Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 153/ШШ2018/00215

 

 

2018 оны 04 сарын 18 өдөр

        Дугаар 153/ШШ2018/00215

                         Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, Л.О-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 153/2018/*******/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагч Л.О нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.О шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1978 оноос 1981 оны 06 дугаар сар хүртэл мал хариулсан. 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1984 оны 06 дугаар сарын 10-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргийн албанаас халагдаж ирээд 1992 он хүртэл ажилласан. Би 2 дугаар ангиасаа сургуулиас гарсан. Намайг Ховд аймгийн ******* сумын 4 дүгээр бригадын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1978 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар, Ховд аймгийн *******ын Тэжээлийн аж ахуйд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү....Миний аавыг Лхагваа гэдэг. Хүмүүс л Лхагва, Лхагваа гээд янз янзаар бичээд байдаг юм....гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Л.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Л.О нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1978 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн *******ын Тэжээлийн аж ахуйд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Хүсэлт гаргагч Л.О нь Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, Ховд аймгийн *******ын Тэжээлийн аж ахуйд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2/53 тоот албан бичгээр ирүүлсэн ******* сумын 1987 оны мал тооллогын материалын хуулбарууд, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 607 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн *******ын Тэжээлийн аж ахуйн 1988,1989, 1991 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 878 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригад болон *******ын Тэжээлийн аж ахуйн 1979-1981, 1985-1987, 1990 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Д.Мягмардорж, Ж.Уртнасан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн *******, 13, 15-17, 36-42, 45 дугаар тал/

Харин хүсэлт гаргагч Л.О нь Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1978 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.

Хүсэлт гаргагч Л.О нь Батлан хамгаалах яамны сайдын 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн н/199 дүгээр тушаалаар 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, Батлан хамгаалах яамны сайдын 1984 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн н/180 дугаар тушаалаар 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 000000164 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1992-2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний №1600000175 дугаартай Баталгаажилтын хуудасны хуулбар, *******ын тэжээлийн аж ахуйг төрийн өмч давамгайлсан сүү, тэжээл үйлдвэрлэлийн ******* хувьцаат компани болгон хувьчилсан талаар Ховд аймгийн Өмч хувьчлалын комиссын 1992 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаартай тогтоолын хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагдсан болно.

Хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Өмч хувьчлалын комиссын 1992 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаартай тогтоолын хуулбар нь бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй, хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан хүсэлт гаргагчийн нэр бичигдсэн 362724 дугаартай, 1990 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон эх хувь нь байгууллагын тамга тэмдгээр баталгаажаагүй буюу бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй, хүсэлт гаргагч нь 1981 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдсан байхад хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан 1981 оны 5 дугаар сарын 6-ны өдөр нээсэн хүсэлт гаргагчийн нэр бичигдсэн Хөдөлмөрийн дэвтэрт 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 4 сарыг дуустал цалин хөлсний талаар бичилт хийсэн байх ба уг хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон эх хувийг үнэлэхэд эргэлзээтэй, хавтаст хэргийн 18, 19, 47, 48 дугаар хуудсанд давхарлагдаж авагдсан Ховд аймгийн *******ын Тэжээлийн аж ахуйн 1992, 1993 онуудын 70 дугаар дансны хуулбарууд нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л.О-ын Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, Ховд аймгийн *******ын Тэжээлийн аж ахуйд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад 1978 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянгахоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОЮУНЖАРГАЛ