Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 1487

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2018/01487

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана  даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг  дүгээр хороо  дугаар хороолол АОС-ны байр  тоотод оршин суух, онд төрсөн  настай, Боржигон овогт С.Б

Хариуцагч: Баянгол дүүрэг  дугаар хороо  дугаар хороолол  дугаар байр тоотод оршин суух, онд төрсөн  настай Галзад овогт Б.Б

199.350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б, өмгөөлөгч Ш.О, хариуцагчиийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Б нь 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 200.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдэж, зээлийн барьцаанд 2 ширхэг орон сууц, 3 ширхэг автомашин барьцаалсан. Гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул шүүхийн шийдвэрээр 270.000.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэсэн ба тус ажиллагааны явцад буюу 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн шахалт, Б.Бгийн гуйлтаар 1 жилийн хугацаанд Б.Б төлбөр 170.000.000 төгрөгийг төлж, энэ хугацаанд 70.000.000 төгрөгийн үнэ бүхий CSD1300  өрмийг хадгалуулахаар надад өгч 170.000.000 төгрөгний өрөнд өрмийг авсан гэрээ хийсэн. Энэ хугацаанд өрмийг зархаар би зар тавьсан боловч зарагдаагүй. Иймд 170.000.000 төгрөгийг гаргуулна. Шийдвэр гүйцэтгэгчид төлсөн урамшуулал 9.975.000 төгрөг, Б.Бгоос авсан 2 өрөө орон сууцыг шилжүүлэхтэй холбоотой зардалд 1.700.000 төгрөг, өмгөөлөгчид 18.000.000 төгрөг тус тус төлсөн. Эдгээр мөнгийг хохиролд тооцон Б.Бгоос 199.350.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч нь С.Бтой 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 200.000.000 төгрөг зээлдсэн. Шүүхийн шийдвэрээр 270.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад 170.000.000 төгрөгний өрөнд CSD1300  өрмийг өгч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон. Өмнөх шийдвэрийн дагуу С.Бид бэлнээр 60.000.000 төгрөг, 2 өрөө орон сууцыг 85.000.000 төгрөгт, 0,4 га өмчлөлийн газрыг 10.000.000 төгрөгт тооцон өгсөн. Мөн 8.000.000 төгрөгт тооцож 11 тооны үхэр, 2.000.000 төгрөг бэлнээр, зах зээлийн өртөг нь 200.000 ам долларын үнэ бүхий 2011 онд үйлдвэрлэгдсэн шинэвтэр CSD1300  өрмийг тус тус төлбөрт шилжүүлж 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болгосон юм. 170.000.000 төгрөгний хэлцэлийг С.Б өөрөө бичиж ирж хариуцагчийг хууль эрх зүйн мэдлэггүйг далимдуулж С.Б зуруулсан. Шийдэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Б.Бд холбогдох 199.350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.  

            С.Б нь 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б.Бтой зээл болон барьцааны гэрээ байгуулж 200.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн, зээлдэгч Б.Б гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар 2799/Б шийдвэрээр хариуцагч Б.Бгоос 270.00.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Бид олгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч Б.Б бэлнээр 62.000.000 төгрөг, 2 өрөө орон сууцыг 85.000.000 төгрөгт, 0,4 га өмчлөлийн газрыг 10.000.000 төгрөгт, 11 тооны үхрийг 8.000.000 төгрөгт тус тус тооцон өгсөн болох нь шүүх хуралдаанд зохигчийн тайлбарласан тайлбар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд зохигчийн гаргасан тодорхойлолт, шүүхийн шийдвэр гэсэн баримтуудаар тогтоогдсон байна.

            Дээрх үйл баримтад талууд маргаагүй, шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны магадлал тус тус  хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь “170.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлөхөөр тохирч CSD1300  өрмийг хадгалуулхаар өгсөн” гэж тайлбарлан 170.000.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалын мөнгө 9.975.000 төгрөг, үл хөдлөх хөрөнгө шилжүүлсний зардал 1.700.000 төгрөг, өмгөөллийн хөлс 18.000.000 төгрөгийн хамт тус тус гаргуулахыг шаарджээ.

            Хариуцагч Б.Батхолоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрийг төлж, үлдэгдэл 170.000.000 төгрөгөнд тооцон CSD1300  өрмийн машиныг шилжүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг харилцан тохиролцон эвлэрч гүйцэтгэх хуудсыг дуусгавар болгосон болох нь 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 891 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, CSD1300  өрмийг, 400 мкв газрын хамт төлбөртөө шилжүүлэн авч гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгох тухай нэхэмжлэгч С.Бийн хүсэлт, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 3/555 дугаартай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас С.Бид хүргүүлсэн хариу мэдэгдэх хуудас, С.Б, Б.Б нарын байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн иргэд хоорондын хэлцэл гэсэн баримтуудаар тогтоогджээ.

            Зохигч харилцан тохиролцож гүйцэтгэх баримт бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар дуусгавар болгосон,  2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн иргэд хоорондын хэлцлээр нэг жилийн дотор 170.000.000 төгрөгийг төлж CSD1300  өрмийг буцаан авахаар тохиролцсон боловч талуудын хоорондын зээлийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр тул зээлийн 170.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүх шийдвэрлэх үндэслэлгүй байна.

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч төлбөрт 2 өрөө орон сууцыг шилжүүлэн авсантай холбоотой зардалд 1.700.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 18.000.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 9.975.000 төгрөг төлсөнг хохиролд тооцон нэхэмжилсэн боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг талууд тохиролцож дуусгавар болгосон, өмгөөлөгч авч хөлсөө хэрхэн тооцох нь өөрийнх нь эрх, 2017 оны 07 дугаар сарын  01-ний өдрөөс дагаж мөрдсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалтай холбогдох заалтыг 2017 оны төсвийн жил дуусах хугацаанд дагаж мөрдөхөөр заасан, энэ төсвийн жил дууссан тул хохиролд тооцон гаргуулах үндэслэлгүй байна.

            Иймд хариуцагч Б.Бд холбогдох 199.350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул тус шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар 102/ШЗ2018/05200 Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон                         

                                                                                                     

  ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн  219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Б.Бд холбогдох 199.350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.154.700 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Тус шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар 102/ШЗ2018/05200 Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.КУЛЬДАНА