Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 503

 

 

 

 

 

 

 

2019           5            28                                               2019/ДШМ/503

 

                                                 А.С-т холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхмэнд,

хохирогч Н.Б-, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 545 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Энхмэндийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлийг үндэслэн А.С-т холбогдох эрүүгийн 1810028870166 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн А.С, 1992 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “.....” ресторанд зохион байгуулагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ........ дүүргийн ..... дугаар хороо, .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, РД: /................/;

А.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Гэрэлт хотхон”-ны 47Е байрны 16 тоотод эхнэр Н.Б-г түлхэх, өшиглөх, алгадах зэргээр зодож хамрын нуруу, зүүн нүдний гадна булан, баруун бугалга, зүүн шуу, баруун гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... А.С-, Н.Б- нар нь гэрлэлтийн бүртгэлтэй албан ёсны гэр бүл байх бөгөөд хохирогч Н.Б- нь хавтас хэргийн материалтай танилцаад “С-н ганц удаа алгадсан гэдэг худлаа, дэвсэж зодсоноо хүлээн зөвшөөрөхгүй байна”, мөн “...Нэргүй овогтой Болормаа миний бие шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг болон хамрын хажуугийн зураг 30000 төгрөг болсон. Эдгээрээс өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны хувьд маш их гомдолтой байна. Эд материалын хувьд гомдоллох зүйл байхгүй...” гэх хүсэлтийг гаргасан нь хавтас хэрэгт авагджээ.

            Прокуророос хохирогчийг гомдол саналгүй, эвлэрсэн гэж үзсэн нь үндэслэлгүй, хэрэгт гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээг зайлшгүй гаргуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт “... гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн...”, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай байна.

            Мөн прокуророос А.С-ын гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх прокурорын саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулан хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох, ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэсэн заалт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд ялыг эдлүүлэх боломжгүй ялтны эдийн засгийн байдлыг харгалзан 3 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх боломж олгож байгаа шүүх хэрэглэх ёстой хуулийн зохицуулалт юм. Прокуророос ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого боломжийн талаар хэрэгт нотлох баримт бэхжүүлээгүй, хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосон нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй учир А.С-т холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор Б.Энхмэнд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

1. Хохирогч Н.Б- нь хэргийн материалтай танилцаад “С ганц удаа алгадсан гэдэ худлаа, дэвсэж зодсон гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн миний бие шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг болон хамрын хажуугийн зураг 30.000 төгрөг болсон. Эдгээрээс өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны хувьд маш их гомдолтой байна. Эд материалын хувьд гомдох зүйл байхгүй” гэх хүсэлт гаргасан.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон дээрх хүсэлт нь хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад гаргаж байсан хүсэлт бөгөөд прокуророос яллагдагч хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтийг шийдвэрлэх явцад хохирогч Н.Б- нь “гомдол санал байхгүй учир хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Нэхэмжлэх зүйл байхгүй, мөн гомдолгүй, сайн дураараа эвлэрсэн” талаараа бичгээр илэрхийлсэн ба прокуророос яллагдагчийн зүгээс дарамт шахалт байгаа эсэх, сэтгэл санааны хувьд гомдол байгаа эсэх, сайн дураараа хүсэл зоригоо илэрхийлсэн эсэхийг тодруулснаар А.С-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн болно.

2. Мөрдөн шалгах ажиллагаагаар А.С- нь эхнэр Н.Б-г архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэн биеэ зөв авч яваагүй, зүй зохисгүй байдал гаргаснаас найз нөхөд, өөрийн хүргэн, эгч нараас ичих, санаа зовох зэрэг шалтгаанаар, тохиолдлын шинжтэй байдлаар эхнэр Н.Б-г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдсон бөгөөд А.С-ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа тул түүний үйлдлийг “...хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж дүгнэлт өгөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээг зайлшгүй хийх шаардлагагүй гэж үзэж байна. Хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа тухайн хэргийг бусад нотлох баримтаар заавал нотлох шаардлага байдаггүйгээр ердийн журмаар мөрдөн шалгах ажиллагаанаас ялгагддаг онцлогтой байдаг.

Гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа буюу энэ гэмт хэргийн шинжийг хангасан үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан тохиолдолд нийлмэл гэмт хэрэг гэж үзэн хүндрүүүлэх нөхцөл байдал болгон давхар зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан гэж үзэхээр байна.

Гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэдгээр нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон Эрүүгийн хуулийг хэрэглэх нь хамаарал бүхий этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

Прокуророос А.С-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлэхдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” санал гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлгүй бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдалд хамаарахгүй болно.

Прокуророос 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр А.С-т холбогдох хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцхаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр очход хуралдааны тэмдэглэл гараагүй байсан бөгөөд шүүгч “Яллагдагч А.С-ыг шүүхэд шилжүүлсэн тухай” шийдвэр гаргаагүй атлаа гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааныг явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн байсан.

Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар буюу 21 хоногийн дараа шүүх хуралдааны гараагүй, прокурор, оролцогч нарт танилцуулаагүй зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчиж, тэмдэглэлд засвар оруулах санал, хүсэлт гаргах эрхийг хангаагүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дүгээр зүйл, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэг зөрүүтэй эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна.

Шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийг дангаар нь удирдлага болгосон нь хэрэглэвэл зохих хуулийн заалтыг бүрэн удирдлага болгоогүй гэж үзэхээр байна. Дээрх хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33-д “Шүүхийн шийдвэр гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3, 31.4-т заасныг ойлгоно” гэж заажээ. Шүүхийн тухай хуулийн захирамж гарган гэсэн дээрх хуулийн заалтыг давхар баримтлаагүй байна.

Мөн шүүхийн шийдвэрийг 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр буюу 5 хоногийн хугацаа хэтрүүлэн прокурорт гардуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 15 хоногийн дотор гардуулна гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 545 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Н.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж зааснаар прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянавал, шүүгдэгч А.С- нь 2018 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн үед эхнэр Н.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд “ өөрөөр миний биед халдаж байгаагүй. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хөлнөөс чимхэж байсан” гэж хохирогч мэдүүлжээ /хх 8, 13/.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан...” үйлдэл нь байнгын шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд дээрх үйлдлийн улмаас хүний биед ямар нэгэн хохирол, гэмтэл учирсан байхыг шаардаагүй байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэхэд уг гэмтлийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан байх нөхцөл байдлыг хамааруулахаар зохицуулжээ.

Гэтэл энэ хэргийн хувьд шүүгдэгч А.С- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас нэг удаагийн үйлдлээр эхнэр Н.Б-д хөнгөн хохирол учруулсан байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурьдсан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан эсэхэд үнэлэлт-дүгнэлт өгөх шаардлагатай” гэсэн заалт үндэслэлгүй юм.

Түүнчлэн шүүгчийн захирамжид “шүүхийн хэрэглэх хуулийн зохицуулалтыг прокурор хэрэглэж, торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэсний дагуу шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд шүүгдэгчийн хувийн байдлыг үнэлж дүгнэн, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэж, түүнийг хэрхэн эдлүүлэх талаар шийдвэр гаргах бүрэн боломжтой.   

 Иймд прокурор Б.Энхмэндийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч А.С-т холбогдох хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 545 дугаартай захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч А.С-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч А.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