Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/472

 

 

 

 

 

 

   2022           06           17                                       2022/ШЦТ/472

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч Т.О, Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Т.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210006330581 дугаартай, нэг хавтаст хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ний өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Ц.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2022 оны 02 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн _ дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.И үл ялих зүйлээр шалтаглан маргалдан нүүрэн тус газарт нь цохиж биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хамрын нуруунд шарх, хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Яллагдагч Т.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2022 оны 02 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн _ дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Б үл ялих зүйлээр шалтаглан маргалдан нүүрэн тус газарт нь боржурын хэлтэрхийгээр цохиж биед нь хоншоор ясны урд ба хажуу ханын хугарал, духны зүүн доод хэсэг, зүүн хөмсөг, нүдний дээд зовхи, хацрын төвгөр хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хөмсөгний гадна хэсэгт шарх, зулгаралт, духны баруун хэсэг, шанаа баруун чихний ар нугалаас, хөхлөг сэртэн, хүзүүний дээд хэсэг, хүзүүний баруун урд хэсэг, зүүн хажуу хэсэгт цус хуралт, зүүн хацрын төвгөр, баруун хөхлөг сэртэнгийн хэсэгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын мэтгэлцээний үндсэн дээр болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М, Т.О нараас: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй. гэсэн болно.  

Хоёр.Эрүүгийн 2210006330581 дугаартай хэргээс:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 10 дахь тал),

2 Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 219-223 дахь тал),

3 Камерын бичлэгтэй 1 ширхэг дискийг эд баримтаар тооцох мөрдөгчийн  2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн тогтоол (хавтаст хэргийн 15 дахь тал),  

4 Камерын бичлэгт 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үзлэг хийсэн: “...2 файл байх ба:

 Эхний 1 дэх Video гэсэн файлыг тоглуулахад 01 минут 05 секундийн бичлэг байх бөгөөд бичлэг дээр баарны харуул хамгаалалтын өрөөнөөс гар утсаараа бичлэг хийж байгаа дүрс харагдана. Хан-Уул дүүргийн _ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” баарны гадаа авто машины зогсоол харагдана. 00:20 секундэд гэрч Б, хохирогч Д.Б-ийн нүүрэн тус газар цохиж байхад хажууд нь байгаа хүмүүс холдуулж байгаа дүрс харагдана. 00:53 секундэд Б дахин хохирогч Д.Бийн нүүрэн тус газарт цохиж байхад хажууд нь зогсож байгаа хувцас нь харагдахгүй нэг хүн Быг цохиж байгаа харагдана. 01:00 минутад хохирогч Д.Б хамт зогсож байсан хүмүүс Б луу дайрч байгаа түлхэж байгаад бичлэг дуусна.

2 дахь ХКGQ6730 файлыг тоглуулахад 06 минут 26 секундийн бичлэг байх бөгөөд бичлэгт “_” баарны баруун талд авто машины зогсоолын машин орох хэсэг харагдана. Авто машинууд хөдөлгөөнд оролцож байхад 00:14 секундэд “_” баарны авто машин орох хэсэгт хэсэг бүлэг хүмүүс хоорондоо зууралдаж ноцолдож байгаа дүрс харагдана. 00:47 секундэд бичлэг баруун булан хэсэгт Т.И Т.О нар зам гарч Б Д.Б нар дээр очиж байгаа харагдана. 01 минут 24 секундэд бичлэгийн баруун буланд хэсэг хүмүүс зууралдаж ноцолдож байгаа дүрс харагдана. Хэн хэн гэдэг нь тодорхой харагдахгүй байв. 01 минут 55 секундэд цагаан өнгийн өмдтэй эрэгтэй хүн хэсэг бүлэг хүмүүстэй ноцолдож зууралдаж байгаа дүрс харагдана. 02 минут 44 секундэд хохирогч Т.И улаан өнгийн цамцтай хөх өнгийн өмдтэй машины голоос гарч ирж байгаа дүрс харагдана. 02 минут 52 секундэд гэрч Т.О гадуурх цамцаа тайлж харагдана. Энэ үед тэнд багаа хүмүүс салгах гэж оролдож байхад 02 минут 58 секундэд цагаан өмдтэй залуу гадуур хувцсаа тайлж байгаа харагдана. Цагаан өнгийн өмдтэй залуу хэсэг бүлэг царай төрх нь тодорхой хүмүүстэй зууралдаж ноцолдож байгаа дүрс харагдана. Энэ үед улаан өнгийн цамцтай хохирогч Т.Иийг эмэгтэй хүн зодоонд оролцуулахгүй гээд салгаж байхад 03 минут 30 секундэд гэрч Т.О замын хажуугаас чулуу аваад 03 минут 42 секундэд хохирогч Д.Бийн нүүрний хэсэгт чулуугаар нэг удаа цохиж байгаа харагдана. Энэ үед хохирогч Т.И Д.Б дээр очоод зууралдаж байхад 04 минут 02 хохирогч Д.Б нүүрээ дараад доош сууж байхад 04 минут 08 секундэд хохирогч Д.Б дээр Т.О хувцаснаас заамдаж байгаад гартаа чулуу барьж байгаад баруун гараараа нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохиж байгаад хувцаснаас чирч байгаад авто машин хойд хэсэг очоод Т.О зүүн гараараа дахин хохирогч Д.Бийн нүүрэн тус газар нь цохиж байгаа дүрс харагдана.Энэ үед үл таних эмэгтэй Т.Оын өгзөг рүү нь нэг удаа өшиглөж байгаа харагдана. 04 минут 27 секундэд цагаан өнгийн өмдтэй цээж нүцгэн залуу авто машины зогсоол дээр явж байгаа дүрс харагдана. Хэрэгт ач холбогдолтой өөр зүйл илрээгүй. ...” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-27 дахь тал),

