| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00255/и |
| Дугаар | 153/ШШ2018/00254 |
| Огноо | 2018-05-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 153/ШШ2018/00254
| 2018 оны 05 сарын 04 өдөр | Дугаар 153/ШШ2018/00254 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат баг С.Б-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 153/2018/00255/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагч С.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1980 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд саальчнаар ажилд орсон. 1980 оны 06 сараас 1981 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл эхийнхээ хамт нэгдлийн үхэр сааж байгаад 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн бие даан үхэр авч маллаж эхэлсэн. Би Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-1991 онд нөхөн тооцуулалтад хамрагдсан....Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж өөрчилж байна....гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
С.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч С.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч С.Бнь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 826 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадын 1981, 1984-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 1981 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нээсэн хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн зөвлөл, Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа зэрэг байгууллагуудаас 1983 оны 7 сарын 11, 1984 оны 1 сарын 25, 1984 оны 7 сарын 10, 1984 оны 5 сарын 31, 1986 оны 1 сарын 06, 1986 оны 7 сарын 1, 1987, 1988 оны 2 сарын 10, 1990 оны 2 сарын 06-ны өдрүүдэд олгосон Баярын бичгүүд, 1983 оны 8 сарын 16, 1985 оны 7 сарын 11-ний өдөр-ны өдөр олгосон Талархалууд, 1985 оны 2 сарын 09-ний өдөр олгосон Гэрчилгээ, 1986 оны 1 сарын 31-ний өдөр олгосон Диплом, гэрч Ж.Даваахүүгийн ....С.Б нь намайг саальчин байхад 1980 оны хавар илгээлтээр гарч эцэг, эхийн хамт мал маллаж байсан. 1981 оны хавар 15 саалийн үхэр авч маллаад саадаг байсан. Тухайн үед нэг саальчинд 15 үхэр өгдөг байсан. 15 үхрээ төллүүлээд саалийг нь саалийн хугацаанд саадаг байсан....Ер нь бол саалийн хугацаанд төлөвлөгөө нормоо байнга давуулан биелүүлдэг саальчин байсан. 1985 онд санагдаж байна. Залуу малчин алтан медаль авч байсан.... гэх мэдүүлэг, гэрч Г.Нямцоожийн ....Би Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургуулийг 1983 онд төгссөн. Сургуулиа төгсөөд илгээлтээр тус сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад саальчинаар 1991 оныг дуустал ажилласан....С.Бямбажаргал нь намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад саальчин болоод очиход саальчин байсан. Нэгдэл тарах хүртэл бид хоёр хамт нэг бригадад ажилласан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 3-10, 15-24, 25-37, 46-47, 48-49 дүгээр тал/
Хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд авагдсан фото зураг нь хэзээ авхуулсан болох нь тодорхойгүй, хавтаст хэргийн 13, 14 дүгээр хуудсанд авагдсан иргэн Ж.Даваахүү, Г.Нямцоож нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Б-ийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