| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00223/и |
| Дугаар | 153/ШШ2018/00216 |
| Огноо | 2018-04-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 153/ШШ2018/00216
| 2018 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 153/ШШ2018/00216 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багт оршин суух, Ж.Б-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 153/2018/00223/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагч Ж.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1977 онд наймдугаар анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч, эцэг, эхийн хамт мал малласан. 1979 онд цэргийн албанд татагдаж, гурван жилийн алба хаагаад 1982 онд цэргийн албанаас халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд ажиллаж байгаад 1983 онд гэр бүлтэй болж, 1983 оноос одоог хүртэл малчнаар ажиллаж байна....Миний эцгийн нэрийг Жалба гэдэг боловч хүмүүс дуудлагаараа Жалав гэж бичээд байдаг....Миний эхнэрийг нэрийг Ханджав гэдэг....Би хүсэлтийнхээ шаардлагыг дутуу хэлсэн байна. Иймд намайг Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад 1977 оны 06 сарын 20-ны өдрөөс 1979 оны 06 сарын 11-ний өдөр хүртэл, 1982 оны 06 сарын 21-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж хүсэлтийнхээ шаардлагыг өөрчилж байна гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ж.Б нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл, 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Хүсэлт гаргагч Ж.Б нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 719 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадын 1978, 1984-1985, 1988-1991 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 1987 оны 8 дугаар сарын 6-ны өдөр олгосон Сайшаалын үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1985 оны 3 дугаар сарын 10-ны өдөр олгосон Талархалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1986 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр олгосон Отрын олз Талархалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1985 оны 10 дугаар сарын 7-ны өдөр олгосон Дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1986 оны 8 дугаар сарын 6-ны өдөр олгосон Баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1989 оны 7 дугаар сарын 11-ний өдөр олгосон Баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч С.Батсуурь, Ц.Ичинхорлоо нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 7-13, 18, 20-25, 50-53 дугаар тал/
Харин хүсэлт гаргагч Ж.Б нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1978 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл, 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.
Хүсэлт гаргагч Ж.Б нь Батлан хамгаалах яамны сайдын 1979 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн н/147 дугаар тушаалаар 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, Батлан хамгаалах яамны сайдын 1982 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн н/191 дүгээр тушаалаар 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 6668 дугаартай архивын лавлагаа, хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1992-2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний №1605000313 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 625 дугаартай Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан тэмдэгийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын ИТХ, Засаг даргаас олгосон сумын Аварга малчин медиалын үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 4-6, 30 дугаар тал/
Хавтаст хэргийн 14, 15 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 174 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа зэрэг баримтууд нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 17, 19 дүгээр хуудсанд авагдсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 719 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадын 1977, 1979 онуудын 70 дугаар дансны хуулбаруудад С.Жалав гэх хүний нэр бичигдсэн байх ба цалин хөлс нь нэг хүний цалин хөлстэй тохирсон, хавтаст хэргийн 31-41 дүгаар хуудсанд авагдсан хүсэлт гаргагчийн нэр бичигдсэн хэзээ нээсэн эсэх нь тодорхойгүй хөдөлмөрийн дэвтэрт тухайн нэгдлийн эрх бүхий албан тушаалтан бичилт хийгээгүй ба Ховд аймаг архивын тасаг гэсэн монгол бичгээр бичигдсэн тамга даргадсан тулгав Нарантуяа гэсэн бичилттэй буюу нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж. Б-ын Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1978 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл, 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.Б нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