Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/487

 

 

 

 

 

 

   2022           06           24                                       2022/ШЦТ/487

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч Б.Хурц,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000696 дугаартай, нэг хавтаст хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Б.Т нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Маршал таун” хотхоны хажуугийн авто зам дээр замын хөдөлгөөнөөс болж П.М маргалдан түүний биед халдаж хамар руу нь гараараа цохиж хамар ясны хянга болон баруун хажуу хэсгийн хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т-с: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй. гэсэн болно.  

 

Хоёр: Эрүүгийн 221000000 0696 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),

2. Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн: ”...П.М биед үзлэг хийхэд 177 см өндөртэй, цэнхэр өнгийн цамц, хар өнгийн гадуур хувцастай, хар өнгийн женсэн өмдтэй, хар өнгийн пүүзтэй, хамар хэсэг хавдсан байдалтай байсан. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-8 дахь тал),

3. Хохирогч П.М мөрдөн шалгах ажиллагаанд:

-2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: “...Би өнөөдөр 21 цаг өнгөрч  байх  үед “Маршал”-ын гүүрнээс хойшоогоо чиглээд явж байтал машиныг 4 мотоциклтой залуучууд хажуугаар шүргэх гээд ойрхон яваад байсан. Нэг мотоциклтой залуу  миний машины урд огцом тоормос гишгэж зогссон. Би машинаа зогсоогоод бууж тухайн мотоциклтой залууд хандаж “чи машины дугуйн доогуур орлоо, түрүүнээс хойш яах гээд дугуйнд орчих гээд яваад байгаа юм бэ” гэж хэлтэл “чи түрүүн эмэгтэй хүн рүү ориллоо” гэж хэлээд мотоциклоосоо бууж ирээд шууд миний нүүрэн тус газар цохисон. Тэгэхээр нь буцаан гэдэс хэсэг рүү нь цохисон. Тэгтэл хамт явж байсан залуу бас над руу дайрч  ...машинаас аав бууж ирээд салгасан. Цагдаа дуудаж дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

 

-2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дахин өгсөн: “...Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг мотоциклтой залуу хамар хэсэг рүү нэг удаа цохиж хамраас цус гарсан.  Гэмтлийг сүүлд нэрийг нь мэдэхэд Б.Т гэх залуу учруулсан. Би Гуравдугаар эмнэлэгт хамраа тэгшлүүлсэн. Хамар тэгшлэхэд өвчин намдаах мөнгө гэж 120,000 төгрөг төлсөн. Эрүүл мэндийн даатгалаас мөнгө гараагүй. Хамрын зураг 120,000 төгрөг, өвчин намдаах эм 13,200 төгрөгөөр авсан. Би “_” ХХК-д инженер хийдэг, сарын 1,600,000 төгрөгийн цалинтай. 6 хоног ажилдаа явж чадаагүй мөнгө  345,600 төгрөг, нийт 598,800 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

 

4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №6515 дугаартай хүний биед хийгдсэн:

-П.М биед хамар яс хянга болон баруун хажуу хэсгийн хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ... гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

 

5.Яллагдагч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “... 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр найзуудын хамт мотоциклтой зугаалаад хот руу орсон. “Маршл”-ын гүүний зам дагуу хотын төв рүү орохоор явж байтал хажуу руу машин шахаж урдуур орохоор нь тоормослоод араар нь тойроод тус машины урдуур орж тоормослон.  Машины жолооч залуу “чи яаж яваад байгаа юм” гэж хэлээд машинаас бууж ирсэн. Намайг түлхэхээр нь би мотоциклоос буугаад тус залуугийн нүүр хэсэг рүү мангастаж түлхтэл тэр залуу над руу томроод дайрахаар нь би заамдаж байгаа нүүр хэсэгт нь хоёр удаа гараарай цохисон, хамраас нь жоохон цус гарсан. Жолооч залуугийн аав нь бололтой нэг ах гарч ирээд миний араас зууралдаад цагдаа иртэл тавихгүй хоёулаа заамдаад зогссон. Тэгээд цагдаа ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

 

6.Хохирогч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн эмчилгээний зардлын 133.200 төгрөгийн баримт (хавтас хэргийн 48 дахь тал),

7.Шүүгдэгч Б.Т-с шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн: П.М эзэмшлийн Хаан банкны 5622173211 тоот дансанд 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 133.200 төгрөг шилжүүлсэн банкны баримт, 

8.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), Б.Т нь гүйцэтгэх захирлын албан тушаалд ажилладаг талаарх “_” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 43 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Т-н үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн ;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагиймаагаас “Гэм буруу хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, маргах зүйл байхгүй. Тухайн үед Д.Б.Т мотоциклтэй, хохирогч тээврийн хэрэгсэлтэй тус тус замын хөдөлгөөнд оролцож байсан нөхцөл байдал байдаг. Монгол Улсад мотоциклийн зам гэж байдаггүй, автомашины замаар зорчиход тодорхой хэмжээний маргаан үүсэж гэмт хэрэг үйлдэгдэх болсон. Хохирогч тодорхой хэмжээний байдлаар түлхсэн зэрэг үйлдлээс шалтгаалж энэ гэмт хэрэг гарах болсон.” гэсэн тус тус дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар гэм бурууд маргаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Т нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд,   “Маршал таун” хотхоны хажуугийн авто замд 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 21.00 цагийн орчим мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцож явахдаа мөн автомашинтай хөдөлгөөнд оролцож байсан иргэн П.М тухайн зам дээр явж байгаа асуудлаас буюу “машины дугуйнд орох гээд яаж яваад байгаа юм” гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдан, тэд тээврийн хэрэгслээ зогсоож, улмаар Б.Т нь П.М хамар хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хянга болон баруун хажуу хэсгийн хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 -Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),

-Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн: ”...П.М биед үзлэг хийхэд ...хамар хэсэг хавдсан байдалтай байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-8 дахь тал),

-Хохирогч П.М мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: “...мотоциклтой залуу миний машины урд огцом тоормос гишгэж зогссон, ...би машинаа зогсоогоод ...бууж тухайн мотоциклтой залууд “чи машины дугуйн доогуур орлоо, түрүүнээс хойш яах гээд дугуйнд орчих гээд яваад байгаа юм бэ” гэж хэлтэл “чи түрүүн эмэгтэй хүн рүү ориллоо” гэж хэлээд мотоциклоосоо бууж ирээд шууд миний нүүрэн тус газар цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал) болон 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дахин өгсөн: “...мотоциклтой залуу миний хамар хэсэг рүү нэг удаа цохиж, хамраас цус гарсан. Тус гэмтлийг сүүл нэрийн мэдэхэд Б.Т гэх залуу учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №6515 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

 

-Яллагдагч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “......Маршлын гүүний зам дагуу ...явж байтал хажуу машин шахаж урдуур орохоор нь тоормослоод араар нь тойроод ...машины урдуур орж тоормослон, ...жолооч залуу “чи яаж яваад байгаа юм бэ” гэж хэлээд машинаас бууж ирсэн. Намайг түлхэхээр нь би мотоциклоос буугаад, тус залуугийн нүүр хэсэг рүү мангасдаж, түлхтэл тэр залуу над руу томроод дайрахаар нь би заамдаж байгаа нүүр хэсэгт 2 удаа гараарай цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж  заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн тухайд үндсэн шинжийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” шинжээр тодорхойлж хуульчилжээ.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч П.М эрүүл мэндэд гэмтэл учирсан нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой буюу хохирогчийг гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан байна.

            Мөн шүүгдэгч Б.Т нь хохирогчид халдаж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

            Дээрхээс нэгтгэн дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Шүүгдэгч, хохирогч нар замын хөдөлгөөнд оролцохдоо бие биедээ саад болохгүйгээр зорчих үүрэгтэй бөгөөд нэгнээ илтэд үл хүндэтгэж хөдөлгөөнд оролцсон харилцаанаас маргаан үүсэх, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бий болжээ.

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Т-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.  

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ. 

Гэмт хэргийн улмаас хохирогч П.М эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоос 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “СТМ Мед-д компьютер томографикийн төлбөрт төлсөн 120.000 төгрөгийн, Нилфарм ХХК-н Эмийн сангаас 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр эм Параним-3.500 төгрөг, Дикло денк-9000 төгрөг, Цитрамон 700 төгрөг, нийт 133.200 төгрөгийн баримт (хавтас хэргийн 48 дахь тал) ирүүлж, нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Таас П.М эзэмшлийн Хаан банкны 5622173211 тоот дансанд 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 133.200 төгрөгийг шилжүүлсэн баримтыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг хохирогчид энэ тогтоолоор  төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч П.М мөрдөн шалгах ажиллагаанд “_ ХХК-д инженерээр ажилладаг ба нэг сарын 1,600,000 төгрөгийн цалинтай, 6 хоног ажилдаа яваагүй тул 345,600 төгрөгийг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн байдаг байх боловч цалин хөлсийг тодорхойлсон болон холбогдох бусад баримтыг ирүүлээгүй тул баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болно.  

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Т-н үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагиймаа ” Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирлыг, хохирогчийн тодорхой хэмжээний зүй бус үйлдэл байсан учраас маргаан үүсэж гэмт хэрэг үйлдэгдэх болсон. Хохирогч тодорхой хэмжээний байдлаар түлхсэн зэрэг үйлдлээс шалтгаалж энэ гэмт хэрэг гарах болсон. Хохирогч цаашид гаргах зардлыг баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх юм бол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүний хувийн байдал ажил хөдөлмөр, гэмшиж байгаа зэргийг харгалзан шүүгдэгчид боломж олгож ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Т-н хувийн байдлыг судалсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй, ял шийтгэлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч Б.Т-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, нөгөө талаас шүүгдэгч тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажил, орлоготой болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Т-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Т-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Т-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч П.М нь цалин хөлстэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Т-н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДОРЖСҮРЭН