Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа,

улсын яллагч А.Оргилбаяр,

хохирогчийн өмгөөлөгч Г.Чингис, /цахимаар/

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

хохирогч Б.Ө,

шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ш-д холбогдох 2216000760086 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, Д овогтой Б-н Ш.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Ш-н 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг “Талын худаг” гэх нэртэй газарт хохирогч Б.Ө-тэй малын бэлчээрээс болж маргалдан улмаар Чех улсад үйлдвэрлэгдсэн CZ-600 загварын буугаар зүүн хөлийн тавхай тус газарт нь буудаж, хөлийн сарвуунд буудагдсан шарх, зүүн хөлийн сарвууны гадна хэсэг, зүүн хөлийн сарвууны ул хэсэгт шарх, зүүн хөлийн сарвууны 4, 5-р хуруу ташуу хугарал буюу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах хохирол санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Б.Ш-н шүүх хуралдаанд өгсөн “ ... Би тэр өдөр хашааны ам буулгах гэж очсон. Гэтэл Б.Ө намайг зодож дарамталсан. Тэгээд ийм зүйл болчихлоо ... Би 2 удаа буудсан буюу эхлээд тэнгэр лүү буудаж, дараа нь би  Б.Ө баригдах юм бол алуулах юм байна гэж бодоод газар чиглүүлэн буудсан боловч хөлийнх нь гишгэлт таарсан ... Хохиролд нийт 6,980,000 төгрөг төлсөн ... Галт зэвсэг ашигласан миний буруу ... Нийт 2 удаа буудсан ... Надад 3 сум байсан ... Машин дотор буу байсан ... Гартаа ямар нэгэн зэвсэг бариагүй байсан буюу намайг ална гэж хөөсөн ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Б.Ө-н шүүх хуралдаанд өгсөн “ ... Би 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хаваржаан дээр байхад Б.Ш ирсэн. Тэгээд хашлага буулгаж байх үед хоорондоо маргалдах асуудал гарч С гэдэг хүн бид хоёрыг салгасан. Тэгээд энэ хүн машиндаа сууж явахдаа цонхоо онгойлгож “...чамайг ална, чаддаг юм бол тал дээр гараад ирээрэй...” гэж хэлээд явсан. Тэгж хэлэхийг тухайн үед байсан н.С бид хоёр сонссон. Тэгээд энэ хүн гэртээ харьж би тэнд байсан хурга, ишгийг малдаа нийлүүлчихээд хээр суусан байсан мотоциклио айлын залуутай нийлж чирч ирсэн. Тэгээд харахад хэрэг болдог газар манай үхрийг машинаар хөөж байсан. Би юу болсон юм бол гээд наанаас нь дөхөж явахад буудаж буун дуу гарсан. Тэгэхээр нь тэр залуу бид хоёр нам зогсоод байж байтал машинаа асааж ирээд цонхоо буулган намайг буудаж унагаасан. Мөн машинаараа дугуйрч тойрч ирээд намайг доошоо унасан байхад буугаараа миний толгой дундуур хоёр удаа цохиж би газарт унаж энэ хүн гэр лүүгээ явсан. Би энэ хүний араас хөөцөлдсөн асуудал байхгүй. Энэ хүнийг гэртээ очсон нь харагдаж байдаг учраас би гэртээ очсоныг нь харсан. Жоохон маргаанаас болж хүнд санаатайгаар отож машин унаж буудаж хохироосонд их гомдолтой байна ... Намайг орой болгон үхэр хураадгийг мэдэж байгаа. Тиймээс үхрийг нь хөөж анхаарлыг нь татаж авчраад буудсан гэж бодож байна ... Өмнөөс нь явж байхад нэг удаа буу дугарч нам зогссон. Гэтэл ирээд машины цонхоо буулгаж чамайг ална гэж буудсан ... Намайг мотоциклээс буучихсан зогсож байхад буудсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Ц.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн өдөр Б.Ө манай гэрт сумын төвөөс ирсэн . Энэ үед Б.Ш машинтайгаа мод буулгахаар манай гадаа ирсэн. Манай амбаарын гадаа Б.Ши-н ачиж ирсэн модыг Б.Ш, Б.Ө нар буулгаж байсан. Би гэртээ орчихоод буцаж гарч ирэхэд хоорондоо маргалдаж байсан. Би буцаж гэртээ орчихоод гараад харахад амбаарын цаад талд Б.Ш-н дээр Б.Ө гараад суучихсан байж байхаар нь болиоч гээд очиж Б.Ө-г татаж салгасан. Б.Ө “...би тэр хөлдүүсийг чинь очиж арилгаж өгнө...” гэж байсан. Б.Ш юу ч дуугарахгүй байсан ба малгай чихэвч хоёр газарт уначихсан байхаар нь авч өгөөд Б.Ш-г машинд суулгаж өгсөн. Б.Ш машинаа асаагаад хөдлөхдөө “...чи чаддаг юм бол тал дээр гараад ир...” гэж хэлэхэд Б.Ө “...юу гэнэ ээ...” гээд машин луу ойртохоор нь Б.Ө-г барьж аваад мал ирж байна гэхэд Б.Ш явсан. Тэгээд мал ирэхээр ишиг хургаа эхтэй нь нийлүүлсэн. Манай хүү Ө, Б.Ө хоёр Ө-н мотоциклийг хээрээс авчрах гээд явсан. Удалгүй Ө-н мотоциклийг Ө мотоциклоороо чирээд Ө өөрийнхөө мотоцикль дээр суучихсан чирүүлээд ирсэн. Энэ үед бид 3 гэр лүүгээ орох гээд явж байхад Б.Ө “...манай үхрийг хүн хөөгөөд байна бид хоёр уулзчихаад ирье...” гээд манай хүү Ө-н мотоциклиор Ө унаад Б.Ө араар нь суугаад явсан. Би үхэр байгаа газар луу нь харахад цагаан ачааны машин харагдаж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа манай хүү агааг аваач хүн буудсан гэж гэрийн гадаанаас хэлсэн. Би Б.Ө-г түшээд оруулахад баруун хөлнөөс нь цус гоожиж байсан... Б.Ө намайг “...Ш хөл рүү буудчихлаа...” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 142-143 дугаар тал/,

Гэрч С.Р-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би ажил дээрээ байж байсан чинь манай багийн эмчээс хүн буудуулсан гэх дуудлага ирсэн гэж хэлээд бид нар дуудлага өгсөн газар очиход хохирогч гэрийн баруун талд нам хэвтэж байсан юм. Тэгээд би анхны тусламжаа үзүүлэхэд цус тогтохгүй байсан болохоор аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн... Ө-н зүүн хөлийн өлмийгөөр сум орсон шархтай, шагайн доод хэсгээр задарсан байдалтай, цус их алдалттай байсан... Тухайн үед Ө нь Ш гэдэг хүн миний өмнөөс буудсан талаар ярьж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 57-58 дугаар тал/,

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 75 дугаартай “...1. 2. Б.Ө-н биед зүүн хөлийн сарвуунд буудагдсан шарх, зүүн хөлийн сарвууны гадна хэсэг, зүүн хөлийн сарвууны ул хэсэгт шарх, зүүн хөлийн сарвууны 4, 5-р хуруу ташуу хугарал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь галт зэвсгийн үйлчлэлээр үүснэ. 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой гэмтэл болно.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 187-188 дугаар тал/,

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 129 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн “ ...1.2. Б.Ө-н цэргийн төв эмнэлгийн №22я/00330 өвчний түүхээр хийсэн нэмэлт шинжилгээгээр зүүн тавхайн шархны зөөлөн эдийн үхжил, зүүн хөлийн 4-р хурууны 3-р шивнүүрийн дээд төгсгөл, cuboid яс хоёрын голд ясны дутмагшил үүссэн гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь галт зэвсгийн үйлчлэлээр үүснэ. 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой гэмтэл болно.

4. Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 164-166 дугаар тал/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Мөнх-Оргилын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 8 дугаартай “... 1. Шинжилгээнд ирүүлсэн объект нь гол төмрийн дугаар-А8340, замагны дугаар-340, Чех улсад үйлдвэрлэгдсэн “СZ 600” загварын галт зэвсэг байна.

2. Тухайн галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 197-200 дугаар тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 4-7 дугаар тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 10-15 дугаар тал/,

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн А8340 гол төмрийн дугаартай, 340 замагны дугаартай, Чех улсад үйлдвэрлэгдсэн “СZ 600” загварын галт зэвсэг, 2 ширхэг хонгио зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ш нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын  Баян-Өндөр багийн нутаг “Талын худаг” гэх нэртэй газарт хохирогч Б.Ө-тэй түүний гэрийн гадаа болсон малын бэлчээрээс үүдэлтэй маргаан, зодооноос үүдэлтэй хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан Чех улсад үйлдвэрлэгдсэн CZ-600 загварын буугаар зүүн хөлийн тавхай тус газарт нь буудаж, хөлийн сарвуунд буудагдсан шарх, зүүн хөлийн сарвууны гадна хэсэг, зүүн хөлийн сарвууны ул хэсэгт шарх, зүүн хөлийн сарвууны 4, 5-р хуруу ташуу хугарал буюу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтлийг санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүгдэгчийн үйлдэл нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Шинэболдыг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан “...шүүгдэгч хохирогчийн амь насанд халдахаар завдсан, хохирол арилаагүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь үндэслэлгүй, шүүгдэгч худал мэдүүлэг өгч байгаа тул түүний энэ үйлдлийг нь Эрүүгийн хуульд заасан худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт давхар шалгах, мөн хэрэгт авагдсан галт зэвсгийн гэрчилгээн дээр бууны гол төмрийн дугаар тавигдаагүй тул үүнийг тодруулах ажиллагааг хийх шаардлагатай тул хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэсэн агуулгатай саналыг үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Үүнд:

 1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тухайн өдөр үүссэн хоорондын тааламжгүй харилцаа, гэрийн гадаа болсон зодоон маргаан нь даамжирсаар малын бэлчээрт энэ нь үргэлжлэн машины кабинд байсан буугаар хохирогчийн хөл рүү буудан шархдуулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд үүнийг үгүйсгэх, шүүгдэгч нь хохирогчийн амь насанд халдахаар урьдаар бэлдсэн, халдсан боловч энэ нь түүний хүсэл зоригоос хамаарахгүй шалтгаанаар туйлдаа хүрээгүй гэж үзэх баримтууд хэрэгт авагдаагүй, ийм нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хуульчилжээ. Хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тохиолдолд яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргаж болох бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, ял эрүүгийн хариуцлагын талаарх тодорхой нөхцлүүд хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэх зэрэг нөхцөл байдлыг хянаад, яллагдагчтай ял, эрүүгийн хариуцлагаа тохирон тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхээр зохицуулжээ. Хэргийг хүлээн авсан шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад үндэслэлтэй гэж үзвэл прокурортой тохиролцсон ял, эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэр гаргахаар хуульчилсан. Шүүгдэгч Б.Шинэболд нь галт зэвсэг хэрэглэн бусдын эрүүл мэндэд хохирол учруулснаа бүрэн хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл, оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсоноос илүү хэмжээгээр хохирол төлсөн, хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул түүнд холбогдох хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах бөгөөд яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлээгүй “худал мэдүүлэг өгөх” гэмт хэргийн талаар шүүх ямар нэгэн шийдвэр гаргах нь хэргийн хүрээ, хязгаараас давах тул энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй болно.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх ажиллагаа нь бүхэлдээ гэмт хэрэг гарсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох, хэргийн бодит байдал, хохирол хор уршгийн хэр хэмжээ, яллагдаж, шүүгдэж буй этгээдийн хувийн байдлыг тогтооход чиглэгдэх учиртай. Галт зэвсгийн гэрчилгээн дээр дугаар тавигдаагүй нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа явуулах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй, хэргийн бодит байдлыг тогтооход ямар нэгэн ач холбогдолгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 236 дугаар тал/, хохирогч Б.Ө-д хохиролд 2,000,000 (хоёр сая ) төгрөг шилжүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 (нэг сая) төгрөг шилжүүлсэн талаарх /1-р хавтаст хэргийн 120 дугаар тал/, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 500,000 (таван зуун мянга) төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 500,000 (таван зуун мянга) төгрөг тус тус шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримтууд /1-р хавтаст хэргийн 121 дүгээр тал/, шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохиролд 2,983,967  (хоёр сая есөн зуун наян гурван мянга есөн зуун жаран долоо) төгрөг шилжүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой хохирогчийн зүгээс гаргаж өгсөн 1-р хавтаст хэргийн 42-56, 111-118 дугаар хуудсанд авагдсан болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 6 хуудас зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Ш-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Б.Шинэболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Хохирогч Б.Ө-н нэхэмжилсэн 8,351,191 (найман сая гурван зуун тавин нэгэн мянга нэг зуун ерэн нэг) төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгчийн учруулсан хохирол, хор уршигтай холбоотой зайлшгүй гарах зардалд хамаарахгүй өмгөөлөгчийн хөлс 1,500,000 (нэг сая таван зуун мянга), үхэр хариулгасны хөлс 2,260,000 (хоёр сая хоёр зуун жаран мянга), нийт 3,760,000 (гурван сая долоон зуун жаран мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч хохиролд 6,983,967 (зургаан сая есөн зуун наян гурван мянга есөн зуун жаран долоо) төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол бүрэн эдгэрээгүй байх тул цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зайлшгүй гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогч Б.Ө-н эрхийг нээлтэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батлахаар хуульчилсан. Үүний дагуу Монгол Улсын засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2 дугаар зүйлийн 2.6.6 дах хэсэгт “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” тогтооно гэж зохицуулжээ. Иймээс хохирогч Б.Ө нь насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай этгээд болохын хувьд хууль зүйн туслалцаа авах өөрийн эрхийн хүрээнд хийгдсэн гэрээний дагуу өмгөөлөгчид төлсөн хөлсийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж, мөн хэрэгт авагдсан малчин Р.Б-р үхэр маллуулсан гэх баримт, бэлэн мөнгө төлсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, уг зардлыг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол, хор уршиг гэж үзэхээргүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд бусад баримтын хүрээн дэх нэхэмжлэлийг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан тул шүүх дүгнэлт хийгээгүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримаар хураагдсан гол төмрийн А-8340, замгийн 340 дугаартай “CZ-600” загварын галт зэвсгийг Цагдаагийн байгууллагад шилжүүлж, 2 ширхэг хонгиог  устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Д  овогтой Б-н Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-д 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ш-д сануулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хохирогч Б.Ө-н нэхэмжилсэн 8,351,191 (найман сая гурван зуун тавин нэгэн мянга нэг зуун ерэн нэг) төгрөгийн нэхэмжлэлээс 3,760,000 (гурван сая долоон зуун жаран мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч хохиролд 6,983,967 (зургаан сая есөн зуун наян гурван мянга есөн зуун жаран долоо) төгрөг төлсөн болохыг дурдаж, эмчилгээ сувилгаатай холбоотой зайлшгүй гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогч Б.Ө-н  эрхийг нээлтэй үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримаар хураагдсан гол төмрийн А-8340, замгийн 340 дугаартай “CZ-600” загварын галт зэвсгийг Цагдаагийн байгууллагад шилжүүлж, 2 ширхэг хонгиог  устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.         

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА