| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2022/0458/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/452 |
| Огноо | 2022-06-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/452
2022 06 13 2022/ШЦТ/452
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,
улсын яллагч Б.Одонтуяа,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 221000000 0467 дугаартай, нэг хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч Б.Г нь 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн _ дүгээр хороо, _ 1-ийн _ тоотод хамтран амьдрагч Х.С толгой, нүүр, гар хэсэгт гараараа цохиж баруун гарын эрхий хурууг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гаас: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй гэсэн болно.
Хоёр: Эрүүгийн 221000000 0467 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),
2. Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн: “...Х.Х.С нь 170 см өндөртэй, мах махиа дунд зэрэг, 22 настай гэх эмэгтэй, ...өмссөн хувцсыг тайлуулж, биеийн ил харагдах хэсэгт үзлэгийг явуулахад баруун талын мөр, булчин хэсэгт бүдэг хөхрөлт, зүүн шанаа бага зэргийн хавантай, нурууны ард хэсэгт жижиг зулгаралттай. Баруун гарын эрхий хуруу бага зэргийн хөхрөлт, хавантай байсныг шинжээч хэмжээст шугам тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, хавсаргасан, биед өөр ил харагдах ...гэмтэл шарх байхгүй байсан. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-10 дахь тал),
3. Хохирогч Х.С мөрдөн шалгах ажиллагаанд: 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: “...Миний хувьд Баярсайханы Б.Гтай 2016 онд анх танилцаж байсан, 2018 онд үерхээд, 2019 онд жирэмсэн болж хүүтэй болж байсан. 2021 оны 12 дугаар сард Б.Гтай тусдаа гарч хамтран амьдарч эхэлсэн. Бид хоёрт албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй. 2022 оны 03 дугаар сарын 09-нд би найзтайгаа уулзаад найзынхаа гэрт хоносон. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн орчим гэртээ ирээд байж байтал нөхөр хүүхдээ цэцэрлэгээс авч ирээд, би хүүхдээ унтуулах гээд хэвтэж байсан чинь нөхөр утсаар чанга чимээ гаргаад, зурагт асааж чангалаад, хүүхэд сэрээх гээд, хүүхдийн хажууд тамхи татаад байсан. Том өрөөнд ороод хэвтэж байсан чинь Б.Г хүүхдийг маань авчраад миний дээрээс шидсэн. ...Би ...чамтай хэрэлдмээргүй байна гээд хувцсаа өмсөөд гарах гэсэн чинь намайг шууд алгадсан, би газарт унасан чинь миний дээр гарч суучхаад хоолой боогоод, чи надаас салах гэж байгаа юм бол чамайг алчихъя л даа гээд байсан. Тэгээд би дотор бачуураад байна, гарч алхчхаад ирье гэсэн чинь гэрээс гаргахгүй байсан. Би ах руугаа залгаж хэлэх гэсэн чинь миний утсыг булааж авчхаад өгөхгүй байсан. Тэр үедээ тайвшраад унтаж амарсан. Тэгээд би нэг ресторанд оройн цагаар зөөгч хийж байгаа юм. Нөхөр цэцэрлэгээс хүүхдээ авах дургүй байдаг. Тэгэхээр нь би хүүхдээ манай аав ээжид өгчихөө гэж хэлээд манай аав ээж дээр аваачиж өгөөд 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Б.Г очиж хүүхдээ аваад ирсэн. Би хүүхдэдээ бантан хийгээд өгнө гэсэн чинь намайг чи хоол хийж өгсөнгүй, би 2 хоног нойргүй ажиллаж байгаа биз дээ гээд уурлаад байсан. Тэгээд гараа атгаж байгаад миний толгой руу нэг удаа цохичхоод гараад явсан. Б.Г гараад явчихаар нь би ардаас нь өлгүүрт байсан хувцаснаас нь шидсэн. Намайг гэрийн хаалга онгойлгох үед лифт хүлээгээд зогсож байсан. Тэгээд би орилоод уйлсан чинь хажуу талын эгч хаалгаа онгойлгоод хүүшээ болиоч гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.Г хувцсаа аваад намайг татаад гэр рүү орсон. Хэсэг хэрэлдэж байж байгаад явлаа, энэ тэр гээд байсан. Маргааш өдөр нь би хичээлтэй байсан болохоор хүүхэд хэн зөөх юм бэ, цэцэрлэгт нь хүргэж өгөх хэрэгтэй шүү дээ гээд ардаас нь гарсан чинь надаас зугтаагаад явчихаар нь би ардаас хөөгөөд, би шатан дээр очоод бид хоёр гар гараасаа барьцалдсан. Тэгсэн чинь миний баруун талын гарыг мушгиад, тухайн үедээ яс хугарч байгаа юм шиг дуугарсан, таг гэх шиг болсон, хуруу ерөөсөө хөдлөхгүй байсан. Б.Г зугтаагаад яваад өгчихсөн. Тэгээд орцонд байсан ууттай хогийг аваад шидсэн, гэхдээ Б.Гыг оноогүй. Ингээд би ардаас нь байрны гадна гарсан. Надаас зугтаагаад гүйгээд байсан. Яг бид хоёрыг хэрэлдэж байх үед манай хүүхэд орцонд гараад ирчихсэн байсан учраас Б.Гыг хүүхдээ аваач гэж хэлсэн. Тэгсэн чинь би явлаа гээд, Б.Г явлаа гээд байхаар нь би эмнэлэг явах хэрэгтэй байна гээд, тэгээд ойрхон байдаг төрсөн ах Батхүлэгийг дуудаад, ээжтэйгээ утсаар ярчхаад гэр рүүгээ орсон. Гэртээ ороод дахиад бага зэрэг хэрүүл маргаан болсон. Би гэртээ ороод Б.Гын аавтай утсаар ярьсан. Танай хүүхэд чинь зодоод байна гэсэн чинь өөртэй нь яръя гэсэн. Би утсаа чанга яригч дээр нь тавиад өгсөн чинь Б.Гаа чи зодоод байгаа юм уу гэж асуусан чинь харин тэгчихлээ гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дэх тал),
- 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дахин өгсөн: “...Шүүх хуралд оролцохгүй, одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Нөхөртэйгөө гайгүй харилцаатай байгаа. Эмчилгээний зардал 440,000 төгрөгийг хүлээн авсан. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргээ түргэн хугацаанд шийдвэрлүүлэх бодолтой байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
4. Гэрч Н.С мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “...Б.Г ...Х.Стай 4 жилийн өмнө танилцаж байсан, одоо хүүхэд нь 2 настай. Ер нь бол манай бэрийн хувьд их ааштай, манай хүүхдийг бол барих гэсэн санаатай л байдаг. Тусдаа гарчихсан үедээ, гадуур дотуур хоол унд иднэ, ямар ч эрэгтэй хүн бол уурлана. Тусад нь гаргаад байранд оруулаад нэмэр байсангүй. Б.Г, Х.С хоёр байнгын уулзаад л байгаа, хүүхдийг нь би цэцэрлэгт нь зөөж өгөөд явж байна. Х.Сийн хувьд оюутан учраас хүүхдээ хардаггүй өвөө, эмээ дээрээ ирэх дуртай байдаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
5. Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн _ дүгээр хороо,” _” хорооллын _ тоотод эхнэр, хоёр хүүгийнхээ хамтаар амьдардаг. 2022 оны 03 дугаар сарын дундуур, өдрийг нь сайн мэдэхгүй байна. Төрсөн дүү Х.С асуудал гараад хоорондоо маргалдаад, зодоод гар хугалчихлаа гээд над руу утсаар ярьсан. Хангарди сити хотхоны 102-12 тоотод 1 цаг орчмын дараа яваад очиход хэрүүл маргаан нь дууссан байдалтай байсан. Х.Сийн баруун талын гар нь эрхий хурууны орчмоороо хугарсан талаар хэлж байсан, хавдчихсан, нүүр нь бас хөхөрсөн байсан. Б.Г-д хандаж ямар нэгэн байдлаар цохиж зодсон зүйл байхгүй. Ахын хувиар хэдэн хатуухан үг хэлсэн. Х.С-ийг хүүгийнх нь хамтаар аваад аав, ээжийн гэрт аваачсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),
6. Яллагдагч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 13-ны орой хүүхдээ эмээгийн гэрээс 18 цагийн орчимд очиж аваад гэртээ ирэхэд эхнэр гэртээ байсан. Тухайн үед ээж эмнэлэгт хэвтэж байсан. Ээжийг эргэх гэхэд намайг яах гээд байгаа юм гэхээр нь эргэж чадаагүй. Гэртээ ороод байж байтал хогоо асгаач пизда минь гэж намайг хэлэхээр нь гараад явах гээд хувцсаа өмсөөд байж байтал араас эргүү малаар нь дуудаад миний хувцсыг өлгүүрээс авч орцонд шидсэн. Би гэрээс гарч орцонд зогсоход хажуу айлын эгч “та нар болиоч” гэхэд Х.С улам орилж гичий пизда гэж хэлээд орцонд байгаад байхаар нь би гэр рүү оруулчхаад гараад орцоос гүйж байхад хойноос хөөж ирээд миний хоёр чихнээс хумсаараа зулгаагаад хойноос татсан. Би гарыг нь мушгиж тавиулаад доошоо шатаар бууж байтал шатан дээр байсан айлын хар ууттай хог шидээд миний нуруу хэсэгт оносон. Би гадаа гараад ирэхэд манай хүүхэд уйлаад доод хоёр давхрын айлд орсон байсан. Би хүүхдээ очиж аваад гэр рүүгээ орсон. Х.С ардаас ах нарыгаа дуудчихлаа гэж хэлээд орж ирсэн. Удалгүй Х.Сийн ах Х ирээд Х.Сийг хүүхдийн хамт аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал),
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №4310 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:
- Х.С биед зүүн хацар, нуруунд зулгаралт, баруун, зүүн бугалга, баруун эрхий хуруу, зүүн шуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
- Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №287 дугаартай нэмэлт материалаар хийсэн дүгнэлтэд:
/2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн СТ center эмнэлгийн сарвуу ясны пронтал болон сагитал рентген зурагт: 1-р алга ясны толгой хэсэгт ташуу зөрөөгүй хугарлын шугам тодорхойлогдоно/.
- Х.С биед баруун нэгдүгээр алга ясны толгой хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр үүссэн байх боломжтой.
- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
- Хамрын таславчын мурийлт нь гэмтлээс үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-35 дахь тал),
9. Хохирогч Х.С компьютер томографикийн зураг, эмчийн үзлэг, эм тарианы зардлын 433.150 төгрөгийн баримт, шилжүүлсэн дансны хуулга (хавтаст хэргийн 47-49 дэх тал), хохирогч Х.Х.Ст 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 440.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны дансны хуулга (хавтаст хэргийн 65 дахь тал),
10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал), “_ ХХК”-д Б.Г ачигчаар 1.200.000 төгрөгийн цалинтай ажилладаг тодорхойлолт (хавтаст хэргийн 64 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Прокуророос Б.Гад холбогдох эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ба оролцогч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасныг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хэлэлцүүлэг явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад заасан “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт”-ийг хэлэлцүүлж прокурор эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулахад яллагдагч нь зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр яллагдагчийг шүүхэд шилжүүлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Гын үйлдсэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн ;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанжаргалаас “Б.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэсэн тус тус дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч гэм бурууд маргаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Г нь Хан-Уул дүүргийн _ дүгээр хороо, “_” 1-ийн _ тоот гэртээ 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тухайн үед үүссэн үл ойлголцлын улмаас маргалдаж хамтран амьдрагч Х.С толгой, нүүр, гар хэсэгт гараараа цохиж баруун гарын нэгдүгээр алга ясны толгой хэсгийн хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),
- Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-10 дахь тал),
- Хохирогч Х.С мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Б.Г ...намайг чи хоол хийж өгсөнгүй, би 2 хоног нойргүй ажиллаж байгаа биз дээ гээд уурласан. ...гараа атгаж байгаад миний толгой руу нэг удаа цохичхоод гараад явсан....би ардаас нь хөөгөөд, шатан дээр очоод бид хоёр гар гараасаа барьцалдсан. Тэгсэн чинь миний баруун талын гарыг мушгиад, тухайн үедээ яс хугарч байгаа юм шиг дуугарсан, таг гэх шиг болсон, хуруу ерөөсөө хөдлөхгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дэх тал),
-Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн ...Төрсөн дүү Х.С асуудал гараад хоорондоо маргалдаад, зодоод гар хугалчихлаа гээд над руу утсаар ярьсан. ..1 цаг орчмын дараа яваад очиход хэрүүл маргаан нь дууссан байдалтай, Х.С-ийн баруун талын гар нь эрхий хурууны орчмоороо хугарсан талаар хэлж байсан, хавдчихсан, нүүр нь бас хөхөрсөн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал)
Яллагдагч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 13-ны ...эхнэр гэртээ байсан. ...хогоо асгаач пизда минь гэж намайг хэлэхээр нь гараад явах гээд хувцсаа өмсөөд байж байтал араас эргүү малаар нь дуудаад миний хувцсыг өлгүүрээс авч орцонд шидсэн. ...Х.С улам орилж гичий пизда гэж хэлээд орцонд байгаад байхаар нь би гэр рүү оруулчхаад гараад орцоос гүйж байхад хойноос хөөж ирээд миний хоёр чихнээс хумсаараа зулгаагаад хойноос татсан. Би гарыг нь мушгиж тавиулаад доошоо шатаар бууж байтал ...айлын хар ууттай хог шидээд миний нуруу хэсэгт оносон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №4310 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №287 дугаартай нэмэлт материалаар хийсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-35 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үндсэн шинжийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах шинжээр тодорхойлжээ.
Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Г хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч үйлдэл нь санаатай байх ба, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол, хор уршиг зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд эхнэр, нөхрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдэд, гэр бүлийн харилцаатай хүнийг зодсон үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулан ойлгохоор хуульчилсан.
Тус хэргийн шүүгдэгч, хохирогч нар 2016 онд анх танилцаж, 2018 оноос үерхэж, 2019 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн хамт амьдарч байгаа, гэрлэлтээ бүртгүүлээгүй ч гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна.
Хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч, хохирогч нар гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс боловч гэр бүлийн таарамжгүй харилцаа, ахуйн суурьтай маргаанаас шалтгаалан хохирогчийг зодсон шүүгдэгч үйлдэл нэг удаагийн үйлдэл байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн шинжээр хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.
Тухайн үед хохирогч, шүүгдэгч нарын үл ойлголцол, үл ялих зүйлээс шалтаглан маргалдан хохирогч шүүгдэгчийн хувцсыг гэрээсээ гаргаж коридор руу шидэх, орцонд байсан ууттай хогоор цохих зэрэг зохисгүй үйлдэл гаргаж, нэг нэгнээ үл хүндэтгэсэн байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн нэгдүгээр алганы ясны толгой хэсгийн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан талаар дүгнэлт гаргасан байхад прокуророос шүүгдэгч Б.Г-ыг хохирогчийн баруун гарын эрхий хурууг хугалсан гэж бодит байдлаас зөрүүтэйгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг зөвтгөн шийдвэрлэсэн болно.
Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Г-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ.
Тус хэргийн улмаас хохирогч Х.С эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба, хохирогч нь хохирол, хор уршгийн зардалд 433.150 төгрөгийн хохирол нэхэмжилж, баримтыг ирүүлсэн, шүүгдэгч 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ХААН банкны дансаар 440.000 төгрөг шилжүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Г-д холбогдох хэрэгт түүний хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг нь хэлэлцэж, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон тул ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй” гэсэн дүгнэлтийг гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн гаргасан саналыг зөвшөөрч байгааг илэрхийлсэн.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Б.Г Цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй, ял шийтгэлгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад заасан “тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг нөхөн төлсөн”, хохирогчийн зүй бус ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.
Шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч Б.Г нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул прокурортой тохиролцсон ялын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч Б.Гад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Г-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Г-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Шүүгдэгч Б.Г-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН