Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/451

 

 

 

 

 

 

   2022           06          10                                       2022/ШЦТ/451

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч Л.Төгсжаргал,

хохирогч Г.Н, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар /цахимаар/,

шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Дагдан овогт Цогтоогийн Ц.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210000000 0602 дугаартай, нэг хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Ц.Ц нь 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн _ дүгээр гудамж _ тоот хашаанд байх гражид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьдын таарамжгүй харилцааны улмаас Г.Н-той маргалдаж, хөлөөрөө баруун талын нүд орчимд нь өшиглөж, эрүүл мэндэд нь баруун хацар ясны нум, баруун гайморын хөндийн урд гадна, дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, уруул эрүүнд цус хуралт, нүүрний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

Шүүгдэгч Ц.Цгаас: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй. гэсэн;

 

Хохирогч Г.Н мэдүүлэхдээ: Тухайн өдөр Нтай гудамжинд явж байхад Ц.Ц ирээд манайд юм хийлцээд өг гэхээр нь очиж ажлаас нь хийлцсэн. Хийж байсан ажлаа дуусаад архи уухаар болсон. Өмнө нь хийсэн зүйлээ дутуу хийсэн, үнэтэй өгсөн зэрэг асуудлаас болж маргалдсан. Би миний хийсэн юмыг өөр хүмүүс голдоггүй гэсэн утгатай зүйл хэлсэн. Нэг архинаас уусан шиг санагдаж байна, нөгөөг нь уугаагүй. Намайг цохиод унагаасан. Хэсэг байж байгаад гараад гэртээ харьсан. Ширээний хоёр талд сууж байхад гэнэт босож ирээд баруун тал руу өшиглөсөн, би унаад надаас цус гоожсон. гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Хоёр: Эрүүгийн 2210000000 0602 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 1 дэх тал),  

2. Хэргийн газарт үзлэг хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-7 дахь тал), 

3. Г.Нийн биед үзлэг хийсэн 2022 оны 04 дүгээр сарны 09-ний өдрийн: “...175 см өндөртэй, бараан өнгийн хүрэмтэй, бор өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай, буурал орсон халимаг үстэй, нүүрний баруун тал хавдаж нүд орчим хөхөрч анигдсан байдалтай байсныг шинжээч 5 кадр зураг авч, хавсаргав. ...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 8-10 дахь тал), 

4. Ц.Цгийн Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн: “...173 см цагаан өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн өмдтэй, саарал өнгийн гуталтай, ногоон өнгийн футболктой, хувцсыг тайлуулан үзлэг хийхэд биед ил харагдах гэмтэл шархгүй байсан, шинжээч 5 кадр зураг авч, хавсаргав....” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11-14 дэх тал),   

5. Хохирогч Г.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд:

2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо М_н _ дүгээр гудамж _ тоот хашаанд Монгол гэрт ганц бие амьдардаг. Хашаанд миний хүү Ууганбаяр эхнэр, хүүхдүүдийн хамт өвлийн сууцанд амьдардаг. Би ажилгүй, группэд байдаг, зүүн нүдээ авхуулаад хиймэл нүд хийсэн байгаа. Би гагнуурчин мэргэжилтэй болохоор таньж мэддэг хүмүүс ажил хийлгэдэг. 2022 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 10 цагийн үед гэрээсээ гараад гудамжинд явж байсан чинь танил Нтай тааралдаад хамт алхаад явж байсан чинь Б тааралдаад юм яриад зогсож байсан чинь Ц.Ц машинтай ирээд “та гурав надад машин засахад туслаад өгөөч” гэхээр нь “тэгье” гээд машинд нь суугаад хашаанд нь очсон. Ажлыг нь хийгээд байж байсан чинь Ц.Ц нэг шил архи авч өгөхөөр нь Б, Н бид гурав хуваагаад уусан. 19 цаг өнгөрч байхад ажлаа дуусаад Ц.Ц дэлгүүрээс 1 шил архи авчраад бид дөрөв гражид нь уусан. Уугаад сууж байсан чинь Б унтлаа гээд унтчихсан. Тэгээд Н, Ц.Ц, бид гурав архиа хуваагаад уугаад сууж байсан чинь Ц.Ц “би олон жилийн өмнө таны хийж өгсөн Монгол гутлыг та надад үнэтэй зарсан байна” гэсэн. Тэгэхээр нь “чи одоо юу яриад байгаа юм бэ, 7-8 жилийн өмнө намайг гутал хийдэг байхад гутал авчхаад одоо юу яриад байгаа юм бэ” гээд бид хоёр бага зэрэг маргалдсан. Тухайн үед би гражид нь байх төмөр ширээний баруун талд Н хойд талд, Ц.Ц зүүн талд сууж байсан. Тэгсэн шууд Ц.Ц босож ирээд аль хөлийг харж чадаагүй, миний баруун талын нүд орчимд өшиглөхөд би газар биеийнхээ зүүн хэсгээр унаад манараад юу болоод байгааг ойлгоогүй босох гэсэн чинь босож чадахгүй толгой эргээд байсан. Хамар амнаас цус гараад ганц хардаг нүд хавдаад, юм харж чадахгүй байхаар нь гараараа нээгээд юм харж байгаад юу ч хэлэлгүй гэртээ харьсан. Гэртээ харих гээд явж байхад дүү Д тааралдаад юу болсон юм бэ гээд цагдаа, эмч дуудсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиж цус тогтоох эмчилгээ хийгээд толгой зураг авхуулахад баруун нүдний доод ухархайн яс, хацрын яс хугарч бяцарсан байна гэсэн. Би 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр хагалгаанд ороод эмнэлгээс өчигдөр гарсан. Миний биеийн байдал дээрдэж байна. Баруун нүд бол юм харж байгаа. Би олон жилийн өмнө бэртээд хамар болон баруун шанаа зэргээ хугалж гэмтээж байсан. Мөн би зүүн нүдээ гэмтээгээд хараагүй болоод хиймэл шариг суулгасан. Зүүн нүд бол юм хардаггүй юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

-2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “...Би гомдолтой байгаа хуулийн дагуу шалгаж өгнө үү. Би өөрийн эмчилгээ, эмнэлэг явахад автомашинд хийсэн түлшний баримтыг өгнө. Уг баримтад нийт 492.350 төгрөг байгаа. Би одоо нийт 5 сая төгрөг нэхэмжилж байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг нь хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 109 дэх тал),

 

6. Гэрч Э.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: “....2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр манай хамаатны ах болох Н 22 цагийн үед гэрийнхээ гадаа согтуу явж байсан. Тэгээд Н ах хүнд зодуулсан байна, юу ч харахгүй байна гэсэн. Тухайн өдөр Н ах М гэх залуугийнд ажил хийнэ гэж хэлээд надаас 2 ширхэг тамхи аваад явсан.  22 цагийн үед би гэрийнхээ гадаа хүргэлт авах гээд гартал Н ах байж байсан. М гэх залуутай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ажлын хөлс гэж архи авч өгсөн гэсэн. М гэх залуу нь архи ууж байгаад Н ахын зодсон гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-28 дахь тал),

7. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 09-ны өглөө гэрээсээ гараад явж байсан чинь гудамжинд Нтой тааралдсан. Бид хоёр гудамжинд алхаад явж байгаад Нтай тааралдсан. Бид гурав гудамжинд зогсож байсан чинь /12 цагийн үед/ танил дүү Ц.Цтай тааралдсан чинь манай хашаанд машин засалцаад өгөөч гэхээр нь бид гурав гэрт нь хамт очсон. Ц.Цгаар нь бид гурав нэг 0,5 литрийн Стандарт архи авхуулаад машин засангаа Н бид хувааж уусан. Н, Ц.Ц хоёр архинаас уугаагүй. Машинаа засаж дуусаад 21 цагийн үед санаж байна Ц.Ц нэг шил 0,75 литрийн Стандарт архи авч өгсөн,  архинаас Ц.Ц, Н хоёр бага зэрэг уусан, ихэнхийг нь Н бид хоёр хувааж уусан. Би согтоод 22 цаг өнгөрч байхад грашид унтсан. Унтаж байсан чинь Ц.Ц сэрээгээд одоо гэртээ харь гэхээр нь боссон чинь бид хоёроос өөр хун байгаагүй. Би хашаанаас нь гараад гэртээ харих гээд алхаад явж байсан чинь цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлсэн. Юу болсон талаар сайн мэдэхгүй байна сураг сонсох нь Нийг Ц.Ц цохиж зодсон гээд яриад байсан. Цохиж зодож байхыг нь бол би хараагүй. Нийн гэр нь Моринд байдаг зүүн нүд хараагүй, протезтой, ганц бие амьдардаг. Ц.Ц-гийн гэр нь манай арын гудамжинд байдаг танил дүү юм. Онцгой байдлын газарт жолоочоор ажилладаг. ...Машин засаж байхад ямар нэгэн маргаан бол болоогүй. Н, Ц.Ц хоёр урд нь хоорондоо маргалдаж байсан зүйл байхгүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

