| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2022/0476/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/473 |
| Огноо | 2022-06-17 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/473
2022 06 17 2022/ШЦТ/473
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Л.Төгсжаргал /томилолтоор/,
шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Э.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 221001032 0680 дугаартай, нэг хавтаст хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч Э.С нь 2022 оны 04 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа _ УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисэхийн тойргийн уулзвар дээр явж байхдаа Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын цагдаа зохицуулагч ажилтай “хууль сахиулагч” Т.М-н албан үүргээ биелүүлэхтэй нь холбоотой тавьсан “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан тул машиныг нь саатуулах шаардлагатай” гэх шаардлагыг эсэргүүцэн Т.Мийг хэл амаар доромжлох, мөн түүний биед хүч хэрэглэн халдаж хөлөөрөө бие хэсэг рүү нь өшиглөх зэргээр эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Сос: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй. гэсэн болно.
Хоёр: Эрүүгийн 221001032 0680 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
2. Эд зүйлд үзлэг хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн: “Цайвар ногоон өнгийн цагдаагийн алба хаагчийн зуны хантааз байх ба уг хантааз урд талаараа цахилгаантай, хэвлий хэсэгт police гэх цагаан өнгийн бичиглэлтэй, хоёр суганы хэсэгт 2 резин бүхий цагаан өнгийн уяатай, хантаазны баруун талын дээд уяа нь тасарсан, баруун хойд талын хэсэгт урагдсан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
3. Эд мөрийн баримтаар тооцох тухай 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн: “Хар өнгийн ХУД ЗЦГ-2 гэсэн бичиглэлтэй сидиг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (хавтаст хэргийн 9 дэх тал),
4. Бичлэгт үзлэг хийсэн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн:
“...Замын голд ногоон өнгийн гадуур хувцастай эрэгтэй, цагаан өнгийн футболктой эмэгтэй зогсоод, эмэгтэй нь эрэгтэйдээ хувцас, эд зүйлээ бариулж байгааг, ...буцаж цагаан малгайтай цагдаагийн алба хаагч дээр ирж байгааг, тухайн цагаан өнгийн футболктой эмэгтэй цагаан өнгийн малгайтай цагдаагийн алба хаагч Т.Мийг хэл амаар доромжилж, зууралдаж байгааг, цагдаагийн алба хаагч Т.Мтийн зүүн талын ташаа хэсэгт хөлөөрөө өшиглөж байгааг, тухайн цагаан өнгийн футболктой эмэгтэй цагаан өнгийн саравчтай малгайтаа эрэгтэйтэй зууралдаж байгааг, тухайн цагаан өнгийн футболктой эмэгтэй цагаан өнгийн малгайтай цагдаагийн алба хаагчийг хөлөөрөө өшиглөж, цагдаагийн алба хаагчийн ногоон өнгийн хантаазнаас зуураад ноцолдож байгаад хойшоо унаж байгааг, тухайн цагаан өнгийн футболктой эмэгтэй цагаан өнгийн малгайтай цагдаагийн алба хаагчаас зууралдаж байгаад газарт унасан байгааг тус тус харуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-15 дахь тал),
5. Хохирогч Т.М-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: “...Би Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст цагдаа зохицуулагчаар 2006 оноос хойш өдийг хүртэл ажиллаж байна. Би 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17:00 цагаас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны 09:00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Нисэхийн аюулгүйн тойрог буюу Замын чиглэл болох _ дүгээр постод Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн _ хэлтсийн _ цагдаа, цагдаагийн ахлах Б.А-н хамт үүрэг гүйцэтгэж байсан. 2022 оны 04 дүгээр сарын 05-ны 02:00 цагийн орчим нисэхийн тойрог дээр хяналт шалгалт явуулж байх үед Приус загварын _ УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч нь эмэгтэй хүн байсан. Цонхыг онгойлгоход архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай харагдахаар нь согтолтыг хэмжиж үзэхээр тээврийн хэрэгслээс тухайн эмэгтэйг буулгаад бичиг баримтыг түр хураан авч шалгаад, согтолтын зэрэг хэмжих төхөөрөмжөөр хэмжиж үзэхэд тухайн эмэгтэй 1.49 хувийн согтолтой байсан. Тухайн эмэгтэйд та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, тээврийн хэрэгслийг түр саатуулж зөөвөрлөх талаар хэлэхэд тухайн эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор миний хэлж байгаа зүйлсийг хүлээж авахгүй машинаа ачуулахгүй, тухайн үед тэмдэглэл үйлдсэн материал дээр гарын үсэг зурахгүй гэж уурласан. Тэгээд би зурахгүй байж болно, таныг гарыг үсэг зурахаас татгалзсан гэж би бичлээ шүү гэж хэлэхэд тухайн эмэгтэй ямар нэгэн үг, үйлдэл гаргаагүй. Тухайн эмэгтэйд хандаж та машинаасаа өөрийн эд зүйлээ авна, одоо таны машиныг түр саатуулах гэж байна гээд машиных нь хажууд очсон чинь нөхөр нь гээд нэг эрэгтэй машиндаа сууж байсан. Тэгээд ачигч машин ирээд машиныг ачих гэсэн чинь нөхөр нь машинаасаа бууж ирээд машиныхаа урд талд зам дээр хэвтээд өгсөн. Тэгэхээр нь ачигч машиныг түр хүлээлгээд тухайн эрэгтэйд тухайн машиныг түр саатуулах гэж байгаа талаар хэлэхэд ачуулахгүй гээд эсэргүүцээд байсан. Тэгэхээр нь тухайн эрэгтэйг Цагдаагийн ахлагч А бид хоёр татаж босгоод замаас гаргах гэтэл уурлаж, эсэргүүцсэн. Тэгсэн чинь эхнэр нь машин руугаа ороод эд зүйлээ аваад байж байсан чинь нөхөр нь машиндаа суугаад буухгүй, ...миний тавьсан шаардлагыг эсэргүүцсэн. Тэгээд эхнэр нь нөхрийгөө өөрөө машинаасаа буулгаад эхнэр нь машинаа түгжээд машиныг ачих гээд ачигч машины жолооч бэхэлгээ хийж байхад тухайн ачигчийн шилэн хүзүү рүү алгадаж авсан. Тэгэхээр нь тухайн эмэгтэйг ачигч хүнээс холдуулаад түр замаас гарсан. Тэгсэн чинь тухайн эмэгтэй замын цаанаас буцаж ирээд, машинаас мөнгөө авмаар байна гэж хэлсэн, та авч болно гэж хэлсэн чинь өөрөө машинаа түлхүүрээрээ онгойлгож орж үзээд, буцаж ирээд машинд байсан мөнгө алга болсон байна, та нар авсан байна, гэхээр нь би тухайн эмэгтэйд бид нар таны машины түлхүүрийг нэг ч удаа аваагүй, машин дотор орсон хүн байхгүй, танд машины чинь түлхүүр байсан, юу яриад байгаа юм гээд машин дотор сайн үз гэсэн. Энгэрийн камераар бичлэг хийгээд үзүүлсэн чинь та нар авсан гээд над руу орилоод байсан. Тэгэхээр нь тухайн эмэгтэйг машинаас нь холдуулаад машиныг лацдуулаад ачуулаад явуулсан. Тэгсэн чинь тухайн эмэгтэй нөхөртэйгөө замын цаашаа явж байснаа хувцсаа тайлаад нөхөртөө өгөөд над руу ирээд пизда минь та нар ямар овоо юм гээд элдэв янзаар хэлээд миний хөл рүү хэд, хэдэн удаа өшиглөж, жийсэн. Мөн миний албаны шар хантаазнаас зуураад урсан. ...Тэгэхээр нь би тухайн эмэгтэй өөрөөсөө зай бариулах зорилгоор гараараа цааш нь болгохоор, дайраад байхаар нь нөхөрт нь эхнэрийгээ авч явах талаар хэлсэн чинь нөхөр нь бас ойлгохгүй согтуу байсан. Тухайн эмэгтэйг удалгүй нөхөр нь аваад явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
6. Гэрч А мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “....2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр найз Т төрсөн өдөр болоод Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн тэнд гэрт эхнэр бид хоёр приус 30 маркийн _ УАУ улсын дугаартай машинтай 20.00 цагийн орчим очсон. Очоод эхнэр бид хоёр гурван найзын хамт хар экс нэртэй 0.75 литрийн 3 шил орчим архи уусан юм. Тэгээд тухайн газарт хонох гэсэн чинь эхнэр бид хоёр явахаар болоод манай эхнэр Э.С приус 30 маркийн _ УАУ улсын дугаартай машиныг жолоодсон. Бид хоёр 02:00 цагийн орчим тухайн газраас хөдөлсөн. Сонсголонгийн төв замаар нисэхийн тойрог чиглээд явж байсан чинь замын цагдаа зогсоогоод тандагч багажаар манай эхнэрийг үлээлгэсэн. Тэгсэн чинь архи уусан байна гээд замын хажуу тал руу шахаад зогсох талаар хэлсэн. Замын хажууд зогсож байсан чинь нэг цагдаа нь ирээд эхнэрийн талын цонхыг онгойлгуулаад бичиг баримтыг авсан. Удалгүй манай машиныг ачих гээд ачлагын машин ирээд урд зогссон. Тэгсэн чинь замын 2 цагдаа манай машин дээр ирээд эхнэр бид хоёрыг машинаасаа буугаарай гэж хэлсэн. Бид хоёр машинаас юмнуудаа аваад буугаад машинаа цоожлоод түлхүүрийг аваад явах гэсэн чинь эхнэр машины урд талд мөнгөө мартчихаж гээд буцаад машин дээрээ очсон. Очоод машинаа онгойлгоод хаалгыг нь нээж үзээд мөнгө байхгүй байна гээд цагдаад нь хэлсэн чинь та хоёр өөрсдөө авчихсан юм биш үү гээд эхнэр бид хоёрыг нэгжиж үзсэн. Бид хоёрт мөнгө байхгүй гэдгийг мэдсэн чинь эхнэр Э.С мөнгө алга болчихсон байна гээд тухайн цагдаа руу дайрсан чинь нөгөө цагдаа нь манай эхнэрийг түлхээд унагаачихсан. Би эхнэрийг газар уначихаар нь би тухайн цагдааг болиоч гэж хэлсэн чинь нэг цагдаа нь машин ачигчтайгаа хамт намайг барьчхаад хөдөлгөхгүй байсан. Манай эхнэр газар уначихсан тийчлээд хэвтээд байсан. Тийчилж байхдаа цагдааг өшиглөсөн байх, би тухайн үед сайн анзаараагүй. Тэгээд уначихсан байсан, босохдоо хөл нь доголоод байсан. Тэгээд би эхнэрээ аваад гэр рүүгээ харьсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
7. Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нярваар 2018 оноос хойш өдийг хүртэл ажиллаж байгаа. Тухайн цагдаагийн алба хаагчийн зуны шар хантаазыг жил бүрийн зуны улиралд зориулан хангалтаар олгодог, хантаазны нэг ширхгийн үнэ нь 25.000 төгрөгөөр үнэлэгддэг. 2022 оны зуны улирлын хантаазыг 2022 оны 04 дүгээр сард хангалт үйлчилгээний газраас бүх цагдаагийн алба хаагч нарт олгосон. Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Хоёрдугаар хэлтэс, болон замын цагдаагийн алба хаагчид хангалт үйлчилгээний төвөөс нэгдсэн байдлаар авдаг. ...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5982 дугаартай:
