| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 181/2016/01208/и |
| Дугаар | 486 |
| Огноо | 2017-02-15 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 486
МАГАДЛАЛ
2017.02.15 Дугаар 486 Улаанбаатар хот
“Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2016/01208 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох,
16.813.022 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нямдулам, Б.Билгүүн нарын гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Сансар-Од,
Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Энхчулуун,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Зам, тээврийн яамны захиалгаар 2010 онд Өндөрхаан-Чойбалсан IV ээлжийн 37.0 км (Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн IV ээлжийн 27.7 км авто зам) авто замын инженерийн нарийвчилсан зураг төслийг боловсруулан хүлээлгэн өгсөн. Иймд энэхүү төслийн зураг төсөл зохиогч байгууллага юм. Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хавсралт болох “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтанд оруулах дүрэм”-ийн 4.6-д заасны дагуу замыг ашиглалтанд өгөхөд зайлшгүй зохиогчийн дүгнэлт гаргуулсан байна. Мөн дүрмийн 1.1-д замын барилгын ажлын явцад зураг төсөл зохиогч зохиогчийн хяналт тавих үүрэгтэйг тус тус заасан байдаг. Барилга хот байгуулалтын Сайдын 2015 оны 185-р тушаалын хавсралт болох БНбД 11-04-15-д Захиалагч, зураг төсөл зохиогч, барилга угсралтын ажлын гүйцэтгэгч тэдгээрийн эрх үүрэг, зохиогчийн хяналт, дүгнэлт, үнэлгээ хийх зэрэг харилцааг зохицуулах тухай тусгагдсан бөгөөд энэхүү дүрмийг баримтлан зохиогчийн хяналтын дүгнэлтийг гаргадаг.
Зам, тээврийн яам болон барилгын гүйцэтгэгч “Гашууны гол” ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 212 тоот албан бичгээр зохиогчийн хяналт хийлгүүлж, дүгнэлт гаргуулах захиалга ирүүлсэн. Үүний дагуу “Эм Си Пи Си Жи Ap” XXK зохиогчийн хяналтын ажлыг хийж, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 355/14 тоот албан бичгээр захиалагчид дүгнэлтийг хүргүүлж, улмаар 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 353/14 тоот албан бичгээр санхүүжилтийг хүссэн боловч, ямар нэгэн шалтгаангүйгээр өнөөдрийг хүртэл олгогдоогүй байна.
Бид дүгнэлт гаргаж хүргүүлсэнээр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн IV ээлжийн 27.7 км улсын чанартай авто зам 2014 онд албан ёсоор ашиглалтанд орж, улсын комисс хүлээн авсан юм. Мэдээллээр Зам, тээврийн яамны 2015 оны 10 дугаар сарын 04/4309 тоот албан бичгээр Сангийн яаманд зохиогчийн хяналтын зардлын эрх нээлгүүлэх тухай хүргэгдсэн байдаг.
Иймээс дахин санхүүжилт хүсэж, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16/16 тоот албан бичиг явуулсан. Мөн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/16 тоот албан бичгээр нэхэмжилж, улмаар захиалагчийн хүсэлтээр 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 143/16 тоот албан бичгээр гэрээний төслийг хүргүүлсэн боловч, ямар нэгэн шалтгаангүйгээр гэрээ өнөөдрийг хүртэл байгуулагдаагүй. Хамгийн сүүлд буюу 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 169/1-6 тоотоор захиалагчид санхүүжилтын тухай албан бичиг хүргүүлээд байна.
Бид өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ нэгэнт Төрийн захиргааны төв байгууллагад хүлээлгэн өгч, захиалагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн. Харамсалтай нь захиалагчийн зүгээс өнөөдрийг хүртэл бидний гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг олгохгүй чирэгдүүлсээр байгаа тул бид арга шүүхэд хандаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Эм Си Пи Си Жи Ap” ХХК нь нэхэмжлэлдээ дурдахдаа “Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 185-р тушаалын хавсралт болох БНбД 11-04-15-д “Захиалагч, зураг төсөл зохиогч, барилга угсралтын ажлын гүйцэтгэгч тэдгээрийн эрх үүрэг, зохиогчийн хяналт, дүгнэлт, үнэлгээ хийх зэрэг харилцааг зохицуулах замын барилгын ажлын явцад зураг төсөл зохиогч зохиогчийн хяналт тавих үүрэгтэй гэж заасан бөгөөд уг дүрмийг баримталж зохиогчийн хяналтыг хийсэн” гэжээ.
Гэтэл нэхэмжлэгч талын маргаж буй үйл явдал 2014 онд болсон болох нь нэхэмжлэлийн үндэслэлдээ “Зохиогчийн хяналтын ажлыг “Эм Си Пи Си Жи Ар” ...ХХК 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 264/14 тоот албан бичгээр захиалагчид дүгнэлтийг хүргүүлсэн” гэснээр нотлогдож байна. Үндэслэл болгож буй Барилга, хот байгуулалтын сайдын “Барилгын норм ба дүрэм шинэчлэн батлах тушаалын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 185 дугаар тушаал нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр батлагдаж мөн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдсан “...2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 264/14 тоот албан бичгээр захиалагчид дүгнэлтийг хүргүүлсэн” гэсэн нь үндэслэл болгож буй Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 185 дугаар тушаал хүчин төгөлдөр болохоос өмнө болсон гэдгийг нотолж байх бөгөөд энз нь хууль зүйн үндэслзлгүй болохыг нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлдээ тодорхой заажээ.
Харин Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 185 дугаар тушаал батлагдахаас өмнө Зураг төсөл зохиогч барилгын ажилд хяналт тавихтай холбоотой харилцааг Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 196 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм”-ээр зохицуулж ирсэн.
Ийнхүү “Эм Си Пи Си Жи Ap” ХХК нь Зам, тээврийн яам /хуучнаар/-тай гэрээ байгуулаагүй нь Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 196 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм”-ийн 1.9-7 “Зохиогчийн хяналтыг барилгын захиалагч, зураг төслийн байгууллагын хооронд аж ахуйн гэрээ байгуулах үндсэн дээр хийнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.
Мөн нэхэмжлэлдээ “Гашууны гол” ХХК-ийн 2014 оны 212 тоот албан бичгээр зохиогчийн хяналт хийлгүүлж, дүгнэлт гаргуулах захиалга ирүүлсний дагуу тус компани нь зохиогчийн хяналтыг хийсэн гэжээ.
Энэ нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3-р зүйлийн 3.5-д Яамыг гадаад, дотоодод Монгол Улсын сайд, хуульд өөреөр заагаагүй бол түүний даалгаснаар болон өөрийн эрх хэмжээний асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга төлөөлнө.” гэж зааснаар яамыг төлөөлөх эрх бүхий этгээд явуулаагүй буюу зохиогчийн хяналт хийх хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолж байна.
Иймд “Эм Си Пи Си Жи Ар” XXК болон Зам, тээврийн яам /хуучнаар/-ны Төрийн нарийн бичгийн даргын хооронд гэрээ байгуулаагүй нь Иргэний хуулийн 196-р зүйлийн 196.1 дэх хэсгийн 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хулээн авснаар гэрээ хүчин төгөлдөр байна” гэсэн заалтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ “Бид өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ нэгэнт Төрийн захиргааны төв байгууллагад хүлээлгэн өгч, захиалагчийн өмнө хулээсэн үүргээ биелүүлсэн гэжээ.
Энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын ур дунг хулээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх уургийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу харилцан тохиролцож эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан баримт бичиг үйлдэгдээгүйгээр хууль зүйн үндэслэлгүй болох нь нотлогдож байна
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 16 813 022 төгрөгийг хэрхэн тооцож гаргасан, ямар баримт бичгийг үндэслэн шаардаж байгааг нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаагүй нь Иргэний хуулийн 344-р зүйлийн 344.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиропцон тодорхойлно.” гэж заасны дагуу тохиролцож тодорхойлоогүй болохыг нотолж байгаагаар уг хуулийн заалт зөрчигдсен байна.
Иймд Иргэний хуулийн холбогдох заалтууд, Монгол Улсын яамиы эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалт болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 185-р тушаалын хавсралтаар батлагдсан “Барилгын ажпын явцад зохиогчийн хяналт тавих дүрэм”-ийн дээр дурдсан холбогдох заалтууд зөрчигдсөн байх тул “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн шаардаж буй 16 813 022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2 дахь хэсгийн 115.2.3-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Зам, Тээврийн хөгжлийн яамнаас 16 813 022 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Зам, Тээврийн хөгжлийн яамнаас 242 015 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нямдулам, Б.Билгүүн нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
1. Зураг төсөл зохиогчийн хяналтын дүгнэлт нь барилгын ажлын явцад хяналт хийсний үндсэн дээр гаргадаг дүгнэлт бөгөөд барилгын ажил эхлэхэд гэрээ байгуулан ямар төрлийн хяналт тавих, ажлын хөлс хэдэн төгрөг байх зэрэг үнэ хөлсийг Захиалагчтай тохироогүй нь Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм”-ийн 1.9-т “Зохиогчийн хяналтыг барилгын захиалагч, зураг төслийн байгууллагын хооронд аж ахуйн гэрээ байгуулах ундсэн дээр хийнэ.”, 5.1-т “Зураг төсөл зохиогчийн хяналт гуйцэтгэгчийн ажлын унэлгээг энэ дурмийн 2.2-т заасан хэлбэрээс хамааруулан захиалагчтай зөвшилцөж тогтооно.” Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрэм”-ийн 2.1-т “Зураг төсөл зохиогч барилгын захиалагчтай гэрээ байгуулан барилгын ажилд зохиогчийн хяналт тавина.” гэж заасныг “Эм Си Пи Си Жи Ар” ХХК зөрчсөн байтал Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт дурдаагүй нь 118 дугаар зүйлийн 118.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шуух хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит ундэслэл, түүнийг шуухээс хэрхэн унэлж байгаа тухай заана.” гэж заасныг шүүгч зөрчсөн байна.
2. Мөн Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-нд ажил гүйцэтгүүлэхээр ямар нэг байдлаар хүсэл зоригоо илэрхийлсэн зүйл байхгүй бөгөөд “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн зүгээс зардлын тооцоо, гэрээний төсөл зэргийг зохиогчийн хяналтын дүгнэлт гаргахаас өмнө болон зохиогчийн хяналт хийх явцад Захиалагчийн төлөөлөх эрх бүхий этгээд /Төрийн нарийн бичгийн дарга/-д хандаагүй бөгөөд үнэ хөлсний талаар Захиалагчтай нь тохироогүй нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д “Яамыг гадаад, дотоодод Монгол Улсын сайд, хуульд өөрөөр заагаагуй бол тууний даалгаснаар болон өөрийн эрх хэмжээний асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга төлөөлнө”., Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Энэ хуулийн 4.1.1-д заасан захиалагчийг төлөөлж төсвийн ерөнхий менежер /Төрийн нарийн бичгийн дарга/, 4.1.2-т заасан захиалагчийг төлөөлж гүйцэтгэх захирал энэ хуулийн 46.1-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.” гэж заасантай нийцэхгүй байна.
Барилгын ажлын зураг төсөл зохиох, барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх, зураг төсөл зохиогчийн хяналтын дүгнэлт гаргах зэрэг нь цогц ажиллагаа бөгөөд “Эм Си Пи Си Жи Ар” ХХК нь Өндөрхаан-Чойбалсан IV ээлжийн 27.7 км улсын чанартайавто замын зураг төсөл зохиогчийн хяналтын дүгнэлт гаргасан нь Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм”-ийн 1.9-т “Зохиогчийн хяналтыг барилгын захиалагч, зураг төслийн байгууллагын хооронд аж ахуйн гэрээ байгуулах ундсэн дээр хийнэ.”, 5.1-т “Зураг төсөл зохиогчийн хяналт гуйцэтгэгчийн ажлын унэлгээг энэ дурмийн 2.2-т заасан хэлбэрээс хамааруулан захиалагчтай зөвшилцөж тогтооно.” Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрэм”-ийн 2.1-т “Зураг төсөл зохиогч барилгын захиалагчтай гэрээ байгуулан барилгын ажилд зохиогчийн хяналт тавина.” гэж заасныг зөрчсөн байна.
Дээр дурдсанчлан зохиогчийн хяналтын дүгнэлт нь барилгын ажлын явцад хяналт тавьсны үндсэн дээр хийгддэг ажиллагаа бөгөөд нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК нь Өндөрхаан-Чойбалсан IV ээлжийн 27.7 км улсын чанартай авто замын барилгын ажил эхлэхэд Захиалагчтай барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийж гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, ажлын хөлс, зардал зэргийг тохироогүй байж зохиогчийн хяналтын дүгнэлт гаргасан нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэх, зураг төсөл зохиогч, хөрөнгө оруулагчаас чанарын хяналт тавих, худалдан борлуулахтай холбогдсон ажиллагааг гэрээгүйгээр гүйцэтгэхийг хориглоно.” гэж заасныг “Эм Си Пи Си Жи Ар” ХХК зөрчсөн байна.
Иймд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, Төрийн болон орон нуттийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 болон Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 196 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрэм”-ийн дээр дурдсан холбогдох заалтууд зөрчигдсөн байх тул “Эм Си Пи Си Жи Ар ХХК-ийн шаардаж буй 16.813.022 төгрөгийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК нь хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 4 дүгээр ээлжийн 27,7 км авто замын барилгын ажилд зохиогчийн хяналтын ажлын хөлс 16 813 022 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч гэрээ байгуулагдаагүй гэсэн үндэслэл заан маргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл буюу хийсэн ажлын хөлсийг хариуцагчаас шаардсан гэж үзэхээр байна.
Ажлын хөлсийг шаардах эрхийн тухайд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх, гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг хийж, үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн нөхцөл байдал тогтоогдсон байх учиртай.
Талуудын хооронд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 4 дүгээр ээлжийн 27,7 км авто замын барилгын ажилд зохиогчийн хяналтын ажил гүйцэтгэхтэй холбоотой эрх, үүрэг үүсгэсэн хэлцэл хийгдсэн талаар баримт нэхэмжлэгчийн хэрэгт гаргаж өгсөн зохиогчийн хяналт дүгнэлтийг хариуцагч байгууллагын захиалгаар гүйцэтгэсэн гэж үзэх баримт хэрэгт байхгүй байна.
“Гашууны гол” ХХК-иас 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 212 тоот албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн хүсэлтийг үндэслэн зохиогчийн хяналт хийж, тодорхойлолт гаргасан нь зохигчдын хэн алины тайлбарт дурдагдсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар хэргийн нотлох баримт болно.
Иймд нэхэмжлэгч компанийг хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамны захиалгаар зохиогчийн хяналт дүгнэлт гаргасан гэж үзэхгүй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгчээс тодруулаагүйгээс гадна хэргийн 27 дугаар хуудаст авагдсан баримтад байгаа 16 813 022 төгрөгийг зохиогчийн хяналтын ажилд нэхэмжлэгчээс гарсан зардал гэж үзсэн, нэхэмжлэлийн үнийн дүнг нотлох өөр баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч мөнгөн дүнгийн талаар маргаантай байхад “...бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс өөр дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсийг захиалагчаас шаардахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2016/01208 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Зам, Тээврийн хөгжлийн яамнаас 16 813 022 төгрөг гаргуулах тухай “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн 2 дахь заалтад “хариуцагчаас 242 015 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох” гэснийг хассугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
М.НАРАНЦЭЦЭГ