8. Гэрч З.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: “... 2022 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 10 цагийн үед гэрээсээ гараад явж байсан чинь Н, Б хоёртой тааралдсан, юм яриад зогсож байсан чинь Ц.Ц машинтайгаа ирээд намайг “чи Портерийн их биеийн сальник солиод өгөөч” гэхээр нь “за тэгье” гээд машинд суусан чинь Н, Б бид хоёрт хийх ажил байна уу гэхэд нь Ц.Ц “та хоёр кропны тос цэвэрлээд өгчих” гэсэн чинь тэгье гээд бид нар 11 цагт гэрт нь очсон. Би машин доор орчихсон юм хийж байсан чинь Н би өчигдөр архи уучихсан чинь яг үхлээ гээд Ц.Ц-гаас архи аваад өгчих гээд гуйсаар байгаад 0,5 литрийн архи авхуулсан. Архийг Б, Н хоёр хуваагаад уусан. Ц.Ц бид хоёр архинаас уугаагүй. 19 цагийн үед ажлаа хийж дуусаад Ц.Ц дэлгүүр ороод нэг шил 0,75 литрийн архи, хиам, талх зэрэг идэх зүйл аваад бид дөрөв гражид нь ороод хиам талхаа идээд архинаас уугаад талдаа орж байсан чинь Б би ядраад байна гээд унтсан. Н архинаас өөрөө өөртөө аягалаад ганцаараа уугаад байсан. Тэгээд согтоод би чамд дэлхийд байхгүй Монгол гутал хийж өгсөн гээд хэрүүл өдөөд байсан. Ц.Ц юм хэлэхгүй суугаад байсан. Н ширээн дээр байсан ууттай боорцог аваад 21 цагийн үед  Ц.Ц руу шидэхэд миний Нокиа гар утас ширээн дээрээс унасан, би тонгойгоод гар утсаа эвлүүлээд байсан чинь түс тас гэх чимээ гарахаар нь харсан чинь Н нүүрээ дараад доошоо тонгойгоод суусан байсан. Ц.Ц ширээний дэргэд зогсож байхаар нь чи одоо яаж байгаа юм гэхэд юм хэлэлгүй гараад яваад, удалгүй буцаж орж ирээд чи Н ахыг гэрт нь хүргээд өгчих гэхээр нь гудамжинд нь хүргэж өгөөд би гэртээ очсон. Тухайн үед Нийн нүүрний зүүн талд нүдний орчимд хавдсан байсан. Ц.Ц юугаар цохисныг хараагүй, гартаа ямар зүйл бариагүй байсан. Тухайн үед гражны голд модон тавцантай ширээний хаалган талд Ц.Ц зогсож байсан. Н ширээний хойно зогсож байсан. Би ширээний зүүн талд сууж байсан. Ширээн дээр байсан боорцог аваад шидэхэд миний гар утас давхар унахад би очоод гар утсаа батарейг нь хийгээд зогсож байсан. Нэг удаа тас гэх чимээ гарахад Н нүүрээ дараад доошоо сууж байсан. Ц.Ц ширээний баруун талд зогсож байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

