| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2022/0464/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/460 |
| Огноо | 2022-06-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/460
2022 06 15 2022/ШЦТ/460
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Б.Хурц,
шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 221000693 0569 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч Г.Д нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн _ дүгээр хороо, “_”-ы _ тоот дахь гэртээ согтуурсан үедээ хамтран амьдрагч Б.Е хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэгтээ: 2022 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 10.00 цагийн үед Б.Ег гэртээ дуудсан. Би ажилтай байдаг учраас 7 хоногтоо нэг удаа эсхүл 14 хоногт нэг удаа уулздаг байсан. Б.Ег ирэхэд нь 2 ширхэг пиво захиад, ирэхээр нь хувааж уусан. Дахин дэлгүүрээс пиво захиалж ууж байгаад маргалдаж эхэлсэн. Хэрүүл хийх гээд байхаар нь цаашаа бол наад бодол санаагаа цэгцлээд ир гээд өрөөний хаалгыг хаагаад унтсан. Сэрээд ирэхэд илүү согтсон, хаалга саваад, хэрүүл хийгээд байхаар нь түлхээд үүд рүү гаргасан. Гарахдаа хаалганы боржур дээр бүдэрч унаад манай гэрээс гарсан. Өрөөндөө ороод 5-10 минут болж байхад хаалганы код хийгээд хаалга онгойлгох гээд, утас руу залгаад байхаар нь эвлэрье гээд гэртээ оруулсан. Эхлээд зүгээр байж байснаа агсам тавиад, чамайг ална гээд орилж байгаад утсаа аваад нойлын өрөөнд орж хаалга түгжиж байгаад цагдаа руу залгаж намайг зодоод байна, туслаарай, авраарай гэж дуудлага өгсөн. Нойлын өрөөний хаалгаа түгжсэн байсан тул би яаж ч чадаагүй. Тухайн үед юу ч болоогүй байсан учраас цагдаа ирээд намайг яах ч үгүй гэж бодоод орон дээрээ утсаараа оролдоод хэвтсэн. Намайг тоохгүй байхаар намайг орон дээр хэвтэж байхад цээж, хамар, нүүр рүү цохиж байгаад дахин нойлын өрөө рүү ороод 2-3 удаа цагдаагийн байгууллага руу залгаж гялалзаарай, хаана явж байна гээд залгахаар нь би тоогоогүй. Дахин гарч ирээд намайг цохиод байхаар цааш нь зөөлхөн түлхсэн. Тэгэхэд сандалд тулаад цааш явсан. Удалгүй цагдаа орж ирсэн. Цагдаа ирэхээс өмнө бид хоёр жаахан юм ярьсан, тайвширч байсан. Тэгээд бид хоёр эвлэрье гэж хэлэхэд хэлтэс дээр очоод мэдүүлэг өг гэж хэлсэн. Орой 22.00 цагийн үед цагдаа дээр очих замдаа ууртай байсан, би ч бас уурласан. Тэгээд би эрүүлжүүлэхэд хоносон” гэсэн мэдүүлгийг гаргасан.
Хоёр. Эрүүгийн 221000693 0569 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 10 дахь тал),
2. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б.Е-д хийсэн Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 14 дэх тал),
3. Хохирогч Б.Е-н биед 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтас хэргийн 15 дахь тал),
4. Хохирогч Б.Е-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...Би Г.Д гэх хүнтэй 2021 оны 06 дугаар сарын эхээр сошиалаар танилцаж байсан. Бид хоёр ганц нэг хоног уулзаад шууд үерхсэн. Үерхэх хугацаандаа Д-н гэрт Хан-Уул дүүргийн _ дугаар хорооны _ тоотод 7 хоногийн 2-3 хоногт нь амьдардаг байсан. Хааяа 10 гаран хонодог байсан. Удалгүй 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Д нэлээн согтуудаа намайг зодсон. Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, нээх сүртэй зодож байгаагүй, гэмтэл гарахааргүй байсан. Тэгээд бид хоёр хэсэг салаад нийлээд ер нь өдийг хүртэл явсан. Салах шалтгаан бол Д архи байнга уудаг, уухаараа байнга агсан согтуу тавьдаг байсан.
