Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/493

 

 

 

 

 

 

 

   2022          06           27                                       2022/ШЦТ/493

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Б.Одонтуяа,

шүүгдэгч Т.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Т.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 221000000 0691 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.  

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн эрүүгийн хэргийн товч агуулга:

Яллагдагч Т.Ө нь 2022 оны 04 дүгээр сарын 24-ний шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, _ тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Х хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгой нүүр хэсэгт гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан болон яллах, өмгөөлөх талаас  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ө-с: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. гэсэн болно.

 

Хоёр. Эрүүгийн 221000000 0691 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

2. Хохирогч П.Х-н 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 23-ны орой 23 цагийн үед хамаатан Б гэрт орсон. Т.Ө эхнэртэйгээ, танихгүй 1 залуу эхнэрийн хамт Б эхнэр, тэд хөзөр тоглоод пиво хувааж ууж байсан. Би дэлгүүрээс 0,5 литрийн 1 шил архи авчирсан байсан. 1 шил архиа гаргаж ирээд тэнд байсан хүмүүстэй хувааж уусан. Би нэлээн тасрах тийшээ орсон байсан учир юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн гадаа гарчихсан байсан, Т.Ө миний зүүн талын нүд хэсэгт цохисон. Т.Ө буцаад Б рүү орсон. Би гэр лүүгээ орсон эхнэр цагдаа, түргэн дуудсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал),

3. Гэрч Р.Э 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр бага хүүхэд Э.М ...сургуулиас зохион байгуулж байгаа эцэг эхийн дундах гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд нөхөр оролцохоор болсон. Би өглөө 11 цагт дээр хүргэж өгөөд гэртээ ирсэн. 15 цагийн үед утсаар ярихад манай багийн тэмцээн дуусаагүй байна, дахин тоглох дутуу гэж хэлсэн. ...18 цагийн орчимд утсаар ярихад тэмцээн дууссан, хожиж чадсангүй гэхдээ оролцсон эцэг эхчүүдээрээ нийлээд жоохон ярьж сууж байгаад харихаар боллоо, данс руу мөнгө хийчих гэхээр нь Хаан банкны данс руу 20.000 хорин мянган төгрөг шилжүүлсэн. ...Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01 цагийн орчимд нөхөр П.Х гэрийн хаалгаар орж ирээд, Ууганаа миний толгой өвдөөд, би үхлээ гэж дугараад байхаар нь нойрмог чи архи уучихсан юм чинь толгой чинь өвдөнө шүү дээ гэж хэлээд гэрэл асаагаад нөхрөө хартал зүүн талын нүд хөхөрч, маш том хэмжээтэй хавдсан байдалтай, дух хэсгээрээ, зүүн талын хацар хавиар зулгаралт үүссэн байхаар нь гайхаад хэнд зодуулчихсан юм бэ гэж асуухад манай гудамжинд амьдардаг талийгаач дүүгийн найз Т.Ө хамт архи ууж байгаад, талийгаач дүүг муу хэлээд байхаар нь хэрэлдсэн чинь намайг ингээд зодчихлоо, арай ч ингэж зодно гэж бодсонгүй гэсэн. Тэгээд дахин толгой өвдөөд байна гэж хэлээд байхаар нь эмнэлгийн болон цагдаагийн байгууллагад хандсан....”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 6172 дугаартай хүний биед хийгдсэн:

-П.Хын биед зүүн духны хөндийн өмнөд хананы хугарал, тархи доргилт, дух, зүүн хөмсөг, хамар, хүзүү, баруун дал, нуруунд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, доод уруулын дотор салстад цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, зүүн хөмсөг, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2022.04.24-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

 

5. Яллагдагч Т.Өын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуунд байх найз Б гэрт очсон. Найзуудтайгаа хөзөр тоглоод сууж байсан чинь гаднаас П.Х гэх зүс таних хүн 1 шил 0.5 литрийн архи авчихсан орж ирсэн. Тухайн үед орж ирэхдээ нэлээн согтсон байдалтай байсан. Надад архиа өгөөд чи хундагалаадах гэхээр нь архийг нь аваад найзууддаа хундагалж өгөөд байж байсан чинь П.Х ах гэрээс гарах гээд үүдэнд очоод намайг гараад ир юм ярья гэсэн. Тэгэхээр нь гайхаад араас нь гараад нойлын хажууд очоод ....зогсож байсан чинь П.Х ах миний хажуу талд ирээд гараараа дух руу цохисон. Гайхаад мөн уур хүрээд эргээд харсан чинь намайг шууд хүзүүн дээр дараад доош нь болгочхоод янз бүрээр хэлээд байсан. Би бага зэрэг архи уучихсан байсан болохоор нарийн ширийн зүйлсийг санахгүй байгаа. Тухайн үед П.Х ах хүзүүн дээр дараад доошоо дархаар нь би ...П.Х ахын бие рүү гараараа цохиж эхэлсэн, хаана нь хэдэн удаа цохисноо бол санахгүй байна. Тэгээд найзууд гарч ирээд салгаад гэр рүү нь хүргэж өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

 

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Т.Ө-н иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 19 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 21 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн  лавлагаа (хавтаст хэргийн 22 дахь тал), эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 23 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 24 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 18 дахь тал) болон бусад бичгийн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт:

 

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Т.Ө-н  үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтаа гаргаж өгөөгүй, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн тул хохирогчид төлөх төлбөргүй.” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцож хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Ө-н холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Т.Ө нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, _ тоотод 2022 оны 04 дүгээр сарын 24-ний шөнө согтуурсан үедээ иргэн П.Х тухайн үед үүссэн үл ойлголцлоос маргалдаж түүний толгой, нүүр хэсэгт гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь ,зүүн духны хөндийн өмнөд хананы хугарал, тархи доргилт, дух, зүүн хөмсөг, хамар, хүзүү, баруун дал, нуруунд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, доод уруулын дотор салстад цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, зүүн хөмсөг, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

-Хохирогч П.Х-н 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал),

 

-Гэрч Р.Э 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 6172 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

 

-Яллагдагч Т.Ө-н 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үндсэн шинжийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж тодорхойлсон.

 

            Хэргийн үйл баримтаас тогтоогдсон нөхцөл байдалд хууль дүгнэлт хийхэд  хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь нотлогдсон.

            Мөн шүүгдэгч Т.Ө өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл хангасан байна.

Хохирогч, шүүгдэгч нар үл ойлголцлоос болж маргалдаж улмаар П.Х-н бие, эрүүл мэндэд халдсан үйл баримт байх ба хохирогч, шүүгдэгч нар согтуурсан байсан зэрэг нь гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болжээ.

 

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Ө-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд гаргасан.

Шүүгдэгч монгол хэл, бичиг мэддэг, дээд боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

-мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох ба хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”,

-505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах ...сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч П.Х-н бие, эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч хуульд заасны дагуу хор уршгийн буюу эмчилгээ, бусад зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Т.Ө-н үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд  төлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо санал байхгүй гэсэн тайлбар хэлж, дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгчийн хувийн байдлыг судалсан нотлох баримт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй, ял шийтгэлгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч Т.Ө-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

   3. Бусад асуудлын талаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Ө-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-г  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Б.Т.Ө-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

                

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй,  шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Т.Ө-н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Т.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДОРЖСҮРЭН