_” төв дотор байдаг караоке орж дуулахаар Бийн хамт ороход өрөө байхгүй байсан. Нэг өрөө онгорхой байхаар нь ороод харахад 4 залуу дуулж байхаар нь би өрөө байхгүй байна, ах нь хамт суугаад дуулж болох уу гэж асуухад нөгөө залуус болохгүй гээд хэлэхээр нь би гарсан. Удалгүй дахиж ороод хамт суугаад дуулъя гэж хэлсэн чинь нэг залуу нь уурлах өнгө аястай байхаар нь би за за миний дүү тайвшир ах нь гарлаа гээд гарсан. Б бид хоёр машин дотор сууж байхад Бийн сууж байсан талын цонхыг хүн цохихоор нь цонхоо доош буулгахад нэг залуу Бийн баруун шанаа хэсэгт нь 1 удаа цохисон. Б юу болж байна гээд машинаасаа буусан. Би бас машинаас буугаад машины урдуур тойроод Б дээр очих гэхэд нэг залуу намайг цохих гээд ирэхээр нь би зүүн гарынхаа тохой хэсгээр арагш нь түлхсэн, дахиад цохих гээд дайраад ирэхээр нь газар байсан пивоны шил авч хагалаад биеэ хамгаалах үйлдэл хийгээд, машиндаа буцаж суусан. Тэгэхэд Б машин дотор суусан байсан. Бид хоёр машинаа асаагаад зугтаасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

 

7. Яллагдагч Б.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “...Би найз Ө, Энх-Алан нарын хамт 22 цагийн үед “_” төвийн доор байрлах “_” нэртэй караокед орж үйлчлүүлж байсан.  23 цагийн үед Б ах нэг эрэгтэй хүний хамт орж ирсэн хамт суугаад дуулъя гэж хэлэхээр нь манай хоёр найз, би татгалзсан. Тэгэхэд Б ах намайг муу бацаан гээд хэл амаар доромжлоод гарсан. Удалгүй Ө, Энх-Алан бид гурав тамхилахаар гадаа гарахад “_” төвийн гадна талын зогсоол дээр хар өнгийн “алфард” маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Дотроос нь Б ах хамт явсан найзын хамт гарч ирээд бид гуравтай хэрүүл маргаан хийж эхэлсэн. Б ах манай найз Өын нүүр хэсэгт нь 1 удаа цохихоор нь би Б ахын зүүн талын шанаа хэсэгт нь баруун гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Б ахтай зууралдаж унаад газар ноцолдсон юм. Тэгэхэд Ө Б ах бид хоёрыг салгасан. Тэгээд Ө, Э бид гурав караоке руу орсон. Б ах найзын хамт машинаа унаад яваад өгсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 5840 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:

-Д.Бийн биед зүүн хацар шанаа, зүүн чихний дэлбэн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаа, зүүн чихний дэлбэн, хүзүү, хамрын нуруу, дух, баруун нүдний доод зовхи, баруун чамархайн хуйх, зүүн зулай, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн эгмэнд цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

9. Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч Б.Шын хүсэлт (хавтаст хэргийн 56 дахь тал), хэргийг хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 57-58 дахь тал),

10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн  49 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 37 дахь тал), урьд ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 40-41 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчийн эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад яллагдагч  зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Шын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар буюу гэм бурууд маргаагүй болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Ш нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” караокены орчим согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 16-нд иргэн Д.Бтэй маргалдаж нүүр хэсэгт нь гараараа цохих, унагааж байгаад дээрээс нь дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн хацар шанаа, зүүн чихний дэлбэн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаа, зүүн чихний дэлбэн, хүзүү, хамрын нуруу, дух, баруун нүдний доод зовхи, баруун чамархайн хуйх, зүүн зулай, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн эгмэнд цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ирсэн дуудлага бүртгэгдсэн лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),

-Хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 17,  2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус тус өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 7-8, 10 дахь тал),   

-Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

-Гэрч А.Ө мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

-Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

-Гэрч К.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 5840 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

-Яллагдагч Б.Шын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Ш нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.”гэж заасан бөгөөд  шүүгдэгч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Б.Ш найз нартайгаа хамт үйлчлүүлж байсан караокены өрөөнд хохирогч орж хамт суугаад дуулъя гэхэд шүүгдэгч татгалзахад түүнийг хэл үгээр доромжилж, маргаан үүсгэж хохирогчийг тус өрөөнөөс гаргасан, дараа нь шүүгдэгч Б.Ш тамхи татахаар гарахад хохирогч Д.Б караокены үүдэнд машинтайгаа байсан байх бөгөөд маргаан дахин үргэлжилсэн, мөн хохирогч, шүүгдэгч нар хэн хэн нь согтуурсан байсан зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.  

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Б.Шыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, суурь боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Тус хэргийн улмаас хохирогч Д.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримт хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй бөгөөд хохирогчоор мэдүүлэхдээ “Ш надад бэлнээр 500,000 төгрөг өгч хохирлыг барагдуулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн (хавтаст хэргийн 10 дахь тал) байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Шт оногдуулах ялын саналыг танилцуулж, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн,  тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй.” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Шын хувийн байдлын талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоол нотлох баримтыг судлахад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 378 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, ялыг биелүүлж 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан” зэргийг  шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

 

Шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Б.Ш нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч Б.Шт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Шыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Шт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч Б.Шт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ДОРЖСҮРЭН