Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2024/0035

 

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2024/0035

Улаанбаатар хот

 

 

 

Д.О***ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Д.О***

Нэхэмжлэлийн шаардлага: Улаангом сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/69 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.О***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.э***

Хэргийн индекс: 124/2023/0016/3.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Д.О***аас Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан “Улаангом сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/69 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О***ын Улаангом сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/69 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1 Шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан буюу маргаан бүхий актыг гаргахдаа мэдэгдэх сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй байтал шүүх нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхгүй бол хийхгүй байж болно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй,

3.2 Нэхэмжлэгчийн зүгээс хашаа барих, газар тэгшлэх, төрийн байгууллагуудад хүсэлт гаргаж, баримт материал хөөцөлдөх зэргээр иргэний зүгээс гарсан бодит хохирлын асуудлыг хөндөөгүй

3.3 Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/01 тогтоол нь Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдээгүй байхад шүүх үүнийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж тайлбарлаж, зарчмын ноцтой алдаа гаргасан,

            Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

   4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч талын гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор  бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

3.  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөгөөн /цаашид “Зөвлөгөөн” гэх/ ажиллана”, 19.2-т “Зөвлөгөөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:”, 19.2.5-д “энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах” гэж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна”, 72.2-т “Хуваарийн дагуу томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд түүнийг орлох шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг энэ хуулийн 72.1-д заасан журмаар томилно” гэж тус тус заасан.

4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Д.О***аас Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан “Улаангом сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/69 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.О***д хуваарилагдан 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 123 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

4.1 Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүнийг өөрчилсөн, хэргийг шилжүүлсэн албан ёсны шийдвэр хэрэгт авагдаагүй байхад шүүгч Д.А***ээс нотлох баримт цуглуулах ажиллагааг явуулж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарлах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, Ерөнхий шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг томилсон.

4.2 Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 45 дугаар тогтоолоор Д.О***ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Т.О***д шилжүүлсэн байх боловч Ерөнхий шүүгчийн мөн өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг томилох тухай шийдвэрийг албажуулах тухай” 33 дугаар захирамжаар шүүгч Д.А***ийг томилсон. Уг захирамжийг журмын дагуу ёсчилж, албажуулаагүй. Хэргийг Ерөнхий шүүгч Т.О*** эцэслэн шийдвэрлэсэн.

4.3 Мөн Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/01 тогтоолоор Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарх усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, эргэлтийн цэг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, эргэлтийн цэгсийг тогтоосон бөгөөд маргаан бүхий газар нь тухайн онцгой болон энгийн, эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлатын бүстэй хэрхэн давхцаж байгааг нэгж талбарын зургаар давхцуулсан байдлаар нэг мөр тогтоолгүй, зөвхөн хэмжилт хийсэн зураглал гэж хашаалсан зурагтай давхцуулан түүнийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн болох нь тус тус тогтоогдож байна.

5. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, хэргийг хуульд заасан журмын дагуу томилогдоогүй шүүх бүрэлдэхүүн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлэн шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2, 121.3.4-т заасан үндэслэлд хамаарах бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдох тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2, 121.3.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                 ШҮҮГЧ                                                   З.ГАНЗОРИГ 

 

     ШҮҮГЧ                                                    Д.ОЮУМАА

 

     ШҮҮГЧ                                                    Г.МӨНХТУЛГА