9. Яллагдагч Ц.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр машиндаа засвар хийж байхад Н ах нэг шил архи аваад өгчих гэсэн. Би Стандарт нэртэй 0,5 литрийн 1 шил архи авч өгөхөд Б, Н ах хоёр хувааж уусан. Манай хашаанд Н, Б ах, Н бид дөрөв байсан, өөр хүн байгаагүй юм. 19 цагийн үед ажил дуусаад би дэлгүүр ороод 0,75 литрийн Стандарт нэртэй 2 шил архи аваад 1 шилийг нь бид дөрөв хувааж уугаад сууж байхад /гражид/ Б ах согтоод унтчихсан. Н ах согтуурхаад агсам согтуу тавиад би чамд дэлхийд байхгүй Монгол гутал хийж өгсөн гэхээр нь би зах дээр байдаг энгийн гутал зарсан биз дээ гэхэд ширээн дээр байсан ууттай боорцог шидээд хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд Н ахыг сууж байхаар нь хажууд нь  очоод нэг удаа баруун хөлөөрөө баруун нүдний доод хэсэгт /21 цаг өнгөрч байсан санаж байна / өшиглөсөн. Тэгсэн Н ах сандал дээрээсээ газар унаад нүүрээ дараад явган суугаад байсан. Н намайг чи одоо болиоч яагаад байгаа юм бэ гэхээр нь би гражийн хаалгаар гараад буцаж ороод Н ахад хандан та Н ахыг гэрт нь хүргээд өгчих согтчихсон байна гэж хэлсэн. Тэгсэн Н Н ахыг дагуулаад хашааны хаалгаар гарсан. Би Б ахыг дуудаж сэрээгээд гэртээ харь гээд явуулаад гэртээ орсон. Ороод удаагүй байхад цагдаа нар ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 104-105 дахь тал),

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5576 дугаартай хүний биед хийгдсэн:

- Г.Нийн биед баруун хацар ясны нум, баруун гайморын хөндийн урд, гадна, дотор ханын зөрүүтэй салсан хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхи, уруул, эрүүнд цус хуралт, нүүрний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.....” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дахь тал),

 

11. Хохирогч Г.Нийн Компьютер томографикийн шинжилгээ, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэв авиа оношилгооны баримт (хавтаст хэргийн 49-62 дахь тал), эм, тариа, шатахуун, бусад зүйлд зарцуулсан 23 ширхэг нийт 492.350 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 120-124 дэх тал), Өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 125-130 дахь тал), Ц.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирогч Г.Нийн эмчилгээнд зарцуулсан 3.154.500 төгрөгийн баримт, дансны хуулга 11 хуудас баримт,

 

12. Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч Ц.Цгийн хүсэлт (хавтаст хэргийн 135 дахь тал), прокурорын хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 136-139 дэх тал),

13. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 91 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн  83 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 92 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 73-76 дахь тал), Эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 80-81, 88-89, 93 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 90 дэх тал), Ц.Цгийн Э, Ц.Цгийн Ө, Ц.Цгийн Ө нарын төрсөн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 115-116, 118 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчийн хүсэлтийг  прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад зөвшөөрснийг үндэслэн хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд  шилжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Ц.Ц-гийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” ;

Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунбаатараас тусгайлан гаргах саналгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энххэрлэнгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар эрүүгийн хариуцлага тохирох боломжтой тул үйлчлүүлэгчтэйгээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж, хүсэлтийг хүлээн авч хэргийг шүүхэд шилжүүлсэн, прокурорын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэсэн тус тус дүгнэлтийг тус тус гаргасан, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.Ц нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн _ дүгээр гудамж _ тоот хашаанд байх гражид 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр согтуурсан үедээ Г.Н-той үл ялих зүйлээс маргалдаж, хөлөөрөө баруун талын нүд орчимд нь өшиглөж, эрүүл мэндэд нь баруун хацар ясны нум, баруун гайморын хөндийн урд гадна, дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, уруул эрүүнд цус хуралт, нүүрний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 1 дэх тал), 

- Хэргийн газарт үзлэг хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-7 дахь тал), 

- Г.Н-ийн биед үзлэг хийсэн 2022 оны 04 дүгээр сарны 09-ний өдрийн: “...175 см өндөртэй, бараан өнгийн хүрэмтэй, бор өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай, буурал орсон халимаг үстэй, нүүрний баруун тал хавдаж нүд орчим хөхөрч анигдсан байдалтай байсан...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 8-10 дахь тал),    

- Хохирогч Г.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: “...Ц.Ц ...олон жилийн өмнө таны хийж өгсөн Монгол гутлыг та надад үнэтэй зарсан байна гэсэн, ...чи одоо юу яриад байгаа юм бэ 7-8 жилийн өмнө ...гутал авчхаад, одоо юу яриад байгаа юм бэ гээд бид хоёр бага зэрэг маргалдсан. ...Ц.Ц босож ирээд ...миний баруун талын нүд орчимд өшиглөхөд би газар биеийнхээ зүүн хэсгээр унаад манараад юу болоод байгааг ойлгоогүй босох гэсэн чинь босож чадахгүй толгой эргээд байсан. Хамар амнаас цус гараад ганц хардаг нүд хавдаад юм харж чадахгүй байхаар нь гараараа нээгээд юм харж байгаад юу ч хэлэлгүй гэртээ харьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал) болон 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 109 дэх тал),

- Гэрч Э.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хамаатны ах ... Н 22 цагийн үед гэрийнхээ гадаа согтуу явж байсан. ...Н ах хүнд зодуулсан байна юу ч харахгүй байна гэсэн. ...М гэх залуу нь архи ууж байгаад Н ахын зодсон гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-28 дахь тал),

- Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр өгсөн: “....сураг сонсох нь Нийг Ц.Ц цохиж зодсон гээд яриад байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

- Гэрч З.Нын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: “...Н ... согтоод ...би чамд дэлхийд байхгүй Монгол гутал хийж өгсөн гээд хэрүүл өдөөд, Ц.Ц юм хэлэхгүй суугаад байсан. Н ширээн дээр байсан ууттай боорцог аваад ...Ц.Ц руу шидэхэд Нокиа гар утас ширээн дээрээс унахад нь би тонгойгоод гар утсаа эвлүүлээд байж байсан чинь түс тас чимээ гарсан. ...харсан чинь Н нүүрээ дараад доошоо тонгойгоод суусан байсан. ...Тухайн үед Нийн нүүрний зүүн талд нүдний орчимд хавдсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5576 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дахь тал), хохирогч Г.Нийн КТГ-ын шинжилгээ, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэв авиа оношилгооны баримт (хавтаст хэргийн 49-62 дахь тал), өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 125-130 дахь тал),

 

Яллагдагч Ц.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд “...Н ах согтуурхаад агсам согтуу тавиад би чамд дэлхийд байхгүй Монгол гутал хийж өгсөн гэхээр нь би зах дээр байдаг энгийн гутал зарсан биз дээ гэхэд ширээн дээр байсан ууттай боорцог шидээд хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд Н ахыг сууж байхаар нь хажууд очоод баруун хөлөөрөө нэг удаа баруун нүдний доод хэсэгт өшиглөсөн. Тэгсэн Н ах сандал дээрээсээ газар унаад нүүрээ дараад явган суугаад байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 104-105 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан ба, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үндсэн шинжийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах шинжээр тодорхойлжээ.

 

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.”гэж хуульчилсан бөгөөд хохирогчийг өшиглөж байгаа шүүгдэгчийн үйлдэл санаатай, тус үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байгаа атлаа хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл Ц.Ц-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Хэргийн үйл баримтаар хохирогч Г.Н согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, согтуурсан үедээ агсам тавьж урьдын харилцааны талаар ярих, ширээнд дээр байсан эд зүйлийг авч шидэх зэргээр маргаан үүсгэж зүй бус авирласны улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан гэж үзэв.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Ц-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэнд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ. 

Тус хэргийн улмаас хохирогч Г.Нийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч хор уршгийн зардалд 492.350 төгрөгийг нэхэмжилж баримтыг ирүүлсэн, харин шүүгдэгч 3.154.600 төгрөг төлсөн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч санал, хууль зүйн дүгнэлтдээ “хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлүүлэх саналтайгаар, шүүгдэгч Ц.Ц-тай  эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож хэргийг шүүхэд шилжүүлсэн тул тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энххэрлэн “прокурорын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү, мэтгэлцэхгүй гэсэн ба, шүүгдэгч улсын яллагчийн саналыг  зөвшөөрч байгааг илэрхийлсэн. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх буюу эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч Ц.Ц нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч Ц.Ц-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Ц-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ц.Ц-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч Ц.Ц-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Н гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн бусад зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.    

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Ц-гийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ДОРЖСҮРЭН