Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2018/00233

 

  

2018 оны 04 сарын 25 өдөр

  Дугаар 153/ШШ2018/00233

          Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* баг Б.Б-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 153/2018/00212/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, хүсэлт гаргагч Б.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1974-1976 он хүртэл эцэг эхийн гар дээр байсан. 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цэргийн алба хаасан....Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч нэгдэлд малчнаар ажилд орсон гарсан тушаал архиваас олдохгүй байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохироход хүрээд байна....Намайг Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1979 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Б нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1979 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Хүсэлт гаргагч Б.Б нь Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 484 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадын 1981, 1983-1991 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Ж.Баттулгын ....Б.Б нь 1974 оноос 1992 оны 03 сар хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо хүртэл хувийн хэдэн малтай байна. Манай хоёрынх нэг нэгдлийнх боловч өөр өөр бригад байгаа юм....*******ын гол, Хонгио голоор нутаглаж бэлчээр хамт байсан....Аав нь Баавал, ээжийнх нь нэрийг санахгүй байна. Эхнэрийг нь Д гэдэг байсан.... гэх мэдүүлэг, гэрч Б.*******ын ....Би 1973 оноос эхлэн нэгдэл тарах хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн малын эмчээр ажилласан....Б.Б нь 1976 онд Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад эцэг Баавалын хамт мал маллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс ирээд тус нэгдэлдээ нэгдэл тарах хүртэл ажилласан. Оныг нь тодорхой хэлж мэдэхгүй байна....Аавтайгаа анх 2 жил тэмээ маллаж байсан. Дараа нь бог мал маллаж байсан. Сүүлд нэгдэл тарахын урьдах 2 жилд адуу малласан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 6,8-19 дүгээр тал/

Харин хүсэлт гаргагч Б.Б нь Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1979 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1981 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.

Хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оны 1-2 сар, 7-12 сар, 1991 оны 5-7 сар, 9-11 сар, 1992-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан нь түүний 0772073 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990, 1991 онуудад нөхөн тооцохдоо дутуу тооцсон байх тул Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 484 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадын 1990-1991 онуудын 70 дугаар дансны хуулбаруудыг үнэлэн хүсэлт гаргагчийн хүсэлтийн уг хэсгийг хангаж шийдвэрлэснийг дурдав.

Хавтаст хэргийн 21-24 дүгээр хуудсанд авагдсан Б.*******, Ж.******* нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадын 1979 онын 70 дугаар дансны хуулбарт хүсэлт гаргагчийн нэр байхгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Б-г Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1979 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1981 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ОЮУНЖАРГАЛ