Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/461

 

 

 

 

   2022            06           15                                       2022/ШЦТ/461

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,  

улсын яллагч О.Доржмаа, 

шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

   Э.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 221000000 0540  дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч,  2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Э.А нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” худалдааны төвийн _ тоот бэлэн хувцасны лангууд 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс худалдагчаар ажиллахдаа 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Ө.Д-н итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 1.444.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А-аас: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэсэн болно.

 

Хоёр. Эрүүгийн 221000000 0540 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

            1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хохирогч Ө.Д-н 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гаргасан өргөдөл (хавтас хэргийн 5 дахь тал),

            2. Хохирогч Ө.Д-н 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Э.А гэх охиныг зарын дагуу “_” худалдааны төвийн _ тоотод байрлах бэлэн хувцасны лангуундаа худалдагчаар ажилд авсан. 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр урд өдрийнх нь орлого дутуу орсон болохыг анх анзаарч мэдсэн. Над руу өдөр болгон зарсан барааныхаа зургийг чатаар явуулдаг. Тэгтэл тухайн өдөр зарсан барааны үнэ 546.200 төгрөг болох байтал надад 353.000 төгрөг пос машин руу орж 193.200 төгрөг дутуу орж ирсэн байсан. Үүнээс улбаалж сэжигтэй санагдсан учраас өмнөх өдрүүдийн орлогыг нягталж үзтэл 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 70.000 төгрөг, 03 дугаар сарын 13-ны өдөр 109.000 төгрөг, 03 дугаар сарын 19-ны өдөр 85.000 төгрөг, 03 дугаар сарын 20-ны өдөр 258.000 төгрөг, 03 дугаар сарын 26-ны өдөр 193.200 төгрөг дутаасан нь мэдэгдсэн. Үүн дээр 3 дугаар сарын 18-нд дараа цалингаасаа өгнө гээд 100.000 төгрөг бас зээлж аваад, нийтдээ 815.200 төгрөгийн өглөгтэй болсон. Мөн тухайн өдөр А-г байлцуулж бараагаа тоолоход 6 ширхэг, 729.000 төгрөгийн бараа дутаж, нийт 1.544.200 төгрөгийн дутагдал илэрсэн. А өөрөө надад эхэндээ хэлэхгүй байснаа сүүлдээ орлогоос бага багаар аваад дараа нь цалингаасаа төлнө гэж бодож байтал ийм их мөнгө болчихсон байна гэж хэлж буруугаа хүлээсэн. Би 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр түүнд лангуугаа хүлээлгэж өгөхдөө бараагаа тоолж хүлээлгэж өгсөн. Ойролцоогоор 48.0 сая орчим төгрөгийн бараа хүлээлгэж өгсөн байдаг. Би Турк улсаас бараа авчирч зардаг. ...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 32-33 дахь тал),

3. Яллагдагч Э.А-ы 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би зарын дагуу Ө.Д гэх хүнтэй холбогдож 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “_” худалдааны төвийн _ тоот хувцасны лангуунд худалдагчаар ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа хувцас худалдсан зарим орлогыг Д хэлэлгүйгээр түүнд тушаагаагүй. Уг мөнгөөр байрны түрээс төлөөд, уул нь буцаагаад мэдэгдэхгүй тушаачихъя гэж бодсон боловч чадаагүй мэдэгдчихсэн. 2022 оны 03 дугаар сарын 06-аас 26-ны өдрийг хүртэл ажиллахдаа нийт 1.544.200 төгрөгийн хохирлыг учруулсан. Би тухайн дэлгүүрийн худалдагч хийж байх үедээ хувцас зарсан мөнгийг заримыг нь өөрийн дансаар, мөн бэлнээр авч хэрэглэсэн. Мөн зарим мөнгийг дүү А дансаар авч хэрэглэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),

 

4. 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Ө.Д-н Э.А-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 56-60 дахь тал),

            5. Хохирогчоос хавтаст хэрэгт ирүүлсэн барааны жагсаалт болон орлого зарлагын гүйлгээний дансны хуулга, (хавтас хэргийн 10-29 дэх тал),

6. Хаан банкны _ тоот Э.А эзэмшлийн дансны хуулга (хавтаст хэргийн 61-85 дахь тал),

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Э.А-ы иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал), гэрлэлт  бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 54 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.

