Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2018/00236

 

 

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2018/00236

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дөргөн сумын Сээр баг Ч.Л-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 153/2018/00170/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Л шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Хүсэлт гаргагч Ч.Л нь миний төрсөн дүү байгаа юм. Ховд аймгийн Дөргөн суманд мал малладаг. 1974 онд Ховд аймгийн Дөргөн сумын дунд сургуулийн 7-р анги төгссөн. 1974-1975 оны хооронд эцэг, эхийн хамт мал малладаг байсан. 1976 онд цэрэгт татагдаж, 1979 онд цэргээс халагдаж ирсэн. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл баримтууд нь дутуу байгаа юм....1981 оны 01 дугаар сараас 01-ний өдрөөс 1981 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал түүхий эд боловсруулагчийн ажил хийдэг байсан. Тиймээс Ч.Л-ын Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад 1974 оны 06 дугаар 15-ны өдрөөс 1976 оны 05 дугаар сар 15-ны өдрийг хүртэл, 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар, 1981 оны 01 дугаар сараас 01-ний өдрөөс 1981 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Үйлдвэр бригадад түүхий эд боловсруулагчаар ажиллаж байсан гэж хүсэлтийн шаардлагыг өөрчилж байна....гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.Л нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ч.Л-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагыг Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад 1974 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд түүхий эд боловсруулагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Хүсэлт гаргагч Ч.Л нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд түүхий эд боловсруулагчаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 617 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадын 1975, 1976, 1979, 1981-1984, 1989, 1990 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Чулууны Дуламсүрэнгийн ....Ч.Лхагва нь 1974 оны 6 сард Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийн 7 дугаар ангийг төгсөж тухайн үеийн засаг захиргааны нэгжийн хуваарилалтын дагуу Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Дөргөн бригадад илгээлтээр гарч малчин болж улмаар 1976 он хүртэл эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1976 оны 6 сараас 1979 оны 6 сар хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс 1979 оны 6 сард халагдаж ирээд 1991 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажилласан гэдгийг би мэдэж байна. 1979 онд Мянгад сум нь Дөргөн сум болж засаг захиргааны нэгж болж өөрчлөгдсөн юм. Бид хамт нэг бригадад байсан болохоор сайн мэдэж байна....Ч.Лхагвын эцгийн нэрийг Чойжилжав, эхийн нэрийг Түвшин гэдэг байсан. Эхнэрийн нэрийг Цэцэгмаа гэдэг....Ч.Лхагва нь цэргээс өөр юманд явж байгаагүй.... гэх мэдүүлэг, гэрч Б.Зуноровын ....Ч.Лхагва нь 1974 оны 6 сард Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийг 7 дугаар ангийг төгсөж Мянгад сумын Давшилт нэгдлийн Дөргөн бригадад илгээлтээр гарч малчин болсон. Тухайн үед Дөргөн бригад нь 3 дугаар бригад гэдэг байсан юм. Намайг цэрэгт явахад тус бригадад малчнаар ажиллаж байсан. Намайг цэргээс ирэхэд Ч.Лхагва нь цэрэгт явчихсан байсан юм. 1978 онд иргэдээс Дөргөн бригадыг Дөргөн сум болгох тухай хүсэлт гаргасны дагуу аймгийн даргын захирамжаар Ховд аймгийн Дөргөн сум болоод Сүхбаатарын зам нэгдлийнхээ нэршлийг авсан юм. Дөргөн сумын нэгдэл нь Сүхбаатарын зам нэгдэл нэртэй болсон. Улмаар Ч.Лхагва нь 1979 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирээд 1991 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар тасралтгүй ажилласан юм.... гэх мэдүүлэг, эцгийн нэр Зулын Чойжилжав, эхийн нэр Бямбын Түвшин гэх бичвэртэй Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 36/001915 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дуламсүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан ....Аавыг Чойжилжав, ээжийг Түвшин гэдэг. Ч.Л эхнэрийн нэрийг Ц, Ч.Л нь эхээс 12-уулаа. Ах, эгч нарын нэрийг нь Ч.Долгосүрэн, Ч.Лхагвасүрэн, Ч.Дуламсүрэн, дүү нарын нэрийг Ч.Мягмарсүрэн, Ч.Очирсүрэн Ч.Дэлгэрсүрэн, Ч.Баттогтох, Ч.Батсайхан, Ч.Оюунсүрэн, Ч.Батчимэг гэдэг.... гэх тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Харин хүсэлт гаргагч Ч.Л нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад 1974 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.

Ч.Л нь 1976 оны 7 дугаар сарын 03-ны өдөр цэргийн албанд татагдан, НАХЯ-ны сайдын 1979 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 389 дугаартай тушаалаар 6 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдсан гэх бичвэртэй Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 02/1925 дугаартай архивын лавлагаа, мөн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991-2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний 1461962 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 392 дугаартай Дөргөн сумын Сүхбаатар зам нэгдэлтэй холбоотой бүртгэл тус хэлтэст байхгүй байна гэх бичвэртэй албан бичиг зэрэг баримтууд хэрэгт авагдсан болно.

Хавтаст хэргийн 5-8 дугаар хуудсанд авагдсан иргэн Б.Зуноров, Ч.Дуламсүрэн нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 37 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадын 1975 оны 70 дугаар дансны хуулбарт З.Чойжилжав, Бя.Түвшин, Лхагвасүрэн гэх нэр бичигдсэн ба хүсэлт гаргагчийн нэр байхгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч.Л-ын Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд түүхий эд боловсруулагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Хүсэлт гаргагч Ч.Л нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад 1974 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Л-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянгахоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     С.ОЮУНЖАРГАЛ