Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 90

 

 

 

 

 

 

 

 

2016         10           20                                    90

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж,

улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогч С.Мөнх-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюундэлгэр, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг,

иргэний хариуцагч “Шин жиан шин фа” ХХК-ийн төлөөлөгч Ц.Ихбаяр,

шүүгдэгч Т.Сугар, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар хүүхэн овогт Түмэнжаргалын Сугарт холбогдох эрүүгийн 201624000413 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, танкийн буудагч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид жолооч, буудагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо Цэргийн хотхоны 084 дүгээр байрны 4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хар хүүхэн овогт Түмэнжаргалын Сугар /РД:ПК91082318/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Т.Сугар нь 2016 оны 05 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 118 дугаар сургуулийн урд замд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 2,02 хувийн согтолттой үедээ “Toyota-Crown” маркийн 70-77 УНВ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч С.Мөнх-Эрдэнийн биед хүнд гэмтэл учруулж, Ц.Батмөнхийн амь насыг хохироосон  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба цагаатгах талуудын саналаар болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Сугар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 05 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үед ТЭЦ-3-ын гадаа зогсоол дээр өөрийн “Toyota-Crown” маркийн 70-77 УНВ дугаартай автомашин дотор хамт ажилладаг Хуягбаатар, Рэнцэнжүгдэр нарын хамт 2 шил 0,5 л архи хувааж ууж дуусаад тэр хоёр гэр гэр рүүгээ яваад өгсөн, би ажлын газрын дүү Мөнхсанааг утсаар дуудаад машин бариад өгөөч гэж гуйсан, Мөнхсанаа “за” гэж хэлсэн, гэхдээ “очих болоогүй байна” гэхээр нь Нисэх рүү хамаатны айлдаа очиж хонохоор болоод, өөрөө машинаа бариад явсан, Яармагийн зам дээр 2-р эгнээгээр 50 орчим км/цагийн хурдтай явж байхад урд талын суудлын автомашин хурдаа хасахаар нь би зүүн гар тийшээ дараад 3-р эгнээ рүү ортол урд талд замын түмбэ харагдахаар нь тоормос гишгэтэл түмбэ мөргөөд л, дахиад л юм мөргөсөн. Тэгээд машинаа зогсоогоод, буугаад хартал машины урд талд нэг эрэгтэй хүн, зүүн гар талд нь нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Тухайн үед миний утасны цэнэг дуусчихсан байсан болохоор зам дээр ажиллаж байсан хүний гар утсаар 103 дуудуулсан, тэгээд удаагүй 103 автомашин ирээд осолд орсон 2 хүнийг аваад явсан, мөн Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн. Тэр үед замын хөдөлгөөн бага байсан, гудамжны гэрэл асаалттай байсан, харин өөдөөс ирэх машины гэрлийн гялбаа их байсан, бас машины урд шилэн дээр нар бууруулагч “тэн”-тэй байсан болохоор үзэгдэх орчинд бага зэрэг хязгаарлаж байсан. Зам дээр ажиллаж байсан хүмүүс муу хантааз өмссөн байсан, тэр нь гэрэлтэж харагдаагүй, бас хамгаалах малгайгүй байсан, зам дээр хэдэн түмбэ байсанг мэдэхгүй байна. “Toyota-Crown” маркийн 70-77 УНВ дугаартай автомашиныг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн үеэр 5.000.000 төгрөгөөр Мөнхсайхан гэж хүнээс худалдаж авсан, мөнгө өгсөн байгаа, нэр дээрээ шилжүүлж аваагүй байсан юм, машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Би тухайн үед найз Адъяагийн хамт явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 188-189х, 191-192-р хуудас/,

          Хохирогч С.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зам дээр замын ажлыг 4-үүлээ хийж байсан. Тухайн үед би түмбээс 10 метрийн зайтай зогсож байсан, юу болсон талаар санахгүй байна. Би машинд мөргүүлээд сэрсэн. Би энэ ажлыг 10 өдөр хийгээд 300.000 төгрөгийн цалин авахаар байсан. Миний биед баруун гарын шуу хугарсан, аарцаг цуурсан, зүүн өвдөгт цус хуралт үүссэн. Эмчилгээний зардал 800.000 төгрөг авсан. Авто аваарын гэмтэл тул жилдээ нэг удаа эмчид үзүүлж байгаарай гэж эмч хэлсэн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюундэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би талийгаач нөхөртэйгөө нэг нутгийнх бөгөөд бид хоёр бага наснаасаа тоглож өгсөн. Бид хоёр 2014 оноос үерхэж эхлээд 2015 онд хуримаа хийгээд хүүхдээ төрүүлсэн. Талийгаач нөхөр маань цэргийн байгууллагад ажиллаж байгаад амьдарлынхаа санхүүгийн боломжоо нэмэгдүүлэх үүднээс тухайн ажлаасаа гарч найзынхаа санал болгосон зам засварын 10 хоногийн ажил хийхээр болсон юм. 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 16 цагийн үед би нөхөр рүүгээ залгахад “өнөөдөр ажлаа дуусгаад харина” гэж надад хэлсэн. Тэгээд гэртээ ирэхгүй байхаар нь оройн 22 цагийн үед талийгаач нөхөр рүүгээ залгаж асуухад “манайх байгууллагаараа хонож ажиллах боллоо” гэхээр нь би “за за болгоомжтой ажиллаарай, охин бид хоёр унтаж амарлаа өглөө ярина” гэж хэлээд унтсан. Гэтэл орой 11 цагийн үед манай нөхрийг авто осолд орсон гэж ярьсан. Би Гэмтлийн эмнэлэгт очиж нөхрөө харахад ухаангүй, хүнд байдалтай байсан. Манай нөхрийн тархинд маш их цус хуралттай тул яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Тэгээд хагалгааны дараа бие нь арай дээрдсэн боловч 5 хоногийн дараа 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 08 цаг 05 минутын үед нас барсан. Түүнээс хойш би хүүхдээ хараад ажилдаа яваагүй. Тэгээд би ажилдаа орох шаардлагатай тул 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр орсон. Би хүүхдээ өөрийнхөө ээжээр сар бүр 50.000 төгрөгөөр 2 жилийн хугацаатайгаар хүүхдээ харуулахаар тохиролцоод харуулж байгаа, би маш их гомдолтой байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлын 24.109.697 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Иргэний хариуцагч Ц.Ихбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс 350.000 төгрөг нэхэмжилж байгаа тул хохирлыг гаргахад манай байгууллагаас гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна. Манай компаний менежер Гансүх нь Амаржаргал, Батмөнх нартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэв.

Мөн хавтаст хэргээс:

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюундэлгэр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Талийгаач Ц.Батмөнх бид хоёр гэрлэлтээ баталгаажуулж чадаагүй боловч, бид хоёрын дундаас гарсан охин Б.Азжаргал нь амьд баталгаа юм. Тухайн үед миний төрөх хугацаа ойрхон байсан тул гэрлэлтээ баталгаажуулж амжаагүй байсан юм. Талийгаач маань 2008-2009 онд Батлах хамгаалахын их сургуулийн харъяа мэргэжлийн сургуульд “буудагчийн” ангид суралцаж, Зэвсэгт хүчний 330 дугаар ангид механикч жолоочоор ажиллаж байгаад 2015 оны 06 дугаар сарын 22-нд Зэвсэгт хүчний 350 дугаар ангид тасгийн захирагчаар ажиллаж байсан, 2016 оны 03 дугаар сарын 21-нд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Би гомдолтой байна, ямар л хуулийн арга хэмжээ авах ёстойг авахуулмаар байна, буяны зардал, мөн хүүхдийг минь надаас өөр асрах хүн байхгүй учир 2 жилийн хугацаанд хүүхдээ гэртээ харсан тул тэр хэмжээний цалингаа нэхэмжилж байна. Нөхрийн минь нэр дээр байдаг цалингийн зээлийг төлүүлж, хүүхдэдээ тэтгэмж тогтоолгож авмаар байна...гэх  мэдүүлэг /1хх-ийн 33-34-р хуудас/,

Хохирогч С.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би “Үнэгүй. мн” сайтаас зам дээр ажиллах туслах ажилчин авна гэсэн зарын дагуу талийгаач ах Батмөнх, Амаржаргал ах нарын ажилд туслахаар 2016 он 04 дүгээр сарын 28-нд өдрөөс 10 хоногийн хугацаатай өдрийн 30.000 төгрөгөөр ажиллахаар болоод ажлын хамгийн сүүлийн шөнө бид нар замын 3 дахь урсгалыг 3 ширхэг улаан өнгийн хаалт “түмбэ”-ээр хаагаад замын хагархайнууд дээр талийгаач Батмөнх ах, Амаржаргал ах халуун тос асгаад, би араас нь нунтаг шороо цацаж өгөөд мөн замын хаалт тавьж өгөөд явж байсан юм. Тухайн үед зам гэрэлтүүлэгтэй, үзэгдэх орчин сайн, замын хөдөлгөөн маш сийрэг байсан. Зам ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, бид нар замын жаахан ангайсан хэрэгт халуун хар тос хийсэн байсан. Би зүгээр ажлаа хийж байгааад биедээ гэмтэл авсанд гомдолтой байна, эмчилгээний баримтаар гарсан 300.000 төгрөг зардлын 200.000 төгрөгийг жолооч залуу өгсөн, сүүлд нь үлдэгдэл өгнө гэсэн, би биеэ эрүүл саруул болгож авмаар байна, цаашид гарсан эмчилгээний зардлыг баримтаар гаргаж өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

Иргэний хариуцагч Ц.Ихбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Хохирогч нар нь манай байгууллагын үндсэн ажилтнууд биш, хөлсөөр түр ажиллаж байсан хүмүүс юм. Тэр хүмүүстэй зам дээр ажиллуулах гэрээ байгуулаагүй бөгөөд 13,7 км замын зарим газарт эвдэрсэн хэсгийг засварлуулах ажлыг хийлгэж байсан. Тэр хүмүүсийг ажлын өдрийн цагаар аюулгүй ажиллагааг өөрсдөө хангаж ажиллах талаар хэлж, хүн бүрт гэрэл ойлгогч хантааз, зам түр хаах түмбэ 6 ширхэг өгсөн байсан, замын тэмдэг бол өгөөгүй. Манай байгууллагын зүгээс бусдад учруулсан гэж үзэхгүй байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах гэм буруутай этгээд тодорхой байгаа учраас тухайн авто тээврийн осол гаргасан этгээд гэм хор, хохирлыг төлж барагдуулах үүрэгтэй гэж үзэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 108-109-р хуудас/,

Гэрч Ц.Амаржаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би талийгаач Ц.Батмөнхтэй багаасаа найзалж нөхөрлөсөн, бид хоёр нийлээд “Шин жиан шин фа” нэртэй компанитай аман хэлцэл байгуулаад 2016 оны 04 дүгээр сарын 26-наас 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр сургуулийн харалдаа төв зам 13 км дээр ажиллах, мөн ажлаа хийж дуусаад цааш сунгаж ажиллах талаар уг компанитай ярилцаж байсан. Ажил дуусах орой буюу 2016 оны 05 дугаар сарын 09-ний орой 23 цагийн зам дээр Мөнх-Эрдэнэ улаан түмбэ хаалтыг тавьж өгөөд, талийгаач бид хоёр тус тусдаа данханд халуун хар тосны тогооноос тос авч байтал ар талд гэнэт л “тас түс” гээд хүчтэй дуу чимээ гарсан, эргээд хартал цагаан өнгийн суудлын автомашин Мөнх-Эрдэнэ, Батмөнх хоёрыг мөргөөд зогссон. Жолооч нь бууж ирээд 103, 102-т залгаад, тэгээд удалгүй 5-10 минутын дараа цагдаа ирсэн, араас нь 103-ын автомашин ирээд, тэр хоёрыг би хамт яваад портерийн жолооч хэргийн газарт үлдсэн. Осол болох үед бид бүгдээрээ хантаазтай ажиллаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 110-111-р хуудас/,

Гэрч Сүм Гуан Чен /Sun Guang Chen/ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Уг зам тээврийн осол болсон газрыг анх 2014 оны 11 дүгээр сард “HKB” ХХК-тай хамтарч барьж дуусгаж, Нийслэлийн авто замын газарт хүлээлгэж өгсөн, гэрээний үүргийн дагуу баталгаат 3 жилийн хугацаанд замын эвдрэл гэмтлийг өөрийн байгууллагын хөрөнгөөр засварлах үүрэгтэй байдаг тул зам тээврийн осол болж хүний амь эрсдэлээ, харамсаж байна. Манай байгууллагын ажилтан бишээ, 5 хүнийг хөлсөөр ажиллуулж байсан, тэр хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Тэр хүмүүсээр Яармагийн гүүрнээс Нисэх товчоо хүртэл 13,7 км зам засварыг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхэлж засварлуулахаар ажиллуулж байсан, өдөрт тэр хүмүүсийг өглөө 08 цагаас оройн 20 цагийн хооронд ажиллуулж байсан. Тэр хүмүүсийн өдөр тутмын ажилд хяналт тавьж компаний ажилтан Гансүх хариуцаж ажиллаж байсан. Тэр хүмүүст оройн цагаар ажиллуулах зөвшөөрөл өгөөгүй, тэгтэл тэр хүмүүс ажлаа хурдан дуусгах зорилгоор шөнө оройн цагаар өөрсдөө дур мэдэн ажиллаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 119-120-р хуудас/,

Гэрч С.Гансүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Яармагийн гүүрнээс Нисэх товчоо хүртэл 13,7 км зам засварын ажлыг аваад тэр хүмүүст 3,0 сая төгрөг өгч, янзлуулахаар аман хэлцэл байгуулсан. Энэ ажлыг хийхдээ өглөөний 8 цагаас оройн 20 цаг хүртэл ажиллуулдаг байсан, ажлыг нь би хянаад хажууд нь байнга байдаг байсан. Тэр хүмүүсээс холдож явах тохиолдол нь материал дуусах үед авчирч өгдөг байсан, тэр хүмүүсийг оройн цагаар ажил гэж хэлээгүй, харин тэр хүмүүсийг “хар тосоо хайлуулж, ээлжилж хонож бай” гэж хэлж байсан. Компаний зүгээс ч гэсэн “өдрийн цагаар ажиллаж бай” гэж хэлсэн. Яаралтай дуусгах юм уу, эсвэл хугацаа өгөөгүй, тэр хүмүүс өөрсдөө ажлаа хурдан дуусгах гээд шөнө ажилласан байх. Хүний амь нас хохирсонд харамсаж байна, байгууллагын зүгээс хүмүүсээр ажил хийлгэхдээ хантааз, замыг хэсэгчилэн хаах түмбэ зэргээр хангаж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 132-р хуудас/,

Гэрч Г.Мөнхсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...”Toyota Crown” маркийн 10-77 УНВ улсын дугаартай автомашиныг 2013 оны 11 дүгээр сард худалдаж аваад 2 жил гаран унаж байгаад, 2016 онд цагаан сарын дараа хамт ажилладаг ахлагч Сугарт 6,0 сая төгрөгөөр зарахаар болж аман хэлцэл байгуулж, улмаас 5,0 сая төгрөгийг бэлнээр авч, 1,0 сая төгрөгийг дараа авахаар болж, мөнгөө гүйцэт өгсний дараа нэр шилжүүлэхээр тохиролцсон. “Toyota Crown” маркийн 10-77 УНВ улсын дугаартай автомашин нь Сугарын эзэмшлийн автомашин юм. Нарнаас хамгаалах гэж тэн наасан, өдөр үзэгдэх орчин сайн харагдана, орой үдшийн цагаар бол гэрлийг бууруулж, жаахан үзэгдэх орчинд нөлөөлнө...гэх мэдүүлэг /хх-ийн 141-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 6486 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Мөнх-Эрдэнийн биед зүүн талд духны ясны доод хэсгээс зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, аарцаг ясны хугарал, баруун шууны далд хугарал, тархи доргилт, дух, зүүн хацар, шанаа, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 144-р хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 947 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Талийгаачийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр авто осолд: Баруун чамархай яснаас, суурийн дунд хонхорын их далавч яс руу, баруун ухархайн дээд хананаас суурийн бага далавч яс руу үргэлжилсэн, шугаман хугарал, баруун чамархайн хатуу бүрхүүл дээрхи цусан хураа, зөөлөн эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн идээт үрэвсэл, хагалгааны дараах байдал, тархи, уушигны хаван, дотор эрхтнүүдийн цус дүүрэл, цус эргэлтийн хямрал, баруун бугалга, баруун шилбэ ясны ил хугарал, зүүн шилбэ ясны далд хугарал, цус хуралт, баруун хацар, нүдний ухархайн яснуудын хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд хатуу, мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл ба учрах үедээ амь насанд аюултай бөгөөд гэмтлийн учирсан дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрхи гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь цусны ABO системээр А 2 дугаар бүлгийн цустай байна. Талийгаач нь 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 08:05-д нас баржээ. /хх-ийн 147-149-р хуудас/

          Техникийн шинжээчийн 346 дугаартай дүгнэлтэнд: Урьд гарсан шинжээчийн 331 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хариулт өгөх боломжгүй болно. /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85.1-т шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, түүнийгээ өөрөө хариуцна/. “Toyota Crown” маркийн 10-77 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Т.Сугар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ “согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зам дээр ажиллаж байсан Ц.Батмөнх, С.Мөнх-Эрдэнэ нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралт иргэн, албан тушаалтны үүрэг: Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараах үүргийг хүлээнэ: а/ “засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. “Toyota Crown” маркийн 10-77 УНВ улсын дугаартай автомашины техникийн байдал зам тээврийн осолд нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна /Бусад нөхцөл байдлаас болсон байх үндэслэлтэй байна. “Toyota Crown” маркийн 10-77 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Т.Сугар нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлээс болсон байх үндэслэлтэй байна/. Зам дээр ажиллаж байсан байгууллага, иргэд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 5-ын А-д засан заалтыг хангаж ажиллаж байсан гэх үндэслэлгүй байна. /Хэргийн газрын үзлэг болон фото зураг дээрээс үндэслэв/. /хх-ийн 176-178-р хуудас/,

Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа: Т.Сугарт драйгер багаж үлээлгэн шалгахад 2,02 хувь гарсан байна. /хх-ийн 193-р хуудас/,

Захиргааны зөрчил шалгасан материал /хх-ийн 2-р хавтас 2-8-р хуудас/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 18-р хуудас/,

Иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /хх-ийн 1-р хавтас 39-69-р хуудас/,

Шинжээч Н.Ганбаатарын “...Тухайн замд зам засварын ажил, үйлчилгээ хийж байгаа бол Замын хөдөлгөөний дүрмийн 3-р хавсралтын 5а-д зааснаар 1,20 тэмдэг буюу Зам засварын ажил, үйлчилгээ хийж байгааг анхааруулж тухайн замынхаа хэсэгчилэн хаасан зорчих хэсэгт аюулгүй байдлыг хангаж Замын хөдөлгөөний дүрмийн 1-р хавсралтын 4.2 а,б-д заасан тойрч гарах чиг тэмдгүүдийг байрлуулах ёстой гэж үзсэн учир Ц.Батмөнх, С.Мөнх-Эрдэнэ нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р хавсралтын 5-д заасан заалтыг зөрчсөн байна. Хавтаст хэргийн материалтай уншиж танилцахад Т.Кроун маркийн автомашины урд салхины шилэнд наасан хальс нь хэдэн хувийн бууралттай байсан эсэх нь мөн жолоочийн харах талбайд хэрхэн нөлөөлөхийг тогтоох боломжгүй байсан тул үүнийг дүгнэлтэндээ бид тусгаагүй...гэх тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 237-238-р хуудас/,

Өвчний түүх №18844 хохирогч С.Мөнх-Эрдэнэ /хх-ийн 1-р хавтас 216-221-р хуудас/,

Өвчний түүх №18842 амь хохирогч Ц.Батмөнх /хх-ийн 2-р хавтас 9-29-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 199-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Т.Сугар нь согтуугаар 2016 оны 05 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 118 дугаар сургуулийн урд замд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 2,02 хувийн согтолттой үедээ “Toyota-Crown” маркийн 70-77 УНВ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гарсны улмаас хохирогч С.Мөнх-Эрдэний биед хүнд гэмтэл учруулж, Ц.Батмөнхийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюундэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний нөхөр талийгаач Ц.Батмөнх цэргийн байгууллагад ажиллаж байгаад 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж амьдралаа дээшлүүлэхээр хувиараа хөдөлмөр эрхэлж байсан. 2016 оны 04 дүгээр сард “Шин жиан шин фа” ХХК-тай гэрээ байгуулж 1.000.000 төгрөгийн ажил хийхээр болсон. Нөхөр маань ажил дээрээ байрлаж байсан ба 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ажил нь дуусах байсан. Би 22 цагийн үед нөхөртэйгээ ярихад “ажлаа дуусгаад маргааш очно гэсэн. Гэтэл 23 цагийн үед “нөхөр чинь осолд орчихлоо” гэж мэдэгдсэн. Нөхөр маань 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс Гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад 2016 оны 05 дугаар сарын 15-ны өглөө нас барсан. Охин маань 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн. Миний хувьд охинтойгоо үлдлээ, гомдолтой байна. Шүүгдэгч Т.Сугараас оршуулгын зардалд 11.950.117 төгрөг, эм тариа эмчилгээний зардалд 995.450 төгрөг, унаа таксины зардал 1.658.300 төгрөг, ном уншуулсан 25.000 төгрөг, зэд 150.000 төгрөг, нотариатын зардал 22.100 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 3 сарын цалин 1.725.000 төгрөг, хуримын бөгжөө зарсан 1.150.000 төгрөг, хүүхдээ ээжээрээ харуулж байгаа тул сар бүр 50.000 төгрөг өгч байгаа 2 нас хүртэл харуулах зардал 700.000 төгрөг, хүүхдэд тогтоогдсон тэтгэмж цалингийн 4 сарын зөрүү 204.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг, нөхөр Ц.Батмөнх нь “Шин жиан шин фа” ХХК-нд 1.000.000 төгрөгөөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажиллаж байсан дутуу авсан ажлын хөлс 350.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг нийт 24.429.967 төгрөг гаргуулж өгнө үү. Шүүгдэгч Т.Сугарын төлсөн 7.229.350 төгрөгийг дээрх нэхэмжлэлээс хасч тооцоход татгалзахгүй, ямар л хуулийн арга хэмжээ авах ёстойг авахуулмаар байна гэв.