-Т.М-н биед баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал),
9. Дамно ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ХУ-22-456 дугаартай “Цагдаагийн албан хаагчийн албаны шар, хантааз”-ын зах зээлийн үнэлгээг 15.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 43 дахь тал),
10. Э.С-н согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчилд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан материалын хуулбар (хавтаст хэргийн 50-62 дахь тал),
11. Шүүгдэгч Э.С-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн: “....Би 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Яармагийн дэнжид таньдаг айлдаа нөхөр А бид хоёр хамт очоод төрсөн өдөр тэмдэглээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд нөхөр бид хоёр тухайн айлаас 2022 оны 04 дүгээр сарын 05-ний 01:00 цагийн орчим машинтайгаа ...гэр рүүгээ харихаар хөдөлсөн. Би тухайн айлаас гараад өөрийн эзэмшлийн _ УАУ улсын дугаартай саарал өнгийн приус 30 маркийн машинаа жолоодож, нөхөр хажуу талд суугаад ...Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Нисэхийн аюулгүйн тойргийн хойноос урагш чиглэлтэй явж байсан чинь нисэхийн тойргийн ар талын зам дээр замын цагдаа зогсоосон. Зогсоохоор нь би баруун шахаж зогссон чинь замын цагдаагийн алба хаагч намайг согтолт хэмжих багажаар үлээлгэж үзэхэд согтолт 1.49 хувьтай байна, та жолооныхоо ар талаас бууна уу гээд намайг машины хойно суулгасан. Тухайн замын цагдаа миний машиныг жолоодоод нисэхийн тойргийн пост дээр очсон. Машиныг ачна гээд ачигч машин ирээд, замын цагдаа нь намайг машинаасаа буух талаар хэлсэн. Миний уур хүрээд ачиж байсан хүний мөрөн дээр нь гараараа цохисон. Тэгсэн чинь тухайн замын цагдаа ирээд намайг тухайн хүнээс холдуулаад, та яагаад ингээд байгаа юм гээд намайг замаас гаргасан чинь миний машиныг ачигч машин чирээд аваад явсан. Би машинаа ачуулахгүй цагдаатай муудалцсан. Би тухайн цагдаа руу ойртсон чинь намайг өөрөөсөө холдуулаад миний цээж рүү гараараа түлхсэн. Тэгэхээр нь би буцааж тухайн цагдааг түлхсэн чинь нөхөр хажуугаас цагдаад хандаад чи эмэгтэй хүн түлхээд байгаа юм биш үү гэж хэлсэн. Цагдаа нар нь намайг гавлана гэхээр нь эсэргүүцээд гавлуулахгүй гээд нэг удаа хөлөөрөө зүүн ташаа руу нь өшиглөсөн. Тэгээд манай нөхөр тухайн цагдаа нарыг эмэгтэй хүнд гар хүрсэн арчаагүй цагдаа гэж хэлж байсан. Би цагдаа руу дайрч байсан чинь намайг тухайн замын цагдаа нь цээж рүү түлхсэн, би хойшоо газар унасан чинь миний хөл эвгүй болчихсон. Тэгээд би орилоод миний хөл өвдөөд байна гээд байж байсан. Цагдаа нар яваад намайг нөхөр аваад явсан. Тэгээд хажууд нэг эрэгтэй хүн бид нарын бичлэгийг хийж байхаар нь тамхи асуусан чинь чи болио, чи наад цагдаагийнхаа төмсөг рүү нь өшиглөчихлөө шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь өшиглөөгүй гэж хэлсэн чинь чи өшиглөсөн л гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэр рүүгээ харьсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91-92 дахь тал),
12. Шүүгдэгч Э.С Хаан банкны _ тоот данс руу 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 15.000 төгрөгийг шилжүүлсэн тухай баримт, Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч Э.С-н хүсэлт (хавтаст хэргийн 97 дахь тал), прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 98-101 дэх тал),
13. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 63 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 73 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 69, 77 дэх тал), эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 67, 72, 75 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 76 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх яллагдагчийн хүсэлтийг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, саналыг танилцуулахад зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Э.С нь Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай, шүүгдэгч гэм хорыг арилгасан хохирогчид төлөх төлбөргүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.С хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Э.С нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисэхийн тойргийн уулзвар дээр 2022 оны 04 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө согтуурсан үедээ /1.49 хувийн/ _ УАУ улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцож, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын цагдаа зохицуулагч, хууль сахиулагч Т.Мээс албан үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон түүний автомашиныг саатуулах шаардлага тавихад уг шаардлагыг эсэргүүцсэн буюу цагдаагийн албан хаагч Т.Мийг үг хэлээр доромжлох, хөлөөрөө бие хэсэг рүү нь өшиглөх, албаны хантаазыг нь урах зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн үйл баримт нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
- 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Цагдаагийн алба хаагчийн зуны хантаазанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
-2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-15 дахь тал), бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 9 дэх тал),
-Хохирогч Т.М-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
-Гэрч А мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
-Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5982 дугаартай хүний биед хийсэн дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал),
- Дамно ХХК-н 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ХУ-22-456 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 43 дахь тал), Э.С-н согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчилд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан материал (хавтаст хэргийн 50-62 дахь тал),
-Шүүгдэгч Э.С-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 91-92 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуульд “хууль сахиулагч” гэж цагдаа...”-г ойлгоно гэж заасан.
Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж хуульчилсан.
Хохирогч Т.М нь Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст цагдаа зохицуулагчаар ажилладаг хууль сахиулагч байх бөгөөд хэргийн үйл баримт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийхэд хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг шүүгдэгч Э.С нь хүч хэрэглэж эсэргүүцэн нь хангалттай тогтоогджээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэв.
Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.С-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, суурь болон дээд боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар хуульчилсан.
Дамно Хөрөнгийн үнэлгээний байгууллага хууль сахиулагчийн албаны хантаазыг 15.000 төгрөгөөр үнийг тогтоосон ба шүүгдэгч Э.С 15.000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны дансны хуулгаар нотлогдож байх тул шүүгдэгчийг хохирогч Т.Мт төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч санал, хууль зүйн дүгнэлтдээ “шүүгдэгч Э.Сд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ял тохиролцсон бөгөөд тохиролцсон хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналтай байна, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бичлэг бүхий сидиг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчээс прокурортой тохиролцсон ялыг зөвшөөрч байгаа, хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж тайлбарласан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Э.С-н хувийн байдлыг талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй, урьд ял шийтгэлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.
Шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан гэж дүгнэв.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн... 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлахаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүнд ...хэрэглэх” талаар хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан, тус зүйл хэсэгт хорих ялын доод хэмжээ гурван жил хүртэл байхаар зохицуулсан. Иймээс улсын яллагч хорих ялын дээд хэмжээг таван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэглэх заалтыг журамлаж ирүүлсэн нь хуульд нийцээгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай заасан, уг заалтыг шүүгдэгчид хэрэглэх нь хуульд нийцэх бөгөөд прокурорын хууль, хэрэглээний алдааг шүүх зөвтгөхөд шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй, хялбаршуулсан журмаар тохиролцсон эрүүгийн хариуцлагад нөлөөлөхгүй гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Э.С-г “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд хүлээлгэж, үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.С-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлаж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Э.С хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.С-д “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Э.С-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Шүүгдэгч Э.С-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Э.С-н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН