| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2022/0435/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/470 |
| Огноо | 2022-06-17 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/470
2022 06 17 2022/ШЦТ/470
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Б.Хурц,
хохирогч С.Э,
шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Ц.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000373 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 05 дугаар сарын _-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч Ц.Д нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний шөнө Хан-Уул дүүргийн _ дүгээр хороо, “_” хорооллын В-1 давхрын _ дугаартай зогсоолд байрлуулан тавьсан иргэн С.Эын өмчлөлийн _ УАА улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгслийн 2 талын толийг хугалж, кузовыг 2 талаар нь зурж гэмтээн 1,909,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын мэтгэлцээний үндсэн дээр болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэгт:
1. Шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ: “2022 оны 02 дугаар сарын 24-ны 13 цагийн үед хамтран амьдрагч Н хувийн шалтгаанаар маргалдаад гарсан. Найз нартайгаа уулзаж, ууж идэж шөнийн 03 цагийн үед намайг гэрт хүргэж ирсэн гэсэн. В-1 давхраар грашаар орсон. “_” хотхоны оршин суугчид В-1 давхарт дэлгүүр, үйлчилгээний төвүүд байдаг учраас В-1 давхраар орж гардаг. Тухайн шөнө такситай В-1 давхраар орж үүдэндээ буугаад гэртээ орж Н эвлэрэх гэхэд гэртээ байгаагүй. Залгахад намайг блоколсон байсан. Тэгээд С.Эыг унтаж байж магадгүй гэж бодоод цонхыг нь тогшоод “ах нь байна, хаалгаа онгойлгочих оръё” гээд орсон. Н гэртээ байхгүй байсан. Нийн охин, С.Эын эхнэр гурав тусдаа унтлагын өрөөнд унтаж байсан. С.Эаас “эгч нь хаана байгаа юм бэ, яагаад ирээгүй байгаа юм” гэж хэлсэн. Би нэлээд согтуу байдалтай хэлсэн. Цаанаа Н ярьсан эсэхийг мэдэхгүй байна, намайг гар зайл гэж хөөсөн. Манай гэр биш, би унтах гэж байна гээд намайг хүчээр хөөж гаргахаар нь буцаж хаалга тогшоод би орж унтъя гээд 10 орчим минут хаалга тогшсон. Онгойлгохгүй юм байна, найз нартайгаа уулзъя гэж бодсон. Өмнө нь Х.Е 2022 оны 01 дүгээр сард Хан-Уулын “И-март” худалдааны төвд хүнс цуглуулж байгаад, би хамтран амьдрагчтайгаа, Х.Е эхнэр хүүхэдтэйгээ явж байхад тааралдаж байсан. Тэгэхэд гэр нь _, 109 дүгээр байранд байгааг мэдээд салсан. Тухайн шөнө Х.Е рүү фейсбүүкээр залгаж гэртээ байвал гараад ирээч гэж хэлэх гэхэд утсаа авахгүй байсан. Яриад байгаа зогсоол нь _ дугаар байрны доод талын зогсоол. _ дугаар байранд Х.Еийг байгаа гэж бодсон боловч утсаа авахгүй байхаар нь 24 цагийн “CU” дэлгүүрээс тамхи аваад Баянгол дүүрэгт байдаг хуурай ахындаа очиж архи ууж хоносон. Өглөө нь Н ирсэн байж магадгүй, хүүхэд цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд гараад ирж магадгүй гэж бодоод 9 цаг дөхүүлээд очсон. Очиж хаалга тогшиход С.Эын эхнэр Б хаалга нээгээд буцааж хаасан. Эгч нь байвал эгчийгээ дуудчих гэхэд С.Э лифтнээс гэрч Болдтой хамт бичлэг хийж гарч ирсэн. Намайг машин эвдсэн гээд байхаар нь хуулийн байгууллагаар шийдүүлье, камерын бичлэг шүүе гэж хэлсэн” гэсэн;
2. Хохирогч С.Э мэдүүлэхдээ: Н гэж хүн, эхнэрийн удаан хугацааны танил, эхнэр надтай амьдрахаас өмнө Н эгчтэй хамт амьдарч байсан хүн нь байгаа юм. Бид өөр газар байр түрээсэлж амьдарч байсан. Н эгч хүүхэдтэйгээ хоёулаа амьдарч байгаа тул манайд ирж амьдраач гэж санал тавихаар нь зөвшөөрч хамт амьдрах болсон. Хамт амьдрах болсон үеэс хойш Ц.Д гэж залуу эгчийн найз залуу гэж ирэх болсон. Байнга амьдардаггүй, ирж очиж байсан. Заримдаа муудалцаж салсан, битгий оруулаарай гээд заримдаа эвлэрсэн ирэхэд хамт байдаг байсан. Хэрэг гардаг шөнө 03 цаг өнгөрч байхад унтлагын өрөөний цонх хүчтэй цохиод байхаар нь яах юм бол гэж гайхаж байгаад оруулсан. Тэгээд та согтуу байна эгчийн өрөөнд ороод амарчих гэж хэлсэн. Эхнэр маань жирэмсэн, эхнэр Н эгчийн 5 настай хүүхдийн хамт унтаж байхад өрөөний хаалга онгойлгож орж ирээд “эгч чинь хаана байна” гээд чанга яриад хүүхэд, жирэмсэн эхнэр айлгаад байсан. “Эгч чинь хаана байна” гэхээр би мэдэхгүй ороод унтчих гэж жирэмсэн эхнэр, хүүхэд айлгаад байна гэж хэлсэн. Тэгэхэд над руу агсарч дайраад зодох гээд байсан. Унтаж амарч чадахгүй юм бол гараад явчих, өглөө эрүүл дээрээ Н эгчтэй учраа ол, та нарын асуудал хамаагүй гэхэд явахгүй, агсам тавиад “эгч чинь хаана байна” гээд байсан. Аргагүйн эрхэнд хүүхэд нь уйлаад, эхнэр айгаад байхаар нь түлхэж гаргасан. Өрөөндөө ороод унтаж байтал дахин унтлагын өрөөний цонх нүдээд малгайгаа авъя гэхээр нь малгайг нь авч өгөхөд “би чамайг ална, харна аа” гээд нэлээд заналхийлсэн. Өглөө нь машин дээрээ очиход машины хоёр толийг хугалсан, хоёр талыг нь хатуу зүйлээр зурсан, урд талд нь “А” үсэг зурсан байдалтай байхаар цагдаа дуудах гэж байтал эхнэр маань залгаад Н эгчийн хүүхдийг цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд гарахад Ц.Д гэрийн үүдэнд ирсэн байна гэсэн. Тухайн үед харуултай ярилцаж зогсож байгаад яваад очтол Ц.Д нэлээд согтуу над руу агсраад оруул гэсэн байдалтай байсан. Тухайн үед миний машиныг яагаад ингэж байгаа юм гэхэд “би тэгээгүй” гэж байсан учраас камерын бичлэг шүүлгэе гээд явах гэхэд зодох гээд дайраад, лифтнээс татаж буулгаад гар эвгүй болгосон. Тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлж чадаагүй. MRI-д үзүүлэх гэхээр оочир дараалал нь сарын дараа үзүүлэхээр, 300.000-400.000 төгрөгийг үнэтэй учир тухайн үед санхүүгийн байдал хүнд байсан учраас үзүүлж чадаагүй. Цагдаа дуудсан гэхэд яваад өгсөн байсан. Цагдаа ирэхээр нь машинаа үзүүлээд Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст очиж мэдүүлэг тайлбар өгсөн. Миний харж байгаагаар тухайн үед уурлаад уурандаа машиныг эвдсэн болов уу гэж бодож байна. гэсэн ;
