Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2021/0005

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А” ХХК.         

Хариуцагч: Анаагахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн захирал,

Хариуцагч: Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн АШУҮИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас зөөлөн эдлэл худалдан авах тухай" тендерийн Үнэлгээний хороо,

Нэхэмжлэлийн шаардлага: “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн АШУҮИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас зөөлөн эдлэл худалдан авах тухай” тендер шалгаруулалтын үнэлгээг Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/6458 дугаар албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасан бөгөөд үүний дараа захиалагч АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн АШУҮИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас зөөлөн эдлэл худалдан авах тухай” тендер шалгаруулалтын дахин үнэлгээ хийсэн 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 1/715 дугаартай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлж, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эцсийн байдлаар  АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн АШУҮИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас зөөлөн эдлэл худалдан авах тухай” тендер шалгаруулалтын үнэлгээг Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/6458 дугаар албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийж, гаргасан шийдвэрээ мэдэгдэх үүргээ биелүүлээгүй хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоох, дээрх тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, “Аудитлагдсан тайлан зөрүүтэй, дутуу, ижил төстэй гэрээгээр гүйцэтгэсэн ажил гүйцэтгэсэн баримт хангалтгүй, туршлагын мэдээлэл ирүүлэх шаардлагыг хангаагүй” гэх хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, АШУҮИС-ын Монгол-Японы эмнэлгийн АШУҮИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас зөөлөн эдлэл худалдан авах тухай” дахин нээлттэй тендер зарлах тухай хариуцагчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 003 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, хариуцагч Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, хариуцагч Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагч Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Днар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн АШУҮИСЭ /202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас зөөлөн эдлэл худалдан авах тухай” тендер шалгаруулалтад манай компани оролцсон бөгөөд тус эмнэлгээс 2020 оны 09 дугэр сарын 16-ны өдрийн 1/573 тоот албан бичгээр “Манай байгууллагаас зарласан Эмнэлгийн ажилчдын үйлчлүүлэгчдийн хувцас зөөлөн эдлэл худалдан авах АШУУИСЭ/202005013 дугаартай тендерийн Багц-1-т Эмнэлгийн ажилчдын үйлчлүүлэгчдийн хувцас/ танай компанийн ирүүлсэн санал нь “Хамгийн сайн үнэлэгдсэн” тендерийн  саналаас өндөр байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг үндэслэн уг тендерт шалгараагүй болохыг мэдэгдье” гэсэн хариуг манайд ирүүлсэн.

Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч Сангийн яаманд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №20/534 тоот албан бичгээр дараахь гомдлуудыг гаргасан. Үүнд

1.Манай компани бусад компанийн саналаас өндөр үнэтэй байгаагүй. Учир нь тус тендерт нийт 3 компани оролцсоныг tender.gov.mn системээс харахад манай компани хамгийн бага үнэтэй байдлаар харагдаж байсан.:      

2. Мөн түүнчлэн тус тендер шалгаруулалтын багц -1-д шалгарсан  “Монголын Үндэсний Бүтээгдэхүүн” ХХК-ийн ТШ-ийн бичиг баримттай tender.gov.mn танилцахад дараах ноцтой хууль бус үйлдэл, зөрчлүүд харагдаж байна. Үүнд:

2.1.Татварын тодорхойлолт хуурамчаар үйлдсэн /2019 оны тодорхойлолт дээр 2020 оны тодорхойлолт фотошороор эвлүүлсэн

2.2.Нийгмийн даатгал тодорхойлолт /12 татвар төлөгчтэй өөр байгууллагын тодорхойлолт эвлүүлж хуурамчаар үйлдсэн

2.3.Санхүүгийн тайлангууд тамга тэмдэггүй хуурамч зориуд харагдахгүй болгож бүдгэрүүлсэн

2.4.НӨАТ төлөгч биш мөртлөө Санхүүгийн тайлангаар 100 сая-аас дээш орлоготой мэт харагдуулсан тайлан хийсэн

2.5.Бүх гэрээнүүд нэг өдөр нэг гарын үсгээр бичсэнээс гадна Захиалагч тал хэсэгт өөрийн байгууллагын тамгыг дарсан нь гэрээ байгуулах ойлголт, туршлага байхгүй, хуурамч гэрээ болохыг нотолж байна.

2.6.Тендер шалгаруулалтын ТШӨХ-д заасан нэг ч шаардлагыг хангасан баримт ирүүлээгүй

2.7.Иймд илт хууль бус үйлдлийг зориуд дэмжиж тус тендерийн 1, 2 багцад “М” ХХК-г шалгаруулж байгаа нь Худалдан авах Ажиллагааны хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзэн гомдол гаргасан.

 Энэхүү Сангийн яамнаас гомдлыг хянаж үзээд 2020 оны 10 дугаар сарын 05-ны 1/6458 тоот албан бичгээр ... "М” ХХК-ийн тендерийн материалыг хянаж үзэхэд Татварын албаны 19.1003.2а 2af65ca7-d1d7-4f22-9ca0-992daa4d975c дугаар цахим тодорхойлолтыг Татварын албаны цахим хуудсаар шалгахад хуудсаар шалгахад үүсгэсэн огноо цахим нь тендерийн материалд ирүүлсэн тодорхойлолтоос зөрүүтэй, 2018 , 2019 оны аудитлагдсан санхүүгийн тайлан е-bаlаnсе.gov.mn-аас шалгахад зөрүүтэй мөн нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн цахим тодорхойлолтыг нийгмийн цахим системээр баталгаажуулах кодоор шалгахад баталгаажихгүй байна. Түүнчлэн тус компанийн ирүүлсэн ажил гүйцэтгэх гэрээнүүдэд “М” ХХК нь захиалагчаар гарын үсэг зурж, тэмдгээр баталгаажуулсан нь агуулгын хувьд зөрүүтэй буюу тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн ТОӨЗ18.2 Б-д заасан ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх шаардлагыг хангахгүй байна. Иймд захиалагчийн 2020 оны 09 дугээр сарын 16-ны өдрийн 1/574 дугаар гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэхь заалтад үндэслэн мэдэгдье” гэсэн албан бичгийг манайд болон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлэгт 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/6458 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн.

Энэхүү албан бичгийн дагуу хариуцагч дахин үнэлгээ хийж, тендерт оролцогчдод хариу ирүүлэхийг бид хүлээгээд 16 хоног өнгөрөхөд хариуцагч байгууллагаас дахин үнэлгээ хийсэн талаар ямар нэгэн мэдэгдэл, албан бичгийг хариуцагчаас тендерт оролцогч болох нэхэмжлэгчид ирүүлээгүй тул манай компаниас Сангийн яаманд 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдөр дахин тендерийн мэдэгдэл ирүүлэхгүй байгаа талаар хандахад Сангийн яамнаас 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/6856 тоот албан бичгээр уг асуудлаар захиалагчид хандана гэсэн хууль бус хариу өглөө. Бид захиалагч руу утсаар “Дахин үнэлгээ хийсэн эсэх, хийсэн бол хариу мэдэгдэлээ бидэнд ирүүлэх талаар сануулж хандахад ... дарамтлаад бай ... бид хариу өгнө... гэж хэлээд Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдөр болох 2020 оны 11 дүгээр  сарын 02-ны өдрийг хүртэл 28 хоног өнгөрлөө.      

Иймээс Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/6458 тоот албан бичгийн дагуу АШУУИСЭ/202005013 дугаартай тендерт дахин үнэлгээ хийхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг тендер шалгаруулалтын үнэлгээг дахих хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж байгаа болно.

Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасан байдаг.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.3-т “Захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах”, 99.1-т “Гомдлыг хянан шийдвэрлэсэн захиргааны байгууллага энэ тухай захиргааны акт гарсан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор гомдол гаргагч этгээдэд бичгээр мэдэгдэж, түүнийг баримтжуулна”, 99.2-т “гомдлыг шийдвэрлэсэн захиргааны актыг мэдэгдэхэд энэ хуулийн 43 дугаар зүйлд

заасан журам нэгэн адил үйлчилнэ”, 43.-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, Хэвшсэн журмаар нийтэд танилцуулах гэж захиргааны байгууллагын албан ёсны мэдээллийн самбар, цахим хуудас, орон нутгийн болон үндэсний шинжтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг ойлгоно”, 48.8-т “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй гэж тус тус заасан байдаг.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль

Ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж Захиалагч АУШУҮИС-ын Монгол-Японы эмнэлгийн АУШУҮИС/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас зөөлөн эдлэл худалдан авах тухай” тендер шалгаруулалтын үнэлгээг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/6458 дугаар албан дахин хийхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож уг тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч “А” ХХК 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

1. АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн АШУҮИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас зөөлөн эдлэл худалдан авах тухай" тендер шалгаруулалтын үнэлгээг Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/6458 дугаар албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийж, гаргасан шийдвэрээ мэдэгдэх үүргээ биелүүлээгүй хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,

2. АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн АШУҮИСЭ/202005013 дугаартай Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас зөөлөн эдлэл худалдан авах тухай" тендер шалгаруулалтын дахин үнэлгээ хийж, Аудитлагдсан тайлан зөрүүтэй, дутуу, ижил төстэй гэрээгээр гүйцэтгэсэн ажил гүйцэтгэсэн баримт хангалтгүй, туршлагын мэдээлэл ирүүлэх шаардлагыг хангахгүй гэх хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох.

3. АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн АШУҮИСЭ/202005013 дугаартай Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас зөөлөн эдлэл худалдан авах тухай" тендер зарлах тухай хариуцагчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №003 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох тухай” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн тендерт 3 компани шалгарсан. Цахим системээс харагдаж байгаа тендерийн нийт санал болгож байгаа үнэ бүх нийтэд ил тод харагдаж байдаг. Тус тендерийн үр дүнд М ХХК нь төсөвт өртгөө хэтрүүлсэн, тендерийн баталгаа ирүүлээгүй гэдэг нь харагдаж байсан учраас хүчингүй болчхож байгаа гэдэг нь тодорхой байсан. Үлдсэн 2 компани нь “А”ХХК болон М ХХК-иуд байсан. Манай компанийн үнэ М ХХК-иас бага үнэтэй байсан. 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр захиалагч талаас мэдэгдэл ирэхэд хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасныг үндэслэж, танай тендер өндөр үнэтэй байна гэсэн мэдэгдэл ирсэн. Тендерт оролцогч М ХХК нь тендерийнхээ үнийн саналыг цахим системд оруулахдаа андуураад оруулсан байна гээд үнийн саналыг бага болгосон байсан.

Цахим системээр харагдаж байгаа тендерийн үнийн саналыг зассан тохиолдлыг анх удаа харж байна. Захиалагч талруу утасдаж тодруулахад ...бид нар шийдвэрээ буцаахгүй, Сангийн яаманд гомдлоо гарга гэсэн хариу өгсөн. Сангийн яаманд гомдол гаргахад 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн мэдээлэлд “А” ХХК-иас ирүүлсэн гомдол бүгд үндэслэлтэй байна. М ХХК-иас ирүүлсэн бүх мэдээллүүд бүгд хуурамч байсан. Энэ хуурамч мэдээллүүдийг бүгдийг шалгаж тогтоолоо гэсэн байсан.

Сангийн яам үнэлгээ хийж, хянахдаа манайхыг ч хянадаг, нөгөө байгууллагыг ч хянадаг. Тендерт оролцсон бүх байгууллагын мэдээллийг бүгдийг хянаж үздэг. Хэрэв манай мэдээлэлд ямар нэгэн зөрчил байх юм бол түүнийг хянаж зөрчил байгаа эсэхийг илрүүлдэг. Хэрэв зөрчил байвал тендерийн баталгааг хураадаг журамтай. Тендерийн баталгааг хурааж авахын тулд Сангийн яам маш сайн шалгаж үздэг. Сангийн яам шалгаад хууль бус шийдвэр гарсан байна, дахин үнэлгээ хийхээр явуулсан байсан. Үүнээс хойших мэдээллүүдийг манай өмгөөлөгч тайлбарласан учраас ярих шаардлагагүй гэж үзэж байна.

https://e-balance.mof.gov.mn/-тэй холбоотой тайлбарыг хийе. Тус байгууллагууд аудитын тайлан мэдээллүүдээ оруулах ёстой. Аудит хийсэн мэдээлэл дээр бүгд бүрэн эхээрээ байдаг. https://e-balance.mof.gov.mn/- хаягаас шалгаж үзнэ гэдгийг Сангийн яамны сайдын баталсан журмаар зөвхөн баазад байгаа мэдээллээс санхүүгийн тайлан, татварын тайлан хоёрыг татаж үзэх ёстой. Зөвхөн баазын мэдээллийг үндэс болгоно гэсэн журам байдаг.

Манайх нийт 16 багц мэдээллийг явуулсан. Багц нь дотроо маш олон мэдээлэлтэй. 16 багц мэдээллийн 7 буюу 8-д дугаарласан мэдээллүүдэд 2015 оноос 2020 оны хооронд гүйцэтгэсэн зөвхөн улсын төсөвт ажлыг гүйцэтгэсэн мэдээллүүдээ тендерийн урилга, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлсноор явуулсан. Үүнд 128.000.000 төгрөгний төсөвт өртөгтэй Нийслэлийн Түргэн тусламж төв эмнэлгийн ажилчдын хувцас бэлтгэн нийлүүлсэн байдлыг хангалттай гэж үзэх байсан.

Стандарт хэмжил зүйн газраас дотоодын үйлдвэрүүдийг стандартчилж, сертификат олгодог. Манайх MNS6306202012, MNS62312011 гэсэн УБД001826 гэсэн дугаартай стандарт чанарын гэрчилгээг явуулсан. Энэ гэрчилгээ нь ажлын болон тусгай зориулалтын хувцсыг үйлдвэрлэх үйлдвэрийн стандартыг манайхыг хангасан байна гэсэн чанарын гэрчилгээ. Энэ гэрчилгээ байгаа нөхцөлд үйлдвэрийг заавал ажил гүйцэтгэсэн гэрээг явуулаад байх шаардлагагүй. Манайх олон баримтаар үйл ажиллагаагаа нотлоод явуулсан” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Үндэсний их сургуульд 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр анхны мэдэгдлийг манайд үнэлгээ хийж ирүүлсэн. Энэ үнэлгээг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүйгээс Сангийн яаманд 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гомдол гаргасан. Сангийн яам 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 6-1/6458 гэсэн албан тоот хариу өгсөн. Албан бичигт ...тендер шалгаруулалтын үйл ажиллагаа хууль бус болсон тул хүчингүй болгож тендер шалгаруулалтыг дахин хийнэ үү гэж дурдсан. Дахин үнэлгээ хийнэ үү гэдэг хариу 2020 оны 10 дугаар сарын 05-нд хүлээн авсан боловч 2020 оны 10 дугаар сарын 21-нд өдөр хүртэл хариу дахин үнэлгээ хийсэн талаар мэдэгдээгүй учир бид дахин үнэлгээ хийгдээгүй гэж ойлгож байгаа. Тиймээс Сангийн яаманд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дахин гомдол гаргасан.

2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сангийн яам 6856 тоот албан бичгээр захиалагчдаа хандаа гэсэн албан бичиг өгсөн. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр захиалагчид 623 тоот албан бичиг явуулсан боловч хариу ирүүлээгүй. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаад хариу ирэхгүй байсан учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн нэхэмжлэлийг өмгөөлөгч асууж байна. Мэдэгдэл юм уу мэдэгдлийг хүчингүй болгох уу, дахин үнэлгээ хийлгэх юм уу гэж асууж байна. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл дахин үнэлгээ хийсэн мэдээлэл бидэнд мэдэгдээгүй тул дахин үнэлгээ хийгдээгүй гэж үзэж буй учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх нэхэмжлэлийн бүрдүүлэлтийг хангасны дараа 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр захиргааны хэрэг үүсгээд хэргийн материал ирсэн. Хэргийн материал ирэхэд дахин үнэлгээ хийсэн байсан. Ингэхдээ бидэнд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул дахин үнэлгээ хийгдээгүй байна гэсэн нэхэмжлэлийг бид гаргаж байгаа юм.

Дахин үнэлгээ хийсэн мэдэгдлээ бидэнд ирүүлэхгүй байна гэж тодруулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиалагч дахин 2 нээлттэй тендер зарласантай холбогдуулж 2 нэхэмжлэлийн шаардлага нэмж гаргасан. 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цахим тендер дээр нээлттэй тендер шалгаруулалтыг зарласан байсан учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарт хариу тайлбар ирээгүй, бидэнд мэдэгдээгүй байсан учраас бид урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар тендер зарласанг мэдээд журмын дагуу Сангийн яаманд давхар гомдол гаргасан. Албан бичигт дахин үнэлгээ хийсэн мэдэгдлээ ирүүлэхгүй байхдаа дахин тендер зарласан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар зөрчлийг арилгасны дараа тендер шалгаруулалтын үйл ажиллагааг явуулахыг шаардах гэж Сангийн яамны эрх үүргийг тодорхой заасан байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэхээс өмнө бидэнд дахин үнэлгээ хийсэн эсэх бидэнд мэдэгдэл хүргүүлсэн эсэх зөрчлийг арилгуулсны дараа нээлттэй тендерийг зарлаж өгнө үү. Энэ тендер зарласан байгаа нь хууль бус тул хүчингүй болгож өгнө үү гэсэн албан бичиг хүргүүлсэн.

Ийнхүү Сангийн яаманд хандахад Сангийн яам 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 7130 тоот бичгээр гомдлыг буцааж байна шүүхэд ханд гэсэн хариу Сангийн яамнаас ирүүлсэн учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хангагдаад нэхэмжлэлийн шаардлагын дагуу хуульд заасны дагуу нийцүүлэн 3 шаардлага гаргасан. Хууль зүйн үндэслэл нь Сангийн яамны журамд байдаг. Дахин үнэлгээ хийсэн талаарх мэдэгдлээ яаж мэдэгдэх талаар тендерийн тухай хуульд төрийн байгууллагын төв захиргаанаас баталсан журмыг тендерт оролцогчдоос дагаж мөрдөх журмыг баталдаг. Журамд худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалтыг зохион байгуулах холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам, тендер шалгаруулалтын материалыг оролцогчдод ил болгох журмыг Сангийн яам батлаад 2 жил болж байгаа.

Сүүлийн жилүүдэд тендерийг цахимаар явуулдаг болсон. Үнэлгээний хороо цахимаар тендер зарласан байгаа. Энэ журмын 1.1 худалдан авах ажиллагааг цахимаар худалдан авах ажиллагаа зохион байгуулах тэдгээрийн хэрэгжилтийг хангах, шалгаруулалтын урилга үр дүн, тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдол зэргийг мэдээлэхтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулдаг. Ямар үр дүнг яаж мэдээлэх талаар журмаар зохицуулсан. Журмын 1.4 -д үүрэгтэй байх талаар заасан. Мэргэжлийн байгууллагаас гаргасан журам аргачлал зааврыг заавал дагаж мөрдөхөөр 1.4-д зохицуулсан байгаа. Журмын 2.5-д цахим системд нэвтрэх эрх авсан ажилтан цахимд бүртгэгдсэн мэдээлэл өөрчлөгдөх бүрд холбогдох өөрчлөлтийг бүртгүүлнэ. 2.7 дээр 2.5-г зөрчсөн цахим системд бүртгэлтэй мэдээллийг тухай бүрд нь шинэчлээгүй болон тухай этгээдийг төлөөлөн системд нэвтрэх эрх авсан ажилтны аливаа үйлдэл, үр дагавар хариуцлагыг холбогдох захиалагч тендерт оролцогч хүлээнэ гэж байгаа.

Тендерт оролцогч захиалагч болон үнэлгээний хороо тухай бүр үнэлгээний хорооныхоо мэдэгдлийг хийгээгүй тул өмгөөлөгчийн ярьж байгаа асуудал үүсээд байгаа юм. Дахин үнэлгээ хийснээ бидэнд мэдэгдэхгүй байсан тул сүүлд ийм нэхэмжлэлийн шаардлага тодруулсан байгаа. 2.10 дээр журмын дагуу захиалагч болон тендерт оролцогчоос цахим системд оруулсан мэдэгдэл мэдээллийг хуулийн 46.4 заасан шаардлагыг хангасан гэж үзнэ. Тендерийн тухай хуулийн 46.2-т тендерт оролцогчид заавал албан бичгээр харилцана. Журмын 2.10-д заасан үүргээ биелүүлээгүй бол албан бичгээр харилцах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ хэмээж хуулийн заалтаа журамдаа нарийвчлан заасан.

Өөрөөр хэлбэр дахин үнэлгээ хийсэн тухай мэдэгдлээ тухай бүрд цахимд оруулаагүй бол бидэнд албан бичгээр мэдэгдэнэ гэж журмын 2.10-д заасан. Журмын 3.1-д худалдан авах ажиллагааг энэ журмын дагуу зохион байгуулна гэж заасан. Энэ журмын дагуу тухай бүрд мэдээлэл хийж, албан бичгээр мэдээллээ хийх ёстой. Мэдээлэл хийгээгүй учир албан бичгээр харилцаагүй албан бичгээр харилцах үүрэг нь тендерийн тухай хуулийн 46.2-д заасан. 1-р шаардлагын тухайд энэ үүргээ биелүүлээгүй байна. Сангийн яам 1-р тендер шалгаруулалтыг хууль бус байна хүчингүй болгоод дахин тендер хийхийг даалгасан байгаа. Гэхдээ Сангийн яамны албан бичигт дурдагдаагүй хэдэн зүйлсийг нэмж ярья. Эхний тендер шалгаруулалтад 3 компани үнийн санал ирүүлсэн. Үнийн дүнгээр жагсаахад эхэнд хамгийн өндөр үнэтэй М, 2-т манай компани орсон. Шалгаруулсан М ХХК 3-д орсон. Тендерийн хорооны тэмдэглэлийн 2 дугаар хуудсанд хамгийн сайн үнэлэгдсэн М******* ХХК-иас эхлэе гэж байна. Ц.Д******* хэлэхдээ 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр тодруулга ирүүлсэн. Тендерийг 8 дугаар сарын 24-ний өдөр нээсэн. Тендер нээсний дараа захиалагч тодруулга авах ёсгүй. Хэрэв авсан бол тодруулга авсан тухай албан бичгээ цахимдаа байршуулах ёстой. Хавтаст хэрэгт байгаа тендерийн бүх бичиг баримт байгаа боловч тодруулга байхгүй. Цахимд мөн байхгүй. Цахимаар нээсний дараа тодруулга 9 сарын 7 өдөр ирүүлж буй нь 1-р хууль бус үйлдэл. Нягтлангийн буруугаас болж үнийн саналыг буруу бодсон тул үндсэн дүнд өөрчлөлт оруулсан гэж тодруулга ирүүлсэн. Манай компани 2-р байранд байсан чинь манайхаас бага үнийн саналтай болгосон. 9 дүгээр сарын 7-ны өдрийн тодруулгаар 1-т захиалагч тодруулга шаардаагүй. Тэгэхлээр М******* ХХК яаж мэдэж тодруулга явуулсан нь ойлгомжгүй. Зарлан мэдээлэх журмын 7.4-д тендер шалгаруулалтыг нээхээс өмнө өөрийн алдаатай залруулгыг ирүүлж болно гэж заасан.

Үнэнд өөрчлөлт оруулж болохгүй талаар хуульд тодорхой заасан байгаа. Тендерийн хуулийн 26.9-д тендерийн агуулга үнэ өөрчлөхөөс бусад асуудлаар тодруулга авч болно. Гэтэл тендерийг 8 дугаар сарын 24-нд нээчхээд 9 дүгээр сарын 7 өдөр үнэндээ өөрчлөлт оруулан тодруулга ирүүлсэн нь Тендерийн хуулийг ноцтой зөрчиж байна. Шалгаруулалт М ХХК үнийн санал маш өндөр байсан тул нөгөө 2 компани хооронд явагдсан. 1-т шалгаруулалтад манай компани үнэлгээний хорооны бүх шаардлагыг хангасан байхад үндэслэлгүйгээр нөгөө талыг шалгаруулсан явдалд гомдол гаргасны дагуу тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон. 10 дугаар сарын 19-ний өдрийн 1-715 тоотод шалгараагүй үндэслэлд Аудитладсан тайлан зөрүүтэй, аудитлагдсан тайлан дутуу. Тендерийн нөхцөлд 2018, 2019 оны тайлан шаардсан байсан. Аль нэг он байхгүй гэж үзсэн байгаа юм. Цахим мэдээллийн баазад холбогдсон мэдээллийг тендерт оролцогчоос шаардахгүй. Цахим эрх авсан этгээд Сангийн яамны https://e-balance.mof.gov.mn/ руу холбогдож аудитын тайлан зэргийг тодруулга авч болно. Хариуцагчийн дахин үнэлгээ хийсэн мэдэгдэлд тайлан зөрүүтэй эсвэл аль нэг нь байхгүй байна гэдэг нь утга агуулгын хувьд алдаатай мэдэгдэл ирүүлсэн.

Хурлын тэмдэглэлд Х******* хэлэхдээ дахин үнэлгээ хийхэд А******* ХХК ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн ажил туршлага аудитчлагдсан тайлан 2018, 2019 оны мэдээллийг ирүүлэх шаардлагатай гэдэг нь мэдээллийн санруу орж үзээгүй гэсэн үг. Тэгсэн хирнээ ирүүлж буй мэдэгдэл нь зөрүүтэй, дутуу гэж утга агуулгын алдаатай татгалзсан үндэслэл нь ойлгомжгүй. 2-т ижил төстэй гэрээгээр ажил гүйцэтгэсэн баримт хангалтгүй гэсэн байна. Бид тендерийн бичиг баримтад шаардсан бичиг баримтыг бид явуулж байгаа. Бид нэхэмжлэлийн шаардлага дээр бичсэн байгаа. Манайх оёдлын чиглэлээр тендерийн гэрээ хийж гүйцэтгэсэн ажил шалгаруулалтаар дандаа гүйцэтгэдэг. Тэр нь цахимд бүртгэгдсэн байдаг. Шалгарсан тухай бүх мэдээлэл захиалагчийн шийдвэр, гэрээ, гэрээ дүгнэсэн акт, ажил хүлээлцсэн акттай цахим системд ордог. Тэндээс харах боломжтой байсан. Цаасаар ирүүлээгүй гэж үзэж байгаа бол цаасаар ирүүлсэн баримт байгаа. Эмнэлгийн байгууллагын ажил гэхэд л 5 ажлын 20-130 сая төгрөгийн гүйцэтгэсэн ажил гэрээ, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолт явуулсан. 2 дугаар хүснэгтэд утга агуулгын алдаатай мэдэгдэл ирүүлсэн ижил төстэй гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх шаардлагыг хангахгүй гэсэн нь утга агуулгын хувьд алдаатай аль үндэслэлээр татгалзаж буй нь ойлгомжгүй. Манайх шалгаруулаагүй үндэслэл нь хууль бус байсан учраас хүчингүй болгож өгөөч гэсэн шаардлага тавьсан. Уг 2 үндэслэл захиалагчийн хууль бус үйлдэл учраас нээлттэй тендер шалгаруулж буй үйлдэл нь хууль бус юм. Тийм учраас хууль бус шийдвэрийг үндэслэж гарсан нээлттэй тендер шалгаруулах дахин зарлах тухай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн 3 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Нэхэмжлэлийн гурван шаардлагаа гурвууланг нь дэмжиж байна. Захиргааны актын урьдчилан шийдвэрлэх ажиллагаа нь захиргааны ерөнхий хуулиар зохицуулагдана. Тендертэй холбоотой маргаан нь тендертэй холбоотой урьдчилан шийдвэрлэх ажиллагаа тендерийн хуульд зааснаар Сангийн яам нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийж байгаа. Манайх Сангийн яаманд 9 дүгээр сарын 16-нд эхний гомдол гаргасан. Сангийн яаманд 9 дүгээр сарын 21-ний өдөр хариу өгсөн. Мөн 10 дугаар сарын 28-ны өдөр Сангийн яаманд хандахад захиалагчдаа ханд гэсэн хариу өгсөн. Энэ хооронд нээлттэй тендер зарлагдсан байсан учраас Сангийн яаманд 11 сарын 02-ы өдөр дахиад хандсан. Шийдвэрийг Сангийн яам гаргаагүй захиалагч буюу тендерийн үнэлгээний хороо гаргасан. Үнэлгээний хорооны шийдвэрийг буруу байна гээд дээд шатны албан тушаалтанд нь хандахаар өгсөн хариуг бид хүлээн зөвшөөрөөгүй, бид Сангийн яамтай маргахгүй. Өөрөөр хэлбэл үнэлгээний хорооны шийдвэртэй маргаж байгаа.

Ил болгох журамд тухай бүр гэдэг үг байгаа. Шийдвэр гарлаа бол тухай бүр нь мэдээллэх ёстой. Хуульд ойлгомжтой заасан. Нэн даруй, түргэн шуурхай гэсэн үг. Хуульд ажлын 5 өдрийн дотор гаргасан шийдвэрээ тухай бүр байршуулна гэж заасан. Дахиж магадлаад шийдвэр гаргана гэдэг нь Сангийн яам тендерийн хороонд та нар ийм шийдвэр гарга гэж зааж өгдөггүй. Шүүх ч зааж өгөхгүй. Тендерийн үнэлгээний хорооноос шалгаруулсан тендерийн үйл ажиллагаан нь хууль бус байсан. Шаардлага хангасан материал нь манайх байсан гэдгийг нотлохын тулд шүүхэд хандсан. Тендер шалгаруулалтын үйл ажиллагаа нээснээс хойш 10 гарах хоногийн дараа тодруулга авч байна. Гэтэл тэр дотор алдаатай явсан байсныг захиалагч тендерт оролцогч яаж мэдэх бэ? Тодруулгаа хүргүүлээгүй байж, тодруулга тэндээс хүлээж аваад байдаг. Үнэхээр тодруулга хүлээж авсан юм бол нэн даруй 7 хоногийн дотор цахимдаа байршуулах ёстой байсан. Тодруулах эрхийн дагуу хавсралтаараа бараа материалын шинжилгээний дүгнэлтийг хамт ирүүлсэн байна гэж тендерийн хорооны хурлын тэмдэглэл дээр бичигдсэн байсан. Дутуу ирүүлсэн материалаа дахиад 9 сарын 17-ны өдөр нөхөж ирүүлсэн. Дутуу материалыг сүүлд нь дахиж нөхөж авна гэдэг нь ямар учиртай юм бэ.

Тендерийн хуулийн 14-16-д заасан шаардлагууд нь тухайн тендерт оролцогчийн санхүүгийн чадавхтай холбоотой баримт шаарддаг. Санхүүгийн шаардлагатай холбоотой хуулийн 3.7-д тендерт оролцогч тендерт санхүүгийн тайлан, Татварын албаны тодорхойлолт зэрэг гэж заасан. Санхүүтэй холбоотой бүх мэдээллийн баазад байгаа бүх мэдээллийг ирүүлэх шаардлагагүй. Ирүүлэхийг шаардаж байгаа бол мэдээллийн баазаас татаж авах ёстой байсан. Энэ зохицуулалт нь 3.7-д заасан. Манайх явуулсан байлаа гэж бодоход тэрийг үндэслэл болгохгүй гэж журамд заасан. Мэдээллийн баазад байгаа баримтыг л үндэслэл болгох ёстой. Үнэлгээний хорооны санхүүгийн чадавхыг үндэс болгож, үнэлгээ хийсэн материал нь ирүүлсэн баримтыг үзээд байгаа. Гэтэл журамд ирүүлсэн материалыг үзэхгүй, цахимд байгаа, баазад байгаа материалыг үндэслэл болгоно гэж заасан. Хариуцагч нь санхүүгийн чадавхийг шалгах үүргээ биелүүлээгүй. Санаатай хэрэгжүүлээгүй гэж харагдахаар байгаа учраас Үнэлгээний хороо хуульд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч Анаагахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн захирал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “А”ХХК-ийн  2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн захирал Р.О-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбар хүргүүлж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа: Захиалагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн АШУҮИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас худалдан авах тухай” тендер шалгаруулалтын үнэлгээг Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/6458 дугаар албан бичгийн дагуу дахин хийхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Мөн нэхэмжлэлийн агуулгадаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасан.

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их Сургуулийн Монгол-Японы эмнэлгийн захирлын 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/84 дугаар тушаалаар тендерийн үнэлгээний хороо байгуулж тус оны 7 дугаар сарын 24-ний өдөр АШУҮИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас худалдан авах тухай” тендер зарласан. Уг тендерийн багц-1-т “М” ХХК, “А" ХХК, “М” ХХК-иуд тус тус санал ирүүлсэн. Үнэлгээний хороо уг тендерүүдийг нэлээд Уг тендерийн багц-1-т хамгийн бага үнийн санал ирүүлсэн “М" ХХК-ийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5-д заасны дагуу “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тул 29 дүгээр зүйлийн 29.2-д заасны дагуу гэрээ байгуулах зөвлөмж гаргасан.

Тендерийн үнэлгээний хорооны уг зөвлөмжийн дагуу 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг “М” ХХК-д, тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг “М” ХХК болон “А” ХХК-д хүргүүлсэн боловч Сангийн яамнаас 2020 оны 9 дугээр сарын 24-ний өдрийн 6-1/6186 дугаар “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” мэдэгдлийг манай байгууллагад ирүүлсэн.

Мөн Авилгатай тэмцэх газраас 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 05/10692 дугаартай “Материал ирүүлэх тухай” мэдэгдлийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан. Уг мэдэгдлийн дагуу манай байгууллагаас зарласан АШУУИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас худалдан авах тухай” тендер шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдийн “Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг”, “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, үнэлгээний хорооны дүгнэлтийн баримт бичгийн эх хувиуд болон холбогдох тайлбарыг бичгээр гаргуулан Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн.

Монгол Улсын Сангийн яамнаас 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/6458 дугаартай мэдэгдлээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1/574 дугаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг хүчингүй болгож тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгасан. Үүний дагуу Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол- Японы эмнэлгийн АШУУИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас худалдан авах тухай” тендер шалгаруулалтын үнэлгээний хороо 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, тендерийг дахин үнэлсэн.

Тендерийн үнэлгээний хороо дүгнэлтийн дагуу Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгээс “М” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай 1/574 дугаартай мэдэгдлийн багц-1 “Ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас” гэсэн хэсгийг хүчингүйд тооцож Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/715 дугаартай “А”ХХК-д тендерт шалгараагүй болох тухай мэдэгдлийг үйлдсэн. Уг мэдэгдлийн хуулбарыг 2020 оны 10 дугээр сарын 19-ний өдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн байранд эдийн засагч Р.Б “А”ХХК- ийн ажилтанд гардуулан өгсөн болно.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн АШУУИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас худалдан авах тухай” тендерийн сонгон шалгаруулалтыг цахим tender.gov.mn -д 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дахин зарласан. Уг тендер нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нээгдэнэ.

Мөн “А”ХХК-аас 20/625 дугаартай гомдлыг 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн бичиг хэрэгт хүлээн авч тус өдөр [email protected]  хаягт тендерт шалгараатай болох тухай 1/715 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан: Захиалагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн АШУУЙСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас худалдан авах тухай” тендер шалгаруулалтын үнэлгээг Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/6458 дугаар албан бичгийн дагуу дахин хийхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын хүрээнд тайлбар хийе. Сангийн яамнаас 10 дугаар сарын 05-ны өдөр 6-1/6458 дугаартай мэдэгдэл ирүүлсэн. Үүнд гомдол нь үндэслэлтэй учраас дахиж үнэлгээ хийхийг манайд даалгасан агуулгатай албан бичиг байсан. Сангийн яамны даалгаврын дагуу манайх 10 дугаар сарын 16-ны өдөр тендерийн үнэлгээний хороо дахиж хуралдаад М ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлээ хүчингүй болгосон. Мөн үнэлгээгээ дахин хийсэн гэдэг утгаар Сангийн яамнаас ирүүлсэн 6-1/6458 дугаартай мэдэгдлийг бүрэн хангасан. Манайх даалгасан үүрэг даалгаврын бүрэн биелүүлсэн.

Мэдэгдлээ өгөөгүй гэдэг дээр тайлбар хийе. Анх 9 дүгээр сарын 16-ны өдөр тендерийг зарлачихаад М ХХК-тай гэрээ байгуулах, эрх болгосон тухай А******* ХХК-иудад шалгараагүй тухай мэдэгдлүүд, тендертэй холбоотой мэдэгдлүүдийг цахим https://www.tender.gov.mn/-д байршуулсан. Дахиад үнэлгээ хийгээд мэдэгдлийг байршуулах боломж байгаагүй. Цахимд үр дүн гарсан гэдэг хариу өгсөн. Манайх https://www.tender.gov.mn/-д мэдээлэл оруулах үүрэгтэй. Мэдээлэл оруулахын тулд Сангийн яамнаас зөвшөөрөл авдаг.  https://www.tender.gov.mn/ сайтруу мэдээлэл оруулах боломжтой эсэхийг Сангийн яамнаас зөвшөөрсний үндсэн дээр мэдээлэл оруулах боломжтой. Гэтэл цахимд өмнөх тендерийн хариу гарсан, үр дүн гарсан гэдэг мэдээлэлтэй учраас дахин мэдээлэл оруулах боломжгүй. Дахин үнэлгээ хийсэн талаараа дахиад мэдэгдэл гаргаж байгаа талаар мэдээлэл оруулах боломжгүй. Харин А******* ХХК Сангийн яаманд гомдол гаргаад Сангийн яам өөрөө өмнө гарсан тендерийн мэдээлэл үр дүнг хүчингүй болгосон бол тухайн оруулсан мэдээллийг үр дүн гарсан биш түдгэлзүүлээд хүчингүй болгож дахиад манайхыг мэдээлэл оруулах боломжоор хангаж өгөх ёстой байсан. Тухайн үед https://www.tender.gov.mn/-д манайх мэдэгдэл, мэдээлэл оруулах боломжгүй байсан

Манайх тендер шалгаруулалтын нийт үнийн дүнг засаагүй. Хэд хэдэн үнээс бүрдэж байгааг хооронд нь нэмээд нэг үнэ гарах нь арифметик алдаа. Түүнээс биш бид шууд доод үнийг засаагүй. Дээр нь ирүүлсэн үнийн саналууд ийм материал тэдэн төгрөгийн үнэ гэсэн үнийн саналыг нийлүүлж бодохдоо арифметик алдаа гаргасан байсан ба бид нар хүлээн зөвшөөрч, бага үнийн саналтай байна гэж үзсэн болохоос биш нийт үнийн дүнг дураараа өөрчилсөн асуудал байхгүй.

https://e-balance.mof.gov.mn/ сайтад санхүүгийн тайлан байж болно. Тэрийгээ манай тендерийн баримт бичигт заасны дагуу ирүүлэхдээ аудитлагдсан тайланг аудитын дүгнэлт санхүүгийн тайлантайгаа хамт ирүүлэхийг шаардсан. Бид өөр сайтад байгаа мэдээллийг харах боломжгүй. Манайх танай ирүүлсэн материалд л дээр үндэслэсэн.

Танай байгууллага ямар стандарттай байх нь чухал биш. Манай тендерийн баримт бичигт манай хүссэн баримтыг танайх нийлүүлж чадаж байгаа юу гэдэг дээр л үндэслэж байгаа. Тендерийн баримт бичигт юу гэж заасан байна түүнд үндэслэж танайхаас ирүүлсэн баримт бичгийг хянаж үзсэн. Үүний дагуу үнэлгээ хийсэн” гэв.

Хариуцагч АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн өмгөөлөгч Ж.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсэг бол ...Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/6458 дугаар албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийж, гаргасан шийдвэрээ мэдэгдэх үүргээ биелүүлээгүй хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн шаардлагыг гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана гэж заасан байдаг. Энд 5 хоног гэдэг заалт яригдаж байна. Гэтэл нэхэмжлэгч нь 12 сарын 14-ний өдөр 1 дүгээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гомдлоо Сангийн яаманд гаргасан. Дахин үнэлгээ хийх асуудалтай холбоотой 12 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгийн дагуу хийгдэж байгаа ажиллагаа үүргээ биелүүлээгүй хариуцлагыг хийж өгөөч гэхлээр Тендерийн үнэлгээний хороо нь Сангийн яамны албан тоотын дагуу энэ тендерийг дахин үнэлгээг явуул гэсний дагуу дахин үнэлгээг явуулсан гэж үзэж байгаа. Тийм учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан 5 хоногийн хугацаанд гомдол гаргах ёстой ажиллагаа, захиалагчтай холбоотой ажиллагаа явагдаж байгаа. Тендер шалгаруулалтын дахин үнэлгээ хийхтэй холбоотой үйл ажиллагаа хийгдэх гэж байгаа учраас 5 хоногийн дотор гомдол гаргах ёстой. Тэрнээс биш Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар явбал мөн л 5 хоног байж байгаа. Нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нэхэмжлэлийн шаардлага 5 хоногийн дотор гаргах ёстой байсныг 12 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргаж байгаа нь хууль зөрчиж байна.

Аудитлагдсан тайлан зөрүүтэй, дутуу, ижил төстэй гэрээгээр гүйцэтгэсэн ажил гүйцэтгэсэн баримт хангалтгүй, туршлагын мэдээлэл ирүүлэх шаардлагыг хангахгүй гэх хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл нь тогтоолтой холбоотой шаардлагыг хангахгүй хариуцагчийн шийдвэр гэдэг нь тендертэй холбоотой 10 дугаар сарын 5-ны өдрийн Сангийн яамны албан тоотоор 1 дүгээр багцад заагдаж байгаа ажиллагаа дахин хийгдэхээр хүчингүй болоод үлдсэн. Адиудитын тайлантай холбоотой хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож өгөхийг хүссэн шаардлага нь холбоогүй болж байна. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү.

Дахин нээлттэй тендер зарлах хариуцагчийн 10 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь мөн л ижилхэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан ажиллагаа явагдаж байгаа. Хуульд захиалагчид бичгээр гомдол гаргана гэж заасан. Сангийн яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан асуудлыг шийддэг ажиллагаа. Дараагийнх нь хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана. гэж заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргасан гомдлын асуудлыг шийдвэрлэдэг. Энэ тендерийн нэгдүгээр багцад хамаарах асуудлыг 10 дугаар сарын 05-ны өдөр хуулийн дагуу шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой дараагийн асуудал урьдчилан шийдвэрлэх ажиллагаа. Үүнийг мэдсэнээс хойш 5 хоногийн дотор гомдлоо гаргах ёстой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Манайх мэдэгдлийг 11 дүгээр сарын 19-ний өдөр хүргүүлэхэд А******* ХХК-ийн нэхэмжлэл шүүхэд 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь Авилгатай тэмцэх газарт энэ асуудалтай холбогдуулан гомдол гаргасан байдаг. Авилгатай тэмцэх газраас АШУҮИС-ийн Монгол, Японы эмнэлгийн захирал Р.О*******ыг ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байгаа тухай хариу ирүүлсэн.

Нэхэмжлэгч нь захиалагчтай холбоотой тухайн эрхийн үйл ажиллагааг Р.О гэдэг хүн хэрэгжүүлж байжээ гэдэг асуудал яригдаж гаргасан. Тэгэхлээр нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэхгүй байна. Танай нэхэмжлэлийн шаардлага нь АШУҮИС-ийн хэнд нь даалгаж гаргах гээд байгаа нь ойлгомжгүй. Хэний хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөөд байгаа нь тодорхойгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн эсэх талаарх асуудал яригддаг. Тэгэхлээр “А” ХХК-ийн эрх ашиг яаж зөрчигдсөн нь тогтоогдохгүй байна. Сангийн яам дахин үнэлгээг хийлгэхээр 12 сарын 05-ны өдрийн албан тоотоор хүргүүлсэн. Энэ үнэлгээг дахин явуулаач гэдэг гомдлыг “А” ХХК захиалагчид гаргаагүй. Энэ асуудлаар гомдол гаргаагүй. Тендерийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан  тохиолдолд хүлээн авахаас татгалзана. гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нь Сангийн яаманд гаргасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдсэн ажиллагаа биш гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу дахин үнэлгээ хийх асуудал яригдаж байгаа. Хуулийн 27.1.1, 14-16 дугаар заалтад тогтоосон чадавхийн шаардлага, тендерийн бичиг баримттай холбоотой нөхцөл шаардлага техникийн нөхцөлүүдийг дахиж  “А”ХХК шаардах шаардлага нь байна уу гэж үзэхээр шаардлага хангахгүй байна гэж үзэж хуулийн 27.4-д заасан заалтын Тендерийн шаардлагад нийцээгүй гэж үзэж тендерээс татгалзах асуудал нь Үнэлгээний хорооны гишүүдийн шийдвэр байсан учраас хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар “А” ХХК-ийн тендерийг хүлээж авахаас, дараагийн дахин үнэлгээ хийгээд бүхэлд нь нэгдүгээр багцийн тендерээс татгалзсан тухайгаа албан ёсоор мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй үйл баримтаар “А” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг Сангийн яамны 10 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийж гаргасан шийдвэрийг биелүүлчихсэн. Хариуцагчийн хувьд энэ үүргээ биелүүлсэн гэж үзэж байна.

Хууль бус болохыг тогтоосон ямар шийдвэр байгаа юм бэ. Шаардлага хангахгүй гэдгийг илтгэх хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болохыг тогтоож хүчингүй болгох шаардлага хангахгүй болох ямар шийдвэр байгаа юм бэ? Хэдэн оны хэдэн сарын хэдний өдрийн ямар шийдвэр байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй байна.

Нэгэнт дахин нээлттэй тендер зарлах тухай хариуцагчид өөрсдөө Сангийн яаманд гомдлоо гаргасан. Гол нь танайх дахин хэзээ үнэлгээ хийх гэж байна вэ, энэ асуудлаар танайх албан ёсоор манайд дахин үнэлгээ хийлгэсэн талаар “А”ХХК ямар нэгэн албан тоот өгөөгүй. Хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан ажиллагаа хийгдэх ёстой байсан учраас урьдчилан шийдвэрлэх асуудлууд нь шийдэгдээгүй байна. Хуулийн 55-д заасантай холбоотой асуудлууд нь шийдэгдсэн. Иймд нэхэмжлэлүүд нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн учраас шүүхээс нэхэмжлэлийн гурван шаардлагыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн АШУҮИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас зөөлөн эдлэл худалдан авах тухай" тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхээс “А”ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн захирлыг Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/6458 дугаартай албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийж, гаргасан шийдвэрээ мэдэгдэх үүргээ биелүүлээгүй хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн АШУҮИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас худалдан авах тухай’’ тендер шалгаруулалтын дахин үнэлгээ хийж “Аудитлагдсан тайлан зөрүүтэй дутуу ижил төстэй гэрээгээр гүйцэтгэсэн ажил гүйцэтгэсэн баримт хангалтгүй туршлагын мэдээлэл ирүүлэх шаардлагыг хангахгүй” гэх хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох 3. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн АШУҮИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас худалдан авах тухай” дахин нээлттэй тендер зарлах тухай хариуцагчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн № 003 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож , хүчингүй болгох тухай гэж тодруулж байна. гэснийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч танилцан хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Монгол улсын сангийн яамнаас 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/6458 дугаартай мэдэгдлээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1/574 дүгээр гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг хүчингүй болгож тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгасан албан тоот ирүүлсэн билээ.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн АШУУИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас худалдан авах тухай “ тендер шалгаруулалтын үнэлгээний хороо 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, тендерийг дахин үнэлсэн Тендерийн үнэлгээний хороо дүгнэлтийн дагуу Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн тендерийн хороо “Монгол үндэсний бүтээгдэхүүн” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай 1/574 дугаартай мэдэгдлийг багц-1 “Ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас” гэсэн хэсгийг хүчингүйд тооцсон. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн АШУУИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас худалдан авах тухай” тендер сонгон шалгаруулалтын цахимаар 10 дугаар сарын 30-ны өдөр дахин зарласан.

          2. Аудитлагдсан тайлан зөрүүтэй, ..тайлан дутуу, ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх шаардлагыг хангахгүй тухайд: Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 255 тоот тушаалаар батлагдсан "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.7 дах заалтад “Тендерт оролцогч нь тендертээ санхүүгийн тайлан, татварын албаны тодорхойлолт зэрэг цахим системтэй холбогдсон, түүнд мэдээлэл дамжуулдаг мэдээллийн баазын мэдээлэлтэй баримт бичгийг ирүүлэх шаардлагагүй бөгөөд үнэлгээний хорооноос тендерт оролцогчийн чадавхын үнэлгээ хийхдээ зөвхөн холбогдох мэдээллийн баазаас дамжуулсан (эсхүл холбогдох байгууллагаас бичгээр ирүүлсэн) мэдээллийг үндэслэл болгоно” гэж заасан. “А”ХХК-ийн  санхүүгийн тайланг цахим системтэй холбогдсон, түүнд мэдээлэл дамжуулдаг мэдээллийн баазын мэдээллийн санд байгаагүй. Тус компани нь шилэн дансны мэдээллийн санд бүртгэлтэй боловч байршуулсан мэдээлэл байгаагүй. Өөр бусад цахим мэдээллийн сангаас мэдээлэл гаргуулан авах эрх үнэлгээний хороонд байхгүй болно. АШУУИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас худалдан авах” тендерийн баримт бичгийн “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт”-ийн 18.1 (б) хэсэгт “Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны эцсийн баталгаажуулсан санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт хуулбарыг ирүүлнэ” гэж заасан. Үүний

 дагуу “А”XXК нь “У*******” ХХК-р аудитлагдсан 2018 оны санхүүгийн тайланг, аудитын дүгнэлтийн хамт тендерийн баримт бичигтээ ирүүлсэн. Харин 2019 оны санхүүгийн тайлан нь аудитаар баталгаажаагүйгээс гадна тус компаний тамга тэмдгээр мөн захирал болон нягтлан бодогчийн гарын үсгээр баталгаажуулаагүй ирүүлсэн. Иймээс тус компанийн 2019 оны санхүүгийн тайланг үнэлгээний хороо шаардлага хангаагүй гэж үзсэн болно. АШУУИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас худалдан авах” тендерийн баримт бичгийн “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт”-ийн 18.2 (б) хэсэгт “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн (2018, 2019 он) аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг нийлүүлсэн байх. Бараа нийлүүлсэн гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн акт, тухайн барааг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг  ирүүлнэ. Ижил төстэй ажилд /ажилчдын хувцас, зөөлөн эдлэл/ нийлүүлсэн туршлагыг тооцно” гэж заасан. “А”ХХК нь ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээллийн 2019 оны жагсаалтад 22, 2018 оны жагсаалтад 9 аж ахуй нэгжтэй хамтран ажилласан гэж байгууллагын тодорхойлолт, хүлээлгэж өгсөн акт зэргийг бүрэн бүрдүүлсэн хуулбарыг ирүүлээгүй. Мөн “А”ХХК нь сүүлийн 2 жилд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын байхгүй.

          3. Монгол улсын сангийн яамнаас 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/6458 дугаартай мэдэгдлээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний  их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1/574 дугаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг хүчингүй болгож тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгасан албан тоот ирүүлсэн билээ. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн АШУУИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас худалдан авах тухай “ тендер шалгаруулалтын үнэлгээний хороо 2020 оны

10 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, тендерийг дахин үнэлгээ хийсэн. 2020 оны 11-р сарын 19-ний өдөр [email protected]  гэх и-мейл хаягаар явуулсан. “А”ХХК-д 2020 оны АШУҮИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас худалдан авах тухай” тендер

шалгаруулалтын дахин үнэлгээг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тендерийн үнэлгээний хорооны №003 дугаартай хурлын тэмдэглэлд тусгагдсан болно. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн тендерийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №003 дугаартай хурлын тэмдэглэл, шийдвэрээр 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Нормын хувцас, зөөлөн эдлэлйин худалдан авах” тендерийг зарласан боловч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дугаар 8948 тоот захирамжаар Захиргааны хэрэг үүсгэсэн тул Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн

АШУҮИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас худалдан авах тухай” тендер шалгаруулалтын үйл ажиллагаа огт явагдаагүй болно.

Иймд “А”ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага 1. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн

Монгол-Японы Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол- Японы эмнэлгийн захирлын Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/6458 дугаартай албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийж, гаргасан шийдвэрээ мэдэгдэх үүргээ биелүүлээгүй хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн АШУҮИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас худалдан авах тухай" тендер шалгаруулалтын дахин үнэлгээ хийж “Аудитлагдсан тайлан зөрүүтэй дутуу ижил төстэй гэрээгээр гүйцэтгэсэн ажил гүйцэтгэсэн баримт хангалтгүй туршлагын мэдээлэл ирүүлэх шаардлагыг хангахгүй “гэх хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, 3. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн АШУУИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас худалдан авах тухай” дахин нээлттэй тендер зарлах тухай хариуцагчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №003 тоот шийдвэрийг хууль бус болохыг  тогтоож, хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “М” ХХК нь тодруулгыг манайд ирүүлсэн. Энэ байдлыг нэхэмжлэгч нь үнэд өөрчлөлт оруулсан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг зүйл биш. “М” ХХК нь тодруулгаа явуулчхаад манайд утсаар ..бид нар бүхэл дүнгээ буруу цохисон байна гэж мэдэгдсэн. Түүнээс биш үнэд өөрчлөлт оруулсан зүйлгүй. Манайх үнийн дүнг шалгаж үзэхэд үнэхээр бүхэл дүн нь буруу цохогдсон байсан. Эхлээд “А”ХХК нь 50.000 төгрөгөөр доогуур хамгийн хямд үнийн саналтай байсан нь үнэн. “М” ХХК нь төсөвт өртгөөс өндөр, татварын өртэй байсан учраас автоматаар хасагдсан. Манайд чанартай хувцас хийлгүүлье гэсэн байр суурьтай байсан учраас үйлдвэрүүдтэй танилцсан. Энэ талаар “А”ХХК болон “М” ХХК-иуд руу залгаж үйлдвэрүүдтэй танилцсаны үндсэн дээр шийдвэрээ гаргана гэж мэдэгдсэн. Үйлдвэрүүдтэй танилцахад “М” ХХК нэхэмжлэгч байгууллагаас 150.000 төгрөгөөр доогуур үнийн саналыг гаргасан. Бид үйлдвэрүүдтэй танилцаж бодит байдлыг үндэслэсэн. “А”ХХК-ийн үйлдвэр дээр очиход байгаа хувцаснууд нь бүгд хар бараан өнгөтэй, гутал байсан ба манай ажилчид цайндаа гарсан гээд 2 ажилтан байснаас нэг нь хүүхэд сууж байсан. Эмнэлгийн хувцас нэгч байхгүй байсан. Харин “М” ХХК-ийн үйлдвэртэй танилцахад эсгүүрчин нь цагаан өнгийн даавуугаар эсгүүр хийгээд байж байсан. Бид бодит байдалтай танилцсаны үндсэн дээр шийдвэрээ гаргасан. Арифметик алдааг хуульд заасны дагуу засаж болохоос биш үнэд өөрчлөлт оруулаагүй. Бүхэл дүнг буруу цохсон байсан” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч “А”ХХК-ийн захирал Б.Д Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний Их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн АШУҮИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас зөөлөн эдлэл худалдан авах тухай” тендер шалгаруулалтын үнэлгээг Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/6458 дугаар албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасан бөгөөд үүний дараа захиалагч АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн АШУҮИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас зөөлөн эдлэл худалдан авах тухай” тендер шалгаруулалтын дахин үнэлгээ хийсэн 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 1/715 дугаартай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлж, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эцсийн байдлаар  АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн АШУҮИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас зөөлөн эдлэл худалдан авах тухай” тендер шалгаруулалтын үнэлгээг Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/6458 дугаар албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийж, гаргасан шийдвэрээ мэдэгдэх үүргээ биелүүлээгүй хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоох, дээрх тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, “Аудитлагдсан тайлан зөрүүтэй, дутуу, ижил төстэй гэрээгээр гүйцэтгэсэн ажил гүйцэтгэсэн баримт хангалтгүй, туршлагын мэдээлэл ирүүлэх шаардлагыг хангаагүй” гэх хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, АШУҮИС-ын Монгол-Японы эмнэлгийн АШУҮИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас зөөлөн эдлэл худалдан авах тухай” дахин нээлттэй тендер зарлах тухай хариуцагчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 003 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох гэж тодруулжээ.

   Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцээд хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1.АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн АШУҮИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас зөөлөн эдлэл худалдан авах тухай” тендер шалгаруулалтын үнэлгээг Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/6458 дугаар албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийж, гаргасан шийдвэрээ мэдэгдэх үүргээ биелүүлээгүй хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоох гэсэн эхний шаардлагын тухайд;

Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн захирлын 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар Тендерийн үнэлгээний хороо байгуулж, мөн оны 07 дугаар сарын 24-ний өдөр АШУҮИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас, зөөлөн эдлэл худалдан авах” тухай тендерийг зарлаж энэхүү тендерийн Багц-1 буюу “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас худалдан авах” хэсэгт “М” ХХК, “А”ХХК, “М” ХХК-иуд саналаа ирүүлж оролцсон байна.  

Үнэлгээний хороо дээрх компаниудын ирүүлсэн материалыг үнэлээд хамгийн бага үнийн санал ирүүлсэн “М” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлж шийдвэрлэсэн боловч “А” компанийн зүгээс Сангийн яаманд гомдол гаргасны дагуу хянаж тус яамны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/6458 дугаар албан бичгээр “...захиалагчийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1/574[1] дүгээр “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу хүчингүй болгож, 55.3.3-д зааснаар зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгджээ. 

Сангийн яамны уг мэдэгдлийн дагуу Тендерийн үнэлгээний хороо 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дахин хуралдаж тендер шалгаруулалтыг дахин үнэлж 003 тоот тэмдэглэлээр Тендерийн мэдэгдлийг дахин хүргүүлэх, Тендерийг журмын дагуу зохион байгуулах, Тендерийг 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан тендерийг 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 15 минутад нээхээр шийдвэрлэсэн хэдий ч энэ тухайгаа тендерт оролцогчдод түүний дотор нэхэмжлэгч “А”ХХК-д албан ёсоор мэдэгдээгүй, тэдний тендерт оролцох оролцоог хангаагүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тендер шалгаруулалтыг дахин үнэлж, нэхэмжлэгч компани тендерт шалгараагүй болон дахин нээлттэй тендер шалгаруулалт зарласан талаар тухайн үед тус компанийн төлөөлөгчид мэдэгдлийг өгсөн гэх боловч үүнийгээ нотлоогүй болно.

Үнэлгээний хороо Сангийн яамны мэдэгдлийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, уг хуралдаанаар дахин нээлттэй тендер шалгаруулалт зарласнаа оролцогчдод хуулийн хугацаанд мэдэгдээгүй нь хууль бус бөгөөд ийнхүү мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч компанийн эрхийг хөндсөн нь хууль бус эс үйлдэхүй гэж дүгнэх үндэстэй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан хэдий ч анх шүүхэд гаргасан “...хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгах...” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаагүй бөгөөд хариуцагчийн мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй үйлдлийг эс үйлдэхүй гэж дүгнэн даалгаж шийдвэрлэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, эсхүл маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн гэж үзэхгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараах эрх, үүрэгтэй байна:”, 46.4-д “Захиалагч тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар зөвхөн албан бичгээр харилцана.”, “55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь....захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн... тухай гомдлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 5 өдрийн дотор гаргана.” гэж тус тус заасан байхад  захиалагч тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж нэхэмжлэгч компани шалгараагүй тухай 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 1/715 дугаар мэдэгдэх хуудсыг 2020 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр “А*******” ХХК-д цахимаар хүргүүлсэн нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болж байна.

Түүнчлэн Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 1.1-д “Энэхүү журмын зорилго нь ....хуулийн дагуу худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан.....тендер шалгаруулалтын........үр дүн.....шийдвэрлэлтийг мэдээлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.”,1.4-д “Захиалагч, тендерт оролцогч болон холбогдох бусад этгээд цахим системийг хэрэглэхдээ хууль тогтоомж, түүнд нийцүүлэн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон мэргэжлийн байгууллагаас гаргасан журам, аргачлал, зааварчилгааг дагаж мөрдөнө.”, 2.5-д “Цахим системд нэвтрэх эрх авсан ажилтан, эсхүл цахим системд бүртгэгдсэн мэдээлэл өөрчлөгдөх тухай бүрд захиалагч болон тендерт оролцогч ажлын 5 өдрийн дотор мэргэжлийн байгууллагад албан бичгээр мэдэгдэж, холбогдох өөрчлөлтийг бүртгүүлнэ.”, 2.7-д “Журмын 2.5-ыг зөрчсөн, цахим системд бүртгэлтэй мэдээллийг тухай бүр шинэчлээгүй болон тухайн этгээдийг төлөөлөн цахим системд нэвтрэх эрх авсан ажилтны аливаа үйлдэл, эс үйлдэхүйн үр дагавар, хариуцлагыг холбогдох захиалагч, тендерт оролцогч хүлээнэ.”, 3.2-т “Цахим системд нэвтрэх эрх авсан захиалагч цахим худалдан авах ажиллагааг дараах дарааллын дагуу зохион байгуулна:”, 3.2.6-д “Үнэлгээний хороо хууль, холбогдох журам, зааврын дагуу тендерийг үнэлэх:”,гэж зохицуулсан байх бөгөөд захиалагчийн гаргасан шийдвэрээ мэдээлэхгүй байгаа  эс үйлдэхүй журмын дээрх заалтуудтай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Үнэлгээний хороо төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэдэгдлийн дагуу тендерийн үнэлгээг дахин хийсэн гэх боловч тендерт оролцогчийн түүний дотор нэхэмжлэгч компанийн захиалагчийн шийдвэрт гомдол гаргах, дахин зарласан нээлттэй тендер шалгаруулалтад оролцох эрхээр хангаагүй түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эс үйлдэхүй гаргасан нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбараар тогтоогдсон тул хариуцагчийн  тендерийн дахин үнэлгээ хийж, гаргасан шийдвэрээ мэдэгдэх үүргээ биелүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, үнэлгээг дахин хийхийг даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн АШУҮИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас зөөлөн эдлэл худалдан авах тухай” тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, “Аудитлагдсан тайлан зөрүүтэй, дутуу, ижил төстэй гэрээгээр гүйцэтгэсэн ажил гүйцэтгэсэн баримт хангалтгүй, туршлагын мэдээлэл ирүүлэх шаардлагыг хангаагүй” гэх хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Япон-Монголын эмнэлгээс 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр зарлаж мөн оны 08 дугаар сарын 24-ний өдөр нээсэн “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас зөөлөн эдлэл худалдан авах” нээлттэй тендер шалгаруулалт амжилтгүй болж Сангийн яамны мэдэгдлийн дагуу дээрх тендер шалгаруулалтад оролцогчдын ирүүлсэн тендерт 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дахин үнэлгээ хийж 003 тоот шийдвэр гаргажээ.

Хурлын тэмдэглэлээс үзэхэд тендер шалгаруулалтыг дахин үнэлэхдээ тендерт оролцогчдын ирүүлсэн материалд үнэлгээ өгсөн гишүүдийн үнэлгээ тодорхойгүй, нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерийн материал тендерийн баримт бичгийн ямар шаардлагыг хангаагүй гэж үзэж татгалзсан талаар ойлгомжтой дурдаагүй, захиалагчаас “А”ХХК-д хүргүүлсэн 1/175 дугаар мэдэгдэх хуудас, Үнэлгээний хорооны 003 тоот шийдвэр хоорондоо зөрүүтэй, тус хуралдаанаас гаргасан шийдвэр ойлгомжгүй байгаа зэрэг нь нэхэмжлэгч компанийн ирүүлсэн материал “Аудитлагдсан тайлан зөрүүтэй, дутуу, ижил төстэй гэрээгээр гүйцэтгэсэн ажил гүйцэтгэсэн баримт хангалтгүй, туршлагын мэдээлэл ирүүлэх шаардлагыг хангаагүй” гэж дүгнэж шалгаруулахаас татгалзсан нь хууль бус гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл “А”ХХК-ийн ирүүлсэн материал тендерийн баримт бичгийн ямар зүйл заалтыг хангаагүй талаар Үнэлгээний хорооны хуралдаанаар хэлэлцэгдээгүй энэ талаар тэмдэглэлд тусаагүй байхад  Аудитлагдсан тайлан зөрүүтэй, дутуу, ижил төстэй гэрээгээр гүйцэтгэсэн ажил гүйцэтгэсэн баримт хангалтгүй, туршлагын мэдээлэл ирүүлэх шаардлагыг хангаагүй гэж шалгаруулахаас татгалзсан нь ойлгомжгүй байна.

Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн “ТОӨЗ 18.1 (б)-д Санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны байдлаар хуулбарлан ирүүлэх, “ТОӨЗ 18.2 (б)-д Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны байдлаар ирүүлэхээр тусгасан байна.

 Нэхэмжлэгч ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн талаар 2018 онд 9 аж ахуйн нэгжтэй, 2019 онд 22 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ажиллаж байсан жагсаалт ирүүлсэн бөгөөд бүгд хөдөлмөр хамгааллын хувцас нийлүүлэх гэрээтэй ажилласан талаараа шүүхийн хэлэлцүүлгийн нотлох баримт шинжлэн судлах шатанд цахим тендерийн материалаас 2016-2020 онуудад  ДЦС-2 ТӨХК-тай 2019 онд ажлын хувцас нийлүүлэх[2], Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнтэй 2019 онд албан хаагчдын нормын дүрэмт хувцас нийлүүлэх[3],Зэвсэгт хүчний жанжин штабтай 2018 онд хувцас хэрэглэл нийлүүлэх[4], Нийслэлийн түргэн тусламжийн төвтэй 2016 онд ажлын хувцас нийлүүлэх[5] тухай ажил гүйцэтгэх гэрээ, ажил хүлээлцсэн акт зэргийг судлуулж ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагын талаар хүргүүлсэн баримтуудаа нотолж, харин Аудитлагдсан санхүүгийн тайланг 2018 оны байдлаар ирүүлж, 2019 оны тайланг ирүүлээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр “Улиастай ван аудит” ХХК нэхэмжлэгч “А”ХХК-ийн 2018, 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийсэн бөгөөд ямар нэг алдаа зөрчил илрээгүй талаар албан бичиг ирүүлжээ.

Дээрх цахим тендерийн материалд ирүүлсэн ижил төстэй ажил гүйцэтгэж байсан гэрээ, ажил хүлээлцсэн актууд болон нэхэмжлэгч компанийн санхүүд хийсэн аудитын тайлангийн талаарх албан бичигт дүгнэлт хийхэд Үнэлгээний хорооны аудитлагдсан санхүүгийн тайлан болон ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаар тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж шалгаруулахаас татгалзсан шийдвэр үндэслэл муутай болсон гэж үзэхээр байна.

Түүнчлэн захиалагч 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдөр нээсэн тендерт ирүүлсэн материалыг үнэлэн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч компанид хүргүүлсэн 1/573 дугаар мэдэгдэлд[6] дээрх үндэслэлээр бус тус компанийн ирүүлсэн үнийн санал хамгийн сайн үнэлэгдсэн үнийн саналаас дээгүүр байгаа үндэслэлээр шалгаруулахаас татгалзсан талаар мэдэгдсэн хэдий ч 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр анх нээсэн тендерийн 02 тоот тэмдэглэлд[7]: “...тендерийн “Багц-1”-д “А*******” ХХК 96596800 (Ерэн зургаан сая таван зуун ерэн зургаан мянга найман зуун) төгрөг, “М” ХХК 96651000 (Ерэн зургаан сая зурган зуун тавин нэгэн мянган) төгрөгийн үнийн санал ирүүлсэн тухай тэмдэглэгджээ.

Гэтэл анх тендерийг нээсэн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр уг тендерт шалгарсан “М” ХХК-ийн ирүүлсэн үнийн санал нэхэмжлэгч “А”ХХК-ийн “Багц-1”-д ирүүлсэн үнийн саналаас өндөр дүнтэй байхад тендер нээснээс хойш буюу 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “М” ХХК-иас ирүүлсэн үнийн саналд өөрчлөлт оруулсан дүнг тооцож хамгийн бага үнэтэй санал ирүүлсэн гэж үзэж шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Тендер нээх үед тендерт оролцогчийн нэр, тендерийн үнэ, тендерийг хувилбарт саналтайгаар ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд хувилбарт саналын үнэ, мөн тендерт тусгасан үнийн хөнгөлөлт, тендерийн  баталгаа ирүүлсэн эсэх, оролцогч өөрийн тендерийг өөрчилсөн, эсхүл татгалзсан тухай мэдээллийг захиалагч зарлаж, тэмдэглэл үйлдэнэ.”, 26.6-д “Тендер нээх үед энэ хуулийн 26.3-26.5-д зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахыг хориглоно.”, 26.7-д “Тендер нээх үед зарлагдаагүй, тэмдэглэлд заагаагүй тендерийн үнэ, үнийн хөнгөлөлт болон хувилбарт тендерийн үнийг үнэлгээ хийхэд тооцохгүй.”, 26.8-д “Захиалагч тендер нээсний дараа тендерийн агуулга, үнийн талаар тендерт оролцогчтой санал солилцохыг хориглоно.” гэж тус тус хуульчилсантай нийцээгүй.

Өөрөөр хэлбэл эхний тендер шалгаруулалтын үнэлгээгээр нэхэмжлэгч “А”ХХК-ийг хамгийн бага үнийн саналаас өндөр үнийг санал болгосон гэж үнэлэн татгалзсан атлаа уг тендерийг дахин үнэлэхдээ тендерийн материалыг нягтлалгүй өөр хангалттай нотлогдоогүй үндэслэлээр татгалзсан нь эргэлзээтэй болжээ.

Түүнчлэн хариуцагч Үнэлгээний хороо “А”ХХК-ийн ирүүлсэн тендерийг тендерт шалгаруулаагүй үндэслэлээ хангалттай нотлоогүйн дээр тус компанийн ирүүлсэн тендерийн материалыг уншиж танилцаагүй, сайн нягтлаагүй үнэлгээ хийсэн гэж хүлээн зөвшөөрч тайлбарлаж байна.

3. АШУҮИС-ын Монгол-Японы эмнэлгийн АШУҮИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас зөөлөн эдлэл худалдан авах тухай” дахин нээлттэй тендер зарлах тухай хариуцагчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 003 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох шаардлагын тухайд;

Захиалагчаас зарласан уг тендер 2 багцаас бүрдэж байгаа бөгөөд “Багц-1 ”Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас” 110619000 (Нэг зуун арван сая зургаан зуун арван есөн мянган) төгрөг, “Багц-2”-“Зөөлөн эдлэл, бөс бараа” 56381000(Тавин зургаан сая гурван зуун наян нэгэн мянган) төгрөг нийт 167000000(Нэг зуун жаран долоон сая) төгрөгийн санхүүжилттэй[8] зарлагдаж “Багц-1”-д 3 компани, харин “Багц-2”-т зөвхөн М” ХХК тус тус саналаа ирүүлж өрсөлджээ.

Дээрх 2 багц бүхий тендерт “М” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрт “А”ХХК гомдол гаргаснаар Сангийн яам гомдлыг захиалагчаас ирүүлсэн холбогдох баримт материалд үндэслэн хянан үзэж уг тендерт шалгарсан “М” ХХК-ийн ирүүлсэн материал шаардлага хангахгүй байгааг дурдаж, тус компанитай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгджээ.

Үнэлгээний хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 003 тоот шийдвэрээр дахин үнэлгээ хийх явцад тендерт оролцогч талууд тендерийн ерөнхий шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй , зөрчилтэй зүйлс гарсан гэж тэмдэглэлд тусган 2020 оны 09 дүгээр сарын 16-нд гарсан тендерийн хорооны шийдвэрийг хүчингүйд тооцож тендерийг дахин зарлахаар шийдвэрлэсэн байна.

Сангийн яамны мэдэгдлийн дагуу дахин үнэлгээ хийсэн Үнэлгээний хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанд Үнэлгээний хорооны дарга Б.Б*******тай тус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулахдаа “...АШУҮИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас, зөөлөн эдлэл худалдан авах” тендерийг дахин үнэлэх хэрэгтэй байна. Тендерийг уламжлалт хэлбэрээр үнэлэх үү. Гишүүд тендерийн бичиг баримтыг сайн нягталж үзнэ үү? гэхэд гишүүд санал нэгтэйгээр тендерийг уламжлалт хэлбэрээр зарлахыг дэмжив[9] гэжээ.

Энэхүү Үнэлгээний хорооны шийдвэр болох хуралдааны тэмдэглэлд маргаан бүхий тендерийг дахин үнэлсэн эсэх, хэрэв дахин үнэлсэн бол гомдол гарсан “Багц-1” ийн хэсэгт ирүүлсэн тендерийн материалыг үнэлсэн үү эсхүл тендерийг бүхэлд нь үнэлсэн үү, эсхүл дахин үнэлгээ хийлгүйгээр шууд дахин нээлттэй тендер шалгаруулсан уу зэрэг ойлгомжгүй байдлаар туссанаас харахад Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тендерийн материалыг уншиж танилцаагүй, сайтар нягтлаагүй гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Үнэлгээний хорооны даргын хуралдааны эхэнд тендерийг бүхэлд нь дахин хэлэлцэхээр танилцуулсан, мөн Сангийн яамны гомдол хянаад хүргүүлсэн мэдэгдэлд уг тендерт шалгарсан “М” ХХК-ийн ирүүлсэн материал шаардлага хангахгүй байгааг дурдаж, тус компанитай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн зэргээс үзвэл тендерийг бүхэлд нь  дахин үнэлсэн байж болох ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар зөвхөн “Багц-1”-ийн тухайд дахин үнэлгээ хийгдэж нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс татгалзаж, дахин нээлттэй тендер шалгаруулалт зарласан гэж зөрүүтэй тайлбарлаж байгаа нь маргаан бүхий 003 тоот шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж дүгнэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл Үнэлгээний хорооны гишүүд тендер шалгаруулалтыг дахин үнэлэхдээ тендерт оролцогч компаниудын ирүүлсэн тендерийг хэрхэн хэлэлцэж үнэлсэн талаар үнэлгээний хорооны тэмдэглэлд (шийдвэрт) зааж тусгаагүй, ойлгомжгүй байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх түүнчлэн уг шийдвэр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж дүгнэх үндэслэл болж байна.

Захиалагчийн нэхэмжлэгч компанид хүргүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/175 дугаар мэдэгдэлд хуулийн 27.4-д заасныг баримтлан шалгаруулахаас татгалзсан хэдий ч дахин нээлттэй тендер шалгаруулалтыг зарлахдаа холбогдох хуульд үндэслээгүй байна.

Хуулийн 27 дугаар зүйлд тендерийг нээсний дараа тендер тус бүр нь шаардлага хангасан эсэхийг хэрхэн хянан үзэхийг зохицуулсан байх бөгөөд 27 дугаар зүйлийн 27.1.1-д “Энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага;”, 27.1.2-т “техникийн тодорхойлолт;”, 27.1.3-д “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага.”, 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.”, 27.4-д “Энэ хуулийн 27.3-д зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.” гэж тус тус хуульчилжээ.

Гэтэл Үнэлгээний хороо дахин тендерийг үнэлэхдээ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан ямар шаардлагыг хангаагүй талаар тодорхойлоогүй, энэ талаар хуралдааны тэмдэглэлд заагаагүй атлаа зөвхөн хуулийн 27.4-д заасныг үндэслэсэн гэж дурдсан нь үндэслэл муутай байна.

Нөгөө талаар хариуцагч Үнэлгээний хороо нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерийн санхүүгийн аудитлагдсан тайлан зөрүүтэй, эсхүл дутуу, эсхүл ирүүлээгүй, ижил төстэй ажил гүйцэтгэсэн баримт дутуу гэж үзсэн бол энэ талаараа хуралдаанаараа хэлэлцэж, тэмдэглэлд тусгаснаар хууль болон тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан эсхүл хангаагүй гэж үнэлгээ өгөх байтал тендерт оролцогчийн ирүүлсэн материалыг судлаагүй, үнэлгээний хорооны гишүүд хэрхэн үнэлсэн тухай тэмдэглэлд заагаагүй байхад татгалзсан шийдвэр гаргасан нь хууль бус гэж үзнэ.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-30.1.4-д захиалагч бүх тендерээс татгалзах тохиолдлуудыг нэрлэн зааж, 30.4-д “Бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана;”, 30.4.1-д “тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах;” гэж хуульчилсан, гэтэл захиалагч хуулийн энэ зүйл заалтын ямар тохиолдлоор дахин нээлттэй тендер шалгаруулалт зарлаж байгааг тодорхойлолгүй зарлаж 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нээсэн нь хуулийн дээрх шаардлагуудтай нийцээгүй байна.

Нээлттэй тендер шалгаруулалт дахин зарлах хуулийн шаардлагад нийцээгүй, тендерт оролцох этгээдийн оролцоог хангаагүй, өмнөх тендер шалгаруулалт хуульд нийцсэн эсэх маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад дахин тендер шалгаруулалт явуулах боломжгүй.  

Нөгөө талаар нэхэмжлэгч 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сангийн яамны мэдэгдлийн дагуу захиалагч тендерийн үнэлгээг дахин хийхгүй байгаа эс үйлдэхүй хуль бус болохыг тогтоолгох шаардлагаар анх нэхэмжлэл гаргасны дагуу шүүх захиргааны хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулсан бөгөөд нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй зөрчсөн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч “А” ХХК маргаан бүхий тендерт оролцох эрх зөрчигдсөн талаар үндэслэл бүхий 3 шаардлагыг гаргасан бөгөөд эдгээр шаардлагууд нь Үнэлгээний хорооны хууль бус шийдвэртэй холбоотой, энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн байж болох нотлох баримтууд хэрэгт цугларсан, хэргийн оролцогчдын тайлбараар хариуцагчийн хуульд нийцээгүй үйл баримтууд тогтоогдож байгаа нь хариуцагчийн өмгөөлөгчийн Үнэлгээний хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 003 тоот шийдвэрийн талаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг зөрчсөн, энэ талаар захиалагчид хандаагүй, хуулийн хугацаа алдсан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлүүлэх гэсэн  хүсэлтийг хангах боломжгүй. 

Түүнчлэн хариуцагчийн шийдвэр тендерт оролцогчийн эрхийг хөндсөн, хуульд үндэслээгүй, тодорхойгүй, үнэлгээний хорооны гишүүдийн үнэлгээ ойлгомжгүй байгаа нь уг тендер шалгаруулах ажиллагаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.1-д “хуульд үндэслэх;”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах;” гэж заасан зарчмуудтай нийцээгүй байна.   

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн тендерийг дахин үнэлсэн шийдвэрийг тендерт оролцогчдод мэдэгдээгүй эс үйлдэхүй болон Үнэлгээний хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр тус тус хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн тул энэ хугацаанаас хойш гарсан уг тендертэй холбоотой бусад шийдвэр мөн адил хууль бус болно.

Ийнхүү дүгнэхэд хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлэг болон тус тендерийн Үнэлгээний хороо “А”ХХК-ийн ирүүлсэн тендерийг тендерт шалгаруулаагүй үндэслэлээ хангалттай нотлоогүй, оролцогчийн ирүүлсэн материалыг судлаагүй, үнэлгээний хорооны гишүүд хэрхэн үнэлсэн тухай тэмдэглэлд заагаагүй байхад баримтаар нотлогдоогүй үндэслэлээр шалгаруулахаас татгалзсан, тендерт оролцогчийн түүний дотор нэхэмжлэгч компанийн захиалагчийн шийдвэрт гомдол гаргах, дахин зарласан нээлттэй тендер шалгаруулалтад оролцох эрхээр хангаагүй түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож нэхэмжлэгчийн тендерийг шалгаруулаагүй татгалзсан болон Үнэлгээний хорооны 003 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон, гаргасан шийдвэрээ мэдэгдээгүй, тендерт оролцогчийн оролцоог хангаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож тендерийг дахин үнэлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 26 дугаар зүйлийн 26.3, 26.7, 27 дугаар зүйлийн 27.4, 30 дугаар зүйлийн 30.4, 46 дугаар зүйлийн 46.1, 46.4, 55 дугаар зүйлийн 55.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 4.2.5, 4.2.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, “Аудитлагдсан тайлан зөрүүтэй, дутуу, ижил төстэй гэрээгээр гүйцэтгэсэн ажил гүйцэтгэсэн баримт хангалтгүй, туршлагын мэдээлэл ирүүлэх шаардлагыг хангаагүй” гэж татгалзсан болон АШУҮИС-ын Монгол-Японы эмнэлгийн АШУҮИСЭ/202005013 дугаартай “Эмнэлгийн ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хувцас зөөлөн эдлэл худалдан авах тухай” дахин нээлттэй тендер зарлах тухай хариуцагчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 003 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон, Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/6458 дугаар албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийж, гаргасан шийдвэрээ мэдэгдэх үүргээ биелүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгасугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийг  төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч  Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.НАСАНДЭЛГЭР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

 

[1] 1 дүгэр хавтаст хэргийн 213 дугаар хуудас

[2] Цахим тендерийн материалын 69-70 дугаар хуудас

[3] Цахим тендерийн материалын 74, 79 дүгээр хуудас

[4] Цахим тендерийн материалын 22,24 дүгээр хуудас

[5] Цахим тендерийн материалын 16,18 дугаар хуудас

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр хуудас

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 167 дугаар хуудас

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 92 дугаар хуудас

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 169 дүгээр хуудас