Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 446

 

 

 

 

 

 

 

2019            5            14                                         ДШМ/2019/446

 

 

Х.Ганзориг, С.М- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор П.Нямцэцэг,

шүүгдэгч Х.Ганзориг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Х.Ганзориг, С.М- нарт холбогдох эрүүгийн 1811000000878 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Чонос овгийн Х.Г, 1991 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, “..............” ХХК-д засал чимэглэлчин, ам бүл 5, эцэг, дүү, эхнэр, хүүхдийн хамт ............ аймгийн ............... сумын ..... дүгээр баг, ....... дугаар гудамжны ....... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ........../,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сар хорих ял шийтгүүлж, 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эдлээгүй үлдсэн 5 сар 6 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 5.000 төгрөг хурааж, 10 жил 1 хоног хорих ял шийтгүүлж, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 120 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял болгон дүйцүүлэн өөрчилж, биеэр эдэлсэн ялыг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсоноор суллагдсан,

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 245 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж, 22 хоногийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж, 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан;

2. Суваргачин овгийн С.М, 1989 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт .......... аймгийн ...........сумын .... дугаар багийн ............ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................/,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 652 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 378 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 4 жил хорих ялаар тогтоож, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 253 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 3 жил 23 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 427 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан;

Х.Ганзориг, С.М- нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10 цаг 30 минутаас 13 цаг 20 минутын хооронд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33-430 тоотод оршин суух Н.О-н эзэмшлийн монгол гэрийн хаалгыг эвдэн орж, 55 инчийн LCD зурагт, 2 симтэй “Нокиа” брэндийн гар утас зэргийг хулгайлан авч, 1.074.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Х.Г-г, С.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Суваргачин овгийн С.М, Чонос овгийн Х.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бүлэглэн, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар бусдын хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар С.М-, Х.Г-нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.М-аас 250.000 төгрөг, Х.Г-с 250.000 төгрөгийг тус тус гаргуулан, хохирогч Н.О-д олгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.М-ын цагдан хоригдсон 152 хоногийг, Х.Г-н цагдан хоригдсон 168 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, С.М, Х.Г-нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Г-гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад шүүхээс оногдуулсан 250.000 төгрөгийн хохирол төлбөрийг ар гэрийнхэн маань төлж барагдуулж байгаа. Мөн миний бие цагдаа, шүүх, прокурорын байгууллагын өмнө гэм буруугаа хүлээж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ сайн ухамсарлаж байгаа. Би группд байдаг эцэг, оюутан дүүгийн хамт байдаг учраас 250.000 төгрөгийг 5 хоногийн дотор төлөх боломж байгаагүй. Учир нь, эцэг Х-н маань группын зээлийн хугацаа 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр дуусч байсан юм. Цагдан хоригдсон үеэс хойш эхнэр маань 2 удаа ирж уулзсан. Би мэргэжлийн сургалтад хамрагдаж барилгын компанид ажиллаад удаагүй байсан ба хань, үр хүүхэдтэй болоод амьдралын сайн сайхныг мэдэрч, сайхан сайхан амьдарна гэсэн итгэлээр тэмүүлж байгаад ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Ар гэрийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялаас бага ч болов хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор П.Нямцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Г, С.М- нарт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс үйлдсэн хэрэг болон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хуульд заасан хамгийн доод хэмжээгээр хорих ялыг оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Х.Г, С.М- нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 30 минутаас 13 цаг 20 минутын үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33 дугаар гудамжны 430 тоотод оршин суух Н.О-н монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, 55 инчийн Элсиди /LCD/ зурагт, 2 симтэй Нокиа /Nokia/ гар утсыг хулгайлан, 1.074.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь “гудамжинд зурагт барьж явсан сэжиг бүхий хоёр иргэнийг шалгаж, хулгайн эд зүйл авч явсан болохыг тогтоосон” талаар мэдүүлсэн цагдаагийн алба хаагч О.Н гэрчээр өгсөн мэдүүлэг /хх 29/, “гэрээсээ эд зүйлээ алдсан” талаар мэдүүлсэн хохирогч Н.О-ын мэдүүлэг /хх 25-26/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-17/, “55 инчийн зурагт 1.052.100 төгрөг, нокиа гар утас 22.800 төгрөгийн үнэтэй” болохыг тогтоосон Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 34/ болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогджээ.     

 

Хохирогч Н.О-ын мэдүүлэг болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэргээр түүний оршин сууж байсан монгол гэр нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв талбарлан хэрэглэжээ. 

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Ганзориг, С.М- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Х.Г-нь “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөх” талаар давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээг сонгон хэрэглэсэн бөгөөд өөр байдлаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн боломжгүй тул шүүгдэгч Х.Г-н давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 Иймд шүүгдэгч Х.Г-н давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