Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/492

 

 

 

 

 

 

    2022          06           27                                       2022/ШЦТ/492

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч О.Доржмаа,

шүүгдэгч Р.Э нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Р.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 221000292 0740 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Р.Э нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Наадам центр”-ийн гадаах автомашины зогсоол дээр машин холдуулах эсэх асуудлаас шалтгаалж хохирогч Э.Б маргалдаж, улмаар түүний биед халдаж, гараараа нүүрэн тус газарт нь цохиж, Э.Б-н эрүүл мэндэд баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Э-с: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй. гэсэн болно.

 

Хоёр: Эрүүгийн 221000292 0740 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ирсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 8 дахь тал),

2. Хохирогч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн үед эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадам центр”-ийн гадаа зогсоолоор гарах гэж байтал саарал өнгийн приүс 20 маркийн машин эгнээ хаагаад тавьчихсан байхаар нь уг машины жолоочид урсгал сөрөөд байна, машинаа холдуул гэж хэлэхэд чадахгүй гэж хэлээд машинаа түгжээд цаашаа нэг эмэгтэйн хамт яваад өгсөн. Тэгэхээр нь уур хүрээд писда минь машинаа холдуулаач гээд хэлчихсэн чинь машин руу ууж байсан савтай усаа шидсэн. Тэгэхээр нь машинаасаа буутал уг залуу гүйж ирээд шууд баруун нүдний доод хэсэгт нэг удаа цохисон. Би нүүрээ бариад доошоо тонгойх үед уг залуу араас тэвэрч аваад хажуу тийш бордюр дээр унагаасан. Тэр үед миний машины ард байсан машины хүн салгасан. У залуу цаашаа Номин супермаркет яваад орчихсон. Буцаж гарч ирээд машиндаа сууж байсан. Би цагдаа дуудсан, цагдаа ирэхээс өмнө уг залуу машинтайгаа хөдлөөд яваад өгчихсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу шийдүүлмээр байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

                                                                                            

3. Гэрч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “...Тэр өдөр нөхрийнхөө хамт “Наадам цент”-рийн гадаа машины зогсоол дээрээс машинаа гаргаж байтал ард нэг машин тавиад жолооч нь буугаад явчихсан. Би жолоочид нь машинаа холдуулаач гарч байна шүү дээ гэж хэлтэл чадахгүй гэж хэлээд цаашаа явчихсан. Нөхөр уг залууд машинаа холдуулаач гэж хэлтэл барьж явсан усны саваа машин руу шидсэн. Нөхөр машинаас буутал уг залуу шууд ирээд нөхрийг нүүрэн тус газар нь цохиод авсан. Би машинаасаа бууж болиоч гэж хэлтэл тэвэрч аваад бордюр дээр унагаачихсан. Тэр үед хажуугаар явж байсан болон уг зогсоолоос гарч байсан хоёр гурван хүн ирж салгасан. Би цагдаа дуудлаа гэж хэлтэл дууд гэж хэлээд цаашаа дэлгүүр орсон.  Би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ямар машинтай хүмүүс вэ гэхээр нь очиж дугаарыг харах гэтэл машиндаа нөгөө залуу ирээд суучихсан байсан. Тэгэхээр нь зургийг нь дартал машин дотроосоо салаавч гаргаад, хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь цагдаа ирж байгаа шүү байж бай гэж хэлтэл яваад өгсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №1199 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:

- Э.Б-н биед баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

- Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой байна.

- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

 

5. Яллагдагч Р.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “....Тухайн өдөр дэлгүүрээс гарч ирээд машиндаа авсан зүйлсээ хийчхээд буцаад орох гэтэл нэг үл таних залуу наад машинаа холдуулаач гээд байсан. Тэгэхээр нь хангалттай багтчих зай байна чадахгүй гэж хэлээд алхтал араас хэл амаар доромжлоод байсан болохоор би буцаж очоод уг залууг цохисон. Би өөрийн гэм буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байгаа учир энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),

6. Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч Р.Э-н бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 81 дэх тал), хэргийг хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 82, 88-89 дэх тал),

 

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн   65 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 67 дахь тал), Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 56, 63, 66 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад яллагдагч  зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Р.Э-н үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар буюу гэм бурууд маргаагүй болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Р.Э нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Наадам центр”-ийн худалдааны төвийн гадаах автомашины зогсоолд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зогсоолоос машинаа холдуул гэж хэллээ гэх зүйлээс хохирогч Э.Б маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ирсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 8 дахь тал),

-Хохирогч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

                                                                                            

-Гэрч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1199 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

 

-Яллагдагч Р.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал), болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үндсэн шинжийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэж тодорхойлсон.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан гэмтэл  шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.”гэж заасан бөгөөд  шүүгдэгч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байх тул эдгээр шинжээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл хангасан байна.

Шүүгдэгч, хохирогч нарын харилцааны ёс зүй, нэгнээ илтэд үл хүндэтгэсэн байдлаас маргалдсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нөхцөл болжээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос ирүүлсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Р.Э-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, дээд боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Тус хэргийн улмаас хохирогч Э.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй бөгөөд хохирогчоор мэдүүлэхдээ “ Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн (хавтаст хэргийн 15-16 дахь тал) байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Р.Э-т эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шилжүүлсэн тул   тохиролцсон ялын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх саналтай, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй.” гэсэн дүгнэлтийг гаргасан,  шүүгдэгч ялын саналыг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгчийн хувийн байдлыг судалсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Р.Э Цагдаагийн байгууллагын санд  бүртгэлгүй, ял шийтгэлгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

 

Шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Р.Э нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч Р.Э-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Р.Э-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Р.Э-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Р.Э-н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН