| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 185/2019/0056/Э |
| Дугаар | 504 |
| Огноо | 2019-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 20.16.1., |
| Улсын яллагч | н.түвшинбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 504
2019 5 28 2019/ДШМ/504
Т.Г-, А.О-, Э.М- нарт
холбогдохэрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Түвшинбаяр,
шүүгдэгч Т.Г-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
шүүгдэгч Э.М-, тэдгээрийн өмгөөлөгч А.Бүдханд,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Г-гийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, Б.Бат-Ерөөлт нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.Г-, А.О-, Э.М- нарт холбогдох эрүүгийн 1809008900256 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овгийн Т.Г-, 1990 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Архангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “.........” ХХК-д хангамжийн менежер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт ......... дүүргийн ..... дүгээр хороо, ............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.............../;
2. Харчууд овгийн А.О-, 1992 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, .......... мэргэжилтэн ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт .......... дүүргийн ........ дугаар хороо, ....... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......./;
3. Намсрай овгийн Э.М-, 1992 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “..........” зочид буудалд өрөө борлуулалтын мэргэжилтэн ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 19-53 тоотод оршин суух бүртэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УУ92091251/;
Т.Г- нь М.Ганболдтой бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтангадас ресторанд А.О-, Э.М- нарыг хэл амаар доромжилж улмаар харилцан зодолдож нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүний халдашгүй чөлөөтэй байх, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан хохирогч А.О-гийн биед хөнгөн хохирол учруулсан,
Э.М- нь А.О-тэй бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтангадас ресторанд М.Ганболд, Т.Г- нарыг хэл амаар доромжилсон гэж харилцан зодолдож нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүний халдашгүй чөлөөтэй байх, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
А.О- нь Э.М-тай бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтангадар ресторанд М.Ганболд, Т.Г- нарыг хэл амаар доромжилсон гэж харилцан зодолдож нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүний халдашгүй чөлөөтэй байх, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар, А.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Т.Г-г нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүний халдашгүй чөлөөтэй байх, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Харчууд овгийн А.О, Намсрай овгийн Э.М- нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүний халдашгүй чөлөөтэй байх, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Т.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.М-, А.О- нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэдэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялтай нийцүүлэн 30 хоногоор тооцож, ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Т.Г-гийн нийт эдлэх ялыг 1 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г энэ хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Т.Г-, А.О-, Э.М- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, А.О-, Э.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Т.Г-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг тухайн өдрөөс нь эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Г-гийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, Б.Бат-Ерөөлт нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Т.Г- нь хийсэн хэрэгтээ мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн гэмшиж, гэм буруугаа хүлээсэн. Хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдон гарсан зардлыг бүрэн төлсөн зэрэг байр суурьнаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ангиллын хувьд “хөнгөн” гэмт хэргийн ангилалд багтаж байгаа бөгөөд тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн оногдуулах ялын төрөл хэмжээг “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах” ял байхаар хуульчилжээ.
Дээрх зохицуулалтаас үзэхэд шүүгдэгч Т.Г-г гэм буруутайд тооцсон “Хүний биед хөнгөн гэмтэл учруулах” гэмт хэргийн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар дууссан хууль зүйн үндэслэл бий болжээ. Иймд хүний биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хууль зүйн үр дагавар арилсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд шүүгдэгч Т.Г- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа хүлээсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа бүрэн барагдуулсан зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Т.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөн А.О-, Э.М-аас нараас уучлалт гуйж, хохирол төлбөрийг төлж барагдуулсан. ...” гэв.
Шүүгдэгч Э.М- тус шүүх хуралдаанд: “... Хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Шүүгдэгч Э.М-, А.О- нарын өмгөөлөгч А.Бүдханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлий 1 дэх хэсгийг хэрэглэж шүүгдэгчид оногдуулсан ялыг тэнсэх боломжгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улсын их дэлгүүрийн зүүн талд оршин байрлах Алтангадас ресторанд 2018 оны 2 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 00 цагийн үед шүүгдэгч Т.Г- нь энэ хэргээс тусгаарлагдан өөр хэрэгт шалгагдаж байгаа М.Ганболдтой бүлэглэн А.О-, Э.М- нарыг хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэсний улмаас шүүгдэгч нар харилцан зодолдож, нийтийн хэв журмыг зөрчиж, тэдэнд хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан. Энэ явцад шүүгдэгч Т.Г- нь дангаараа хохирогч А.О-гийн эрүүл мэндэд нь дух, зүүн хөмсөг, хамрын нурууг хамарсан шарх, зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6/, гэрч Г, М.З, Л.О нарын мэдүүлэг /хх10-13, 76/, хохирогч А.О- /хх 8-9/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2479 дугаар шинжээч эмчийн дүгнэлт /хх 17/ болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн Хорьдугаар бүлэгт “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-ийг тодорхойлж, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бүлэглэн олон нийтийн амгалан тайван алдагдуулсан” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Т.Г-, А.О-, Э.М- нарын үйлдэл нь тухайн зүйл хэсгийн шинжийг бүрэн агуулсан байна.
Өөрөөр хэлбэл, нэг талаас Т.Г-, М.Ганболд, нөгөө талаас А.О-, Э.М- нар нь зэргэлдээ ширээнд үйлчлүүлж байхдаа өөр хоорондоо маргалдаж, улмаар М.Ганболд нь сандал авч шидэх, Т.Г- нь А.О-г савхтай гараараа цохиж гэмтээх зэргээр зодолдож, тухайн үйлчилгээний газрын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахыг зэрэгцээ бусад үйлчлүүлэгч нарын амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь тогтоогдсон байна.
Мөн шүүгдэгч Т.Г- нь зодолдох явцдаа хохирогч А.О-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь дээрх зүйл хэсгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг давхар хангасан бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Г-, М.Г, А.О-, Э.М- нарыг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, шүүгдэгч Т.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Т.Г-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар түүний энэ зүйл хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, ялаас чөлөөлөх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Г-гийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, Б.Бат-Ерөөлт нараас “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч, хууль зүйн үр дагавар арилсан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг нь мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасан ба шүүгдэгч Т.Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай гэмт хэргүүдийг үйлдсэн тул өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авах боломжгүй.
Хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийг нь хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа нь гэмт хэрэг үйлдсэнийг үгүйсгэх хэлбэр биш болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн шүүгдэгч Т.Г-д холбогдох хэсэгт дээр дурьдсан өөрчлөлтийг оруулж, өмгөөлөгч Б.Ганпүрэв, Б.Бат-Ерөөлт нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Т.Г-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял...” гэсэн хэсгийг болон тогтоолын 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгосугай.
3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Г-гийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, Б.Бат-Ерөөлт нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