Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2018/00235

 


 

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2018/00235

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга баг П.Д-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 153/2018/00167/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагч П.Д нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би сургуульд сурч байгаагүй бөгөөд багаасаа мал маллаж байсан. 1978 онд цэрэгт явж 1981 онд цэргээс халагдаж ирээд мал малласан. Намайг Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1981 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Миний эхнэрийн нэрийг Доржханд гэдэг юм. Цагаан гэж дууддаг....гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

П.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч П.Д нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1981 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Хүсэлт гаргагч П.Д нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 512 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадын 1982-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлээс 1990 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр олгосон 37 дугаартай Үе залгамжилсан малчин, тариачны үнэмлэх, 116209 дугаартай гишүүний бат илэрхийлэх, П.Дашзэвэг, Т.Доржханд нарын гэрлэлтийн гэрчилгээ, 1986 оны 9 сарын 06-ны өдөр олгосон Баярын бичиг, гэрч Б.Сонинцэцэгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 10, 14-21, 22, 24, 27, 33 42-43 дугаар хуудас/

Түүнчлэн хүсэлт гаргагч П.Д нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1981 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.

Харин хүсэлт гаргагч П.Д нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /ХХ-ийн 4 дүгээр тал/

Хүсэлт гаргагч П.Д нь Батлан хамгаалах яамны сайдын 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/137 дугаар тушаалаар 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, Батлан хамгаалах яамны сайдын 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн н/109 дүгээр тушаалаар 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 000008055 дугаартай лавлагааны хуулбар, Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэл нь 1992 оны 3 сард Сутайн хөгжил ХК болж улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 90 дугаартай лавлагаа зэрэг баримт хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 3, 44 дүгээр хуудас/

Хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудсанд авагдсан иргэн Б.Сонинцэцэг, Ж.Даваацэрэн нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 11-13 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадын 1976, 1977, 1981 онуудын 70 дугаар дансны хуулбаруудад Пүрэвдорж, Бүтэд гэх хоёр хүний нэр бичигдсэн, цалин хөлсний нийлбэр нь хоёр хүний цалин хөлстэй тохирсон тул нотлох баримтаар үнэлээгүй, хавтаст хэргийн 23, 28, 29 дүгээр хуудсанд авагдсан 2004 оны 10 сарын 14-ний өдөр олгосон 5964 дугаартай МАХН-ын хүндэт тэмдэг, огноо тодорхойгүй өргөмжлөл, 2006 оны 7 сарын 11-ний өдөр олгосон Хүндэт өргөмжлөл зэрэг баримтууд нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 30-32 дугаар хуудсанд авагдсан хүндэт жуух бичиг, огноо тодорхойгүй Сайшаалын үнэмлэх, Баярын бичгийн хуулбар зэрэг баримтууд нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар П.Д-ийн Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хүсэлт гаргагч П.Д нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1981 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч П.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      С.ОЮУНЖАРГАЛ