 

5. Хохирогч Т.Т.Иийн мөрдөн шалгах ажиллагаанд:2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 25-ны 23 цагийн орчимд дүү Т.О, түүний эхнэр, миний эхнэр М нарын хамт Хан- Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пейста” нэртэй караокед үйлчлүүлж байсан. 02 дугаар сарын 26-ны шөнө 03 цаг өнгөрч байхад би ганцаараа караокеноос гараад өөрийн машин дээрээ очсон. Дуудлагын жолооч хүлээгээд зогсож байхад замын цаад талд “_” баарны харалдаа үл таних залууг газар унагаад тал талаас нь цохиж байхаар нь “хөөе болиоч” гээд хэлсэн чинь миний дууг сонсохгүй байхаар нь зам гараад тухайн зодолдож байгаа газарт очоод боль гэсэн. Нэг залууг татсан чинь намхан туранхай биетэй залуу миний нүүрэн тус газарт цохих шиг болоод хамраас цус гарсан. Дүү Т.О караокеноос гарч ирээд ахыг яаж байгаа юм бэ гээд гүйгээд очсон чинь нэг нь урдаас нь тэврээд авсан чинь нөгөө залуу нь Т.О байна шүү дээ гээд бие биеэ таньсан чинь үл таних нэг залуу Т.Оыг цохих шиг болсон. Тэгээд би нүүр гараа арчиж байсан чинь цагдаа ирээд бид нарыг хэлтэс дээр авчирсан. Гадаа зогсож байсан чинь Т.Оын хуучин ажлын хүмүүс юм чинь гээд хоорондоо учраа олж байсан чинь үл таних залуу би таныг хаанаас бол хаанаас олоод яавал яана шүү дээ гэж хэлэхээр нь би цагдаагийн хэлтэс рүү ороод өргөдөл бичиж өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал),

 

6. Хохирогч Д.Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд:

2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “....2022 оны 02 дугаар сарын 26-ны шөнө 04 цагийн орчим ажлын Б, Ц.М, Ш, Г нарын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” бааранд орж үйлчлүүлж байгаад гадаа нь авто машины зогсоол дээр тамхи татаж байсан чинь хамт ажилладаг Гийн нөхөр Б гэх залуу ирээд ямар нэгэн шалтгаан байхгүйгээр нүүрэн тус газар гараараа 1 удаа цохисон. Хамт байсан Б, Ц.М нар салгахаар нь би за байж байгаарай Б гэдэг залууд хандаж “чи яагаад намайг цохиж байгаа юм бэ, бид нар ямар буудлаас гарч ирсэн юм уу ажлын хамт олноороо явж байна” гээд хэлсэн чинь хариу хэлэхгүйгээр нүүрэн тус газар мөн адил цохихоор нь зүгээр байгаа хүнийг 2 удаа цохилоо хууль гэж байдаг шүү гэж хэлсэн чинь дахиж нүүрэн тус газар гараараа цохисон чинь зүүж байсан нүдний шил хугарахаар нь би Бтай барьцалдаад цааш түрэлцээд явж байсан. Би нэг мэдсэн чинь баруун урд талд замын хажууд хэвтэж байсан. Тэр үед гар утас хаягдсан байсан. Хажууд цагдаа нар ирсэн байсан. Би цагдаад болсон үйл явдлыг хэлээд гар утас байхгүй байна гээд хэлсэн чинь цагдаа нар гар чийдэн тусгаад утсыг хайсан боловч олдохгүй байсан. Цагдаа нар бид нарыг хэлтэс дээр авчраад өргөдөл бичиж өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-34 дэх тал),

-2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: “...Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” баарны гадаа надтай хамт ажилладаг Гийн найз залуу нь гээд Б гэдэг залуу ирээд нүүрэн тус газар 3 удаа цохисон. Би гурав дахь удаа цохиход нь хууль байдаг шүү гэж хэлсэн. Би Б гэдэг залуутай барьцалдаж аваад газар унасан. ...Тэгтэл Т.О болон түүний ах Т.И, тэгээд цагаан өнгийн футболк өмссөн залуу гарч ирсэн. Бид нар дээр ирээд зодоон болсон. Т.О миний нүүрэн тус газар гараар болон бусад эд зүйлсээр цохиод байсан. Эмчилгээнд зарцуулсан мөнгө, тухайн үед надаа байсан. I phone 13 про макс маркийн гар утас хаягдсан байсан. Зодооноос болоод би гар утасгүй болсон. Би эмчилгээнд зарцуулсан 513.520 төгрөгийн эм тариа, эмнэлэгт хэвтэхэд шаардагдах эд зүйлийг худалдаж авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

- 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...Би хар өнгийн харааны шил зүүж байсан, түр үед харааны нүдний шилний шил тогтоох хэсэгт боолт хэсгээрээ салсан байсан. Зодооноос болоод зүүн талын шил тогтоох хэсэг нь хугарсан, мөн харааны шил нь салж унаад баруун талын шил тэр үед алга болоод би маргааш нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 07 цагийн үед гар утсаа хайж байхдаа шил хугарсан байгааг нь олж авсан. Гар утсаа хайсан боловч олоогүй. Хэрэг болохоос 1 сарын өмнө миний нүдний шилэн дээр хүүхэд гишгээд баруун талыг нь салгасан байсан учраас эвдэрсэн байсан. Нүдний шилийг үнэлүүлмээргүй байна. Би эрүүл мэндээрээ ...эмнэлэгт хэвтэнэ гэхээр шаардлагатай тавчиг ор хөнжлийн дагуу ахуй хэрэглээний зүйл авсан. Одоо болтол би эмнэлэгт хэвтээгүй. Яагаад гэхээр 1-р  эмнэлэгт хагалгаанд орох гэхээр хадаас байхгүй гэсэн шалтгаанаар ороогүй. Эмч нь хугарснаас хойш 28 хоногийн дараа гэхэд хагалгаа хийх боломжгүй бороолчихдог гэж хэлсэн. Тэгэхээр одоо бол хагалгаанд орох боломжгүй байх гэж хэлж байсан. Хэрэгт авагдсан баримтаар би эмчилгээ, эм тариа бусад эд зүйл худалдаж авсан мөнгөн дүн нь 514.500 төгрөг болж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43 дахь тал),

7. Гэрч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 26-ны шөнө би найз нарынхаа хамтаар уулзаж байгаад шөнө гэр лүүгээ харьж байхад найз охин Г над руу залгасан. Би хаана байгаа юм гээд асуусан чинь Хан-УУл дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” баарны гадаа байна гэж хэлсэн. Би такси бариад хүрээд ирээч гэж хэлсэн чинь үгүй, чи өөрөө хүрээд ир гэж хэлэхээр нь би за гээд утсаа таслах гэж байсан чинь цаана нэг эрэгтэй хүний хоолой дугарахаар нь би ямар хүмүүстэй явж байгаа юм бол гээд хамт явж байсан Ч Б нарт хандаж “_” ороод найз охиноо аваад явъя гэж хэлсэн. Шөнө 03 цаг өнгөрч байхад “_” баарны гадаа очоод ганцаараа машинаас буусан. Найз охин Г 3-4 залуутай зогсож байхаар нь Д.Б гэдэг залуу дээр очоод “чи утасны цаанаас юу гээд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь надаа ямар нэгэн үг хэлэх шиг болсон. Би Д.Бийн нүүрэн тус газар нь 3 удаа алгадсан чинь тэнд байсан хүмүүс над руу дайраад намайг түрж явсаар байгаар “_” баарны баруун талын авто машины хэсэг буюу машин ордог хаалт дээр очоод намайг газар унагаасан. Тал талаас намайг цохиод өшиглөөд байсан. Ингээд байж байтал манай найз Б ирээд намайг салгаж аваад Чын авто машинд суулгаад намайг аваад явсан. Би хэсэг зайтай зогсож байгаад найз охин Г рүү залгаад зогсож байгаа газраа зааж өгөөд Г машинд ирээд суугаад гэр лүүгээ явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-65 дахь тал),

8. Гэрч Т.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 26-ны шөнө Б, Ч нарын хамтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гранд Плаза төвийн эсрэг талын оффис дээр Б бид 2 пиво ууж байгаад шөнө 03 цагийн орчимд харихаар болоод Бын гэр болох Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яармаг луу хүргэж өгөх гээд Ч архи согтууруулах ундаа хэрэглээгүй болохоор машин бариад явж байсан. Бын гар утас  дугараад утсаар яриад манай найз охин утсаар ярьж байна, гурвуулаа буцаад явах хэрэг гарлаа гээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” баарны гадаа буулгасан. Ч бид хоёр зогсоол хайж хэсэг явж байгаад Быг ирэхгүй болохоор нь яачхав гээд би машинаас буугаад Быг хайсан чинь “_” баарны баруун талд Б газар хэвтээд дээрээс нь 2 залуу дарсан байдалтай байсан. Би болиоч найзыгаа авах гэсэн юм гээд Быг татаад босгосон чинь Ч хажууд машинтайгаа ирж зогссон. Бид хоёр найз Быг аваад явж байсан чинь Б найз охинтойгоо яримаар байна гээд утсаар яриад байсан чинь найз охин нь араас хүрээд ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-79 дэх тал),

 

9. Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “....2022 оны 02 дугаар сарын 26 шөнө 01 цагийн орчимд манай байгууллагад хамт ажилладаг Шгийн төрсөн өдөр болсон. Д.Б, Ш, Г, Б, Ц.М нарын хамтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” бааранд орохоор болсон. “_” бааранд үйлчлүүлээд бид авто машины зогсоол дээр зогсож байсан чинь Гийн нөхөр ирсэн. Тэгтэл ямар нэгэн шалтгаан байхгүйгээр нүүрэн тус газар нь 3 удаа гараараа цохихоор нь бид нар бид салгаж байсан чинь Т.О гэнэт гарч ирснээ Д.Бийг барьж аваад дээрэлхээд өмсөж байгаа хувцаснаас нь зуураад байсан чинь Д.Б зөрүүлж зууралдаад байсан. Энэ асуудал  Т.От ямар ч хамааралгүй байсан. Миний бодож байгаагаар Т.Отай Гийн нөхөр хамт явж байсан юм шиг байна лээ. Ингээд цааш явсаар байгаад замын хажуу талд Д.Б газар хэвтэж байсан. Би цаад талд Т.О, Ц.М нарыг салгах гээд бас зууралдаж байсан. Удалгүй цагдаа ирээд Ц.М Т.И болон намайг машиндаа суулгаад цагдаагийн хэлтэс дээр авчирсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-84 дэх тал),

 

10. Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “....2022 оны 02 дугаар сарын 25-нд би өөрийн ажиллуулдаг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оюу” маркет дэлгүүрийн касс дээр сууж байхад эхнэрийн хамаатны ах Т.И над руу утсаа яриад орой төрсөн өдөртэй, чи эхнэртэйгээ хүрээд ирээч гэсэн. 00 цагийн үед Т.И ахын заасан “Хоме плаза”-гийн хажууд байх газарт очиход Т.И, М, Т.И ахын дүү эхнэртэйгээ хамт байсан. Бид пиво ууж сууж байгаад 03 цаг өнгөрч байхад караокеноос гарсан. Т.И, Т.О, М, Н нар түрүүлээд гарсан. Би ариун цэврийн өрөө орчхоод гараад ирэхэд Т.И ахын хамраас цус гарчихсан үл таних хүмүүстэй маргалдаад байж байсан. Би очих гэсэн боловч эхнэр Э намайг очуулахгүй байсан. Ингээд удалгүй зодоон болоод Т.Иийг хүмүүс зодох гэж дайраад хамт явж байсан хүмүүсийг салгах гэсэн. Удалгүй цагдаа ирээд зодоонд оролцсон хүмүүсийг аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94-96 дахь тал),

 

11. Гэрч Л.Мын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “....Миний төрсөн 02 дугаар сарын 22-ны өдөр, нөхрийн төрсөн 20-ны өдөр болдог. 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нөхөр бид хоёр төрсөн өдрөө тэмдэглэхээр болоод Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” баарны замын эсрэг талын караокед нөхрийн төрсөн дүү Т.О, түүний эхнэр Н, миний үеэл дүү Э, түүний нөхөр Д.М нарын хамт төрсөн өдөр тэмдэглэж архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Караокеноос шөнө 04 цагийн орчимд гарахаар болоод Т.О дуудлагын жолооч дуудсан гээд бид нар замын хажууд зогсож байсан чинь замын эсрэг талд нэг залууг 4-5 залуучууд нийлээд зодоод байхаар нь нөхөр Т.И та нар яагаад байгаа юм бэ болиоч хүн зодоод байхын гэж хэлээд яваад очсон. Удалгүй нөхөр буцаад ирэхэд хамраас цус гараад зодуулсан байсан. Т.О ахыгаа өмөөрөөд тэнд байсан хүмүүстэй муудалцаад бужигнаад байсан. ...Хэсэг бужигнаад байж байтал цагдаа нар ирээд бид нарыг хэлтэс дээр авчирсан. Тэр үед нөхрийн хамраас цус гарсан байсан чинь цагдаа нар гомдолтой юу гэж асууж байсан. Нөхөр гомдолтой гэж хэлээд өргөдөл бичиж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99-101 дэх тал),

12. Гэрч Х.Н-ы мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 25-ны 22 цагийн орчимд нөхрийн төрсөн ах Т.И-ийн төрсөн өдөр болсон. Бид гэр бүлийн хүрээнд нөхөр Т.О, ах Т.И, эгч М, дүү Э, Д.М нарын хамтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” баарны ертөнцийн зүгээр баруун талд нь байрлалтай  караокены газар орж үйлчлүүлсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад ...04 цагийн орчимд караокеноос гарсан чинь замын цаад талд “_” баар луу авто машин орох хэсэгт зогсоол дээр 3-4 залуучууд нэг залууг зодоод байсан. Тэр үед ах Т.И “та нар яагаад байгаа юм бэ, нэгнийгээ аллаа шүү дээ” гэж хэлээд яваад очсон. Тэнд байсан залуучууд Т.И ах руу дайраад Ц.М гэдэг залуу ахын нүүрэн тус газар луу гараараа цохисон чинь хамраас нь цус гарсан. Миний нөхөр Т.О болиоч гээд очсон чинь нэг үл таних залуу нөхрийг тэвэрч авсан. Үл таних залуу нүд рүү нь цохиод зугтаасан, нөхөр доошоо тонгойгоод дээшээ өндийсөн чинь урьд өмнө хамт ажиллаж байсан Д.Б гэдэг залуу тэвэрч аваад нүүр лүү нь мөргөсөн. Тэгээд нөхөр уурлаад барьцалдаж аваад өмсөж байсан цамцаа тайлаад, хэсэг тэнд байсан хүмүүстэй зууралдаж байгаад нөхөр хоёр авто машин гол хэсэгт Д.Б гэдэг залууг цохисон. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 104-106 дахь тал),

 

13. Гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ээжийн төрсөн дүү М эгч, түүний нөхөр Т.И нарын төрсөн өдрийг тэмдэглэхээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фиста” нэртэй караокед Т.И ахын дүү Т.О, түүний эхнэр Н, манай нөхөр Д.М нартай баяр тэмдэглэсэн. Шөнийн 03 цаг өнгөрч байхад караокеноос гарахаар болоод гадаа гараад зогсож байсан чинь замын цаад талд хэсэг бүлэг хүмүүс бужигнаад байсан. Тэр үед Т.И ах “та нар болиоч яагаад байгаа юм” гэж хэлж байсан. Би хаалга онгойлгоод шатаар доошоо буухад Т.И ахын хамраас цус гарсан байдалтай, Т.И ах руу хүмүүс дайраад байсан. Нөхөр Д.М Т.И ах руу гүйх гээд байхаар нь би боль гэсэн. Тэгээд би нөхрийг салгах гэж байгаад газарт унасан. Хэсэг сууж байхад цаад талд нь юу болж байгааг анзаараагүй. Тэгээд цагдаа ирэхээр нь би такси бариад гэртээ харьсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 109-111 дэх тал),

 

14. Яллагдагч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 26-ны шөнө би _ төвд хамт ажилладаг Д.Б, Б, Г, Ш нарын хамтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” бааранд үйлчлүүлж байгаад шөнө 03 цагийн орчимд бид нар гарахаар болсон. Гадаа авто машины зогсоол дээр байж байсан чинь Гийн найз залуу нь гээд ...залуу ирээд Д.Бийн нүүр лүү гараараа нэг удаа алгадахаар нь Ш үл таних залууг холдуулсан. Д.Б үл таних залуу руу дөхөж очоод яасан гэж чи намайг алгадаж байгаан, буудал орсон биш бид нар ажлаараа явж байна шүү дээ гэж хэлсэн.  Үл таних залуу алгадсан чинь чи дахиж надаа гар хүрэхийн бол би зүгээр байхгүй шүү гэж хэлсэн. Үл таних залуу дахиж алгадсан чинь залуугийн хувцаснаас зуураад цааш замын хажуу буюу авто машин зогсоол руу орох хэсэгт бужигнаад үл таних залуу газар унаад ноцолдоод байсан. Замын цаад талаас Т.О, хохирогч Т.И нар бид нар дээр ирээд “_”-д өмнө хамт ажиллаж байсан гээд танимхайраад “_”-гийнхан байна шүү дээ гээд Б, Д.Б ах нарыг барьж аваад байсан. Тэгээд согтуу хүмүүс байсан учраас маргаан үүсээд би Т.И гэх хүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэнд байсан хүмүүс салгах гээд дундуур орж ирээд байсан. Зодоон болоод тарж байхад би Д.Бийг харсан чинь зүүн талын хөмсөг нь сэтрээд цус гараад хавдсан байдалтай хамраас цус гараад нүүрэн хэсэг нь бас цус болсон байсан. Цагдаа ирэхээс өмнө Д.Б миний гар утас байхгүй байна гэж хэлж байсан. Цагдаа нар ирээд хамт Д.Б ахын гар утсыг хайсан боловч олоогүй. Б ах бид хоёрыг цагдаагийн машинд суулгаад цагдаагийн хэлтэс дээр авчирсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 159-161 дэх тал),

15. Яллагдагч Т.Оын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “... 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Т.И болон түүний эхнэр, эхнэрийнх нь дүүгийнх нөхөртэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” баарны ертөнцийн зүгээр баруун талд нь ...караокед ахын төрсөн өдөр болоод бид нар тэмдэглэж архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Шөнө 04 цагт гарахаар болоод ...дуудлагын жолооч дуудсан байсан, ... дуудлагын жолооч ирээд бид нар ...гадаа нь зогсож байсан чинь замын нөгөө талд хэсэг бүлэг хүмүүс нэг хүнийг зодоод байх шиг байсан. Ах салгах гээд залуучуудаа болиоч нэгнийгээ аллаа шүү дээ гэж хэлсэн чинь зодож байсан залуучуудаас надтай урьд өмнө хамт ажиллаж байсан Ц.М гэдэг залуу ахыг цохиод хамраас нь цус гарахаар нь би өмөөрөөд очсон. Урьд өмнө хамт ажиллаж байсан Ш, Д.Б Б, Ц.М нар байсан. Ш намайг тэвэрч аваад боль гэж хэлэхээр нь та нар ахыг зодсон байна шүү дээ гэж хэлсэн. Ц.М миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохихоор нь би доош тонгойсон чинь Д.Б нүүр лүү 2 удаа мөргөхөөр нь Д.Б барьцалдаж авсан. Зодоон болоод 2 авто машины гол  хэсэгт би Д.Бийн нүүрэн тус газар нь чулуугаар 2 удаа цохисон. Зодоон дуусаж байхад цагдаа нар ирээд бид нарыг хэлтэс дээр авчирсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 149-151 дэх тал),

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн №3586 дугаартай хүний биед хийгдсэн:

-Т.Т.Иийн биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдэнд алимны салстад цус харвалт, хамрын нуруунд шарх, хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 115-116 дахь тал) зэрэг ;

 

17.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №3536 дугаартай хүний биед хийгдсэн:

- Д.Д.Бийн биед зүүн хоншоор ясны урд ба хажуу ханын хугарал, духны зүүн доод хэсэг, зүүн хөмсөг, нүдний дээд зовхи, хацрын төвгөр хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хөмсөгний гадна хэсэгт шарх, зулгаралт, духны баруун хэсэг, шанаа, баруун чихний ар нугалаас, хөхлөг сэртэн, хүзүүний дээд хэсэг, хүзүүний баруун урд хэсэг, зүүн хажуу хэсэгт цус хуралт, зүүн хацрын төвгөр, баруун хөхлөг сэртэнгийн хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ.

- Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

- Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн118-119 дэх тал),

 

18. Шинжээч эмч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “...Д.Д.Бийн биед учирсан зүүн хоншоор ясны урд ба хажуу талын хугарал нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин духны зүүн доод хэсэг, зүүн хөмсөг нүдний дээд зовхи, хацрын төвгөр хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хөмсөгний гадна хэсэгт шарх, зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх хүндэвтэр, хөнгөн гэмтлүүд нь нүүрний зүүн хэсэгт хамаарна. Хүндэвтэр хөнгөн гэмтлүүд нь нүүрний зүүн хэсэгт байрлалтай гэмтлүүд бөгөөд хэрэг, гарсан цаг хугацаанд үүснэ. Харин гараас бусад биет зүйл гэхийн бол чулуу юм уу ямар нэгэн биетэй зүйлээр цохигдоход үүсэх гэмтэл. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 126-129 дэх тал),

19. Хохирогч Д.Д.Бөөс мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн эмчилгээний зардалтай холбоотой 349.500 төгрөгийн баримт  (хавтаст хэргийн 213-218 дахь тал),

20. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой: Шүүгдэгч Т.О, Ц.М нарын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 165, 180 дахь тал), эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 166 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 167, 178 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн  168, 181 дэх тал), “_” ХХК нд Т.О нь хуульчаар ажилладаг тухай тодорхойлолт, “_-_” ХХК-д Ц.М нягтлан бодогчоор ажилладаг тухай тодорхойлолт (хавтаст хэргийн  184 дэх тал), Шүүгдэгч Ц.Мын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 182 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсууд (хавтаст хэргийн  163, 177 дахь тал)  болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Ц.Мын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Оын үйлдсэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар гэм бурууд маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.М нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 02 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэж, согтуурсан үедээ иргэн Т.Т.Иээс” та нар яагаад хүн зодоод байгаа вэ” гэсэн шаардлага тавьж үйлдлийг нь таслан зогсоох гэж очиход Т.И тухайн үед үүссэн үл ойлголцлын улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хамрын нуруунд шарх, хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Т.О нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 02 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэж, согтуурсан үедээ иргэн Д.Б “ах Т.Т.Иийг зодлоо” гэх шалтгаанаар ахыгаа өмөөрч маргалдан нүүрэн тус газарт нь боржурын хэлтэрхийгээр цохиж эрүүл мэндэд нь хоншоор ясны урд ба хажуу ханын хугарал, духны зүүн доод хэсэг, зүүн хөмсөг, нүдний дээд зовхи, хацрын төвгөр хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хөмсөгний гадна хэсэгт шарх, зулгаралт, духны баруун хэсэг, шанаа баруун чихний ар нугалаас, хөхлөг сэртэн, хүзүүний дээд хэсэг, хүзүүний баруун урд хэсэг, зүүн хажуу хэсэгт цус хуралт, зүүн хацрын төвгөр, баруун хөхлөг сэртэнгийн хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 10 дахь тал),

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 219-223 дахь тал),

-Камерын бичлэгтэй 1 ширхэг дискийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн тогтоол (хавтаст хэргийн 15 дахь тал), 

-Камерын бичлэгт 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-27 дахь тал),

-Хохирогч Т.Т.Иийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал),

-Хохирогч Д.Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 22, 2022 оны 04 дүгээр сарын 21, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрүүдэд тус тус өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-34, 37-38, 41-43 дахь тал),

-Гэрч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-65 дахь тал),

-Гэрч Т.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 77-79 дэх тал),

-Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 82-84 дэх тал),

-Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 94-96 дахь тал),

-Гэрч Л.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 99-101 дэх тал),

- Гэрч Х.Ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 104-106 дахь тал),

- Гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 109-111 дэх тал),

-Яллагдагч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 159-161 дэх тал),

-Яллагдагч Т.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 149-151 дэх тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн №3586, 3536 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтүүд (хавтаст хэргийн 115-116, 118-119 дэх тал),

-Шинжээч эмч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 126-129 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж  заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн тухайд үндсэн шинжийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үндсэн шинжийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” шинжээр тус тус тодорхойлжээ.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч Т.Т.И, Д.Д.Б нарын эрүүл мэндэд гэмтэл учирсан нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, хохирогч Т.Т.Ит учирсан гэмтэл нь шүүгдэгч Ц.Мын, хохирогч Д.Д.Бийн эрүүл мэндэд гэмтэл учирсан нь шүүгдэгч Т.Оын үйлдэлтэй тус тус шууд шалтгаантай холбоотой байна.

            Мөн шүүгдэгч Ц.М, Т.О нар хэдийгээр согтуурсан байдалтай байсан боловч хохирогчид халдаж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.

            Дээрхээс нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Ц.Мын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Т.Оын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус  тус хангасан байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн тухайд хохирогч Д.Д.Б нь хамт олныхоо хамт караокед орсон байх ба, караокеноос гарч ирэх үед түүнтэй хамт ажилладаг, караокед хамт орсон гэх Г гэх эмэгтэйн найз залуу, гэрч  Н.Б ирж маргаан үүсгэсэн, тэдний хоорондох маргааныг харсан хохирогч Т.Т.И болиулахаар шаардлага тавьж очиход Д.Б хамт байсан Ц.М түүний эрүүл мэндэд халдсан, улмаар шүүгдэгч Т.О ах Т.Т.Иийг зодлоо гэх шалтгаанаар тухайн газар очиж Д.Д.Бийн эрүүл мэндэд нь халдсан үйл баримт болсон нь тогтоогдсон ба тэд согтууруулах ундаа хэрэглэж согтуурсан байсан, мөн бие, биедээ хүндэтгэлтэй хандаагүй, ойлголцоогүй байдлаас болж гэмт хэрэг гарчээ.

 

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Оыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч нар нь сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд гаргасан.

Шүүгдэгч нар нь монгол хэл, бичиг мэддэг, дээд боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгч нарын өөрийгөө өмгөөлөх хуулиар олгогдсон эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Мөн Бусдын ...эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Т.Иийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба, тус хохирогч нь хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Мыг түүнд төлөх төлбөргүй гэж үзэв.

Мөн хохирогч Д.Д.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба,  хохирогч нь хор уршгийн зардлыг нэхэмжилж “Энхсонор” эмнэлэгт 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр үзлэг хийлгэсэн 35.000 төгрөгийн, “Мед траума” эмнэлэгт  дүрс оношилгоо хийлгэсэн 130.000 төгрөгийн, мөн эмнэлэгт хэвтэхэд шаардлагатай болсон гэх шалтгаанаар “Амгалан” захаас авсан гэх 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр цагаан хэрэглэл, алчуур зэргийн 60.000 төгрөгийн, 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нойлын цаас 4000 төгрөг, Сойз-3500 төгрөг, шингэн саван 6500 төгрөг, Салфетка 7500 төгрөг, 4500 төгрөг, шүдний оо 2000 төгрөг, Санитол 65000 төгрөг зэрэг 34.500 төгрөгийн, 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тавчик-15.000 төгрөг, оймс-7000 төгрөг, дотуур хувцас 8000 төгрөг, өмд 30.000 төгрөг, футболк 30.000 төгрөг зэрэг 90.000 төгрөгийн, бүгд 9 ширхэг 349.500 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлж  (хавтаст хэргийн 213-218 дахь тал) 513.520 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Т.Оаас хохирогч Д.Д.Бийн Хаан банканд эзэмшдэг   _ тоот дансанд 513.520 төгрөгийг шилжүүлсэн тухай баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн, мөн хохирогч Д.Д.Бөөс санал гомдолгүй, хохирлыг барагдуулсан” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байх тул шүүгдэгч Т.Оыг хохирогч Д.Д.Бт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Ц.Мын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Т.Оын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах  саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд улсын яллагчийн саналтай шүүгдэгч нар нь мэтгэлцээгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч нарын хувийн байдлыг судалсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй, ял шийтгэлгүй байх тул тэдэнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч Ц.Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг, шүүгдэгч Т.Оыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн; шүүгдэгч нарын согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нөгөө талаас анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан улсын яллагчийн саналыг хөнгөрүүлэн өөрчилж шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Т.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, торгох ялыг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нарын  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.М-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар; шүүгдэгч Т.О-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.М-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.О-г 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О, Ц.М нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О, Ц.М нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.О, Ц.М нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.О, Ц.М нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Т.О, Ц.М нарын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О, Ц.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ДОРЖСҮРЭН