| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00306/и |
| Дугаар | 153/ШШ2018/00267 |
| Огноо | 2018-05-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 153/ШШ2018/00267
| 2018 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 153/ШШ2018/00267 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр баг Т.О-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 153/2018/00306/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.О шүүхэд гаргасан хүсэлт болон нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан хүсэлтдээ:...Миний бие Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж 6 дугаар ангийн боловсрол эзэмшсэн. 1986 онд О.Даваатай гэр бүл болсон. 1982-1986 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатар зам нэгдлийн Сээр бригадад аав, ээжийнхээ хамт мал маллаж байсан.
1987 оноос эхлэн нөхөр бид хоёр Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатар зам нэгдлийн Сээр бригадад одоог хүртэл мал маллаж байгаа.
1990-1991 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатар зам нэгдлийн Сээр бригадад ажиллаж байсан бөгөөд одоо өндөр насны тэтгэвэр гарах гэсэн боловч нийгмийн даатгалын дэвтэрт бичигдээгүй, Ховд аймгийн ЗДТГ-ын архивын тасгаас шүүлгэхээр миний нөхөр О.Даваагийн нэрээр гарч ирээд, Т.Оюунцэцэг миний 1990-1991 оныг дуустал ажиллаж байсан байдал гарч ирэхгүй хохироод байна.
Иймд 1990-1991 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан нийт 2 жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Т.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Т.О нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 782 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадын 1991 оны 70 дугаар дансны хуулбар, Олвойн Даваа, Тогтохын Оюунцэцэг нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Дөргөн сумын Хүн эмнэлгийн 1991 оны Эхчүүдийн амрах байранд амрагчдын бүртгэл, жирэмсний бүртгэлийн хуулбарууд, гэрч Ц.Ичинхорлоогийн ....Би 1972-1985 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 2 дугаар бригадад нэгдэл тартал тасралтгүй нэгдлийн мал малласан....Т.Оюунцэцэгийг сайн мэднэ. Ээж Тогтохын хамт амьдардаг байсан. 1982 онд 6 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарсан юм. Түүнээс хойш ээжийнхээ хамт нэгдлийн мал маллаж байгаад 1986 онд хүнтэй суусан. Нөхөр Даваатай суугаад тус нэгдэлдээ малчнаар 1992 он хүртэл ажилласан.... гэх мэдүүлэг, гэрч С.Хүрэлбаатарын ....Би 1972 оны намар цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчинаар нэгдэл тарах хүртэл ажилласан....Т.Оюунцэцэг нь Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн хүн байгаа юм. Т.Оюунцэцэг нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оноос хойш нэгдэл тарах хүртэл нөхөр Даваагийн хамтаар малчнаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 268 дугаартай Тус хэлтсийн архивт Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэл нь 1991, 1992, 1993 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгааг тодорхойлов гэх бичилтэй албан бичиг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэл нь компани болсон бүртгэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна гэх бичилттэй 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 104 дугаартай лавлагаа, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 6-8, 11, 13-16, 40-4347, 48 дугаар тал/
Харин хүсэлт гаргагч Т.О нь 1981 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгож шийдвэрлэсэн болох нь Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 153/ШШ2018/00016 дугаартай шийдвэрээр нотлогдож байх тул түүний Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хавтаст хэргийн 4-5 дугаар хуудсанд авагдсан иргэн Ц.Ичинхорлоо, С.Хүрэлбаатар нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Хүсэлт гаргагч Т.О нь өөрийхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т.О-ийн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