Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/124

 

  

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд

Улсын яллагч Б.*******

Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.*******д холбогдох 2223000800112 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 8, нөхөр 6 хүүхдийн хамтаар Завхан аймаг сум баг ******* оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ын *******, регистрийн дугаар *******.

            Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******оос шүүгдэгч О.*******г “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учрлуулж завших” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч О.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 23 цагийн орчимд Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах Л.*******ы нэрэмжит хөгжимт жүжгийн театрын үзвэрийн танхимд иргэн Б.*******ын гээгдүүлсэн хар өнгийн “Самсунг А-32” маркийн гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 445,000 /дөрвөн зуун дөчин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  1. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-10-р хуудас/,
  2. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13-р хуудас/,

3. Хохирогч Б.*******ын “...Би 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн ******* гавьяатын тоглолтыг үзэхээр аймгийн театрын 8 дугаар эгнээний 5 дугаар суудалд суусан. Тэгээд тоглолт дуусаад 23 цагийн орчимд би суудлаасаа босож ******* гавьяатад байгууллагын дурсгалын зүйлс гардуулахаар босохдоо суудал дээрээ өөрийн эзэмшлийн гар утсаа өмсөж явсан куртикийн хамт ил тавиад тайзан дээр гараад дурсгалын зүйлсээ өгчхөөд эргээд бууж ирээд утсаа үзэхэд алга болсон байсан. Хүмүүс тараад гараад эхэлсэн байсан. Тэгээд би хажуудаа сууж байсан хүмүүсээс асуугаад утас руугаа залгуулахад дуудаж байсан. Тэгээд жаахан дуудаж байгаад унтраагаад хаасан. А-32 маркийн хар өнгийн ширэн гэртэй дотор нь миний жолооны үнэмлэх байсан. Босоод сандал дээрээ куртик дээр гар утсаа тавиад гарсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

4. Гэрч И.*******ы “...2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрт Ардын жүжигчин *******ийн тоглолтыг үзэж байгаад тоглолт дуусахын алдад байгууллагын өмнөөс *******эд хүндэтгэл үзүүлэхээр Б.******* нь тайз руу гарсан. Тэгээд хүндэтгэл үзүүлж орж ирээд гар утас алга болчихож гэсэн. Бид нар ойр орчноороо хайгаад олоогүй. Тухайн үед сандал дээрээ куртикээ тавиад дээр нь утсаа тавиад гарсан гэж бид нарт хэлсэн. ******* нь миний хажууд сууж байгаад тайз руу гарч *******эд хүндэтгэл үзүүлэхдээ сандлаасаа босоод куртик эвхэж зогсохыг харсан. Яг сандал дээрээ гар утас хоёроо үлдээгээд гарсныг нь бол анзаараагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

5. Гэрч Х.гийн “...2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрт Ардын жүжигчин *******ийн тоглолтыг гэр бүлээрээ очиж үзсэн. Тоглолтод жаахан хоцорч ороод суусан суудлынхаа дугаарыг анзаарч хараагүй. Тоглолт дуусахын үед суудлаасаа босох үед манай эхнэр *******гийн хөлд эд зүйл гишгэгдлээ гээд манай эхнэр үзэхэд А-32 маркийн гар утас сууж байсан сандлын урд шалан дээр унасан байсан. Тэгээд би тухайн олсон утсыг аваад ойр хавьд байсан хүмүүсээс гарандаа өргөөд энэ хэний утас вэ гэж асуухад мэдэх хүн байгаагүй. Эхнэр бид 2 гэртээ хариад тухайн утсанд байсан сим картыг нь авч хаячхаад дугаартай манай эхнэрийн сим картыг хийгээд барьж хэрэглэж байсан. Тухайн өдрөөс хойш манай эхнэр олсон утсаа хэрэглэж байтал 2022 оны 05 дугаар сарын 23-ны орой цагдаагаас хүн ирээд олсон утсыг хурааж авсан. Самсунг А-32 маркийн хар өнгийн гар утас байсан эхнэр гадна хар гэрийг нь солиод хаясан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

6. Шүүгдэгч О.*******гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өнсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн ******* гавьяатын тоглолтыг үзэхээр аймгийн театрт очсон. ...Тоглолт дууссаны дараа суудлаасаа босох гэхэд миний сууж байсан сандлын хажууд шалан дээр хар өнгийн самсунг А/32 маркийн гар утас байхаар нь ойр орчимд байгаа хүмүүсээс энэ хэний утас бэ гэж асуусан боловч хэн ч дугарахгүй байхаар нь тухайн утсыг авч яваад гэртээ очоод сим картыг нь солиод өөрийнхөө дугаарыг хийгээд ашиглаж байсан. Тэгтэл 3 хоногийн дараа цагдаа нар ирэхээр нь олсон утсаа жолооны үнэмлэхийн хамт өгсөн. Би тухайн гар утасны гадна талын кейсийг нь хогийн саванд хийгээд хаясан. ...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь хэргийн үйл баримтын талаар зөрүүгүй тусган мэдүүлсэн байх ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах  баримтаар үнэлсэн болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д зааснаар гээгдэл эд хөрөнгийг олсон хүн тухайн эд хөрөнгийг өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж хүлээлгэн өгөх үүрэгтэй ба мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.6-д зааснаар олон нийтийн газраас гээгдэл хөрөнгө олсон бол тухайн байгууллагын захиргаанд хүлээлгэн өгөхөөр тус тус заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд тухайн эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсэн байх нөхцлийг шаарддаг бөгөөд хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн өмчлөх эрхэд халдсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд уг гээгдэл эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид нь өгөхгүйгээр, шунахайн сэдэлтээр, өөрийн өмчийн адил хууль бусаар эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулснаар төгсдөг. 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж заасан.

Хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн үнэлгээчин, шинжээч Х.гийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 95 дугаартай дүгнэлтээр “...Самсунг А-32 маркийн хар өнгийн гар утас, хар өнгийн ширэн гар утасны гэр, жолооны үнэмлэх /шинээр авах/ зэргийн үнэлгээг 445,800 /дөрвөн зуун дөчин таван мянга/ төгрөг” гэж тогтоожээ. /хх-ийн 37-39 дугаар хуудас/

Иймд шүүгдэгч О.*******гийн дээрх хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байх тул уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.******* нь өөрт учирсан хохирлоо биет байдлаар хүлээн авсан болох нь эд зүйл баримт бичгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14-р хуудас/-ээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч О.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй боловч улсын яллагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, тус ялаас чөлөөлөх санал тавьсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, тус ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ын *******г Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хохирогдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шүүгдэгч О.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээх үргэлжлүүлсүгэй.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.ДОРЖБАЛ