Хохирогч С.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зам дээр замын ажлыг 4-үүлээ хийж байсан. Тухайн үед би түмбээс 10 метрийн зайтай зогсож байсан, юу болсон талаар санахгүй байна. Би машинд мөргүүлээд сэрсэн. Би энэ ажлыг 10 өдөр хийгээд 300.000 төгрөгийн цалин авахаар байсан. Миний биед баруун гарын шуу хугарсан, аарцаг цуурсан, зүүн өвдөгт цус хуралт үүссэн. Эмчилгээний зардал 800.000 төгрөг авсан. Авто аваарын гэмтэл тул жилдээ нэг удаа эмчид үзүүлж байгаарай гэж эмч хэлсэн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

          Хохирогч С.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн үед зам гэрэлтүүлэгтэй, үзэгдэх орчин сайн, замын хөдөлгөөн маш сийрэг байсан. Зам ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, бид нар замын жаахан ангайсан хэрэгт халуун хар тос хийсэн байсан. Би зүгээр ажлаа хийж байгааад биедээ гэмтэл авсанд гомдолтой байна, эмчилгээний баримтаар гарсан 300.000 төгрөг зардлын 200.000 төгрөгийг жолооч залуу өгсөн, сүүлд нь үлдэгдэл өгнө гэсэн, би биеэ эрүүл саруул болгож авмаар байна, цаашид гарсан эмчилгээний зардлыг баримтаар гаргаж өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

 

Гэрч Ц.Амаржаргалын “...2016 оны 05 дугаар сарын 09-ний орой 23 цагийн зам дээр Мөнх-Эрдэнэ улаан түмбэ хаалтыг тавьж өгөөд, талийгаач бид хоёр тус тусдаа данханд халуун хар тосны тогооноос тос авч байтал ар талд гэнэт л “тас түс” гээд хүчтэй дуу чимээ гарсан, эргээд хартал цагаан өнгийн суудлын автомашин Мөнх-Эрдэнэ, Батмөнх хоёрыг мөргөөд зогссон. Жолооч нь бууж ирээд 103, 102-т залгаад, тэгээд удалгүй 5-10 минутын дараа цагдаа ирсэн, араас нь 103-ын автомашин ирээд, тэр хоёрыг би хамт яваад портерийн жолооч хэргийн газарт үлдсэн. Осол болох үед бид бүгдээрээ хантаазтай ажиллаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 110-111-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 6486 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Мөнх-Эрдэнийн биед зүүн талд духны ясны доод хэсгээс зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, аарцаг ясны хугарал, баруун шууны далд хугарал, тархи доргилт, дух, зүүн хацар, шанаа, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 1-р хавтас 144-р хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 947 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаачийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр авто осолд: Баруун чамархай яснаас, суурийн дунд хонхорын их далавч яс руу, баруун ухархайн дээд хананаас суурийн бага далавч яс руу үргэлжилсэн, шугаман хугарал, баруун чамархайн хатуу бүрхүүл дээрхи цусан хураа, зөөлөн эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн идээт үрэвсэл, хагалгааны дараах байдал, тархи, уушигны хаван, дотор эрхтнүүдийн цус дүүрэл, цус эргэлтийн хямрал, баруун бугалга, баруун шилбэ ясны ил хугарал, зүүн шилбэ ясны далд хугарал, цус хуралт, баруун хацар, нүдний ухархайн яснуудын хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд хатуу, мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл ба учрах үедээ амь насанд аюултай бөгөөд гэмтлийн учирсан дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрхи гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь цусны ABO системээр А2 дугаар бүлгийн цустай байна. Талийгаач нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 08:05-д нас баржээ. /хх-ийн 1-р хавтас 147-149-р хуудас/,

 

Техникийн шинжээчийн 346 дугаартай дүгнэлтэнд: Урьд гарсан шинжээчийн 331 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хариулт өгөх боломжгүй болно. /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85.1-т шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, түүнийгээ өөрөө хариуцна/. “Toyota Crown” маркийн 10-77 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Т.Сугар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ “согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зам дээр ажиллаж байсан Ц.Батмөнх, С.Мөнх-Эрдэнэ нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралт иргэн, албан тушаалтны үүрэг: Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараах үүргийг хүлээнэ: а/ “засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. “Toyota Crown” маркийн 10-77 УНВ улсын дугаартай автомашины техникийн байдал зам тээврийн осолд нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна /Бусад нөхцөл байдлаас болсон байх үндэслэлтэй байна. “Toyota Crown” маркийн 10-77 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Т.Сугар нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлээс болсон байх үндэслэлтэй байна/. Зам дээр ажиллаж байсан байгууллага, иргэд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 5-ын А-д засан заалтыг хангаж ажиллаж байсан гэх үндэслэлгүй байна. /Хэргийн газрын үзлэг болон фото зураг дээрээс үндэслэв/. /хх-ийн 176-178-р хуудас/,

 

Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа: Т.Сугарт драйгер багаж үлээлгэн шалгахад 2,02 хувь гарсан байна. /хх-ийн 193-р хуудас/,

 

Өвчний түүх №18844 хохирогч С.Мөнх-Эрдэнэ /хх-ийн 1-р хавтас 216-221-р хуудас,

 

Өвчний түүх №18842 амь хохирогч Ц.Батмөнх /хх-ийн 2-р хавтас 9-29-р хуудас/,

 

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 3-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Т.Сугарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирлын талаар:

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюундэлгэр нь гэм хорын хохиролд нийт 24.429.967 төгрөг нэхэмжилснээс хавтаст хэрэгт нийт 7.299.101 төгрөгийн баримт авагдсан ба үүнээс нотлох баримтын шаардлага хангаж байгаа 3.705.159 төгрөгийг хангах үндэслэлтэй боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюундэлгэрт шүүгдэгчээс 7.229.350 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч Т.Сугарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Үндэслэл нь:

         Хавтаст хэрэгт нийт 7.299.101 төгрөгийн баримт авагдсан ба үүнээс нотлох баримтын шаардлага хангасан баримтууд нийт 3.705.159 төгрөг. Үүнд:

а/ эм тариа, эмчилгээ, эмнэлгийн төлбөрт нийт  1.515.003 төгрөг /хх-ийн 1-р хавтас 40, 41, 42, 43, 52, 53, 56, 58-р хуудас, хх-ийн 2-р хавтас 9-р хуудас/

б/ хүнсний зүйл 1.420.587  төгрөг, /хх-ийн 39, 42, 45, 47, 55, 56, 57, 58, 59, 60, 61, 62, 63. 64, 66, 67, 68, 71, 71, 73, 74, 78, 83 -р хуудас/

в/ унааны зардал, автомашины бензин, түлш 199000 төгрөг, /хх-ийн 43, 55, 2-р хавтас 110-р хуудас/

г/ оршуулах ажиллагаанд зарцуулсан зүйлс / арц, хадаг, хүж, зул гэх мэт/ 48.469 төгрөг /хх-ийн 70-р хуудас/

д/ нотариатын зардал 22100 төгрөг /хх-ийн 2-р хавтас 104, 105-р хуудас/

е/ хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг /хх-ийн 2-р хавтас 103-р хуудас/

            Нотлох баримтын шаардлага хангахгүй, амь хохирогчийг оршуулахад зайлшгүй гарах зардалд хамаарахгүй нийт 3.593.942 төгрөгийн баримт байна. Үүнд:

          “ХААН” болон “Капитал” “Голомт” банкны автомат машинаас мөнгө авсан баримтууд, шашны зан үйлтэй холбоотой ном уншуулсан, амь хохирогчийг оршуулсаны дараах буюу 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи баримтууд, түүнчлэн хаанаас, хэзээ авсан огноогүй, тамгагүй, үнийн дүнг зассан зэрэг нотлох баримтын шаардлага хангахгүй дараах баримтуудыг хасч тооцсон болно. Үүнд: хх-ийн 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49, 50, 51, 52, 54, 55, 64, 69, 75-81, 82, 84, 85, 86, 87, 88, 89, 90, 91, 92, 93, 94, 95, 96, 2-р хавтас 106, 108, 111-р хуудсанд авагдсан  баримтууд болно.

 

          Амь хохирогчийн охин Б.Азжаргалыг хүнээр харуулах хөлсөнд сар бүр 50.000 төгрөг хүүхдийг 2 нас хүртэл нийт 700.000 төгрөг, мөн сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг зэрэг нийт 17.130.866 төгрөгийн хохирол нь нотлох баримтгүй байна.

 

          Түүнчлэн охин Б.Азжаргалд тогтоогдсон тэтгэмжийн зөрүү 204.000 төгрөг нэхэмжилсэн боловч амь хохирогч Ц.Батмөнх нь осолд орохоос өмнө буюу 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/153 дугаартай тушаалаар батлагдаж байх тул /хх-ийн 2-р хавтас 128-р хуудас/ Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар нас барагчийн сарын цалин хөлс болон тогтоогдсон тэтгэмжийн зөрүүг гаргуулах үндэслэлгүй байна.

 

          Амь хохирогч Ц.Батмөнх нь “Шин жиан шин фа” ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажлын хөлсөнд 1.000.000 төгрөг авахаар тохиролцсон байсан үүнээс 650.000 төгрөгийг авсан үлдэх 350.000 төгрөгийг аваагүй гэх боловч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хамаарахгүй гэрээний үүрэгтэй холбоотой маргаан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюундэлгэр нь амь хохирогч Ц.Батмөнхийн “Шин жиан шин фа” ХХК-иас дутуу авсан ажлын хөлсийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй юм. Түүнчлэн амь хохирогч Ц.Батмөнх болон “Шин жиан шин фа” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй.

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюундэлгэрийн шүүхийн хэлэлцүүлэгт нэмж гаргасан 41 хуудас баримтуудаас хэргийн 1-р хавтас 39-96-р хуудсанд авагдсан баримтуудтай давхардсаныг хасч тооцсон болно.

 

          Уг гэмт хэрэг шүүгдэгч Т.Сугарын буруутай үйлдлийн улмаас гарсан тул бусдад учирсан хохирлыг шууд гэм хор учруулсан этгээд хариуцах үүрэгтэй ба иргэний хариуцагч “Шин жиан шин фа” ХХК-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Сугарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 774458 тоот BC ангилалын үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины гэрэл бууруулагч хальсыг устгаж, зам хаах түмбэ 1 ширхэг, аюулгүйн хантааз 1 ширхэгийг Шин жиан шин фа” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Сугар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн нь хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, энэ хэрэгт шалгагдаж байхдаа 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож захиргааны арга хэмжээ авагдсан /хх-ийн 2-р хавтас 4-8-р хуудас/ хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Сугар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болно.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.1, 301 дүгээр зүйлийн 301.1-т заасныг удирдлага болгон     

                                                                                               

ТОГТООХ НЬ:

 

1. Хар хүүхэн овогт Түмэнжаргалын Сугарыг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар  Түмэнжаргалын Сугарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Т.Сугарт оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Т.Сугарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Түмэнжаргалын Сугарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 774458 тоот BC ангилалын үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй

 

6. Шүүгдэгч Т.Сугар нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Т.Сугар нь хохирогч С.Мөнх-Эрдэнэд 800.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюундэлгэрт 7.229.350 төгрөг төлсөн ба шүүгдэгч, иргэний хариуцагч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Хохирогч С.Мөнх-Эрдэнэ нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюундэлгэр нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу тус тус нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.4-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн заам хаах түмбэ 1 /нэг/ ширхэг, аюулгүйн хантааз 1 /нэг/ ширхэгийг иргэний хариуцагч “Шин жиан шин фа” ХХК-нд буцаан өгч, автомашины гэрэл бууруулагч хальсыг устгасугай.

 

          10. Шүүгдэгч Т.Сугарт авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл, иргэний хариуцагч нь тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт, тус тус гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сугарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.ОДБАЯР