Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 153/ШШ2018/00256

 


 

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 153/ШШ2018/00256

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн баг Ц.С-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 153/2018/00217/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.С шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.От шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Ц.С нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад 1976 оноос 1979 оны 06 сар хүртэл, 1982 оны 06 сараас 1992 оныг дуустал ажилласан. 1979 оны 06 сараас 1982 оны 06 сарыг дуустал цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч 70 дугаар дансны цалингийн хөлсний бичилт дутуу, ажилд орсон, гарсан тушаал байхгүй байгаа тул шүүхэд хандсан. Иймд Ц.Сүхбаатарын 1976 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагыг хүсэлт гаргагч Ц.С-ын Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1976 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Хүсэлт гаргагч Ц.С нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1977 оны 6 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлээс олгосон хүсэлт гаргагчийн Хөдөлмөрийн дэвтэр, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 496 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадын 1978-1979, 1983-1992 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, хүсэлт гаргагчийн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд ажиллаж байх хугацаандаа шагнагдсан Талархал, Үнэмлэх, Диплом, Баярын бичгүүд, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 12 сард Хөдөлмөр ХК болж улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 93 дугаартай лавлагаа, гэрч И.Шараагийн ....Би 1967 оны 10 сараас 1991 оны 4 сар хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 4 дүгээр буюу Эхэн бригадад бригадын даргаар тасралтгүй ажиллаж байсан....Ц.С нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 4 дүгээр бригад буюу Эхэн бригадад эцэг, эхийн хамт мал маллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад малчнаар нэгдэл тарах хүртэл ажилласан. Ц.С нь илгээлтээр бол нэгдэлд малчнаар ажиллаж эхлээгүй. Эцэг, эхийн хамт Хөдөлмөр нэгдэлд мал маллаж байгаад 16 нас хүрэнгүүт нь Нэгдлийн ерөнхий хороо бүртгэж аваад хөдөлмөрийн дэвтэр нээгээд мал хүлээлгэж өгдөг байсан юм. Энэ дамжлагын дагуу л Ц.С явсан. Тухайн үед илгээлтээр нэгдэлд элсэж байсан хүүхдүүдэд эмээл, хазаартай морь өгдөг байсан. Ц.С ийм морь өгч байсныг санахгүй байна.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 3-14, 26-32, 34, 37-38, 42-51, 72, 73-74 дүгээр хуудас/

Харин хүсэлт гаргагч Ц.С нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1976 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1977 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.

Хүсэлт гаргагч Ц.С нь 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, Батлан хамгаалах яамны сайдын 1982 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 200 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанаас халагдсан тухай бичилттэй түүний Цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993-2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний 0766848 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 52, 66-69 дүгээр хуудас/

Хавтаст хэргийн 35-36 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадын 1976, 1977 онуудын 70 дугаар дансны хуулбаруудад Цэрэнжав, Дулам, Цэцэгмаа гэх гурав хүний нэр бичигдсэн, цалин хөлсний нийлбэр нь гурав хүний цалин хөлстэй тохирсон, хавтаст хэргийн 41 дүгээр хуудсанд авагдсан 1982 оны 70 дугаар дансны хуулбарт Цэрэнжав, Дулам, Цэцэгмаа, Цэнгэл гэх дөрвөн хүний нэр бичигдсэн, цалин хөлсний нийлбэр нь дөрвөн хүний цалин хөлстэй тохирсон тул уг 70 дугаар дансны хуулбаруудыг нотлох баримтаар үнэлээгүй, хавтаст хэргийн 39, 40 дүгээр хуудсанд авагдсан Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадын 1980, 1981 онуудын 70 дугаар дансны хуулбарууд нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, хавтаст хэргийн 53-56 дугаар хуудсанд авагдсан иргэн Н.Чимэд-Очир, Л.Отгонбаяр нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.С-ийн  Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1977 оны 6 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Хүсэлт гаргагч Ц.С нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1976 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1977 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             С.ОЮУНЖАРГАЛ