Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00466

 

2021           05            18                                          001/ХТ2021/00466

...........гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02068 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2003 дугаар магадлалтай,

 

...........гийн нэхэмжлэлтэй

“...........” ХХК-д холбогдох

 

Ачаа тээвэрлэсний хөлс 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баянбаатарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баянбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018.10 дугаар сард Яармагийн урд Арцатын ам гэх газарт барилгын хэв хашмал, тулаасыг өөрийн 98-69 УБХ улсын дугаартай Митсубиши Пуса маркийн ачааны автомашинаар зөөсөн. Нийт 4 хоног 4 удаа тээвэр хийсэн, нэг удаагийн тээврийг 200,000 төгрөгөөр тохирсон юм. Эхний өдөр Арцатын амнаас 7 буудалд, 2 дахь өдөр нь 5 шард, 3-4 дэх өдөр Чулуун овоонд тус тус ачааг хүргэсэн. Нэг удаадаа 200-350 ширхэг хэв хашмал ачиж зөөвөрлөсөн. Өргөгч крантай машин учир би өргөөд буулгаж өгсөн байдаг. Би эхэндээ хувь хүний ажил хийж байна гэж бодсон боловч компани байсан байна лээ. Төлбөрийг маань өгөхгүй алга болсон болохоор нь нөгөө хүнээ хайж олоод уулзтал хариуцагч компанийн ачаа зөөсөн гэдгээ мэдсэн. Тэгээд ажлын байран дээр нь очиж Б.Соёлмаа гэх хүнээс тодорхойлолт гаргуулж авсан. Захирлынх нь үүдэнд сууж байсан тэр хүн компьютер дээрээс хараад миний нэрээр шүүж үзсэн. Тэгээд тээвэрлэсэн өдөр, рейсийн тоог хараад надад төлбөрийн дүн бүхий бичиг бичиж өгсөн. Компанийн тамга дарж өгөөгүй бөгөөд тамга дарахгүй бол хүчингүй биз дээ гэх миний асуултад манай албан бланк дээр бичигдсэн учир хүчинтэй гэсэн хариу өгсөн. Би тэр үгэнд нь итгээд л баримтыг нь аваад явсан. Гэвч миний мөнгийг өгөхгүй байсан тул шүүхэд хандсан байгаа. Иймд миний тээврийн хөлс 800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Манай байгууллагаас яг ямар хүнтэй ярилцсаныг тодруулах шаардлагатай байна. Би ажилд ороод удаагүй болохоор Б.Соёлмаа гэх хүнийг сайн мэдэхгүй байна. Тамга дарагдаагүй баримт учир хүчингүй л гэж бодож байна гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02068 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан ........... ХХК-аас 800 000 төгрөгийг гаргуулж ...........д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2003 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02068 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 750 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баянбаатар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Миний бие тус хэргийг 2019.10.16-ны өдөр анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үнэлсэн, хариуцагчийн төлөөлөгч миний өмгөөлөгч авах хүсэлтийг хүлээн аваагүй, түүнчлэн хэргийн материалтай танилцаж нотлох баримт гаргаж өгөх боломж олгоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй гэсэн үндэслэлээр тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан. Гэвч давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дор дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1.Магадлалын хянах хэсэгт нэхэмжлэгч ...........гийн Майти 9869 УБХ автомашиныг түрээсэлж, хэв хашмал, тулаас төмрийг тээвэрлүүлсний хөлс 800,000 төгрөг болох нь үнэн гэсэн албан бичгийг хариуцагч компани нь өөрийн бланк дээр үйлдэж, нягтлан бодогч Б.Соёлмаа гэж гарын үсэг зурж баталгаажуулсан байгааг хариуцагч үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг гаргаагүй байна гэж дүгнэсэн. Миний бие анхан шатны шүүх хуралдаан болон давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр “манай байгууллагад Соёлмаа гэх хүн байхгүй” талаар тайлбар гаргаж, анхан шатны шүүх хуралдааны үеэр хэрэгтэй танилцах, өмгөөлөгч авах мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа төлбөрийн баримтад гарын үсэг зурсан Соёлмаа гэх хүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөхийн тулд тодорхой хугацаа олгож, шүүх хуралдааныг хойшлуулахыг хүссэн боловч шүүх уг хүсэлтийг маань хүлээж авалгүйгээр нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан талаар давж заалдах шатны шүүх ямар нэг дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн. 2. ........... манай байгууллагатай ямар нэг гэрээний харилцаанд ороогүй буюу тэр дундаа түрээсийн болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй байхад давж заалдах шатны шүүх “зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн боловч нэхэмжлэгч хэтэрхий нэг талыг барьж шийдвэр болон магадлал гаргасан гэж үзэж байна. 3. Хариуцагчийн төлөөлөгч миний бие шүүх хуралдааны үеэр өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хүлээж аваагүй бөгөөд хуралдааны тэмдэглэлд дурдаагүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулах зарчмыг хангаагүйн дээр процессын хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн гэж үзэж байгаа тул шийдвэр, магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ..........., хариуцагч “...........” ХХК-д холбогдуулан хөлс 800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

1. Шүүх нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний төрөл, гэрээний хүчин төгөлдөр байдалд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

 

Тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх буюу барилгын материал буулгах, үүний төлөө хөлс төлөх талуудын тохиролцоо хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ тодорхой хугацааны туршид тодорхой даалгаврыг буюу тохирсон ажлыг гүйцэтгэх, хөлс төлөх үүргийн харилцааг агуулдаг ба ажлын эцсийн үр дүнг хариуцдаггүй, шинээр үр дүн бий болгодоггүй шинжээр ажил гүйцэтгэх гэрээнээс ялгардаг, гэрээний төрөл юм. Талуудын байгуулсан гэрээг тээвэрлэлтийн гэрээ бус хөлсөөр ажиллах гэрээ гэж шүүх үзэхдээ талуудын хооронд тээвэр хийлгэх бус  барилгын материалыг тогтоосон газарт буулгахаар тохирсон зорилго, нөхцөлийг анхаарч гэрээний төрлийг тодорхойлсон нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д нийцжээ.

 

2. ........... нь 2018.10 сард, “...........” ХХК-ийн даалгаснаар 4 удаа хэв хашмал, тулаас төмрийг кран бүхий өөрийн машинаар зөөж, буулган гэрээний үүргээ биелүүлснээ нотолсон тул хөлс 800,000 төгрөгийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа “...баримтан дээр байгууллагын тамга дарагдаагүй, Б.Соёлмаа гэдэг нягтлан бодогч манайд ажилладаггүй, шүүх өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах эрхийг хангаагүй...” гэх үндэслэл зааж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхийг хүсчээ.

 

Талууд шаардлага болон татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Шүүх зохигч талуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулсан тул тэдгээрийн өгсөн баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн “...........” ХХК-ийн албан бланк дээр ........... нь тохирсон ажлыг гүйцэтгэсэн, хөлс 800,000 төгрөг болохыг тусгасан, нягтлан бодогч Б.Соёлмаагийн гарын үсэг зурсан бичмэл баримтыг шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зөрчөөгүй бөгөөд уг баримтыг хариуцагч  үгүйсгэж, татгалзлаа нотлоогүй байна.

 

Шүүх иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг гардуулсан, хариу тайлбар гаргах, хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах эрхийг хангасан, зохигчийн мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй, энэ талаар магадлалд тодорхой тусгасан байх ба хариуцагч талын гомдол үндэслэл муутай байна.

 

4. Хоёр шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, хууль хэрэглээний хувьд алдаа гаргаагүй байх тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар  сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02068 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2003 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 25,001 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.СОНИНБАЯР

                      ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                              Б.МӨНХТУЯА

                                                                                              Б.УНДРАХ