Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/486

 

 

 

 

 

   2022            06           24                                       2022/ШЦТ/486

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,  

улсын яллагч Л.Төгсжаргал, 

шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн холбогдох эрүүгийн 2210000000272 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч,  2022 оны 06 дугаар сарын 24-ны өдөр хянан хэлэлцэв.

 

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Ж.Б нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны дэвсгэрт байрлах Буянт-Ухаа автобусны буудал дээр Ү.У-н халааснаас “Самсунг А-12” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б-с: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн болно.

 

Хоёр. Эрүүгийн 2210000000272 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

            1. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Ү.У-н бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 3-4 дэх тал),

2. Хохирогч Ү.У-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн өглөөний 08 цаг 05 минутад гэрээсээ хүүгээ сургуульд нь хүргэж өгөхөөр дагуулаад гарч яваад Буянт-Ухаа спорт цогцолборын автобусны буудал дээр 08 цаг 10 минутад ирж автобус хүлээж зогсож байгаад “120-Туул тосгон” гэсэн чиглэлийн автобусанд суугаад 118 дугаар сургуульд хүүгээ хүргэж өгөөд сургуулиас нь гарч ирээд өөрийнхөө гар утсаар нөхөртэйгөө ярих гээд залгах гэтэл байхгүй байсан. Би гэрээсээ хүүгээ дагуулаад гарахдаа гар утсаа куртикний баруун талын гадна халаасанд хийж цахилгааныг нь таталгүй автобусны буудал дээр ирсэн. ...Би гар утсаа Мобиком ХХК-аас 980,000 төгрөгөөр авсан Самсунг А-12 загварын хар өнгөтэй, ногоон гэртэй, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Миний гар утасны имей дугаар нь _ дугаартай байсан. Би өөрийн самсунг А-12 гар утсаа 600,000 төгрөгөөр үнэлж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),   

 

3. “Самсунг А-12” маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, Төрийн банкны карт 1 ширхэг, Хаан банкны карт 1 ширхэг эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

4. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн “Samsung А-12 гар утасны зах зээлийн үнэлгээг 350,000 төгрөг тогтоосон” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 13-15 дахь тал),

 

 5. Шүүгдэгч Ж.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын өглөө 08 цагт гэрээсээ гараад Буянт-Ухаа спорт цогцолборын ард байрлах автобусны буудал дээр автобус хүлээж байхдаа Цагаан саарал өнгийн өвдөг давсан урт куртик өмссөн эмэгтэй хүний баруун талын халаасанд гар утас харагдсан. Тус хүнийг автобусанд суух үед нь баруун халааснаас нь гар утсыг нь хэн нэгэнд мэдэгдэхгүй аваад эргээд харахад ард цагдаа зогсож байсан. Би газар дээрээ баригдсан тул тус гар утсыг бусдад худалдан борлуулж амжаагүй. ...Би урд өмнө хүний халааснаас гар утас хууль бусаар авч байсан удаа байхгүй. Анх удаа гар утас хулгай хийж байгаад газар дээрээ баригдлаа. Би урд өмнө хулгайн гэмт хэргээр шүүхээр шийдүүлж ял авч байсан нь үнэн. Гэдээ хүний халааснаас хулгай хийж байгаагүй нь үнэн. Тухайн үед тус эмэгтэйн баруун талын халаасанд гар утасны тал нь ил гарсан байдалтай харагдсан тул авсан юм...” мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал)

            6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 30 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 33-68 дахь тал, 124-127 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 24-26 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Ж.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, хохирлын хэмжээ зэрэгт буюу гэм буруугийн талаар маргаагүй болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ж.Б нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны дэвсгэрт байрлах Буянт-Ухаа автобусны буудал дээр 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ү.У-н халааснаас “Самсунг А-12” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 350,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

1. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Ү.У-н бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 3-4 дэх тал),

2. Хохирогч Ү.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

 

3. “Самсунг А-12” маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, Төрийн банкны карт 1 ширхэг, Хаан банкны карт 1 ширхэг эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

4. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн “Samsung a12 гар утас үнэлгээний дүн 350,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 13-15 дахь тал),

 

 5.Шүүгдэгч Ж.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

 

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг буюу тодруулбал бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд  хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Ж.Б нь хохирогчийн халааснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гар утас хулгайлан авсан байх бөгөөд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлтээр, өөрийн энэхүү үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж дүгнэв. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол... ” гэж гэмт хэргийн шинжийг заасан ба уг зүйлийн тайлбар хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж заасан.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг”, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ж.Бы үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас 300 нэгж буюу 300.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 350,000 төгрөгийн хохирол нь гэмт хэрэгт тооцогдох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Иймд шүүгдэгч Ж.Б гэмт үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, суурь боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Мөн “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

Хохирогч Ү.У-н гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн болох нь мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ж.Б хохирлоо нөхөн төлсөн,  нөхцөл байдлыг харгалзан түүнд 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 сарын хорих ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгчийн хувийн байдлыг судалсан баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа, шийтгэх тогтоол, албан бичиг зэргээр  Ж.Б нь урд 10 удаа ял шийтгэгдсэн байх боловч ялыг эдэлж дуусгавар болсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заасан тул  шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан нь түүнд оногдуулах  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлөөр тооцохгүй болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Ж.Б-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хохирол, хор уршгийг арилгасан, гэм бурууд маргаагүй зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

  1. Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, мөн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс  2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 116 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Ж.Б-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай. 

 

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-г 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ж.Б 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, мөн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс  2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 116 (нэг зуун арван зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

              5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

              6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ж.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ДОРЖСҮРЭН