2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Д гэртээ архи уусан. Тэгээд агсан тавиад намайг балкон дээр хэсэг түгжсэн. Би бараг хөлдөхийн даваан дээр нүдэж байж орсон. Удалгүй намайг цонхоор шиднэ гээд айлгаад байсан. Тэгэхээр нь би салаад явлаа гэсэн чинь явуулахгүй гээд хутга бариад намайг заналхийлээд, би хутгатай байгаа шүү л гээд байсан. Тэгээд би хогоо асгачхаад ирье гээд гутлаа өмссөн чинь араас гарч ирээд хогоо хамт асгая гээд орц руу хамт гараад ирсэн. Миний нуруу луу хутгаараа хатгаад байсан. Би за за яаж ч чадахгүй юм байна гээд бодоод байж байтал орцонд хөглөрсөн хогийг хараад Д хөрш айлынхаа хаалгыг балбасан. Хөрш айлын ах ашгүй цагдаа дуудсан юм байна лээ. Би бүүр утсаа ч ашиглаж чадахгүй, миний утсыг Д авчхаад өгөхгүй байсан. Удалгүй цагдаа ирээд Дг аваад явсан. Тухайн үед цагдаа нар Дг эрүүлжүүлэхэд хийгээд танхайрсан гээд торгож арга хэмжээ авсан.
2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Д бас л гэртээ архи уугаад нэлээн согтоод гэнэт намайг хардаад эхэлсэн. Ахиад над руу агсраад дайраад байхаар нь би Дг түлхэж холдуулаад, бие засах өрөөнд ороод сууж байгаад гараад ирсэн чинь намайг доромжлоод байхаар нь хэвтэж байсан ор луу нь очоод Д-н гэдэс рүү нь цохисон чинь уурлаж босож ирээд намайг түлхээд хананд мөргүүлэхээр нь би уначихсан чинь миний дээрээс хөл гар гэдэс рүү өшиглөөд эхэлсэн. Тэгээд би бие засах өрөө лүү зугтаагаад, цагдаад дуудлага өгчхөөд гарч ирээд Дд цагдаа дуудчихсан шүү гээд хэлсэн чинь хүрч ирээд намайг ахиж түлхэж унагааж, өшиглөж байгаад хүзүүн дээр аймар удаан гишгэсэн. Тэгээд би ахиж зугтаагаад бие засах өрөөнд ороод хаалгаа түгжээд цагдаа хүлээгээд суусан. Цагдаа ирэхээр нь хаалга тайлж өгсөн. Тухайн үед гэрт нь бид хоёр л байсан. Миний биеийн хоёр хөлийн өвдөг Дд түлхүүлж унахад үүссэн, харин гуяны хөхрөлтүүд болохоор өшиглүүлэхэд үүссэн, тэгээд хүзүүн дээр гишгэснээс болж хавдсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал),
5. Гэрч Т.Н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “...Е нь миний том охин юм. 2021 оны 06 дугаар сар хавьцаа охин Е хүнтэй үерхэж байгаа, Д гэдэг залуу байгаа гэж хэлсэн. 19 нас хүрч байгаа болохоор хүнтэй зөв сайхан үерхээрэй гэж Ед хэлсэн. 2021 оны 08 дугаар сард Дд зодуулчихлаа гээд үүрээр ороод ирсэн. Тэгэхээр нь би гайхаад асуусан чинь элэгдээд унагаасан гэж хэлсэн. Тухайн үедээ манай охин намайг гуйгаад байсан болохоор би Дтэй нь уулзаагүй. Тэр хоёрыг салахыг зөвлөсөн, хэсэг холбогдоогүй. Удалгүй Е буцаад Дтэйгээ харилцаж байгаа талаараа хэлсэн. Тэгэхээр нь би дэмий юм биш үү л гэж хэлсэн. Дараа нь ахиад л нэг өдөр хөл, гар нь хөхөрчихсөн байхаар нь Егээс асуусан чинь уначихсан л гэж хэлсэн. Е уначихсан л гээд гүрийгээд байсан. Тэгсэн чинь дараа нь нэг нүүрээ хөхрүүлээд орж ирэхээр нь би Д зодсон юм уу гээд асуусан чинь тэгсэн ээж ээ гээд уйлсан. Тэгээд чи яагаад салахгүй байгаа юм бэ гээд асуусан чинь танай гэр бүлийг чинь хүйс тэмтэрнэ гэж айлгадаг гээд уйлаад ярьж байсан. Тэрнээс хойш удаан салсан. Тэгсэн чинь дараа нь нэг өдөр хичээлдээ явна гэж гараад ирэхгүй байхаар нь гар утасных нь байршлыг харсан чинь “_” явж байхаар нь гайхаад залгаад охиноосоо асуусан чинь Ег ална тална гэж айлгаад буцаад уулзаж байна тэгээд би аятайхан салаад очно гэж хэлж байсан. Тэгсэн чинь Е тэр орой нь зодуулчихлаа гээд ахиад л хөл гар нь хөхөрчихсөн ороод ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дэх тал),
6. Гэрч Н.Эрдэнэбулганы мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “...Би 2022 оны 02 сарын 22-ны өдөр 24 цагийн авто эргүүлийн жолоочоор Арцат _ чиглэлд үүрэг гүйцэтгэж байх үед 19 цаг 51 минутад “Найз залуу Д согтуу намайг зодоод байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу эргүүлийн, цагдаагийн ахмад Э.А-н хамтаар Хан-Уул дүүргийн _дугаар хороо, “_” хотхоны _ тоотод очсон. Уг тоотод ороход Е гэх эмэгтэй нь найз залуутайгаа хэрэлдсэн байдалтай байсан. Зодуулж цохиулсан талаар нь асуухад хөлөө гаргаж ирээд өвдөг гуяа харуулахад хөхөрсөн байдалтай байсан. Өмнө нь зөндөө зодуулж байсан гэж ярьж байсан. Д гэх залуугаас юу болсон талаар асуухад би цохиогүй, чи өөрөө бүдэрч унасан биз дээ гэж байсан. Тухайн иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн ахлахад хүлээлгэн өгч дуудлага мэдээллийг шийдвэрлэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 338 дугаартай дүгнэлтэд:
- Егийн биед тархи доргилт, хүзүү, зүүн гуя, баруун зүүн өвдөгт цус хуралт тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт, хүзүү, зүүн гуяны цус хуралт шинэ, бусад гэмтлүүд хуучин гэмтлүүд байна.
- Тархи доргилт, хүзүү, зүүн гуяны цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),
8. Шинжээч эмч Ө.С-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “...Е нь хамрын зовуурь байхгүй үзлэгээр ч гэсэн хамарт ямар нэгэн эмгэг гэмтэл байгаагүй. 2022 оны 02 дугаар сарын 23-ны “Мед трама”-гийн толгойн КТГ-ын хамрын таславч бага зэрэг мурийлттай гэсэн, хамрын дайвар хөндийн агааржилт хэвийн гэсэн байна. Иймд уг хамрын гэмтлийг төрөлхийн байж болох учир бүгдийг гэмтэл гэж үзэж болохгүй. 2022 оны 02 дугаар сарын 22-нд хэрэг гарсан. 2022 оны 02 дугаар сарын 23-ны 10 цаг 19 минутад үзлэг хийхэд хамарт үзлэгээр гэмтэл тогтоогдоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),
-2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр дахин өгсөн: “...Ен хүзүүнд учирсан гэмтэл цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг үзүүлэгч Б.Е нь надад үзүүлж байхдаа хүзүүн дээр нэлээн удаан гишгэсэн, хөл нүцгэн байсан гэж өгүүлсэн. Уг гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүснэ....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),
9. Шүүгдэгч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй, би уг хүнтэй хэсэг хугацаанд үерхэж нөхөрлөсөн болохоос хамтран амьдраагүй. 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллагдагчаар татах нь зүй ёсных байх, зүйл ангиа хүлээн зөвшөөрөхгүй. Би өмнө нь сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээр бүх зүйлийг үнэн зөв мэдүүлсэн учраас надад дахин мэдүүлэх зүйл байхгүй, одоо угаасаа болсон явдлын зарим зүйлсийг мартаж ч эхэлж байна, надад нэмж ярих зүйл байхгүй. Би Б.Е хөлөөрөө түлхсэн. Е над руу цагдаа дуудчихаад чамайг ална, чамайг тайван амьдруулахгүй гэж орилж байсан. Тухайн үед нь би бие лүүгээ цохиулж байсан учраас цаашаа бай гээд гуя руу нь хөлөөрөө түлхсэн. 2021 оны сүүлээр байх бид хоёр маргалдаад хэрэлдчихсэн байх үедээ согтуудаа Б.Е рүү эхлээд мөнгө төгрөг өгөөрэй гэж бичиж байгаад дараа нь хадуураад өөр утгатай аав ээжийг нь оруулсан мессеж бичсэн байсан, эрүүлдээ хараад мэдсэн. Тухайн үедээ согтуу бичсэн болохоор сайн санахгүй байгаа. Тэр үед Е рүү 50.000 төгрөг шилжүүлэх гэж байгаад андуураад 500.000 төгрөг хийчихсэн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал),
10. Хохирогч Б.Еээс гаргаж өгсөн Дтэй зурвасаар харилцсан баримт (хавтаст хэргийн 64-66 дахь тал),
11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 70 дахь тал), хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 72 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 69 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 75 дахь тал), Бакалаврын дипломын хуулбар (хавтаст хэргийн 73 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай, хохирогчоос хохирол төлбөр мөрдөн шалгах ажиллагаанд нэхэмжилсэн зүйл байхгүй тул шүүгдэгч Г.Д нь бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэр дүгнэлтдээ “Хэргийн бүрдлийн хувьд нотолбол зохих байдал бүрэн хангагдаагүй. Зөвхөн яллах талын нотлох баримтыг цуглуулсан, хэргийн бодит байдлыг тогтоож, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хохирогчийн хувийн байдал, хоорондын харилцаа зэргийг тогтоох ажиллагаа хийгдээгүй. Хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, шөнө орой согтуу орж ирээд хэрүүл маргаан үүсгэдэг, зодож мааждаг гэдэг. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж шалтгаан нөхцөл тогтоогдох боломжтой. Хохирогч “Д намайг зодоод гэмтэл учруулсан” гээд, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Г.Д болсон асуудлыг тууштайгаар мэдүүлж ирсэн. Гэтэл хохирогчийн ярьсан зүйл Г.Дгийн ярьж байгаагаас өөр байдаг. Хохирогч хоёр удаа мэдүүлэг өгөхдөө зөрүүтэй байдлаар, зүүн гуя нэг удаа өшиглөсөн гээд, дараа нь мэдүүлэг өгөхдөө унагаад өшиглөж дэвсээд байсан гэж ярьсан тул зөрүүтэй өгсөн мэдүүлгийг нотлох баримт гэж үзэх нь эргэлзээтэй. Гэр бүлийн хамаарал бүхий гэдгийг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-д заасан, хамран амьдрагч гэж тодорхойлсон. Хамтран амьдрагч гэж гэрлэлтээ батлуулаагүй ч гэр бүлийн харилцаа үүсгэж хамтран амьдарч байгаа этгээдийг хэлнэ гэж заасан учраас энэ хоёр хүн хамтран амьдрагч, гэр бүлийн харилцаа үүсгэсэн хамтран амьдрагч байна гэж үзэх боломжгүй. Хүсэл сонирхол нэгтэй учраас уулздаг байсан. Цаашид гэр бүл зохиох, хамт амьдрах зорилго байгаагүй тул гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэх боломжгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдохгүй байгаа тул мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Г.Д нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байх “_” хотхон _ тоот гэртээ 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр согтуурсан үедээ хамтран амьдрагч Б.Е хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүү, зүүн гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 10 дахь тал),
-2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б.Ед хийсэн Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 14 дэх тал),
-Хохирогч Б.Ен биед 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтас хэргийн 15 дахь тал),