3. Гэрч Х.Е мэдүүлэхдээ: Тухайн үед би намайг яагаад цагдаагаас асуугаад байгаа юм гэж асууж байсан. Би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байхад хажуу талын байцаагч нь байсан. Ц.Д надад хэлэхдээ толины жаахан асуудал байгаа юм очоод хэлээд өгчих гэсэн. гэсэн ;
4. Гэрч С.Бмэдүүлэхдээ: Тухайн өдөр цаг, хугацааг нь сайн санахгүй байна. Хэрэг болсон шөнийн маргааш өглөө 2022 оны 02 дугаар сарын 24-ний өглөө 07 цагийн үед ажилдаа ирээд ажилчидтайгаа ярилцаж сууж байтал хохирогч залуу орж ирээд миний машины толийг эвдсэн байна гэж хэлсэн. Бид нар өөрсдөө очиж үзэх ёстой байдаг. Хаана тийм болсон байна гээд очиж үзсэн. Машин дээр нь очоод үзэж байтал утас нь дуугараад “манайд хүн нь ирсэн байна, хоёулаа очъё гэж хэлэхээр нь очиход цоохор цамцтай залуу зогсож байсан. Тэгээд хоорондоо маргаан болсон. Цагдаа дуудна гэж хэлэхэд шүүгдэгч залуу буугаад явсан. Доош бууж камерын бичлэг үзсэн. гэсэн тус тус мэдүүлгийг гаргасан болно.
Хоёр. Эрүүгийн 2210000000373 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),
2. “Камерын бичлэгтэй 1 ширхэг дискийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тогтоол (хавтаст хэргийн 7 дахь тал),
3. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 82-86 дахь тал),
4. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн: “3 файл байх ба эхний 1 дэх Video-1645756272 дугаартай файлыг тоглуулахад 1 минутын бичлэг, баруун дээд буланд 2022.02.24 03:38 цаг гэж бичсэн байв. Бичлэгийг тоглуулахад В1 давхрын цахилгаан шат харагдах ба, бичлэгийн 00:20 секундэд улаан өнгийн куртиктэй саарал өнгийн өмдтэй хар өнгийн гуталтай Ц.Д цахилгаан шат руу орж байгаа бичлэг харагдана.
2 дахь video-1645756273 дугаартай файлыг тоглуулахад 00:23 секундийн бичлэг байх ба, тоглуулж эхлэхэд “_” хорооллын В-1 давхрын авто машины зогсоолд улаан өнгийн куртиктэй саарал өнгийн өмдтэй хар өнгийн гуталтай саравчтай малгай өмссөн Ц.Д явж байгаад 00:20 секундэд Ц.Д баруун гар тийш эргэж хохирогч С.Эын авто машины байрлаж байгаа хэсэг рүү явж байгаа харагдана.
3 дахь video-1645756634 дугаартай файлыг тоглуулахад 01:35 секундийн бичлэг байх ба тоглуулж эхлэхэд хохирогч С.Э гар утсаараа бичлэг хийж байхад Ц.Д хэл амаар доромжилж байгаа дүрс харагдана. 00:34 секундэд хохирогч Ц.Д цахилгаан шатанд суух үед ...С.Э Ц.Дийг гараараа татаж цахилгаан шатнаас буулгаж байгаа дүрс харагдана. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-12 дахь тал),
5. Хохирогч С.Эын мөрдөн шалгах ажиллагаанд:
2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 23-ны 19 цагийн орчимд би эхнэр С-ийн хамт танил эгч Н-ийн гэр Хан-Уул дүүргийн _ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” хорооллын _ тоот гэрт нь ирсэн. ...Би эхнэр С-н хамтаар Н эгчийн хүүхдийг аваад гэр лүү орсон чинь хүн байхгүй байсан. Бид гурав хоол унд хийж идээд, унтаж амрахаар болсон. Унтаж байсан чинь шөнө 00 цагийн орчимд гэрийн хаалга хүчтэй балбах чимээ гарсан, би хаалга тайлаагүй. Тэгтэл эхнэр бид хоёрын унтаж байсан өрөөний цонхыг хүчтэй цохиж хаалгаа тайл гэж орилсон. Эхнэр болон Нийн хүүхэд нь уйлаад байсан. Би хэн хаалга цонх балбаж байгааг мэдсэн бэ гэхээр Н эхнэрт хамтран амьдрагч залуугаасаа салж байгаа гэж хэлсэн. Хамтран амьдрагч залууг нь Ц.Д гэдэг. Би босоод хаалга тайлсан чинь Ц.Д нэлээн согтуу над руу агсарч, яагаад хаалга тайлахгүй байгаа юм, энэ миний гэр гээд надтай зодолдох гээд орилсон. Эхнэр болон бага насны хүүхдийг айлгаад байхаар нь би гэрээс гар гээд Ц.Дийг түлхэж гаргаад хаалгаа хаасан. Нэлээн хаалга балбаж байгаад явсан. Ингээд би эхнэр болон Нийн хүүхдийнхэн хамтаар унтсан. Өглөө 08 цагийн орчимд би гэрээс гараад тус байрны В-30 гэсэн авто машины зогсоол дээр очоод миний эзэмшлийнх гэсэн ч миний төрсөн ах О нэр дээр бүртгэлтэй байдаг _ УАА улсын дугаартай цэнхэр өнгийн “Тоёота Приус-20” маркийн авто машин дээр очсон чинь 2 толины зүүн толийг сууриар нь хугалж баруун толийг нь эргүүлж хөшиж, авто машины 2 талыг нь үзүүртэй зүйлээр зурж будгийг нь халцалж зурсан, урд копут дээр нь “А үсэг” бичсэн байхаар нь би камерын бичлэг шүүж үзэх гээд очсон чинь Ц.Д шөнө 03 цагийн орчимд надтай муудалцаад цахилгаан шатанд сууж доош В-1 давхар луу бууж миний авто машин байрлаж байсан авто зогсоол орчим руу чиглэж явж байгаа бичлэг байсан. Энэ бичлэгийг би ...бичиж аваад өөрийнхөө би гар утсаараа цагдаагийн байгууллагад дуудлага өгөх гэж байсан чинь эхнэр Сосорбурамаа залгаад Ц.Д гэрийн үүдэнд ирчхээд хаалга балбаад байна гэж хэлсэн. Би гэрийнхээ үүдэнд очсон чинь Ц.Д-ий архи гараагүй согтуу, орж амармаар байна, хаалгаа онгойлго гэж хэлэхээр нь “чи миний машиныг яагаад эвдэлж байгаа юм бэ” гэсэн чинь надаа хамаагүй камерын бичлэгээ шүүгээд цагдаагаар шийдүүлээрэй гэж хэлэх үед нь би гар утсаараа бичлэг хийсэн. Би явах гэтэл намайг явах үед явуулахгүй хэл амаар доромжилж гараас татаж миний зүүн мөрийг эвгүй болгоод намайг зодох гээд байсан. Би Ц.Д-д цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн гээд хэлсэн чинь Ц.Д гараад явсан. Би тэр үед цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд цагдаа хүлээгээд, гэртээ ороод байж байсан чинь цагдаа ирээд намайг хэлтэс дээр очиж өргөдөл бичиж өгөөрэй гэж хэлсэн. Би цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дэх тал),
-2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 24-ний шөнө 03 цагийн орчимд Ц.Д согтуу ирээд хаалга балбаад орох гэхэд нь би оруулаагүй. Яагаад гэхээр өмнөх өдөр нь Ц.Д эгчтэй маргалдаад гараад явсан байсан. Н эгч тэр өдөр гэртээ ирж хоноогүй учраас охин нь эхнэр бид хоёртой хамт унтаж байсан. Тэгээд оруулаагүй учраас надтай маргалдаад муудалцаад байсныг эхнэр Сосорбурамаа мэдэж байгаа. Хэрэг гардаг өдрийн өглөө 08 цагт Хан-Уул дүүргийн _ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах _ хорооллын В-1 давхрын авто машины зогсоол дээр очоод _ УАА улсын дугаартай цэнхэр өнгийн Тоёота Приус-20 маркийн авто машин дээр очсон чинь авто машиныг урд нүүрэн хэсэгт нь А үсэг зураад, хажуу тал болон зүүн талын толийг хугалсан байсан. Би тухайн хотхоны харуулыг дуудаад харуулын хамт байж байсан чинь эхнэр Сосорбурамаа над руу утсаар яриад Ц.Д гэрийн үүдэнд хаалга тогшоод байна гэж хэлсэн. Би эхнэртээ санаа зовоод, дээр нь миний авто машиныг Ц.Д эвдэлж зурсан учраас би түр амьдарч байсан гэрийнхээ үүдэнд харуул ахын хамтаар очсон. Ц.Д согтуу зогсож байсан, намайг гэр лүү оруул гэж хэлэхээр нь би гар утсаараа бичлэг хийсэн. Ц.Дд хандаж “чи яагаад миний авто машинд халдаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь мэдэхгүй, чи тэгээд яахын гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Надтай хамт байсан харуул бүгдийг мэдэж байгаа: Ингээд би харуулын хамтаар камер шүүх гээд харуулын байранд очоод өөрийн авто машин зогсож байгаа газар луу туссан камерыг шүүх гэсэн боловч ажиллахгүй бичлэг байхгүй байсан. Тэгээд хажуу ойр орчмын камерыг шүүж шалгасан чинь Ц.Д 02 дугаар сарын 24-ний шөнө 03 цаг 50 минутад тус хотхоны авто машины В1 давхрын авто машины зогсоолд миний авто машин зогсож байгаа газар луу чиглээд явж байгаа бичлэг байсан. Дээр нь Ц.Дтэй шөнө 03 цаг 40 минутад муудалцаад “зайл чамайг оруулахгүй” гээд гаргаад явуулсан чинь Ц.Д “чамайг ална” гээд орилоод хаалга балбаад байсан учраас Ц.Дөөс өөр хэн нэгэн хүн миний авто машиныг гэмтээж шаардлага байхгүй. Тухайн зогсоол бол Н эгчийг авто машины зогсоол байсан. Би хэн нэгэн хүний зогсоол дээр авто машинаа байрлуулаагүй. Дээр нь Ц.Д миний автомашин Н эгчийн автомашины зогсоол дээр байрлуулдаг гэдгийг мэддэг. _ УАА улсын дугаартай автомашин бол миний өөрийн эд хөрөнгө, _УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл төрсөн ах С.О нэр дээр байдаг. Ахын нэр дээр яагаад байдаг вэ гэхээр би өөрөө орон нутгийн харьяалалтай учраас хотын дугаар авахын тулд би ахын нэр дээр бүртгүүлсэн. Надаа одоо ч итгэмжлэх нь явж байна. Энэ автомашин миний өөрийн автомашин юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дэх тал),
6. Гэрч Т.С-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 24-ний шөнө би нөхөр С.Эын хамтаар танил эгч Н эгчийн гэр Хан-Уул дүүргийн _ дугаар хороон нутаг дэвсгэрт байрлах “_” хороолол 109 дүгээр байрны 1-С тоотод шөнө 03 цагийн орчимд байх, шөнө унтаж байсан чинь гэрийн хаалга чанга балбаад, хонх дараад байсан. Хаалга тайлахгүй байсан чинь нөхөр бид хоёрын унтдаг өрөөний цонхыг чанга тогшоод “С хаалга” гээд байхаар нь нөхөр босоод хаалга тайлж өгсөн. Ц.Д ...унтаж байсан өрөө лүү орж ирээд Н эгчийн хүүхдийг унтаж байсан чинь бос гээд өрөөндөө очиж унт гээд байсан. Тэгтэл нөхөр С.Э “чи согтуу байна, маргааш учраа ол, өрөөндөө ороод унт, О энэ өрөөндөө унтана” гэж хэлсэн. Н хаана байна гээд уурлаад хаашаа хэнтэй явсан юм гээд байсан чинь үүд рүү яваад гутлын тавиур дээр байсан нөхрийн автомашины болон гэрийн түлхүүрийг нь авах гэхэд нь нөхөр түлхүүр өгөхгүй яалаа гэж чамд түлхүүр өгөх юм нэг бол орж унт, эсвэл маргааш учраа ол Н эгч байхгүй байна гэж хэлээд хөөгөөд гаргасан. Ц.Д малгайгаа үлдээсэн байсан чинь хаалга цонх балбаад малгайгаа авна, үнэтэй малгай гээд байсан. Нөхөр цонхоор малгайг нь өгсөн чинь чамайг яахаа мэднэ, чамайг ална харж байгаарай, жоохон бацаан гэх мэтээр үг хэлээр доромжлоод орилоод байсан. 08 цагийн үед нөхөр машинаа гражид тавьсан гээд гараад явсан. ...Би санаа зовоод нөхөр С.Э руу залгаад Ц.Д үүдэнд байна гэж хэлсэн. Мөн Н эгчид болсон явдлыг хэлсэн. Би Н эгчийн хүүхдийг хүргэж өгөх гээд гараад явж байсан. Нөхөр харуул дагуулж орж ирээд Ц.Дтэй маргалдаад байсан. Би цааш гараад явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32 дахь тал),
7. Гэрч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...2021 оны 08 дугаар сараас хойш Ц.Д гэдэг залуутай танилцаад үерхэж найзалж нөхөрлөж байгаад миний амьдарч байгаа Хан-Уул дүүргийн _ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” хорооллын 1 давхарт байрлах _ тоотод 2021 оны 12 дугаараас хойш миний гэрт амьдарч байгаа. Миний гэрт ямар нэгэн хамаатан садан биш, танил дүү С.Э С-н хамтаар амьдардаг. Би 2022 оны 02 дугаар сарын 23-ны хүү О 5 настай Ц.Д нарын хамтаар байж байсан чинь миний хүүтэй их эвгүй харьцахаар нь “чи миний хүүтэй ингэж харьцаж болохгүй, ингэж байхаар чи миний гэрт байхаа боль, надтай уулзах гэж байгаа бол хоёулаа гадуур болзож байя, чиний байгаа байдал надаа таалагдахгүй байна, чи гэртээ бай, би гэртээ байна” гэж хэлсэн. Ц.Д “чи их сонин байна” гээд маргалдаад намайг гичий минь гэж хэлэхээр нь чи намайг тэгж хэлэх болоогүй шүү гэж маргалдаж эхэлсэн. Ц.Д аяга угааж байснаа над руу шидээд миний үснээс зулгаасан. Чи гараа тавихгүй бол цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн чинь Ц.Д гараа тавьчхаад би чамайг яагаа ч үгүй шүү гэж хэлээд хувцсаа өмсөөд гараад явсан Би тэр үед өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн учраас Ц.Дийг гараад явсны дараа цагдаа нар ирээд надтай уулзсан. Дахиад ирэхийн бол хэлээрэй гэж хэлсэн. Тэр үед Ц.Дий гар утас холбогдохгүй байсан. Тэр өдөр би найз нартайгаа уулзах гээд гараад явсны дараа дүү С.Э Сосорбурамын нар хөдөөнөөс ирээд байж байхад шөнө Ц.Д ирээд хаалга тогшсон чинь, С.Э хаалга тайлж өгөөд Ц.Д гэрт ороод миний 5 настай хүүг босгож ирээд хоёулаа унтлагын өрөөндөө орж унтах гэхээр нь С.Э Ц.Д “ахаа та согтуу байна, та өөрийг нь ирэхээр уулз” гэж хэлээд гэрээс түлхээд гаргаад явуулсан гэж хэлсэн. Ингээд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өглөө 07 цагийн орчимд С.Э ажилдаа явах гээд гэрээс гараад граж руу, ороод _ УАА улсын дугаартай цэнхэр өнгийн “Тоёота Приус-20” маркийн машины толийг нь хугалаад бүх талыг нь сэвтүүлсэн байсан гэж С.Э камерын бичлэг шүүсэн чинь Ц.Д С.Эын авто машин байгаа газар луу чиглээд явж байгаа бичлэг байсан. Ингээд дүү С.Э цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37 дахь тал),
8. Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 24-ний 07 цагийн орчимд өглөө би өөрийн ажиллаж байгаа Хан-Уул дүүргийн _ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” хорооллын харуулын байрандаа ирээд байж байсан. Гаднаас нэг залуу орж ирээд “ахаа миний зогсоол дээр байсан цэнхэр өнгийн Тоёота Приус-20 маркийн авто машины толийг хугалж хаалгыг нь зурсан байна” гэж надаа хэлсэн. Тэгээд би чиний авто машин хаана байрлаж байсан юм гэж хамт очиж үзье гээд V- 30 дугаартай авто машины зогсоол дээр очсон чинь _ УАА улсын дугаартай цэнхэр өнгийн Тоёота Приус-20 маркийн авто машины 2 толийг нь хугалсан байсан би тухайн залуугаас юу болоод яагаад ингэчхэв гэж асууж байсан чинь машины эзний гар утас дугараад утсаараа ярьж байснаа, ах нөгөө согтуу залуу ирсэн, хоёулаа хамт очих хэрэг байна гэж хэлээд 109 дүгээр байрны 1 давхрын С тоотод ирсэн чинь үл таних залуу зогсож байсан. Тэр залуу гэр лүүгээ орно гэж хэлсэн чинь машины эзэн залуу чамайг оруулахгүй гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Машины эзэн залуу чи миний машиныг яаж байгаа юм, толийг нь хугалаад гэж хэлсэн чинь үл таних залуу ямар нэгэн хариу хэлэхгүй согтуурхаад агсраад байсан. Машины эзэн залуу би цагдаа дуудна гэж хэлсэн чинь согтуу залуу гараад зугтаасан. Тэгээд машины эзэн залуу ахаа камер шүүж болох уу гэж хэлэхээр нь би болно гэж хэлээд бид 2 камер шүүж байсан чинь согтуу залуу цахилгаан шатанд суугаад В1 давхар луу буугаад зүүн гар тийш эргээд авто машины 2 урсгалтай төв замаар цааш алхаж яваад машины эзэн залуугийн зогсоол болох V дугаартай зогсоол руу явж байгаад андууд дэлгүүрийн эсрэг тал руу буюу машины эзэн залуугийн зогсож байсан авто зогсоол руу чиглэж явж байгаа бичлэг байсан. Тэгээд тухайн машин зогсож байгаа _ зогсоол руу харсан камерыг шүүх гэсэн боловч камер нь ажиллахгүй байсан. За за гээд гар утсан дээрээ бичээд ахаа та харсан шүү надтай маргалдаад байсан миний машин руу чиглээд явж байгаа биз дээ гэж хэлээд бичлэгийг гар утсаараа бичээд байсан. Тухайн согтуу авто машин байрлаж байгаа газар луу явах шаардлага байхгүй. Тэр зүгт ямар нэгэн дэлгүүр байхгүй. Гарах хаалга байхгүй байсан....” гэх мэдүүлэг гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-42 дахь тал),
9. Гэрч Х.Еийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: “...2022 оны 01 дүгээр сард би эхнэр хүүхдийнхээ хамтаар И март нэртэй дэлгүүрт явж байгаад Ц.Дтэй тааралдсан. Бид мэндлээд өнгөрсөн чинь Ц.Д намайг хаана амьдарч байгаа талаар асуусан. Би _ хороололд амьдарч байгаа гэж хэлсэн чинь манайх бас “_” хороололд амьдарч байгаа гэж хэлсэн. Би бусдаар байрны дугаар гэрийн тоотоо огт хэлээгүй. Миний хаана ямар ажил хийдэг талаар огт мэдэхгүй. Ц.Д над руу ямар шалтгаанаар залгасан талаар мэдэхгүй. Намайг цагдаагаас асуугаад байхаар нь би Ц.Дтэй фейсбүүкийн чатаар ямар шалтгаанаар цагдаагаас намайг асуугаад байгаа юм бэ, чи намайг юу гэж хэлсэн юм бэ гэж асуусан чинь Ц.Д эхнэртэйгээ маргалдаад эхнэрийн дүүгийн автомашины толийг жоохон асуудалтай болгосон. Чамд ямар ч хамаагүй гэж хэлэхээр нь надаа хамаагүй юм бол чи яагаад миний нэрийг хэлдэг юм бэ гэж асуусан чинь эхнэрийн дүүгийн автомашиныг толийг эвдлээд явж байхдаа камерт бичигдсэн учраас Х.Е ганц шил архи уух гээд явж байсан гэж цагдаад хэлсэн чинь чамайг асуусан байх гэж надаа хэлсэн. Эхнэртэйгээ маргалдаад эхнэрийн дүүгийнх нь автомашины толийг жоохон асуудалтай болгоод эвдэлсэн гэж хэлсэн. Миний амьдарч байгаа байр хэрэгт үзүүлж байгаа V зогсоолоос цааш К гэсэн зогсоолоор явж байгаад _ дугаар байр луу ордог. Намайг _ дугаар байранд амьдардгийг ч мэдэхгүй. “_” хороололд амьдардаг гэж л мэднэ. Цагдаа нар яах гэж тэнд явсан гэж хэлэхээр нь Х.Е уулзах гээд явж байсан гэж хэлсэн, чамд ямар ч хамаагүй гэж надад хэлж байсан. Ц.Д гэдэг залуутай уулзаагүй, архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Миний гэрийн хаягийг мэдэхгүй, надад хэлэхдээ _ дугаар камерт бичигдсэн учраас чамтай уулзах гээд явж байсан гээд цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө хэлсэн гэж надад хэлсэн Бусдаар Ц.Д гэдэг надтай хамааралгүй, найз нөхөд биш, зүс таних төдий фейсбүүкийн найзууд. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-47 дахь тал),
10. Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №902 дугаартай _ УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зурагдсан хохирлын зах зээлийн үнэлгээг 1,909,000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 54-61 дэх тал),
11. Шүүгдэгч Ц.Дий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар :
2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: ”... Эрх үүргээс асуух зүйл байхгүй. Би эрх үүргийг уншиж танилцсан. Би Монгол хэл бичгээр уншиж бичиж чадна. Би Прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хуульд зааснаар өмгөөлөгчтэй мэдүүлэгтэй мэдүүлэг өгнө...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дахь тал),
-2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “...Өмгөөлөгч намайг битгий мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн. Өмгөөлөгч маань өөрөө ажилтай байгаа учраас ирж амжихгүй байгаа. Би сэжигтнээр мэдүүлэхдээ үнэн зөвөөр бүгдийг мэдүүлсэн байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-76 дахь тал),
-2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 23-ны 13 цагийн орчимд найз охин Н хувийн асуудлаас болоод маргалдсан. Тэгээд би “_“ хорооллоос гараад “_”-ы 20 давхарт байрлах “_” нэртэй пабад хуурай ах Ц.Дий хамтаар орой 22 цаг хүртэл пиво ууж суусан. Манай найз Тэмүүлэн ирээд бид нар сууж байгаад Т хамтаар Хан-Уул дүүргийн _ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” бааранд орж үйлчлүүлсэн. Нэг шил Жим нэртэй архи ...ууж байгаад хэдэн цагт “_” баарнаас гарснаа санахгүй байна, Тэмүүлэн намайг такситай Хан-Уул дүүргийн _ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” хорооллын В1 давхарт орцны үүдэнд ирсэн байсан. Би цахилгаан шатанд суугаад 1-С тоот хаалгыг тогшсон. Тэр үед найз охин Н миний гар утасны дугаарыг блок хийсэн байсан учраас би ярьж чадахгүй байсан. Хаалга тогшсон чинь онгойлгохгүй байсан. Тэр үед Нийн танил дүү нөхрийнхөө хамтаар амьдардаг байсан. Хаалга тайлахгүй байсан учраас би 1 давхрын цонхыг тогшоод С.Эыг ахын дүү хаалга тайлаад өгөөч гэж хэлсэн чинь хаалга тайлсан. Би дотогшоо ороод унтлагын өрөө лүү орсон чинь найз охин Н байхгүй байсан. Би С.Эын унтлагын өрөө лүү ороод С.Эаас “эгч чинь хаана байгаа юм, ирээгүй байгаа юм уу” гэж асуусан чинь ирээгүй байна. Намайг чи одоо гар гэж хэлэхээр нь танай гэр юм уу яагаад намайг хөөгөөд байгаа юм гэж хэлсэн чинь намайг хүчээр хөөгөөд гаргасан. Би буцаад хаалга тогшсон чинь тайлж өгөөгүй. Тэгээд би тамхи татах гээд В1 давхар луу буусан чинь надаа тамхи байхгүй байсан. Тэгээд СU нэртэй дэлгүүр орж тамхи авсан. Тэгээд би найзууд руугаа залгасан чинь найз нар утсаа авахгүй байсан. Тэгээд би 7 хоногийн өмнө Е март дэлгүүрт явж байгаад найз Х.Е таараад, танайх хаана байгаа юм бэ гэж асуусан чинь манайх “_” хороололд байгаа гэж хэлж байсан. Би фейсбүүкийн чатаар Х.Е рүү залгасан чинь утсаа аваагүй, ингээд би Х.Еийн амьдардаг гэх _ дугаар байр луу явж байгаад Х.Е утсаа авахгүй байсан болохоор нь Төмөр зам руу яваад 02 дугаар 24-ний өглөө 08 цагт Н уулзах гээд гэрт нь очоод хаалгыг нь тогшсон чинь Нийн танил дүү СосорБ хаалга тайлснаа буцаагаад хаалга хаасан. Тэгтэл цахилгаан шатнаас С.Э хамгаалагчийн хамтаар гар утсаараа бичлэг хийгээд гарч ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-81 дэх тал),
12. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 89 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 93 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 91 дэх тал), эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 92 дахь тал), бакалаврын дипломын хуулбар (хавтаст хэргийн 94-95 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 101-102 дахь тал), ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолууд (хавтаст хэргийн 105-125 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Ц.Д нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний шөнө Хан-Уул дүүргийн _ дүгээр хороо, “_” хорооллын В1 давхрын 30 дугаартай зогсоолд байрлуулан тавьсан иргэн С.Эын өмчлөлийн _УАА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 2 талын толийг хугалж, кузовыг 2 талаар нь зурж гэмтээн 1.909.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, шүүгдэгч Ц.Дөөс 1.909.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай” гэсэн дүгнэлтийг ;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулгаас шүүгдэгчид холбогдох хэргийг цагаатгах саналтай оролцохоо илэрхийлж, хэлсэн санал, дүгнэлтдээ:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл дээрээ би урд шөнө Ц.Дтэй муудалцсан, Ц.Д миний машиныг эвдэлсэн” гэдгийг уг өргөдөл дээрээ бичсэн. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг барьсан, урьдчилсан байдлаар гэм бурууг нь тогтоох байдлаар Ц.Дийг буруутгаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүний жишээ гэрч Х.Е “энэ мэдүүлэг үнэн зөв” гэж байгаад “мөрдөн байцаагч “чи энэ хэргийг хийсэн гэж Ц.Д яриад байна” гэж байгаад мэдүүлэг авсан” гэж мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад төдийгүй шүүх хуралдааны өмнө хүртэл хэрэг шүүхэд ирчхээд байхад гэрчид мэдүүлгийн үнэн зөв байдлаа хангаарай гэж нөлөөлж байгаа байдал гаргасныг гэрч шүүхэд мэдүүлж байна. Яллаж байгаа 8 төрлийн нотлох баримт байгаа ба хохирогчийн мэдүүлэг сэжиглэл, таамаглал төдий, энэ нь өнөөдөр ч гэсэн сэжиглэл таамаглал төдий хэвээр байна. Энэ хэргийг шууд нотолсон нотлох баримтгүй байна. Мөн хохирогчийн эхнэрийн “Ц.Дтэй маргалдсан нэг нэгнийгээ ална гэж хэлсэн” гэдэг мэдүүлэг, хэргийн нөхцөл байдлыг мэдэхгүй Н гэж хүний мэдүүлэг, гэрч С.Б“энэ согтуу залуу машин байрлаж байгаа газар руу явах ямар ч шаардлага байхгүй, тэр зүгт дэлгүүр, гарах хаалга байхгүй” гэж мэдүүлж байсан бол өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт “гарц байгаа, уг _ байр нэг зогсоолтой, байрууд нь холбогдсон гарцтай” гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг нь өөрчлөгдсөн. Гэрч Х.Е шүүхийн хэлэлцүүлэгт “сайн санахгүй байна” гэдгээр мэдүүлгээ дуусгасан. Хэрэв сайн санахгүй байсан бол “сайн санахгүй байна” гэдгээр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөх байсан боловч мөрдөгч хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж мэдүүлэг авсан нөхцөл байдал байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Дараагийн нотлох баримт бол хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл уг нотлох баримтаар хэрэг гарсан гэдэг нь нотлогдож байгаа боловч Ц.Дийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэх хурууны хээ, ул мөр, энэ гэмт хэргийг үйлдсэн гэх зэвсэг олдоогүй. Хохирогчийг ямар автомашинтайг нь мэдээгүй, мэдэх боломжгүй нөхцөл байдал байсан. Хохирогч хоёр автомашинтай, ихэвчлэн гадаа зогсоодог гэж мэдүүлдэг. Ц.Д зогсоолын байршлыг мэддэг байснаараа өнөөдөр гэмт хэрэгтэн болох үндэслэл байхгүй. Тухайн шөнө С.Этай маргасан гэдгээр эд хөрөнгө устгасан, гэмтээсэн хэргийн хэрэгтэн болох үндэслэлгүй. Х.Е рүү холбогдож ийм гэмт хэрэгт холбогдсон талаараа хэлсэн нь энэ гэмт хэргийг үйлдсэн гэж нотлох баримт болохгүй. Ийм учраас шүүгдэгч эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэдгийг нотлох байхгүй. Тухайн зүг рүү явж байсан камерын бичлэг байснаараа энэ хүн тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй. Ц.Дий хувийн байдлыг тогтоосон баримтууд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж ял шийтгүүлж байсан нөхцөл байдал байдаг боловч миний үйлчлүүлэгчийн холбогдсон гэмт хэрэг хөнгөн ангиллын, ялын сонголттой гэмт хэрэг, үйлдсэн бол маргах шаардлагагүй гэж илэрхийлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “хэргийн бодит байдлыг бүрэн эргэлзээгүй тогтоох” зарчим энэ хэрэг хангагдаагүй, нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй, гэмт хэргийг хэн, яаж үйлдсэн гэдэг тогтоогдоогүй. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх нотлох баримтын хүрэлцээ хангалттай байсан байж болох юм. Гэхдээ гэмт хэргийг үйлдсэн гэдэг хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл эргэлзээтэй нөхцөл байдлыг үгүйсгэсэн баримт байхгүй байна. Өнөөдрийг хүртэл эргэлзээтэй нөхцөл байдалтай байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ байгаа бол эргэлзээг няцаах ёстой, няцааж чадахгүй бол цагаатгах ёстой. Хэргийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах боломж байгаа боловч энэ хэрэг нэмж хийлгэх ажиллагаа байхгүй. Миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлгүй, шүүгдэгч үйлдсэн гэх үндэслэл байхгүй. Улсын яллагчийн яллах талын нотлох баримтууд, мөрдөн шалгах ажиллагаагаар энэ хоёр хүний хооронд таарамжгүй харилцаа, маргаан үүссэн нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байгаа болохоос өмчлөлийн эд хөрөнгийг устгасан гэмтээсэн, үйл баримт тодорхой баримтаар тогтоогдохгүй байна, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж гаргасан мэтгэлцэв. Шүүгдэгч мөн гэм бурууд маргасан.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Ц.Д нь Хан-Уул дүүргийн _ дүгээр хороо, “_” хорооллын В1 давхарт 2022 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө согтуурсан үедээ 30 дугаартай авто зогсоолд байсан иргэн С.Эын өмчлөлийн _ УАА улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгслийн 2 талын толийг хугалж, кузовыг хоёр талаар нь зурж 1,909,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),
-“Камерын бичлэгтэй 1 ширхэг дискийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тогтоол (хавтаст хэргийн 7 дахь тал),
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 82-86 дахь тал),
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-12 дахь тал),
-Хохирогч С.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 23-ны шөнө 00 цагийн орчимд гэрийн хаалга хүчтэй балбах чимээ гарсан. ...хаалга тайлсан чинь Ц.Д нэлээн согтуу над руу агсарч яагаад хаалга тайлахгүй байгаа юм энэ миний гэр гээд надтай зодолдох гээд орилоод эхнэр болон бага насны хүүхдийг айлгаад байхаар нь би гэрээс гар гээд Ц.Дийг түлхэж гаргаад хаалгаа хаасан. ...өглөө 08 цагийн орчимд би гэрээс гараад тус байрны В30 гэсэн авто машины зогсоол дээр ..._УАА улсын дугаартай цэнхэр өнгийн Тоёота Приус-20 маркийн авто машин дээр очсон чинь 2 толины зүүн толийг сууриар нь хугалж баруун толийг нь эргүүлж хөшиж авто машины 2 талыг нь үзүүртэй зүйлээр зурж будгийг нь халцалж зурсан урд копут дээр нь А үсэг бичсэн байхаар нь би камерын бичлэг шүүж үзэх гээд очсон. Ц.Д нь шөнө 03 цагийн орчимд надтай муудалцаад цахилгаан шатанд сууж доош В1 давхар луу бууж миний авто машин байрлаж байсан авто зогсоол орчим руу чиглэж явж байгаа бичлэг байсан. ...Ц.Дд чи миний машиныг яагаад эвдэлж байгаа юм бэ гэж хэлсэн чинь надаа хамаагүй камерын бичлэгээ шүүгээд цагдаагаар шийдүүлээрэй гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дэх тал) болон 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дэх тал), шүүх хуралдаанд оролцож өгсөн мэдүүлэг,
-Гэрч Т.СосорБгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 24-ний шөнө ...Хан-Уул дүүргийн _ дугаар хороон нутаг дэвсгэрт байрлах _ хороолол 109 дүгээр байрны 1с тоотод шөнө 03 цагийн орчимд байх, ...хаалга чанга балбаад мөн хонх дараад ...хаалга тайлж өгсөн чинь Ц.Дөө ...байсан. Тэгтэл нөхөр С.Э чи согтуу байна, маргааш учраа ол гээд ...хөөгөөд гаргасан. ...Ингээд үүрээр 08 цагийн үед нөхөр машинаа гражид тавьсан гээд гараад явсан, ...Нөхөр харуул дагуулж орж ирээд Ц.Дтэй маргалдаад байсан. ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32 дахь тал),
-Гэрч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сараас хойш Ц.Д гэдэг залуутай танилцаад үерхэж найзалж нөхөрлөж байгаад миний амьдарч байгаа Хан-Уул дүүргийн _ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах _ хорооллын 1 давхарт байрлах С тоотод 2021 оны 12 дугаараас хойш миний гэрт амьдарч байгаа. ...Тэр өдөр ...дүү С.Э Сосорбурамын нар хөдөөнөөс ирээд байж байхад шөнө Ц.Д ирээд хаалга тогшсон, С.Э хаалга тайлж өгөөд ....С.Э Ц.Д ахаа та согтуу байна та өөрийг нь ирэхээр уулз гэж хэлээд гэрээс түлхээд гаргаад явуулсан гэж хэлсэн. ...2022 оны 02 дугаар сарын 24-ний өглөө 07 цагийн орчимд С.Э ажилдаа явах гээд гэрээс гараад граж руу, ороод _УАА улсын дугаартай цэнхэр өнгийн Тоёота Приус-20 маркийн машины толийг нь хугалаад бүх талыг нь сэвтүүлсэн байсан гэж С.Э камерын бичлэг шүүсэн чинь Ц.Д С.Эын авто машин байгаа газар луу чиглээд явж байгаа бичлэг байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37 дахь тал),
-Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 24-ний 07 цагийн орчимд ...Хан-Уул дүүргийн _ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах _ хорооллын харуулын байранд ...нэг залуу орж ирээд ахаа ...Тоёота Приус-20 маркийн авто машины толийг хугалж хаалгыг нь зурсан байна гэж хэлсэн. ...зогсоол дээр очсон чинь _УАА улсын дугаартай цэнхэр өнгийн Тоёота Приус-20 маркийн авто машины 2 толийг нь хугалсан байсан. ...109 дүгээр байрны 1 давхрын С тоотод ирсэн чинь үл таних залуу зогсож байсан. ...Машины эзэн залуу чи миний машиныг яаж байгаа юм толийг нь хугалаад гэж хэлсэн чинь үл таних залуу ямар нэгэн хариу хэлэхгүй согтуурхаад агсраад байсан. ...бид 2 камер шүүж байсан чинь согтуу залуу цахилгаан шатанд суугаад В1 давхар луу буугаад зүүн гар тийш эргээд авто машины 2 урсгалтай төв замаар цааш алхаж яваад машины эзэн залуугийн зогсоол болох V дугаартай зогсоол руу явж байгаад андууд дэлгүүрийн эсрэг тал руу буюу машины эзэн залуугийн зогсож байсан авто зогсоол руу чиглэж явж байгаа бичлэг байсан. ...Тухайн согтуу авто машин байрлаж байгаа газар луу явах шаардлага байхгүй. Тэр зүгт ямар нэгэн дэлгүүр байхгүй. Гарах хаалга байхгүй байсан....” гэх мэдүүлэг гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-42 дахь тал),
-Гэрч Х.Еийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг цагдаагаас асуугаад байхаар нь би Ц.Дтэй фейсбүүкийн чатаар ...чи намайг юу гэж хэлсэн юм бэ гэж асуусан чинь Ц.Д “эхнэртэйгээ маргалдаад эхнэрийн дүүгийн авто машины толийг жоохон асуудалтай болгосон. ...эхнэрийн дүүгийн авто машиныг толийг эвдлээд явж байхдаа камер бичигдсэн урчаас Х.Е ганц шил архи уух гээд явж байсан гэж цагдаад хэлсэн чинь чамайг асуусан байх гэж хэлсэн. ...эхнэртэйгээ маргалдаад эхнэрийн дүүгийнхэн авто машины толийг жоохон асуудалтай болгоод эвдэлсэн гэж хэлсэн. Миний амьдарч байгаа байр хэрэгт үзүүлж байгаа V зогсоолоос цааш К гэсэн зогсоолоор явж байгаад _ дугаар байр луу ордог. Намайг _ дугаар байранд амьдардгийг ч мэдэхгүй. ...Цагдаа нар яах гэж тэнд явсан гэж хэлэхээр нь Х.Е уулзах гээд явж байсан гэж хэлсэн, чамд ямар ч хамаагүй гэж хэлж байсан. Ц.Д гэдэг залуутай уулзаагүй архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Миний гэрийн хаягийг мэдэхгүй надаа хэлэхдээ _ дугаар камерт бичигдсэн учраас чамтай уулзах гээд явж байсан гээд цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө хэлсэн гэж надад хэлсэн: ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-47 дахь тал),
-Хас үнэлгээ ХХК-н 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 902 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 54-61 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм бурууд маргаж, өмгөөлөгчөөс цагаатгах саналтай оролцож, шүүгдэгч, хохирогч нар маргасан шалтгаанаар хохирогчийн таамаг төдий мэдүүлэгт үндэслэсэн нь үндэслэлгүй, хэргийг нотолсон баримтгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх асуудлууд байхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлт гаргаж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй.
Хэрэгт болон шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч Ц.Д, гэрч Ц.Н нар Хан-Уул дүүргийн _ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” хорооллын 1 давхарт байрлах С тоотод, тухайн тоотод мөн хохирогч С.Э эхнэрийн хамтаар амьдарч байсан байх ба 2022 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Ц.Д согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирж, улмаар С.Этай маргалдаж, хохирогч түүнийг хөөж гаргасан, үүний дараа, маргааш өглөө нь хохирогч С.Э В1 давхрын 30 дугаартай зогсоолд байрлуулсан _ УАА улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгсэл дээр очиход түүний машины 2 талын толийг хугалж, кузовыг 2 талаар нь зурж гэмтээсэн үйл баримт тогтоогдсон байна.
Улмаар тухайн зогсоолын хяналтын камерын бичлэгээр “_” хорооллын В-1 давхрын авто машины зогсоолд улаан өнгийн куртиктэй саарал өнгийн өмдтэй хар өнгийн гуталтай саравчтай малгай өмссөн Ц.Д явж байгаад 00:20 секундэд Ц.Д баруун гар тийш эргэж хохирогч С.Эын авто машины байрлаж байгаа хэсэг рүү явж байгаа бичлэг бичигдсэн байна. (хавтаст хэргийн 9-12 дахь тал).
Үүнийг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс камерын бичлэг байснаараа гэмт хэргийг нотолсон гэж үзэхгүй, хохирогчийн автомашины зогсоолыг Ц.Д мэдэхгүй, мэдэх боломжгүй, харин шүүгдэгчээс “камерын бичлэгт бичигдсэн үйл явцыг гэрч Х.Еийн _ дугаар байр уу явж байсан, CU дэлгүүр орсон” гэж тайлбарлаж байх боловч тус үндэслэл тогтоогдоогүй. Харин эсрэгээрээ тодруулбал хохирогч С.Э Ц.Нийн эзэмшлийн зогсоолд тээврийн хэрэгслийг байрлуулсан, уг автомашины зогсоолыг Ц.Д мэддэг талаар, тэдний хооронд маргаан болсны дараа Ц.Дөөс “чамайг ална, харнаа” гээд гэж заналхийлж байсан талаар мэдүүлсэн, мөн гэрч С.Болдоос ...Тухайн согтуу авто машин байрлаж байгаа газар луу явах шаардлага байхгүй. Тэр зүгт ямар нэгэн дэлгүүр байхгүй. Гарах хаалга байхгүй байсан. ... гэж, гэрч Х.Еээс “Ц.Д ...эхнэрийн дүүгийн авто машиныг толийг эвдлээд явж байхдаа камер бичигдсэн урчаас Х.Е ганц шил архи уух гээд явж байсан гэж цагдаад хэлсэн. ...эхнэртэйгээ маргалдаад эхнэрийн дүүгийнхэн авто машины толийг жоохон асуудалтай болгоод эвдэлсэн гэж хэлсэн. Би Ц.Дд “_” хороололд байдаг талаар хэлсэн, харин байрыг мэдэхгүй. ..Ц.Д гэдэг залуутай уулзаагүй архи согтууруулах ундаа хэрэглээгүй” гэж мэдүүлсэн зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж, няцаагдаж байна. Мөн Ц.Д нь хохирогчийн тээврийн хэрэгслийг гэмтээсэн талаар гэрч Х.Ет хэлсэн талаар тус гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд хууль сануулж авсан уг мэдүүлгийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй.
Нөгөө талаас хэрэг үйл явдлын дараах камерын бичлэгт шүүгдэгч Ц.Дөөс өөр хүн тухайн шөнө зогсоолд ирсэн, гарсан, үйлдэл хийсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагч, шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугүйгээ нотлох үүрэг хүлээхгүй онцгой эрхтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол гэм буруугийн санаатай хэлбэр болох талаар хуульчилсан.
“Эд хөрөнгө гэмтээх хууль зүйн ойлголт нь эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг ойлгоно.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.Д хохирогчийн зогсоолд байрлуулсан _ УАА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг чиглэж очсон, хохирогч С.Эын өмчлөлийн тээврийн хэрэгсэлд хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр 1,909,000 төгрөгийн хохирол учирсан, уг хохирол, шүүгдэгчийн үйлдэл хооронд шалтгаан холбоотой байх бөгөөд шүүгдэгч Ц.Дий хохирогчийн эд хөрөнгөд халдсан үйлдэл идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч С.Эын эд хөрөнгөд хохирол учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулсанд тооцно.
Бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирснаар уг гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүний шинжийг агуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан бөгөөд шүүгдэгч хохирогчийн эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Харин _ УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бичиг баримтаар С.О нэр дээр бүртгэлтэй байх боловч, хохирогч С.Эаас “...би өөрөө орон нутгийн харьяалалтай учраас хотын дугаар авахын тулд би ахын нэр дээр бүртгүүлсэн. Энэ автомашин миний өөрийн автомашин юм. ...” гэж мэдүүлсэн, хөрөнгийг шууд эзэмшигч С.Э байх тул тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж үзэж, түүнийг хохирогчоор тогтоосныг буруу гэж үзэхгүй.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Дийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Шүүгдэгч Ц.Д нь Бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Эад хөрөнгийн үнэлгээний тогтоогдсон үнэлгээгээр 1,909,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд шинжээчийн ажлын хөлсөнд 96.000 төгрөг төлсөн байх бөгөөд нийт 2.005.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч С.Эад олгох үндэстэй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Ц.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулгаас “цагаатгах байр суурьтай оролцсон тул тусгайлан гаргах саналгүй. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч ажил хийдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас торгох ялын санал хэлэх боломжгүй, ялын хэмжээний хувьд хэлэх зүйл байхгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. Шүүгдэгч ялын саналыг зөвшөөрөхгүй” гэсэн тайлбарыг гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоол зэргээр 2010, 2015, 2017 онуудад ял шийтгэгдэж байсан, сүүлд 2019 онд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон боловч тухай хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, нэмж нэгтгэх ялгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч Ц.Дийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, нөгөө талаас шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
-шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тус хэрэгт баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Дийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дийг 600 (зургаан зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-өөс 2.005.000 (хоёр сая таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.Эад олгосугай.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН