Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2024/0020

 

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2024/0020

Улаанбаатар хот

 

 

“Е О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2019-0003836 дугаартай “Е О” ХХК-ийн бүтээгдэхүүний загварын патент”-ийг хүчингүй болгосон Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0742 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э***, өмгөөлөгч Г.Х***, Т.А***, Э.М***, Б.М*** нар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У***,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б***, өмгөөлөгч Д.Н***, А.А***, Б.Г***, Л.Х*** нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н***

Хэргийн индекс: 128/2022/0647/3.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч “Е О” ХХК-иас Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд холбогдуулан “2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2019-0003836 дугаартай “Е О” ХХК-ийн бүтээгдэхүүний загварын патент”-ийг хүчингүй болгосон Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0742 дугаар шийдвэрээр: Патентын тухай хуулийн /2006 оны/ 5.2.1, Патентын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.1.4, 49.2-т заасныг баримтлан “Е О” ХХК-иас Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд холбогдуулан гаргасан тус зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1 Шүүх нэхэмжлэгчийн патент авсан бүтээгдэхүүнийг шинэ эсэхийг дүгнэхдээ юунд үндэслэсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн гэр, набор гэх бүтээгдэхүүнийг 2009 оноос хойш үйлдвэрлэж байсан гэдгээр нь шинэ биш олон нийтэд танигдсан бүтээгдэхүүн гэж үзэж маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

3.2 Олон удаагийн бүтээгдэхүүний загварын шинэчлэлт, өөрчлөлтийг харгалзан үзээгүйн дээр патент авсан бүтээгдэхүүн нь яг ямар байдлаар өмнө нь олон нийтэд илэрхий болсон гэдгийг баримт, нотолгоогоор баталгаажуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу, өнгө загвар, амт чанар өөрчлөгдсөн шинэ бүтээгдэхүүнд патент авсан байхад “шинэ загвар биш” гэж дүгнэсэн нь буруу.

3.3 Патентын тухай хууль /2006/-ийн 18 дугаар зүйлийн 18.2.1, /2021 оны/ 48 дугаар зүйлийн 48.1.1-т заасныг тус тус харгалзаж үзээгүй,

3.4 Шүүх өмнө эрүүгийн журмаар шийдвэрлэгдсэн прокурорын тогтоол, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үнэлээгүй нь буруу,

3.5 Хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг баримтлаагүй,

3.6 Шүүх нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй нь олон удаагийн дүгнэлтээр баталгаажсан этгээдийн асуудлыг хэлэлцэж үндэслэлгүй шийдвэр гаргасан хэмээн,

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж*** дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

4.1 Хариуцагч маргаан бүхий тогтоолыг гаргахдаа хууль бусаар хуралдааныг зохион байгуулж, гомдлын хүрээнээс хэтэрсэн шийдвэр гаргасныг үндэслэлгүйгээр хууль ёсны гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу,

4.2 Тогтоогдсон үйл баримтыг дахин өөрөөр дүгнэж, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг үнэлээгүй,

4.3 Хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн,

4.4 Маргаан бүхий захиргааны актын агуулгыг шүүх өөрийн санаачилгаар “З*** Ф***” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, 2 бүтээгдэхүүний загвар төсөөтэй гэж нотлох баримтгүй шийдвэр гаргасан хэмээн,

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х*** дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

5.1 Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн патентыг ижил төстэй гэсэн агуулгаар мэргэжлийн шинжээч шиг дүгнэлт гаргаж, шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шинжээчдийн дүгнэлтийг харгалзаж үзэлгүйгээр шүүгч өөрөө мэргэжлийн шинжээч мэт дүгнэлт гаргасан.

5.2 Хугацаа хэтрүүлж гаргасан өргөдлийн дагуу хариуцагч хүлээн авч, маргаан бүхий тогтоолыг гаргасан нь хууль бус байхад шүүх үүнийг харгалзаж үзээгүй, энэ талаарх нотлох баримтыг бүрэн цуглуулж дүгнэлт хийгээгүй.

5.3 Хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд өргөдлийг хүлээн авч, маргаан үүсгэн хянан шийдвэрлэсэн байхад үүнийг харгалзаж үзээгүй.

5.4 Шүүх нотлох үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй атлаа нотлоогүй байдлаа үндэслэж шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй буюу шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бүтээгдэхүүний дээж бүхий шоколадыг хайлах эрсдэлтэй гэж хүлээн аваагүй атлаа гэр набор нь зөвхөн сав баглаа боодол нь гэр хэлбэртэй, эсхүл шоколад нь гэр хэлбэртэй байсныг нотлох боломжгүй гэж дүгнэж шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй.

5.5 Гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “З*** Ф***” ХХК татагдан оролцсон байхад эрхээ шилжүүлсэн иргэн Ж.Б***ийн талаар шүүх дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь буруу.

5.6 Хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд шүүх дүгнэлт хийгээгүй хэмээн.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А*** дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

6.1 Маргаан бүхий актаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн бүтээгдэхүүний патентыг төсөөтэй байдал тогтоогдсон гэх үндэслэлээр бус шинэ байх шалгуурыг хангаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад шүүх уг маргааны үндэслэлийг нотлох баримтаар тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь буруу.

6.2 Нэхэмжлэгчээс бүтээгдэхүүний загварын патент нь хуульд нийцсэн бөгөөд шинэ байх шалгуурыг хангасан болохыг нотлох баримт болох шоколадыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн боловч шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шинжлэн судлаагүй, шүүгчийн захирамж гаргалгүйгээр нотлох баримтаас хассан, үзлэг хийж баримтжуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон.

            Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

   7. Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэгч талын гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор  бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

3.  Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөгөөн /цаашид “Зөвлөгөөн” гэх/ ажиллана”, 19.2-т “Зөвлөгөөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:”, 19.2.5-д “энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах” гэж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна”, 72.2-т “Хуваарийн дагуу томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд түүнийг орлох шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг энэ хуулийн 72.1-д заасан журмаар томилно” гэж тус тус заасан.

4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч “Е О” ХХК-иас Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд холбогдуулан “2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2019-0003836 дугаартай “Е О” ХХК-ийн бүтээгдэхүүний загварын патент”-ийг хүчингүй болгосон Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.А***д хуваарилагдан 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 5908 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2005 дугаар тогтоолоор хэргийг шүүгч Ө.Б***т шилжүүлж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 878 дугаар захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх даргалагч шүүгчээр шүүгч Ө.Б***ийг томилсныг албажуулснаас өөр шүүх бүрэлдэхүүнийг өөрчилсөн шийдвэр байхгүй атлаа хэргийг эцэслэн шийдвэрлэсэн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааныг шүүгч Б.А*** даргалан шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

Мөн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс маргаан бүхий үйл баримтад хамаарах өөр өөр онд хамаарах хэвээр үйлдвэрлэсэн “хоёр хайрцаг шоколад”-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх боловч тухайн нотлох баримтыг шүүх хүлээн авах эсэх асуудлыг шийдвэрлэлгүй орхисон. Хэрэв хүлээн авсан бол нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын дагуу нийт 4 хавтас хэргийг нотлох баримт 1 ширхэг СиДи-н хамт тус шүүхэд хүргүүлэхдээ уг нотлох баримтыг хавсаргаагүй байна.

5. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, хэргийг хуульд заасан журмын дагуу томилогдоогүй шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлд хамаарах бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдох тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 742 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

     ШҮҮГЧ                                                    Д.ОЮУМАА

 

 

     ШҮҮГЧ                                                    С.МӨНХЖАРГАЛ

 

 

     ШҮҮГЧ                                                     Г.МӨНХТУЛГА