| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2022/0480/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/476 |
| Огноо | 2022-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/476
2022 06 20 2022/ШЦТ/476
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Ц.Гэрэлчимэг,
шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 221000000 0708 дугаартай, нэг хавтаст хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч Б.Ч нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны орой 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “_” ХХК-ийн булочканы цехэд үйлдвэрийн ажилтан М.Ж-г “ажлын цагт ажилдаа ирсэнгүй, хоцорч ирлээ” гэх шалтгааны улмаас түүнтэй маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархай ясны хугарал, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, зүүн нүдний доод зовхинд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч-с: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй. гэсэн болно.
Хоёр: Эрүүгийн 221000000 0708 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр М.Ж-ийн гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 6 дахь тал),
2. “_” ХХК-аас ирүүлсэн хяналтын камерын бичлэгээс хуулбарлан авсан нэг ширхэг сиди бүхий бичлэгийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 10 дахь тал),
3. 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албаны 212 тоот өрөөнд албаны компьютерын процессорт charcoal dvd-r 16х гэсэн нэртэй CD-г уншуулахад үзлэг хийхээр тогтож нээхэд video-1652431944 дугаартай 1 бичлэг байсныг харуулав.
-Уг бичлэгийг windows media player-ээр уншуулахад 2022 оны 05 дүгээр сарын 08-ний өдрийн Төв үйлдвэрийн талхан цехээс савлах цех рүү холбох коридорын хэсгийн хяналтын бичлэг байсныг зургаар харуулав. Уг бичлэг 2022 оны шөнийн 21 цаг 43 минут 03 секундээс 21 цаг 44 минут 54 секунд хүртэл бичлэг байв. Тухайн теле-хяналтын камер нь талхны цехээс савлах цех рүү харсан чиглэлтэй байв.
-Бичлэгт савлах цехээс гараад талхны цех рүү ирж яваа Б.Ч 21 цаг 43 минут 03 секундэд нааш чиглэлтэй гарч ирэв. 21 цаг 43 минут 04 секундэд М.Ж талхны цехээс гарч Б.Чтай таарав.
-21 цаг 43 минут 08 секунд Б.Ч болон М.Ж нар хоорондоо заамдалцан зогсов.
-21 цаг 43 минут 12 секунд Б.Ч нь М.Жийг баруун гараараа нүүр хэсэг рүү нэг удаа цохив.
-21 цаг 43 минут 53 секундэд гэр Ж.Г талхны цехээс гарч ирэв.
-21 цаг 43 минут 51 секунд гэрч Ж.Г М.Ж болон Б.Ч нарыг салгав.
-гэрч Ж.Г М.Ж болон Б.Ч нарыг цааш дагуулан явахад 21 цаг 44 минут 29 секунд дахин нэг цагаан өнгийн хувцастай хүн гарч ирэв....” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 11-17 дахь тал),
4. Хохирогч М.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн орой 19 цагийн үед гэрээсээ гарсан. Найз машинтай тул найзтайгаа явж байгаад 21 дүгээр хороолол явах замд буугаад таксинд суусан. Түгжрэл болон зарим асуудлаас болоод ажлаасаа хоцорч байгаагаа Булочка цехийн ахлах Б.Ч-д фейсбүүк мессенжерээр хэлэхэд “чи байнга хоцорч чөлөө авдаг” гээд бид 2 фейсбүүк чатаар бага зэрэг маргалдсан. 21 цаг 20 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_” ХХК-ний үйлдвэрийн ажил дээр очоод хувцсаа сольчхоод цех рүүгээ ирсэн гэдгээ мэдэгдэж аюулгүй ажиллагааны зааварчилгаа дээр гарын үсэг зурахаар савлах цех рүү явж байгаад ахлах Б.Ч-тай таарсан. Гэтэл гэнэт заамдаж авсан. Тэгэхээр нь зөрүүлээд заамдаж авсан, өөдөөс юм ярих шиг болсон би сонсголын бэрхшээлтэй тул тэр яриаг нь сонсоогүй. Гэтэл зүүн нүд рүү гараараа цохисон. Би тэр үед нүдний шилтэй байсан. Гэнэт юм урсаад байхаар нь гайхаад хартал нүдний шил хагарчихсан цус гоожиж байсан. Тэгээд хамт ажилдаг Ж.Г ирж салгасан. Дараа нь хамт ажилладаг бүх хүмүүс ирсэн. ....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дэх тал),
5. Гэрч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “_” ХХК-нд ажил дээр 20.00 цагт ирсэн 2 давхарт байрлах хувцасны өрөөнд хувцсаа сольчхоод доош 1 давхарт байрлах ажлын байрандаа очиход М.Ж ажилдаа ирээгүй байна гээд Булочка цехийн ахлах Б.Ч хайгаад явж байсан. Надаас асуухаар нь М.Ж чөлөө авсан гэсэн гэж хэлэхэд за за би нэг яриадахъя гээд дээш 2 давхарт байрлах хувцас солих өрөө рүү М.Жтой утсаар ярихаар явсан. Тэрнээс хойш ахлах Б.Чтай таараагүй. Орой 22 цагийн үед би 1 давхарт талхны цехээс гараад савлах цех рүү холбосон коридорт явж байтал ахлах Б.Ч, М.Ж хоёр заамдалцчихсан байсан. Ойртоод хартал М.Жийн зүүн нүдний зовхиноос цус гарчихсан байсан. Би тэр хоёрыг салгахад М.Ж “чи намайг цохичихлоо, чамд дарамтлуулна гэж байхгүй шүү” гээд дайраад байсан. Тэгээд ажлынхан ирээд тэднийг салгаад, М.Жийг гар угаах өрөөнд оруулж цусыг нь угаалгасан. Тэгээд компанийн удирдлага руу яриад эмнэлэг явах шиг болсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 дэх тал),
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №6989 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:
-М.Жийн биед зүүн нүдний ухархай ясны хугарал, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, зүүн нүдний доод зовхинд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал),
7. Яллагдагч Б.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 08-ны орой Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “_” ХХК-ийн үйлдвэрийн ажлын байр болох булочка цехийн байранд 20.00 цаг гэхэд ирчихсэн байсан. 20.00 цагаас ажил эхлэхэд М.Ж ажлын байрандаа ирээгүй, урьдчилан мэдэгдэж хэлээгүй байсан. Жанчивыг Ж.Гаас асуухад чөлөө авсан юм шиг байна лээ гэж С хэлсэн гэж хэлсэн. Би дээшээ гарч хувцас солих өрөөнд ороод фейсбүүк чатаар ирж байна уу юу болсон бэ гэж асуухад, машин цагдаа зогсоочхоод явуулахгүй байна гэсэн . Эртхэн хэлэхгүй яасан юм бэ, ажил эхэлчхээд байхад дандаа хоцорч чөлөө авах юм аа гэж хэлсэн чинь өдрийн ээлжийн буудаг оператор Э сольчих гэж хэлсэн. Тэгэхээр нь юун дураараа юм бэ, би сольдог хүн биш гэж хэлсэн. Тэгэхэд Ж чи юу гээд байгаа юм гэж хэлээд чатаар маргалдсан. Тэрний дараа 21 цаг 40 минутад М.Ж ирээд савлах цехээс булочка цех рүү явах коридорт таарсан. Яагаад хоцроод олон юм яриад байгаа юм бэ, уучихсан юм уу гээд гаран дээр нь цохиход намайг заамдаж аваад хоолой бооход нь баруун гараараа зүүн нүдний тэр хавьцаа нэг цохисон . Тэрний дараагаар Ж.Г гарч ирээд бид хоёрыг салгаад, Ж цусыг угаахаар авч явсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал),
