Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/443

 

 

 

 

 

 

   2022          06           09                                       2022/ШЦТ/443

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 221000558 0456 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Д.Б нь 2022 оны 02  дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” хотхоны _ тоотод эхнэр  С.Нтэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Боос: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн болно.

 

Хоёр: Эрүүгийн 221000558 0456 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал),

2. Хохирогч С.Нн мөрдөн шалгах ажиллагаанд:

-2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр миний цагдаагийн байгууллагад хандах болсон шалтгаан гэвэл цагаан сарын үеэр буюу Хан-Уул дүүргийн _ дүгээр хороонд хохирогч С.Н нь /одоо тэгээд энэ хэргийг ер нь яана гэсэн үг билээ, тэр торгуулдаг журмаар нь торгуулийг нь төлчихмөөр байна. Манай нөхрийг дуудаж байцаах юм уу гэж хэлээд одоо би дахиж нэмж мэдүүлэг өгмөөргүй байна/ гэж хэлээд доош харан суув....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

-2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “....Би эрх үүрэгтэйгээ дахин бүрэн уншиж танилцсан. Мөн би Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрт олгогдсон эрхээ мэдсэн. Надад эрх, үүргээсээ тодруулж асуух, ойлгоогүй зүйл байхгүй. Би Монгол Улсын Үндсэн хуулиар өөрт олгосон эрхийнхээ дагуу би нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй. Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Надад одоо гомдол санал, нэхэмжлээд байх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2768 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:

- С.Нн биед баруун хацарт шарх, баруун шуу, зүүн болон баруун гуя, бүсэлхий нуруунд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх баруун хацрын шарх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, баруун шуу, зүүн болон баруун гуя, бүсэлхий нуруунд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

 

4. Шинжээч Т.Ч-н  мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: “....С.Н-н биед учирсан гэмтлүүдийн хацрын шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн хацрын шарх гэмтлээс бусад гэмтэл нь мөн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх хацрын шарх гэмтэл нь 1 удаагийн хүч үйлчлэлийн улмаас, ирмэг бүхий зүйлийн улмаас үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),

 

5. Яллагдагч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр буюу цагаан сар болох гэж байсан үе байгаа юм. Тухайн үед эхнэр С.Н төрсөн дүү У нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, _ хотхоны _ тоотод оршин суудаг байсан. Тэгэхэд манай гэр бүл, эхнэр дүүгийнхээ гэрт ирж цагаан сарын бэлтгэл ажил хийж, хувцас хунараа угаасан. Тэгэхэд У гэртээ байхгүй хөдөө байсан болохоор тэдний гэрт би эхнэр болон хоёр хүүхдийнхээ хамт байсан. Тэгээд байж байтал би өөрөө тулаа өвчтэй. Тухайн үед миний баруун талын хөл шагай хэсгээрээ, үеэрээ хавдаж, нугалрахгүй, их өвчин орж хөндүүрлэж байсан болохоор би доголон барин байж эхнэр С.Н хамт гадагшаа гарч эмийн сан орж эм авсан. Эм авчхаад эргээд Угийн гэрт орохоор алхаж байтал эхнэр Н “би хумсаа янзлуулна” гээд намайг гэрт оруулж өгөлгүй ганцаараа түрүүлээд гоо сайхны газар руу гүйгээд орчихсон. Тэгэхэд нь миний хөл хөндүүртэй байсан учир бухимдаж С.Н араас гоо сайхны газар руу нь орж “хөл хөндүүртэй намайг өвчтэй байхад гэрт оруулж өгсөнгүй” гэж маргалдсан. С.Н хамт Угийн гэр рүү орсон. Гэрт нь яваад ороход манай хоёр хүүхэд шалаар нэг ус асгачихсан байсан. Түүнээс гадна Н хоол хийгээгүй, хоёр хүүхэд хоол ундгүй өлсөж цангасан байдалтай байсан болохоор би бухимдаж Н бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан. Тэгээд би зүүн гартаа өөрийнхөө Самсунг Нөүт 20 загварын гар утсыг барьчихсан байсан. Гартаа утсаа барьсан чигээрээ зүүн гараараа Нг цохитол С.Н баруун хацар нь урагдаж цус гарсан. Би эхнэрээсээ уучлал гуйж, эхнэр бид хоёр эвлэрсэн. Одоо гэр бүлтэйгээ ямар нэг хувийн таарамжгүй харилцаа байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

6. Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч Д.Бын хүсэлт (хавтаст хэргийн 70 дахь тал),  хохирогч С.Н гомдол саналгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 69 дэх тал), хэргийг хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 76-77 дахь тал),

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал), үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 52 дахь тал), Хаан банканд эзэмшдэг дансны хуулга (хавтаст хэргийн 71-75 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 61 дэх тал), урьд ял шийтгэгдсэн байсан талаарх таслан шийдвэрлэх тогтоол (хавтаст хэргийн 62-35 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчийн эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад яллагдагч  зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Б-ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар буюу гэм бурууд маргаагүй.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Б нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” хотхоны _ тоотод 2022 оны 02  дугаар сарын 01-ний өдөр эхнэр С.Нтэй тухайн үед үүссэн үл ойлголцлоос маргалдаж утсаа атгасан байсан гараараа нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун хацарт шарх, баруун шуу, зүүн болон баруун гуя, бүсэлхий нуруунд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал),

-Хохирогч С.Нн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2768 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

-Шинжээч Т.Ч-н  мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),

-Яллагдагч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.”гэж заасан бөгөөд  шүүгдэгч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Шүүгдэгч, хохирогч нар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс боловч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг үндэслэлтэй гэж үзэв.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын үл ойлголцлоос болжээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Д.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, суурь боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Тус хэргийн улмаас хохирогч С.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба, хохирогчоос хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж, оногдуулах ялын саналыг танилцуулж, тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй.” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Д.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоол зэрэг хувийн байдлыг судалсан баримтаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 136 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 24 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан, ялын хугацаа дуусгавар болсон байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Д.Б нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч Д.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Бод оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч Д.Бод холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДОРЖСҮРЭН