Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2018/00238

 

 

2018 оны 04 сарын 25 өдөр

   Дугаар 153/ШШ2018/00238

               Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт баг Н.С-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны-ны өдөр 153/2018/00222/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцоож, хүсэлт гаргагч Н.С нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.С шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1977 онд цэргийн албанд татагдаад 1980 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. 1980 оны 09 сард Барилга угсралтын конторт нормчноор ажилд ороод 1993 он хүртэл ажилласан. Тэтгэвэрт гарах нас болсон чинь хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа. Ажилд орсон, гарсан тушаал байгаа боловч ажлаас халагдсан тушаал дээр овгийн үсэг зөрүүтэй буюу Нацаг гэж байх ёстой байтал С гэж бичигдсэн байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Анх Барилга угсралтын контор нэртэй байж байгаад, Барилга угсралтын трест нэртэй болсон. Тэгж байгаад Хас түлхүүр ХК болсон. Шүүхэд 1980 оны 09 сарын 08-ны өдрөөс 1993 оны 07 сарын 16-ны өдрийг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын контор, трестэд нормчин, сантехникчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан....Түлхүүр ХК-д ажиллаж байсан. Гэхдээ тэр үед бараг ажил зогсчихсон, ажил хийдэггүй байсан.... 1985 оноос эхэлж сантехникчээр ажиллаж эхэлсэн....1990 оноос өмнө байгууллагын нэршил нь өөрчлөгдсөн шиг санагдаж байна....гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Н.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Н.С нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Ховд аймгийн Барилга угсралтын конторт болон Ховд аймгийн Барилга угсралтын трестэд 1980 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг дуустал нормчин, сантехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Хүсэлт гаргагч Н.С нь Ховд аймгийн Барилга угсралтын конторт болон Ховд аймгийн Барилга угсралтын трестэд 1980 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нормчин, сантехникчээр ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 308 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Барилга угсралтын трестын Н.Сандагсүрэнгийн 1986-1990 онуудын цалингийн тодорхойлолтыг түүвэрлэн хүргүүлэв гэх бичилттэй албан бичиг, Ховд аймгийн Өмч хувьчлалын комиссын 1992 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаартай Барилга угсралтын трестийг хувьчлах тухай тогтоолын хуулбар, Барилга угсралтын конторын даргын 1980 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 217 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, 1983 оны 11 сарын 6-ны өдөр олгосон Баярын бичиг, 1991 оны 7 сарын 1-ний өдөр олгосон Баярын бичиг, 1986 оны 3 сарын 01-ний өдөр олгосон Баярын бичиг, 1984 оны 3 дугаар 31-ний өдөр олгосон Талархал, гэрч Д.Дамдингийн ....Би 1964 оны 9 сард Зөвлөлт Холбоот Улс руу барилгын техник мэргэжлийн сургуулийн сантехникийн ангид явж суралцаад 1966 оны хавар төгсөж ирсэн. Сургуулиа төгсөөд Ховд аймгийн барилга угсралтын ангид сантехникчээр ажилд ороод 1992 он хүртэл ажилласан. Барилга угсралтын анги нь барилга угсралтын контор болоод дараа нь барилга угсралтын трест болсон....Н.С нь 1980 оны хавар цэргээс халагдаж ирсэн хүүхэд манай Ховд аймгийн Барилга угсралтын конторын нэгдсэн 4 дүгээр бригадад туслах ажилтнаар буюу миний туслах ажилтнаар ажилд орсон. Миний дагалдан шавь байсан. Миний дагалдангаар 3 жил ажиллаад Сантехникийн слесарь болсон юм. Тэгээд бие даан 1984 онд шинэ бригад бий болж, улмаар Н.С нь шинэ бригадад орж Говь-Алтай аймгийн Цэвэрлэх байгууламжийг барилцсан. Н.С нь уг бригаддаа Барилга угсралтын трест хувьчлагдтал ажилласан....Ховд аймгийн Барилга угсралтын трест нь 1992 онд хувьчлагдаж, 2000 онд нилээн хэдэн компани болж байсан....Ховд аймгийн Барилга угсралтын контор нь 1980-аад оны дундуур Ховд аймгийн Барилга угсралтын трест болж нэр нь өөрчлөгдөж байсан санагдаж байна. 500 гаруй ажилчинтай болоод трест болсон....Саандар гэж цахилгаанчин байсан. Бид нар Сандагаа гэж дууддаг байсан. Сандагаар эхэлсэн нэртэй хүн одоо миний гэрчилж байгаа Сандагсүрэн байсан. Өөр ижил нэртэй хүн байгаагүй.... гэх мэдүүлэг, гэрч Г.Сонинтөрийн ....Би 1979 оны 9 сард Ховд аймгийн Барилга угсралтын конторын нэгдсэн 7, 8 дугаар бригадад нормчноор ажилд орж 1992 он хүртэл ажилласан....Н.С нь сантехникийн мэргэжилтэй. Ховд аймгийн Барилга угсралтын конторт 4 дүгээр бригадад ажиллаж байгаад 1984 оны 4 сард шинээр 8 дугаар бригадыг байгуулахад бид хоёр хамт нэг бригадад орсон юм. Шинээр байгууллагдсан бригадад Говь-Алтай аймгийн Ханын материалын үйлдвэр, цэвэрлэх байгууламжийг тус тус барьсан юм. Н.С бид хоёр Ховд аймгийн Барилга угсралтын контор болон Барилга угсралтын трестэд 1984-1992 он хүртэл Жаргал даргатай 8 дугаар бригадад хамт ажилласан. Н.С нь сантехник, өрлөг зэрэг ажлуудыг хийж байсан. Бид нарыг 1992 оны намар Говь-Алтай аймгаас ажлаа дуусгаад ирэхэд нэгдсэн байдлаар ажлаас халж байсан....Ховд аймгийн Барилга угсралтын трест нь 1992 онд хувьчлагдсан. Тэр үед 1000 гаруй ажилчин байсан бүгдийг нь халсан.... Манай бригадад Н-ийн С гэж ганц л хүн байсан. Би одоо гэрчилээд сууж байна.... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 94 дугаартай Ховд аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байсан Барилга угсралтын трест нь 1992 оны 3 сард Түлхүүр ХК, 1994 оны 4 сард Хастүлхүүр ХК болж өөрчлөн байгуулагдсан бүртгэл байна гэх бичилттэй лавлагаа, 1987 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр олгосон Албан томилолтын үнэмлэх, 1986 оны 12 сарын 30-ны өдөр олгосон Гэрчилгээ, 1981-1985 он VII таван жилийн гавшгайчийн үнэмлэх, зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 14-16, 18-21, 30-36, 38 дугаар тал/

Ховд аймгийн Барилга угсралтын трест нь 1992 оны 3 сард хувьчлагдаж Түлхүүр ХКомпани болсон болох нь Ховд аймгийн Өмч хувьчлалын комиссын 1992 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаартай Барилга угсралтын трестийг хувьчлах тухай тогтоолын хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 94 дугаартай лавлагаа, гэрч Д.Дамдингийн ....Ховд аймгийн Барилга угсралтын трест нь 1992 онд хувьчлагдаж, 2000 онд нилээн хэдэн компани болж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Г.Сонинтөрийн ....Бид нарыг 1992 оны намар Говь-Алтай аймгаас ажлаа дуусгаад ирэхэд нэгдсэн байдлаар ажлаас халж байсан.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1993 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай Ажлаас халах тухай тушаалын хуулбар нь дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байна. /ХХ-ийн 15, 30-32, 33-34, 35 дугаар хуудас/

Иймд хүсэлт гаргагч Н.С-ийн Ховд аймгийн Барилга угсралтын трестэд 1992 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг дуустал сантехникчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Н.С нь Батлан хамгаалах яамны сайдын 1977 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн н/122 дугаар тушаалаар 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, Батлан хамгаалах яамны сайдын 1980 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн н/162 дугаар тушаалаар 1980 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 1340 дугаартай лавлагааны хуулбар хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 13 дугаар хуудас/

Хавтаст хэргийн 4-7 дугаар хуудсанд авагдсан иргэн Г.Сонинтөр, Д.Дамдин нарын иргэний үнэмлэхний хуулбар хэрэгт хамааралгүй, тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 8-10 дугаар хуудсанд авагдсан хүсэлт гаргагчийн 267053 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н.С-ийн Ховд аймгийн Барилга угсралтын конторт болон Ховд аймгийн Барилга угсралтын трестэд 1980 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нормчин, сантехникчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Барилга угсралтын трестэд 1992 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг дуустал сантехникчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            С.ОЮУНЖАРГАЛ