8. Хохирогчоос хэрэгт гаргаж өгсөн, эмчилгээний зардлын 193.000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 60 дахь тал),
9. Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч Б.Ч-н хүсэлт (хавтаст хэргийн 74 дэх тал), Хохирогч М.Жийн гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлт (хавтас хэргийн 73 дахь тал), Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 75-78 дахь тал),
10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл (хавтаст хэргийн 64 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 68 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 63 дахь тал), “_” ХХК-д Б.Ч нь Булочка зуурагч албан тушаалд ажилладаг тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 72 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, прокурорын хяналтад яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, түүнд ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар танилцуулахад зөвшөөрсөн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Ч-н үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар гэм бурууд маргаагүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Ч нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “_” ХХК-н булочканы цехэд 2022 оны 05 дугаар сарын 08-ны орой 21 цагийн орчимд үйлдвэрийн ажилтан М.Ж-г “ажлын цагт ажилдаа ирсэнгүй, хоцорч ирлээ” гэх шалтгааны улмаас түүнтэй маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас бие, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархай ясны хугарал, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, зүүн нүдний доод зовхинд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр М.Жийн гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 6 дахь тал),
-“_” ХХК-аас ирүүлсэн хяналтын камерын бичлэгээс хуулбарлан авсан нэг ширхэг сиди бүхий бичлэгийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 10 дахь тал),
-2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 11-17 дахь тал),
-Хохирогч М.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр (хавтаст хэргийн 22-24 дэх тал) болон 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дахин өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
-Гэрч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 дэх тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №6989 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал),
-Яллагдагч Б.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”,
-2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан.
Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үндсэн шинжийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах шинжээр тодорхойлсон.
Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Ч нь хохирогч М.Жийн биед халдаж хөнгөн гэмтэл учруулсан нь нотлогдсон, хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.
Мөн шүүгдэгч Б.Ч нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүнийг хүсч үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл хангасан гэж дүгнэв.
Шүүгдэгч, хохирогч нар нэг байгууллагад хамт ажилладаг, нэгнийгээ сайн мэддэг хүмүүс байх боловч тухайн үед үүссэн үл ойлголцол буюу ажлын цаг ашиглалтын ёс зүй, хүлээцгүй байдал, биенээ хүндлээгүй зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан болсон байна.
Хохирогч М.Ж нь эрүүл мэндийн хувьд сонсгол муутай байсны улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан эхнэр З.Урнааг нь түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байгааг дурдах нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн байна.
Иймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Ч-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, тусгай дунд боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Жийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, хохирогчоос 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Компьютер томографикийн зургийн төлбөр 130.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Шүүх эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөр 8.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Интернэйшнл Медикал Центер” Эмнэлгийн тусламж үйлчилгээний 55.000 төгрөг, нийт 193.000 төгрөгийн эмчилгээний зардлын баримт (хавтаст хэргийн 60 дахь тал)-ыг ирүүлж, нэхэмжилсэн ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч гомдол саналгүй, хохирол төлбөрийг хүлээн авсан тухай хүсэлтийг бичгээр (хавтаст хэргийн 74 дэх тал) ирүүлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Ч-д оногдуулах ялын саналыг танилцуулж, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн тул тохиролцсон хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагын саналыг зөвшөөрч байгааг илэрхийлсэн.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгчийн хувийн байдлыг судалсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй, ял шийтгэлгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч Б.Ч-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул прокурорын яллагдагчдтай тохиролцсон ялын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан 90 хоногийн торгох ялыг төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол зайлсхийвэл шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хяналтын камерын бичлэгийг буулгасан нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Чад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ч-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Б.Ч-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН