Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 153/ШШ2018/00258

 

 

2018 оны 05 сарын 04 өдөр

     Дугаар 153/ШШ2018/00258

                     Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Ц.М-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 153/2018/00249/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.М шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Ц.Мр нь 1962 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн. Малчин мэргэжилтэй. Ц.М нь 1970 оны 09 сарын 01-ний өдөр нэгдүгээр ангид элсэн ороод, 1979 оны 06 сарын 01-ний өдөр наймдугаар анги төгсөөд Говь-Алтай аймгийн ХАА-н ТМС-д элсэн орж 1981 оны 6 сарын 29-ний өдөр төгссөн. Сургуулиа төгсөөд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 2 дугаар бригадад эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1982 оны 6 дугаар сарын 7-ны өдөр цэргийн албанд татагдаж, 0165 дугаар ангид цэргийн алба хааж, 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдөр халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд мөн малчнаар ажиллаж эхэлсэн ба насаараа мал малласан. Иймд Ц.Мягмарын Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 05 сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж хүсэлтийн шаардлагыг өөрчилж байна гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Ц.М-ын Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Ц.М нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 652 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадын 1981, 1982, 1985-1992 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 1991 оны 1 сарын 10-ны өдөр нээсэн хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 203 дугаартай Тус хэлтсийн архив Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл /Хөдөлмөр ХК/ нь 1991-1992 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгааг тодорхойлов гэх бичилтэй албан бичиг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 95 дугаартай Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 12 сард Хөдөлмөр хувьцаат компани болж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх бичилттэй лавлагаа, гэрч Д.Гонгорын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 7, 15-26, 28, 37, 37-39 дүгээр тал/

Хүсэлт гаргагч Ц.М нь НАХЯ-ны сайдын 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 491 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар цэргээс халагдсан тухай Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 02/2199 дугаартай архивын лавлагааны хуулбар, 610467 дугаар Цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний 0766893 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 8, 9-10, 27 дугаар хуудас/

Хавтаст хэргийн 5-6 дугаар хуудсанд авагдсан иргэн Л.Цэрмаа, Б.Наранцэцэг нарын иргэний үнэмлэхний хуулбарууд нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.М-ын Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               С.ОЮУНЖАРГАЛ