Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2018/00220

 

 

 

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2018/00220

Жаргалант сум

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

             

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би 

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт баг, Ю.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав баг Б.Г-/-д холбогдох

Гэм хорын хохирол 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 153/2018/00147/и индекстэй иргэний хэрэг үүсгэн  хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт 2017 оны 09 сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн УБӨ улсын дугаартай, Ландровер дефендер маркийн автомашиныг жолоодон явж байтал хойд талаас үл таних цагаан өнгийн жижиг суудлын автомашин мөргөөд зугтаасан. Тэр даруйд нь Ховд аймгийн Цагдаагийн газарт мэдэгдэхэд зөрчлийн 1736000090 дугаартай хэрэг нээн шалгаад 17 хоногийн турш ажиллагаа хийгдсэний үр дүнд Б.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасныг зөрчсөн буруутай үйлдлээр авто осол үйлдэгдэж хэргийн газраас зугтаасан болохыг нь олж тогтоон, миний машинд нийт 5,600,000 төгрөгийн бодит хохирол учирсан болохыг Автомашины хохирол үнэлсэн тухай тайлангаар тогтоосон юм. Б.Г нь өдийг хүртэл надад учирсан хохирлыг төлөх талаар санаачлага гаргахгүй байгаа ба нэг ч удаа ирж уулзахгүй байгаад гомдолтой байна. Иймд Б.Г-аас гэм хорын хохирол болох 5,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ю.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Жаргалант сумын Буянт баг Б.Г-д холбогдуулан гэм хорын хохирол 5,600,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Б.Г-аас хохирлоо бүрэн барагдуулж авсан тул шүүхэд 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ю.А нь хариуцагч Б.Г-д холбогдуулан гэм хорын хохирол 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 4 сарын 20-ны өдөр хариуцагч Г.Г нь нэхэмжлэгч Ю.А  дугаарын автомашинд учруулсан хохиролд 5,250,000 төгрөгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ю.А нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэнбайна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ю.А-ын  2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Төрийн банкинд Ховд аймгийн Татварын хэлтсийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,000 төгрөгийн тал хувь болох 52,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 52,500 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Ю.А-ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Г-д холбогдох гэм хорын хохирол 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ю.А нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ю.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,000 /нэг зуун таван мянга/ төгрөгийн тал хувь болох 52,500 /тавин хоёр мянга таван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 52,500 /тавин хоёр мянга таван зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Ю.А-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНЖАРГАЛ