Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/488

 

 

 

 

 

 

 

  2022           06           24                                     2022/ШЦТ/488

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Б.Хурц,

хохирогч Ц.М

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 221000717 0606 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

             

 

Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Яллагдагч Б.Б нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “_” ресторанд 2022 оны 03 дугаар сарын 03-ны шөнө согтуурсан үедээ тодорхойгүй шалтгаанаар Ц.М-г гараараа цохиж, баруун хоншоор ясны хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, хамар, баруун хацарт цус хуралт, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

 

Шүүгдэгч Б.Б-с: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. гэсэн ,

Хохирогч Ц.М: “2022 оны 03 дугаар сарын 02-03-ны шилжих шөнө найз нарын хамт төрсөн өдрийн ойг байгууллагын ойтой хамтад тэмдэглэж байсан. Б.Б-г өмнө харж байгаагүй, танихгүй. Би дуулах гэж эсхүл бүжиглэх гэж ирсэн байна гэж бодсон. 00 цаг өнгөрч байхад арга хэмжээ өндөрлөж, хэсэг хүмүүс юм яриад сууж байсан. 03 цагийн үед гарах гээд явж байтал Б.Б баруун хацарт гараар цохисон. Тэгээд цагдаа дуудаж эмнэлэгт очиж зураг авхуулсан” гэсэн мэдүүлгийг гаргасан болно.

 

Хоёр. Эрүүгийн 221000717 0606 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 6 дахь тал),

 

2. Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр миний төрсөн өдөр юм. Тухайн өдөр байгууллагын ойн арга хэмжээ болон миний төрсөн өдрийг давхцуулаад хийж байсан. Ажилчид, найз нөхөд гээд их олон хүмүүс цугларсан. Арга хэмжээ эхлээд дуусах дөхөж байхад тамхи татах зорилгоор би ганцаараа алхаад явж байтал үүдэнд 2 үл таних залуу зогсож байсан. Алхаад хажуугаар нь гарах гэж байтал нэлээн согтчихсон залуу ирээд миний баруун хацар тус газарт гараараа нэг удаа цохисон. Би гайхаад юу болж байгаа юм бэ гэхэд намайг цохисон залуу Б.Б хамаг хувцсаа тайлаад, наашаа хүрээд ир үзье гээд агсам согтуу тавьж эхэлсэн. Би цохиулсныхаа дараа Цагдаагийн байгууллагад мэдэгдэж удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд намайг цохисон залууг саатуулсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

-2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн: “...Б.Б надад 300.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл хохирлыг төлж барагдуулаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

 

3. Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр найз М-н төрсөн өдөрт “_” гэх нэртэй газарт очсон. Эрүүл мэндийн шалтгааны улмаас архи, дарс уугаагүй. Төрсөн өдрийн үйл ажиллагаа дуусах тал руугаа орж байх үед 20 гаран настай үл таних залуу Б.Б архи хэтрүүлсэн согтуу байдалтай, хүмүүстэй хэрүүл маргаан үүсгээд яваа харагдсан. Би архи уугаагүй учраас гарсны дараа стори хийгээд зогсож байтал хүмүүстэй хэрэлдээд байсан согтуу залуу шууд манай найз М-н алхаад явж байхад нь нүүрэн тус газарт нь гараараа цохисон. Тэгээд нөгөө залуу зугтаагаад гарсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3863 дугаартай хүний биед хийгдсэн:

-Ц.М биед баруун хоншоор ясны хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, хамар, баруун хацарт цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс хоёр удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

-Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

-Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

 

5. Шүүгдэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өөрийн найз Дэмүүлийн хамт байхад Б гэх найз утсаар залгаад “_” нэртэй газарт 2 хүн төрсөн өдрөө тэмдэглэж байгаа. Нэг нь манай найз байгаа юм та 2 хүрээд ирээч” гэхээр нь за гэж хэлээд 2200 цагийн үед очсон. Очиход төрсөн өдрийн зочид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан.  Дэмүүл бид 2 дунд нь ороод ширээний ард сууж, ширээн дээр байсан архийг уусан. Хэсэг хугацааны дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болоод ухаан санаа самуурч, яг юунаас болоод маргалдсан гэдгээ санахгүй байна, ямар ч байсан нэг залуутай /Ц.М/ маргалдаж байгаад зүүн хацар тус газарт гараараа нэг удаа цохисон. Тэгээд би найз Дэмүүлийн хамт гараад явсан. Сүүлд сонсоод байхад миний цохисон гэх залууг Ц.М гэдэг юм байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

 

6. Хохирогч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Сэтгэшгүй эмнэлэгт 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 10 хоног хэвтэн эмчлүүлж 900.000 төгрөгийн төлбөр төлсөн  баримт, “Мед траума” эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дүрс оношилгоо хийлгэсэн 130.000 төгрөгийн баримт,  

 

7. Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Хаан банкны 5070426586 тоот дансанд 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 300.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 300.000 төгрөгийг хохирогч Ц.М-д шилжүүлсэн тухай дансны хуулга,   

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 50 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал) болон бусад бичгийн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Б-н үйлдсэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай, хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт 1.030.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн, шүүгдэгч 600.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Б.Б-с 430.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М-д олгуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-н холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.Б нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “_” ресторанд 2022 оны 03 дугаар сарын 03-ны шөнө согтуурсан үедээ тодорхойгүй шалтгаанаар иргэн Ц.М-г гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун хоншоор ясны хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, хамар, баруун хацарт цус хуралт, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 6 дахь тал),

 

-Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр бол миний төрсөн өдөр юм. ...Арга хэмжээ эхлээд дуусах дөхөж байхад тамхи татах зорилгоор би ганцаараа алхаад явж байтал үүдэнд 2 үл таних залуу зогсож байсан, хажуугаар нь гарах гэж байтал нэлээн согтчихсон залуу ирээд миний баруун хацар тус газарт гараараа нэг удаа цохисон. ...намайг цохисон залуу Б.Б хамаг хувцсаа тайлаад, наашаа хүрээд ир үзье гээд агсам согтуу тавьж эхэлсэн.....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

-Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр найз М-н төрсөн өдөрт “_” гэх нэртэй газарт очсон. ...20 гаран настай үл таних залуу Б.Б архи хэтрүүлсэн согтуу байдалтай хүмүүстэй хэрүүл маргаан үүсгээд яваа харагдсан. ...хүмүүстэй хэрэлдээд байсан согтуу залуу шууд манай найз М-н алхаад явж байхад нь нүүрэн тус газарт нь гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №3863 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

 

-Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ...Б гэх найз утсаар залгаад “_” нэртэй газарт 2 хүн төрсөн өдрөө тэмдэглэж байгаа. ...та 2 хүрээд ирээч” гэхээр нь ...22 цагийн үед очсон. ...ороод ширээний ард сууж ширээн дээр байсан архийг уусан. Хэсэг хугацааны дараа ... ямар ч байсан нэг залуутай /Ц.М/ маргалдаж байгаад зүүн хацар тус газарт гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж  заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн тухайд үндсэн шинжийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” шинжээр тодорхойлж хуульчилжээ.

 

            Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан тогтоогдсон нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой буюу хохирогчийг гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь гэмтэл учирчээ.

            Мөн шүүгдэгч Б.Б хэдийгээр согтуурсан байдалтай байсан боловч хохирогчид халдаж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

            Дээрхээс нэгтгэн дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч нь согтууруулах ундааг зөв зохистой хэрэглээгүй нь маргаан үүсэх, гэмт хэрэг гарахад шалтгаан болжээ.

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Б-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, дээд боловсрол  эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх хуулиар олгогдсон эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

-мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох ба хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эрүүл мэнд, ...болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.М эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учирсан ба, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол хор уршгийн буюу эмчилгээний зардлын талаарх дараах баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд:

- Сэтгэшгүй эмнэлэгт 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 10 хоног хэвтэн эмчлүүлж 900,000 төгрөгийн төлбөр төлсөн, Мед траума эмнэлэгт 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дүрс оношилгооны хийлгэсэн 130.000 төгрөгийн, нийт 1.030.000 төгрөгийн баримт байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Хаан банкны 5070426586 тоот дансанд 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 300.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 300.000 төгрөг, нийт 600.000 төгрөг хохирогч Ц.Мд эмчилгээний зардалд төлсөн байх бөгөөд нотлох баримтын хүрээнд үлдэх 430.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-с гаргуулж хохирогч Ц.Мд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Б-н гэмт хэрэг үйлдсэн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, ялын саналыг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг судалсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч нь цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй буюу ял шийтгэлгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

 

Шүүгдэгч Б.Б-г Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн, ямар нэгэн маргаан үүсгээгүй, хажуугаар нь зөрөх гэж байсан хүнийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, өөрийн үйлдлийг хянах чадваргүй байхдаа шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь цохиж гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хор уршгийн зардлыг бүрэн арилгаагүй зэрэгт дүгнэлт хийж, улсын яллагчийн хэлсэн саналыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

   3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон     

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыгШүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с 430.000 (дөрвөн зуун гучин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М-д олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Б-н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ДОРЖСҮРЭН