Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/471

 

 

 

 

 

 

   2022          06           17                                     2022/ШЦТ/471

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 221000000 0686 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

             

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Г.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, _ дүгээр гудамжны _ тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.А-г “чи яахаараа дандаа хүнтэй зодолдож явдаг юм” гэж хэллээ гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж, үснээс нь зулгааж эрүүл мэндэд нь үс халцрал, хамар, зовхи, хацар, шанаа, эрүү, өвдөг, гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:  

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э-оос: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. гэсэн болно.

 

Хоёр. Эрүүгийн 221000000 0686 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

1.Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хохирогч Ж.А-ын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 4 дэх тал),

 

2. Хохирогч Ж.А-ын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр найзуудтайгаа Хан-Уул дүүргийн _ дүгээр хороо, _ дүгээр гудамжны _ тоотод байрлах айлаас банкны карт авах гээд байж байтал гаднаас Г.Э согтуу орж ирээд гэрт байгаа хүмүүст агсам тавиад байхаар нь би Г.Э-д хандан “чи яахаараа дандаа зодоон хийж байдаг юм” гэж хэлэхэд чамд хамаагүй гээд шууд миний нүүр лүү цохиод, үснээс чирээд тухайн айлаас гаргасан. Г.Э намайг гадаа гаргаад нүүр лүү нэг удаа цохисон. Тэнд байсан хүмүүс гарч ирээд намайг болиулсан. Тэгээд би маргааш нь цагдаагийн байгууллагад хандах гэтэл Г.Э өөрөө надаас битгий цагдаад өгөөч, би бүх эмчилгээний зардлыг нь гаргана гэж хэлэхээр нь би хүний амьдралаар бас тоглоод яах вэ гэж бодоод цагдаад хандахгүй хэсэг хугацаанд харсан. Тэгээд Г.Э надад 40.000 төгрөг өгсөн. Би тэр мөнгөөр нь өвчин намдаах эм авч уусан. Тэгээд дараа нь Г.Э согтуу орж ирээд цагдаадаа өгөх юм уу гэх зэргээр намайг доромжлоод эмчилгээний зардал гэж мөнгө өгөхгүй байсан. Намайг эмнэлгээр авч явна гэж хэлчхээд авч явахгүй байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Мөн Г.Э согтуу байсан. Тэгэхдээ би тухайн үед юу болсон талаар сайн санаж байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

 

3. Гэрч Д.М 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр 17-18 цагийн орчим ганцаараа гэртээ зурагт хараад хэвтэж байтал манай хөрш Ж.А-г гаднаас орж ирээд чи Хаан банкныхаа картыг өгөөч, ээжээс мөнгө ирэх юм гэж хэлээд би картаа авч өгөх гээд цүнхээ уудалж байхад гаднаас Г.Э архи уучихсан нэлээн согтуу орж ирээд Ж.А-гтай барьцалдаж аваад толгойтой үснээс зулгааж, гуя хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэр үед Г.Эыг Ж.А-гын үснээс зулгаачихсан доошоо дараад сэгсрээд байхаар нь арай гэж үсэдсэн гарыг нь салгаад, чи яах гээд эмэгтэй рүү дайраад зодоод байгаа юм бэ гээд гэрээсээ хөөж гаргасан. Г.Эыг гэрээс гаргасны дараа Ж.А-гын биеийн байдлыг асуухад толгойтой үсний орой хэсгийн үс нь байхгүй болчихсон, зүүн нүд нь хөхөрчихсөн байдалтай байсан. Манайд хэсэг хугацаанд байж байгаад гэр лүүгээ явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 6592 дугаартай хүний биед хийгдсэн:

Ж.А-гын биед үс халцрал, хамар, зовхи, хацар, шанаа, эрүү, өвдөг, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

- Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

- Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна....” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

 

5. Яллагдагч Г.Эын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Э гэх өмнө нэг газар хамт ажилладаг байсан найзтайгаа хамт 0.5 литрийн хараа нэртэй архи 2 шилийг хувааж уучхаад найзаасаа салаад Д.М гэх найзынхаа Хан-Уул дүүргийн _ дүгээр хороо, _ дугаар гудамжны _ тоотод байх гэрт нь очсон чинь Д.М ах мөн зүс таних Ж.А-г нар байсан. Тэгээд би Д.М ахтай хэрэлдсэн чинь Ж.А-г гэх эмэгтэй дундуур орж ирэхээр би хэрэлдсэн.  Уурандаа Ж.А-гын үснээс нь зулгаагаад, тэгээд мөн нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тухайн үед нэлээн согтолттой байсан болохоор тухайн үед болсон асуудлын талаар нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Маргааш нь би гэртээ сэрсэн. Өглөө Д.М ах над руу залгаад чи манай Ж.А-гыг өчигдөр арай л зодсон шүү ирж уулзсан дээр байх гэж хэлсэн. Би очиж уулзсан чинь нүд нь хөхөрчихсөн, үс нь халцарчихсан байсан, тэгээд би уучлалт гуйсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

 

6. Хаан банкны - тоот данс руу 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Ж.А-г эмчилгээний зардал” гэсэн утгаар 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 42 дахь тал),

 

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Г.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 22 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 23 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 24 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 25 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 29 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 33 дахь тал), Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол болон бусад бичгийн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт:

 

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Э-ын  үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтаа гаргаж өгөөгүй, шүүгдэгч хохирогчид эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн байх тул хохирогчид төлөх төлбөргүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцож дүгнэлт гаргахдаа хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Э-ын холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Э нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 21 дүгээр гудамж _ тоотод 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр согтуурсан үедээ Ж.А-г “чи яахаараа дандаа хүнтэй зодолдож явдаг юм” гэж хэллээ гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, үснээс нь зулгааж эрүүл мэндэд нь үс халцрал, хамар, зовхи, хацар, шанаа, эрүү, өвдөг, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хохирогч Ж.А-гын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 4 дэх тал),

-Хохирогч Ж.А-ын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

 

-Гэрч Д.М 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 6592 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

 

-Яллагдагч Г.Э-ын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

             Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасан.

            Хэргийн үйл баримтаас тогтоогдсон нөхцөл байдалд хууль дүгнэлт хийхэд  хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд шүүгдэгч Г.Э өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж согтуурсан байсан нь маргаан үүсэх, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, суурь боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

-мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох ба хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”,

-505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах ...сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.А-гын бие, эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба, хохирогч нь хуульд заасны дагуу хор уршгийн зардалтай холбоотой нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгч хохирогчид эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн (хавтаст хэргийн 42 дахь тал) байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Г-н үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлөхдөө дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч Г.Э-н хувийн байдлын талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоол нотлох баримтыг судлахад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 507 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, ялыг биелүүлж 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тогтоолын хуулбар хэрэгт авагдсан байх тул нэмж нэгтгэх ялгүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч Г.Э-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу согтуурсан үедээ үйлдсэн, нөгөө талаас урьд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, торгох ял шийтгүүлж байсан байх боловч дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

   3. Бусад асуудлын талаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

            ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Г.Э-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-г 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

              5. Шүүгдэгч Г.Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыгШүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

              6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

              7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Э-ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ДОРЖСҮРЭН