 

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Э.А нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” худалдааны төвийн _ тоот бэлэн хувцасны лангууд 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс худалдагчаар ажиллахдаа 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Ө.Д-н итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 1.444.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч,  яллагдагч нарын мэдүүлэг, хохирогчийн гаргаж өгсөн баримтууд, дансны хуулга  болон бусад бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай, шүүгдэгч нь гэм хорыг арилгасан тул хохирогчид төлөх төлбөргүй” гэсэн дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч хуулиар олгогдсон эрхийн хүрээнд  өөрийгөө өмгөөлөн оролцсон ба, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Э.А нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” худалдааны төвийн _ тоот бэлэн хувцасны лангууд 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдагчаар ажиллаж байхдаа иргэн Ө.Д-н итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс үргэлжилсэн үйлдлээр 729.000 төгрөгийн барааг дутааж, бэлэн 715.000 төгрөгийг хувьдаа зарцуулан завшиж, нийт 1.444.200 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

            - Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хохирогч Ө.Д-н 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гаргасан өргөдөл (хавтас хэргийн 5 дахь тал),

            - Хохирогч Ө.Д-н 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 32-33 дахь тал),

- Яллагдагч Э.Аы 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),

- 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Ө.Д-н Э.Атай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 56-60 дахь тал),

- Хохирогчоос гаргаж өгсөн барааны жагсаалт болон орлого зарлагын гүйлгээний дансны хуулга, (хавтас хэргийн 10-29 дэх тал),

Хаан банкны _ тоот Э.А эзэмшлийн дансны хуулга (хавтаст хэргийн 61-85 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд үүрэг хүлээсэн этгээд нь итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар буюу бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоогдсон хугацаанд  буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, эсхүл уг эд хөрөнгийг ажил үүргийнхээ дагуу зарж борлуулсныг мөнгийг өөртөө завшсан, хууль бус захиран зарцуулалт хийсэн, өөрийн өмчлөлийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшихыг ойлгоно.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Э.А нь хохирогч Ө.Дтай түүний  “_” худалдааны төвд байрлах бэлэн хувцасны лангуунд худалдагчаар ажиллахаар тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулан уг хэлцлийн   үндсэн дээр Ө.Д 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр бараа, бүтээгдэхүүнийг Э.Ад хүлээлгэн өгсөн, хохирогч Ө.Дгаас эд хөрөнгийг шүүгдэгч Э.А хүлээн авснаар бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан субъект болох нь тогтоогдож байна.

Тэрээр шүүгдэгч Э.А нь хохирогчийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах худалдагчийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа худалдан борлуулсан барааны төлбөр буюу орлогын мөнгөний зарим хэсгийг хохирогч Ө.Дд өгөх, заримыг өөртөө авч үлдэх, эсхүл дүү Э.А банканд эзэмшдэг дансаар шилжүүлэн авч байрныхаа түрээсийн төлбөрийг төлж хувийн хэрэгцээндээ зарцуулах зэргээр хууль бус захиран зарцуулалт хийж, өөрийн өмчлөлийн адил хууль бус эзэмшил тогтоож завшсан гэмт хэргийг үйлджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үндсэн шинжийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрх, эд хөрөнгийг завших” шинжээр тодорхойлсон ба тус гэмт хэргийн объект нь бусдын өмчлөх эрх, эд хөрөнгө ба, обьектив тал нь эд хөрөнгө завшсан идэвхтэй үйлдэл юм.

Дээрхээс хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Э.А өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгөд халдаж, идэвхтэй үйлдлээр, шунахай сэдэлттэй, амар хялбараар мөнгө олох зорилготой бусдын эд хөрөнгийг завшжээ.

Хохирлын тухайд хохирогч Ө.Д бэлэн 815.200 төгрөг дутсан талаар мэдүүлж байсан боловч үүнээс 100.000 төгрөгийг цалингаасаа төлөхөөр Э.А зээлж авсан нь тогтоогдсон тул гэмт хэргийн хохиролд оруулан тооцох үндэслэлгүй байх ба прокуророос хохирлыг бэлэн мөнгийг 715.200 төгрөгөөр, дутаасан 729.000 төгрөгийн бараа, нийт 1.444.200 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж заасан.

 

Мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Э.Аы үйлдсэн хөрөнгө завших гэмт хэргийн улмаас 300.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш буюу 1.444.200 төгрөгийн хохирол учирсан нь гэмт хэрэгт тооцогдох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Харин шүүгдэгч нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байхад прокурор холбогдох заалтыг журамлаагүй зөрчилтэй байгааг шүүх зөвтгөхөд зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж дүгнэв.

 

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.Аыг үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, суурь боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Мөн “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогчид 1.444.200 төгрөгийн хохирол учирсан.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ө.Д нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдолгүй” гэсэн тэмдэглэл (хавтас хэргийн 87 дахь тал) бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг хохирогч Ө.Дд төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь “хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн тайлбарыг гаргасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч Э.Аы хувийн байдлыг судалсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй, ял шийтгэлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”,

- мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Э.А нь “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нөгөө талаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6  сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа  өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авч, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол хор уршгийг арилгасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хувийн байдалд нь дүгнэлт хийж, улсын яллагчийн гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хорих ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг сонгож хэрэглэх нь зохимжтой гэж дүгнэсэн болно.

  

3. Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

             

              1. Шүүгдэгч Э.А “үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай. 

 

              2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.

 

              3. Шүүгдэгч Э.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авсугай.

 

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

  5. Шүүгдэгч Э.А-д оногдуулсан ялыг хэрэгжүүлэх ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

              6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

              7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Э.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ДОРЖСҮРЭН