-Хохирогч Б.Ен мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Д ...гэртээ архи уугаад, согтоод гэнэт намайг хардаад эхэлсэн. ...намайг доромжлоод байхаар нь хэвтэж байсан ор луу нь очоод Д-н гэдэс рүү нь цохисон чинь уурлаж босож ирээд намайг түлхээд хананд мөргүүлэхээр нь би уначихсан. Миний дээрээс хөл, гар, гэдэс рүү өшиглөөд, ...цагдаа дуудчихсан шүү гээд хэлсэн чинь ...түлхэж унагааж өшиглөж, хүзүүн дээр аймар удаан гишгэсэн. ...Миний биеийн хоёр хөлийн өвдөг Дд түлхүүлж унахад үүссэн, харин гуяны хөхрөлтүүд болохоор өшиглүүлэхэд үүссэн, хүзүүн дээр гишгэснээс болж хавдсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал),
-Гэрч Т.Н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “...Е нь миний том охин байгаа юм, 2021 оны 06 дугаар сар хавьцаа охин Е хүнтэй үерхэж байгаа Д гэдэг залуу байгаа гэж хэлсэн. ...2021 оны 08 дугаар сард Дд зодуулчихлаа гээд үүрээр ороод ирсэн. Би гайхаад асуусан чинь элэгдээд унагаасан гэж хэлсэн. ...дараа нь ахиад л нэг өдөр хөл гар нь хөхөрчихсөн байсан. ...Е уначихсан л гээд гүрийгээд байсан. Тэгсэн чинь дараа нь нэг нүүрээ хөхрүүлээд орж ирэхээр нь би Д зодсон юм уу гээд асуусан чинь тэгсэн ээж ээ гээд уйлсан, ...танай гэр бүлийг чинь хүйс тэмтэрнэ гэж айлгадаг гээд уйлаад ярьж байсан. ...дараа нь нэг өдөр хичээлдээ явна гэж гараад ирэхгүй байхаар нь гар утасных нь байршлыг харсан чинь _ явж байхаар нь ...охиноосоо асуусан чинь Ег ална тална гэж айлгаад буцаад уулзаж байна, би аятайхан салаад очно гэж хэлж байсан. Тэгсэн чинь Е тэр орой нь зодуулчихлаа гээд ахиад л хөл гар нь хөхөрчихсөн ороод ирсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дэх тал),
-Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ...үүрэг гүйцэтгэж байх үед 19 цаг 51 минутад “Найз залуу Д согтуу намайг зодоод байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу ...ахмад Э.А-н хамтаар Хан-Уул дүүргийн 17-р хороо _ хотхоны _ тоотод очсон. Е гэх эмэгтэй нь найз залуутайгаа хэрэлдсэн байдалтай, ...зодуулж цохиулсан талаар нь асуухад хөлөө гаргаж ирээд өвдөг гуяа харуулахад хөхөрсөн байдалтай байсан. Өмнө нь зөндөө зодуулж байсан гэж ярьж байсан. ....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 338 дугаартай “Е-н биед тархи доргилт, хүзүү, зүүн гуя, ...гэмтэл тогтоогдлоо. ...гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт, хүзүү, зүүн гуяны цус хуралт шинэ... гэмтлүүд байна, ...хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),
Шинжээч эмч Ө.С-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өгсөн “...Е-н хүзүүнд учирсан гэмтэл, цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Б.Е нь надад үзүүлж байхдаа хүзүүн дээр нэлээн удаан гишгэсэн, хөл нүцгэн байсан гэж өгүүлсэн. Уг гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүснэ....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хэргийн тогтоогдсон үйл баримтаас хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч Б.Е-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогчид учирсан гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэрээс нотолбол зохих ажиллагааг хангалттай нотлоогүй, хохирогчийн хувийн байдлыг тогтоогоогүй, хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх, эсхүл мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх тухай дүгнэлт гаргасныг дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй тогтоогдоогүй гэж дүгнэсэн.
Шүүгдэгч, хохирогч нар нь 2021 оны 6 сард цахим сүлжээгээр танилцаж, улмаар үерхэж хамт амьдарч байсан байна. Ийнхүү амьдарч байх хугацаанд 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр шүүгдэгч Г.Д нь хохирогчийн биед халдаж зодсон байх боловч тухайн хугацаанд холбогдох байгууллагад гомдол, мэдээлэл гаргаагүй, үүний дараа 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Г.Д нь согтуурсан үедээ хохирогч Б.Е балкон дээрээ гаргаж түгжих, цонхоор шиднэ гэж айлган сүрдүүлж, дарамтлан, хутга барьж заналхийлж, нуруунд хутгаар хатгах зэргээр догшин авирлаж, хүч хэрэглэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, мөн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр дахин хохирогч Б.Еийн эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “Гэр бүлийн хамаарал бүхий этгээд”-д хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст ойлгохоор хуульчилсан ба, шүүгдэгч Г.Д, хохирогч Б.Е нар гэр бүлийн харилцаа үүсгэн хамт амьдарч байсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүст хамаарна.
Түүнчлэн дээрх хуульд гэр бүлийн хүчирхийллийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Д нь согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Еийн бие, эрх чөлөөнд халдаж хөл рүү нь өшиглөх, хүзүүн дээр нь гишгэх, толгойгоор нь хана мөргүүлэх зэргээр догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна.
Мөн тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэрээс хүсэл сонирхол нэгтэй байсан учраас хохирогч, шүүгдэгч нар уулздаг байсан гэсэн нь ойлгомжгүй ба, улмаар хамтран амьдрагч нар биш байсан гэж тайлбарлах боловч хохирогчид хууль сануулж авсан мэдүүлгээр ...шүүгдэгч Г.Дгийнд гэрт байнгын, тогтмол биш боловч ирэн очин хамт амьдарч байсан, шүүгдэгч согтуурсан үедээ хохирогчийн бие, эрүүл мэндэд халдаж байсан боловч цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулж байгаагүй талаарх тус тус мэдүүлснийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгчийн үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэж үзэх боломжгүй байна. Мөн хохирогчийн хувийн байдлыг тогтоогоогүй гэх боловч тухайн агшинд хохирогчийн эрүүл мэндэд халдсан шүүгдэгчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.
Нөгөө талаар хохирогчид хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үүргийг тайлбарласны дараа мэдүүлэг авдаг бол шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхтэй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “яллагдагч, шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй онцлогтой юм. Хэрэв яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг бусад эх сурвалж баримтаар нотлогдвол нотлох баримтаар үнэлэгдэх хуулийн зохицуулалттай ба, шүүгдэгч Г.Дгийн яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад эх сурвалж баримтаар нотлогдоогүй. Харин хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь гэрч Т.Н, Н.Э нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байгаа учраас түүний мэдүүлгийг үнэн зөв нотлох баримт гэж үзсэн бөгөөд эдгээр үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” бол хүндрүүлэх шинжээр зүйлчлэхээр тодорхойлжээ.
Шүүгдэгч Г.Д нь хохирогчийг өшиглөх, хана мөргүүлэх, хүзүүн дээр нь гишгэх зэргээр зодож буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Ийнхүү шүүгдэгч Г.Дгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийг хүчирхийлэл үйлдэж үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглэж согтуурсан нь маргаан үүсгэх, өөрийн хийж буй ухамсарт үйл ажиллагаанд шууд нөлөөлсөн, оюун санаа болон биеэ удирдан хянах чадваргүй байсан нь хохирогчийн биед гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болжээ.
Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухай.
Тус хэргийн улмаас хохирогч Б.Ен эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч нь хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэрээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь сонгох буюу 450 нэгжээс-2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нийтэд тустай ажил хийлгэх зэрэг ялын санкцтай. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Д-гийн хувийн байдлыг судалсан баримтаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Иймд шүүгдэгч Г.Д нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчид гэмтэл учруулахдаа согтуурсан байсан, хана мөргүүлсэн, хүзүүн дээр нь гишгэх зэргээр догшин харгис үйлдлийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийгээгүй, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах тухай өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй
3. Бусад асуудлын талаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Д-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-г 600 (зургаан зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Д-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Д-гийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН