Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2024/0021

 

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2024/0021

Улаанбаатар хот

 

 

“И*** т***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б***

Нэхэмжлэлийн шаардлага: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн “И*** и***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус захирамжийн “И*** и***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгах

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн дагуу “И*** и***” ХХК-тай гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах, Ханбогд сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаар захирамжийн “И*** т***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 120/ШШ2023/0004 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц***, Б.Т***

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н***

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ч.М***, өмгөөлөгч Н.Б***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н***

Хэргийн индекс: 120/2022/0019/3.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч “И*** т***” ХХК-иас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад холбогдуулан “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн “И*** и***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус захирамжийн “И*** и***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгах”-аар,

Гуравдагч этгээд “И*** и***” ХХК-иас “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн дагуу “И*** и***” ХХК-тай гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах, Ханбогд сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаар захирамжийн “И*** т***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагыг тус тус гарган маргасан байна.

2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 4 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “И*** т***” ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн “И*** и***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн “И*** и***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээд “И*** и***” ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн дагуу “И*** и***” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг Ханбогд сумын Засаг даргад даалгах, Ханбогд сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаар захирамжийн “И*** т***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1 Шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулах ажиллагааг хийгээгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн,

3.2 Хариуцагч Засаг дарга өөрөө захирамж гаргасан атлаа түүний дагуу бүртгэл хийж, кадастрын мэдээллийн санг шинэчлээгүй бөгөөд энэ нь гуравдагч этгээдээс үл хамаарах захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байхад шүүх үүнийг харгалзаж үзээгүй,

3.3 Газрын дуудлага худалдааны талаарх баримтыг шүүх цуглуулаагүй,

3.4 Гуравдагч этгээд нь газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах шаардлага гарган маргаж байхад шүүх үүнтэй холбоотой нотлох баримтыг үнэлж, дүгнэлт хийгээгүй,

3.5 Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу нотлох баримт цуглуулж, дүгнэлт хийх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн нотлох баримт, тайлбар гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүй,

3.6 Авлигатай тэмцэх газраас газрын хувийн хэргийг ирүүлэхдээ нотлох баримтын шаардлага хангуулаагүй ирүүлсэн бөгөөд энэ шалтгаанаар шүүх уг баримтуудыг үнэлэхээс татгалзсан нь буруу, шүүх өөрийн санаачилгаар эдгээр баримтыг шаардсан атлаа хуулийн шаардлага хангуулан хэрэгт хавсаргах ажиллагааг хийгээгүй,

3.7 Шүүх нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хэзээ хэрхэн үүссэн болох талаарх дүгнэлт хийх ёстой байсан,

3.8 Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа дууссан байхад шүүх хүлээн авч, хэрэг үүсгэн ажиллагаа явуулж, шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байх тул эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гуравдагч этгээдийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ: 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор  бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана”, 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага болон хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.

4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд,  нэхэмжлэгч “И*** т***” ХХК-иас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад холбогдуулан “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн “И*** и***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус захирамжийн “И*** и***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг,

гуравдагч этгээд “И*** и***” ХХК-иас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн дагуу “И*** и***” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг Ханбогд сумын Засаг даргад даалгах, Ханбогд сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаар захирамжийн “И*** т***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг тус тус гарган маргасан.

            5. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-52.5.6-д заасан нэхэмжлэлийн шаардлагын аль үндэслэлд хамаарах, шүүхээс мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-106.3.12 дахь хэсэгт заасан аль шийдвэрийн төрлийг гаргуулахаар маргаж байгаа болох асуудлыг бүрэн тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх маргаан бүхий захиргааны үйл ажиллагаа хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд түүнийг “хүчингүй болгох”, захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа “эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”, шаардагдах захиргааны акт гаргахыг “даалгах” зэрэг тус бүртээ өөр эрх зүйн үр дагавар бүхий шийдвэрийг гаргах эрх хэмжээтэй бөгөөд нэхэмжлэгч маргаан бүхий Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын захирамжийг хууль бус хэмээн үзэн маргаж буй тохиолдолд “хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гаргалгүй “...захирамжийн ... холбогдох хэсгийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ... холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тодруулах ажиллагаа хийгээгүй.

Мөн маргаан бүхий сумын Засаг даргын 2020 оны А/225 дугаар захирамж,  хувийн хэрэг болон нэхэмжлэгч “И*** т***” ХХК-ийн газрын хувийн хэргийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт аваагүй, нотлох баримтуудыг дутуу бүрдүүлсэн.

Гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагатай холбогдуулан гуравдагч этгээдийн хэзээ гарсан хүсэлтийг хариуцагч шийдвэрлээгүй хэмээн маргаж байгаа болох, хариуцагчийн 2020 оны А/225 дугаар захирамжтай холбогдуулан маргах эрхтэй эсэх, бие даасан шаардлагыг хуульд заасан журмын дагуу гаргасан эсэх асуудлыг гүйцэт тодруулаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд энэ талаарх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна гэж үзэв.

6. Иймд дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримт, шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 120/ШШ2023/0004 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                            С.МӨНХЖАРГАЛ

 

 

            ШҮҮГЧ                                            З.ГАНЗОРИГ

 

 

            ШҮҮГЧ                                            Г.МӨНХТУЛГА