Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 503

 

МАГАДЛАЛ

 

2017.02.17                                                   Дугаар 503                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Г.Тэмүүжингийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/1625 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Тэмүүжингийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 6 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Г.Тэмүүжингийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Жамъян,

Шүүх хуралдаанынарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: “Юу Би Эйч Проперти” ХХК-ийн 2014 онд барьж ашиглалтад оруулсан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, “Happy town” орон сууцны хороололоос иргэн Г.Тэмүүжин 66.48 м2 орон сууцны байрыг 1м2-ыг нь 1 800 000 төгрөгөөр захиалж худалдаж авсан.

Гэвч дээрх орон сууцны байрны ашигтай талбайг мэргэжлийн байгууллагаар дахин хэмжүүлэхэд Г.Тэмүүжингийн худалдаж авсан 71 дүгээр байрны 62 тоот 66.48 м.кв-аас орон сууцны талбайгаас 3.5 м.кв талбай дутсаныг 2016 оны 8 дугаар сард мэдсэн. Тухайн байрны хэсэг айлууд орон сууцны талбай хэмжилт дутуу байгааг мэдээд “Юу Би Эйч Проперти” ХХК-д өргөдөл гаргахад хүлээж аваагүй “шүүхээр шийдвэрлүүл” гэсэн хариуг өгсөн.

Иймд 3.5 м.кв дутуу үнэ болох 6 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. “Юу Би Эйч Проперти” ХХК 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 2013/04-12 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 77, 72, 73 тоот барилгыг “Өндөрбуянт холдинг” ХХК-иас 70 хувийн гүйцэтгэлтэй барилга худалдаж авсан нь 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдоно.

Уг барилгаа 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд, тухайн 3 барилгын 71, 72, 73 дугаар байрнуудын үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай компанийн нэр дээр гарсан.

Нэхэмжлэгчид 62 тоот байрны түлхүүрийг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн байдаг. Хэдийгээр орон сууц захиалгаар бариулах гэсэн гэрээ гэж хийгдсэн ч гэсэн зохигчдын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээний дагуу гомдлын шаардлагыг 6 сарын дотор гаргаагүй, уг барилга 2008 оноос баригдсан гэтэл 2009 онд батлагдан хэрэгжиж эхэлсэн стандартаар нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Тэмүүжингийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК-д холбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 6.300.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлс 2.010.738 төгрөгийг Худалдаа Хөгжлийн банкны 499009345 дансанд тушаахыг хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК-д үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хариуцагч баригдсан орон сууц санал болгож, нэхэмжлэгч тохирсон үнийг төлсөн учир худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэн хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.

“Лэндс” ХХК нь “Цэнхэр төхөм” ХХК гэх өөр байгууллагаар хэмжилт хийлгэж дүгнэлт гаргуулахдаа захирамжид заасан хугацаа хэтрүүлж дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн нь дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үнэлэхэд эргэлзээтэй байсан.

Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил чадвартай танилцан, хэргийн оролцогчидтой ямар харилцаатай болохыг тогтоох. Мөн шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгах”, 9.2-т заасан “...шинжээчээр ажиллах харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжилгээ хийлгэх тухай захирамжийг гардуулан өгч, эрх үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах” ажиллагааг хийх байтал энэ ажиллагааг хийгээгүй хуулийн ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт барилга байшингийн дутагдалын талаар гомдлын шаардлага гаргах хугацааг 3 жилээр тогтоосон, орон сууцыг 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлж өгсөн байх тул гомдлын шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэх  хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоогоогүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Тэмүүжин нь хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 6 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч компаниас захиалж худалдан авсан орон сууцны талбайгаас 3,5 м.кв дутсан, түүний үнэ 6 300 000 төгрөгийг гаргуулах...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...борлуулалтын талбайн хэмжээ, үнийг худалдан авагч зөвшөөрч гэрээ байгуулсан, хуулийн хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй, хөндлөнгийн компани талбайн хэмжээг тооцож гаргасныг зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-гээр хариуцагч нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол “ HAPPУ TOWN” орон сууцны 71 дүгээр байрны 1 дүгээр орцны 13 давхрын 62 тоот, 66,48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны 1 м.кв-ийг 1 800 000 төгрөгөөр барьж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон, байрыг 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2014/709 тоот актаар ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч Г.Тэмүүжинд 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд гэрээний зүйлийн биет байдлын доголдол буюу гэрээнд заасан хэмжээнээс дутуу талбайд илүү төлсөн мөнгийг гаргуулах гэсэн байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг дараах байдлаар зөрчсөн байна.

Тухайлбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулаагүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын гомдлын шаардлага гаргах хугацааны талаарх холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргасан “шинжээч томилуулах” хүсэлтийг хангаж, барилгын зураг төслийн “Лэндс” ХХК-ийг шинжээчээр томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийгээгүй атлаа шинжээчийн дүгнэлтийг “...тухайн үйл баримтад хамааралтай мэдээллийг агуулсан хууль ёсны үнэн зөв баримтууд...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

Хуульд заасан журмаар бүрдүүлээгүй нотлох баримтыг шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн хуулийн зохицуулалтад нийцээгүй гэж үзэх үндэслэл болох юм.

Дээрхээс дүгнэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй байна.

Давж заалдах шатны шүүх алдааг залруулан зөвтгөх боломжгүй, хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дах хэсэг, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/1625 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 115 750 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         А.МӨНХЗУЛ

 

                         ШҮҮГЧИД                                          Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                   М.НАРАНЦЭЦЭГ