| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00180/и |
| Дугаар | 153/ШШ2018/00255 |
| Огноо | 2018-05-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 153/ШШ2018/00255
| 2018 оны 05 сарын 04 өдөр | Дугаар 153/ШШ2018/00255 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан баг Ө.Д-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 153/2018/00180/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагч Ө.Д нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ө.Д шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1968 онд төрсөн. 4 хүүхэдттэй бөгөөд тэтгэвэрт гарах нас болсон. Миний ажилд орсон, гарсан тушаал нь олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуульд 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ө.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ө.Д нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Манхан сумын 10-н жилийн дунд сургуульд 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Ө.Д нь Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуульд 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 622 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 69 дугаартай Тус сургуулийн үйлчлэгч Ө.Дэжидмаа захиргааны чөлөө авсан тул оронд нь Р.Энхтуяаг 8 сарын 15-наас 1991 оны 8 сарын 01 хүртэл авч түр ажиллуулсугай гэх бичилттэй тушаалын хуулбар, Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2/124 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн үйлчлэгч Ө.Д-ийн 1990, 1991, 1992 онуудын цалингийн картуудын хуулбарууд, гэрч Н.Цогзолмаагийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 5-6, 30-31, 34-37 дугаар тал/
Хавтаст хэргийн 7-10 дугаар хуудсанд авагдсан иргэн Н.Цогзолмаа, Ц.Ичинхорлоо нарын иргэний үнэмлэхний хуулбарууд нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ө.Д-ийн Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуульд 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ө.Д-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