| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00242/и |
| Дугаар | 153/ШШ2018/00257 |
| Огноо | 2018-05-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 153/ШШ2018/00257
| 2018 оны 05 сарын 04 өдөр | Дугаар 153/ШШ2018/00257 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант баг А.Ж-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 153/2018/00242/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагч А.Ж нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Ж шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би тэтгэвэрт гарах нас болоод тэтгэвэрт гарах гэсэн боловч ажиллаж байсан талаар бичиг баримт нь олдохгүй байгаа. Иймд миний Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хоёрдугаар таван жил нэгдлийн Таван толгой бригадад 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Би 1978 оны 05 сарын 05-ний өдөр цэргийн албанд татагдаад, 1979 оны 06 сард биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн албанаас халагдсан.... Би 1980-1981 онуудын баримтыг хайж үзэхээ мартсан байна. Энэ нь миний л буруу. Би сургуульд сурч байгаагүй учраас бичиг үсэг мэддэггүй. Намайг 8 настай байхад эцэг, эх маань нас бараад өнчин үлдсэн.... Ерөнхийдөө Онц бригад болон Таван толгой бригадууд нь нэг бригад юм. Усны наана, цаана л байдаг байсан. Би цэгийнх нь малыг хариулдаг байсан гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
А.Ж нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч А.Ж шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хоёрдугаар таван жил нэгдлийн Таван толгой бригадад 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШШ2017/583 дугаартай шийдвэрээр хүсэлт гаргагч А.Жамбал нь 1977-1981 оны хүртэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын 2-р таван жил нэгдлийн Онц бригадад малчнаар ажиллаж байсан байдлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн болохыг дурдлаа. /ХХ-ийн 34-36 дугаар тал/
Хүсэлт гаргагч А.Ж нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хоёрдугаар таван жил нэгдлийн Таван толгой бригадад 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Архивын тасгийн дарга Ш.Даваадэмбэрэл, архивч Э.Мөнхзул нарын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/590 дугаартай албан бичгээр ирүүлсэн Архивын лавлагаа, гэрч Д.Ижингийн ....Аюушийн Жамбал нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хоёрдугаар таван жил нэгдлийн Тавантолгой бригадад малчнаар ажиллаж байсан....Оныг нь санахгүй байна... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагч А.Ж нь шүүх хуралдаанд ....Би 1978 оны 05 сарын 05-ний өдөр цэргийн албанд татагдаад, 1979 оны 06 сард биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн албанаас халагдсан.... гэх тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 38-40, 51 дүгээр хуудас/
Харин хүсэлт гаргагч А.Ж нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хоёрдугаар таван жил нэгдлийн Таван толгой бригадад 1978 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.
Хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан Завхан аймгийн Архивын тасгийн дарга Ш.Даваадэмбэрэл, архивч Э.Мөнхзул нарын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/590 дугаартай албан бичгээр ирүүлсэн Архивын лавлагаа нь бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй, хавтаст хэргийн 5-7, 10-24 дүгээр хуудсанд авагдсан 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон уг хөдөлмөрийн дэвтрийн эх хувь нь байгууллагын тамгаар баталгаажаагүй буюу бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй, хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудсанд авагдсан иргэн В.Алтанцэцэг, А.Намжилмаа нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А.Ж-ын Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хоёрдугаар таван жил нэгдлийн Таван толгой бригадад 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Хүсэлт гаргагч А.Ж нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хоёрдугаар таван жил нэгдлийн Таван толгой бригадад 1978 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч А.Ж-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянгахоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